Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хааны гэр бүлийн сүүлчийн оньсогоУншсан90,171

Большевикүүд Екатеринбург хотноо хааны гэр бүлийг хүйс тэмтрэв. Гэр бүлийн бүх гишүүнийг хороосон уу?

1918 оны гуравдугаар сарын 3-ны өдрийг нэхэн саная. Энэ өдөр Большевист Засгийн газар Брест-Литовск хотноо Европын гол гүрнүүдтэй энхийн хэлэлцээр байгуулав. Уг хэлэлцээ ёсоор Орос улс хүн амынхаа 1/3-ийг алдсан төдийгүй Украин, Беларуссь, Балтийн тэнгис орчмын орнуудын болон Польшийн нутаг дэвсгэр, газрын баялгаа бараг бүгдийг нь германчуудын мэдэлд шилжүүлсэн юм. Гэхдээ большевикүүд засгаа аварч чадсан байдаг. Тухайн үед суудлаас нь огцруулсан II Николай хаан гэр бүлийнхээ хамтаар Москвагаас 1800 км алсад орших Сибирийн Тобольск хотноо хоргодож байлаа. 1917 оны долоодугаар сард меньшевикүүдийн засгийн тэргүүн Керенский большевикүүдийн дайралтаас хамгаалах зорилгоор хааныг гэр бүлтэй нь тийш цөлсөн байжээ. Ингээд есөн сарын дараа Октябрийн хувьсгалын үр дүнд большевикүүд засгийн эрхэнд гарч Оросын нийслэлийг Москвагаас нүүлгэн Петербургт төвхнүүлэв.

Мөн үетэй давхцан большевикүүдийн эсрэг “цагаан арми”-ууд байгуулагдав. Дорно зүгт генерал Колчакийн цагаан арми, Кубаньд – Деникиний цагаан армиас гадна хасагуудын хороо, харин Ижил мөрнөөс зүүн тийш хэсэгт Чехословак корпус хяналт тогтоож эхлэв. Үүнээс гадна тэдний холбоотнууд Баку, Мурманск, Владивостокийг хяналтдаа байлгаж байлаа. Товчхондоо бол большевикүүд Петроградаас Урал хүртэлх Оросын түүхэн газруудыг л хянаж байсан юм.

Ийм нөхцөлд ажиллаж байгаа эрх баригчид улам л шуналтай болдог ажгуу. Дээр нь тэдэнд дотоодын сөрөг хүчнүүдтэй тэмцэх шаардлага тулгарч эхлэх нь тэр. Большевикүүдийн холбоотон гэгдэж явсан социал-хувьсгалчид Брест-Литовскийн хэлэлцээрийг хүлээн авахаас татгалзаж түүнийг байгуулсан явдлыг хувьсгалын туйлын зорилгоос ухарсан үйлдэл гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Хажуугаар нь тосгодуудад тариачид бослого гараж эхэлсэн. Харин хот, суурин газруудад ажилчид, сэхээтнүүд бухимдлаа илэрхийлэх болсон. Нэг үгээр хэлбэл, Орос орон аажмаар эмх замбараагүй байдалд орж байлаа. Хотууд нэгнээс нөгөөд шилжин, удирдлагад нь шинэ хүмүүс гарч ирэх болов. Тэгтэл нэг социал-хувьсгалч Германы Элчин сайд фон Мирбах гүнг егүүтгэсэн хэрэг мандаж орхижээ. Үүнтэй зэрэгцэн янз бүрийн цуу яриа дэгдэж эхэлсний дотор хааны гэр бүл зугтах гэж байгаа тухай яриа улам бүр газар авсаар байв.

Большевикүүдэд хааны гэр бүлийг барьцаанд байлгаж байх нь туйлын чухал байсан. Харин ямар зорилгоор? “Цуст Николайхан”-ыг шүүхийн тулд уу? Эсвэл цаазлахын тулд уу? Ганц л зүйл ойлгомжтой: нийслэлд дөхөж ирээд байгаа цагаантнууд ямар ч байсан хааныг суллах ёсгүй гэж большевикүүд үзэж байсан. Тиймээс хэний ч үгийг тоодоггүй, хувьсгалч гэдгээрээ олноо танигдсан Екатеринбург хотын зөвлөл хааны гэр бүлийг Тобольскоос нүүлгэж хотдоо авчрах шийдвэрийг гаргасан байдаг юм. Яг энэ үед Москва ч бас нэгэн шийдвэрийг гаргаж хааныг нийслэлд авчрах болсон бөгөөд цахилгаан бичигт дурдсанчлан “ачаа”-г авчирах хүнээр Василий Яковлев гэгчийг томилжээ. Екатеринбургийн коммунистууд Зөвлөлтийн Гүйцэтгэх төв хорооны дарга Яков Свердловын тушаалыг үл ойшоон 1918 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хааныг хатнын нь хамт Екатеринбург дахь Ипатьевийн өргөөнд нүүлгэн оруулжээ. Хэсэг хугацааны дараа хүүхдүүдийг нь ч авчирч өгсөн аж. Чингэтэл долоодугаар сарын үед Уралын зөвлөл, мужийн Онцгой комиссийн (улс төрийн цагдаагийн байгууллага) гүйцэтгэх гишүүн Яков Юровский хааны гэр бүлийг ирж шалгасны дараа тэдний амьдрах нөхцөл улам дордсон байдаг. Тэгвэл Романовын гэр бүлийг устгах тушаалыг чухам хэн өгсөн бэ? Хоёр Яковын аль нь юм бол?

Эзэн хааны гэр бүлийг долоодугаар сарын 16-17-нд шилжих шөнө Ипатьевийн өргөөний хонгилд буудан хороосон гэдэг. Бүр тодорхой хэлбэл, тэднийг унтаж байх үед нь сэрээгээд устгасан гэж байгаа. Большевикүүд цогцсуудыг хотоос гадагш Коптяковскийн ойд аваачин уурхайн худгууд руу хаясан ч 18-ны өдөр буцаж очин гаргаж аваад шатаан дээрээс нь хүчил асгажээ. Өөрөөр хэлбэл, тэдний цогцост ч атугай мөргөж залбирах боломжийг үгүй хийж чадсан гэсэн үг. Мөн тэр өдөр Алапаевскт, дараа нь баруун хойд зүгт эзэн хааны бусад төрөл төрөгсдийг, тэр дотроо их ван Сергей Михайлович болон угсаа залгах бусад вангуудыг буудаж хороосон байдаг. Үндсэндээ Романов овогтны 18 хүнийг хороожээ. Тэдний дотроос эзэн хааны төрсөн дүү их ван Михаилыг хамгийн түрүүнд буюу зургаадугаар сарын 13-нд Пермь хотноо егүүтгэсэн байдаг. Большевикүүдийн засаг нэгэнт л ийн толгой дараалан устгаж байснаас нь үзэхэд бүгдийг нь хороох санаа агуулж байсан гэж ойлгож болох уу?

Түүхч Марк Ферро

Түүхч Марк Ферро хувьдаа Александра хатныг болон түүний дөрвөн охин болох Ольга, Татьяна, Мария, Анастасия нарыг большевикүүдээс зугтаж чадсан гэж үздэг юм. Харин Алексей хунтайжийн тухайд Ферро эргэлздэг. Оросын хувьсгалын сэдвээр мэргэшсэн, Нийгмийн ухааны дээд сургуулийн судалгаа шинжилгээний тэнхимийн захирал, “Аннала” сэтгүүлийн эрхлэгчдийн нэг гэсэн албан тушаалуудыг эрхэлдэг Марк Ферро өмнө нь энэ таамаглалаа “II Николай” номондоо ч дэвшүүлж байсан. Харин “Романовынд тохиолдсон эмгэнэлт явдлын үнэн түүх” номоо хэвлүүлмэгцээ үүнийг улам итгэлтэйгээр батлан ярих болжээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд нийтэд ил болсон олон тооны баримт эх сурвалжууд Романовын гэр бүлийн бүх гишүүнийг хороосон гэдгийг батлаад байхад шүү.

Тэдгээрээс цөөнийг дурдахад, буудан хороох үеийн аймшигт дүр зургийг тодорхой дүрсэлсэн Юровский хэмээх цаазын ял гүйцэтгэсэн нэгний тайлан илтгэлийг 1989 онд нууцын зэрэглэлээс гаргасан; Коптяковскийн ойгоос 1991 онд 5, 2007 онд 2 цогцсыг ухаж гаргасан; 1998 оны долоодугаар сарын 17-нд Санкт-Петербургийн сүмд болсон ёслолын үйл ажиллагаан дээр Романов овогтны 50 орчим хүн хүрэлцэн ирсэн; ойгоос гаргаж авсан цогцсуудад ДНХ-ийн шинжилгээ хийхэд Александра хатны цогцос мөн болох нь батлагдсан гээд хааны гэр бүлийн бүх гишүүнийг устгасныг илтгэх олон баримт бий. “Valeurs actuelles” сонины 2008 оны наймдугаар сарын 28-ны дугаарт тэрхүү ДНХ-ийн шинжилгээний хариуг нийтэлсэн байв.

Марк Ферротой Сан-Жермен-ан-Лэ дахь гэрт нь уулзаж ярилцахад тэрбээр судалгаа шинжилгээний ажлууд нь маш их шүүмжлэл дагуулдаг гэдгийг өөрөө ч мэддэг болохыг ойлголоо. Лондонгийн нэг сонин түүний дэвшүүлсэн таамгийг “тоглоом” ч гэж хочилж байсан удаатай. Үүнээс гадна Марк Ферро 1946 онд төрж, 1995 онд нас барсан Алексис Бримейер гэгчийн талаар мэддэг болж таарав. Амьд ахуйдаа өөрийгөө вангийн их авхай Мариягийн ач хүүд тооцож Анжуйн ван, Дураццогийн бэйс гэсэн өргөмжлөлийг хэрэглэж явсан тэр хүн нэлээд муу нэрийг олж авсан байсан гэж Ферро хэлсэн. Түүнтэй Мадридад ганц удаа уулзаж байсан тухайгаа ч ярьлаа. Ингээд 87 настай Ферро залуу хүнд л баймаар гал цогтой зангаар түүний таамгийг эсэргүүцэгчдийн шүүмжлэлийг эрс няцааж, холбогдох баримтуудыг нь ч дурдав.

“Эзэн хааны гэр бүлийг буудан хороосныг нотлох гол баримтаар Николай Соколов хэмээх шүүхийн шинжээчийн дүгнэлтийг нэрлэдэг. Энэ ажилд түүнийг цагаантнууд томилсон байдаг бөгөөд Соколов уг хэргийг мөрдсөн эхний хүн нь биш юм. Түүнээс өмнө Сергеев гэж хүн энэ хэргийг мөрдөж байтал 1919 оны нэгдүгээр сард түүнээс хавтаст хэргийг хураан авсан байдаг. Тэрээр олон тооны гэрч нартай уулзсаны эцэст хатан болон түүний охидуудыг буудан хороогоогүй, харин хаа нэг тийш нүүлгэн шилжүүлсэн юм байна гэсэн дүгнэлтийг өөр дотроо хийсэн юм билээ. Сергеевээс өмнө ахмад Малиновскийн удирдлага дор цагаантны цэргүүд бас мөрдлөгө явуулж Ипатьевийн өргөөнд эзэн хааны гэр бүлийн гишүүд гэж харагдуулахын тулд жүжиг тавьж өөр хүмүүсийг хороосон байна гэсэн дүгнэлтэд хүрч байжээ. Сергеев мөрдөгчийг сүүлд буудан хороосон байдаг. Харин шүүхийн шинжээч Соколов Франц руу зугтаж амжсан. Чухамхүү энэ хүн л бидний нийтээрээ мэдэж байгаа тэрхүү түүхт үйл явдлуудад биечлэн оролцож явсан нэгэн байв. 1924 онд түүнийг нас барах жил нь франц хэлээр гарсан нэгэн номонд энэ түүхийн өдгөө дэлхий нийтээрээ мэдэж байгаа хувилбарыг өгүүлсэн байсан. Тодруулбал, Чехословак корпусыг Екатеринбург хотыг зорихын өмнөхөн тус хотын зөвлөл хааны гэр бүлийг буудан хороох шийдвэр гаргасан байсныг энэ хүн л баталж хэлсэн. Сүүлд большевикүүдийн ярьсан яриа ч түүнийхтэй нэлээд дөхөж очдог. Өөрөөр хэлбэл, большевикүүд ч, Соколов ч хааны гэр бүлийг шөнө буудан хороогоод цогцсуудыг булсан гэж баталдаг. Гэвч тэр үеийн бүх баримтыг цуглуулаад үзэхээр тэдгээр баримтын утга зөрчилтэй, хоорондоо авцалддаггүй гэсэн дүгнэлт яах аргагүй гарна. Тиймээс хүмүүс өөрөө харьяалалд нь багтаж яваа улс төрийн хүчнийхээ дэвшүүлсэн хувилбарыг дэмжихийн тулд худлаа хэлж чадах байсан гэдгийг шуудхан хэлмээр байна” гэж Марк Ферро ярьлаа.

“Өрнө, Дорно хоёр барьцаалагчдаа сольсон анхны тохиолдол”

1970-аад онд Саммерс, Мангольд хэмээх Английн хоёр сэтгүүлч шүүхийн шинжээч агсан Соколовын хөтөлж байсан хавтаст хэргийн хуулбарыг олж авчээ. Хавтаст хэрэг доторх зарим баримт бичгийг хараад хааны гэр бүлийн гишүүдээс арай ч бүгдийг нь хороогоогүй юм байна гэсэн таамгийг дэвшүүлж байсан аж. Сүүлд түүхч Николас Росс, генерал Деникиний охин Марина Грей нар тэрхүү хавтаст хэрэг доторх баримтуудыг нэг бүрчлэн нарийн нягталж үзсэн байдаг. Энэ ажлынхаа дараа тэд Екатеринбург хотод зөвхөн хааныг, харин хатан болон охидуудыг нь Пермь хот руу шилжүүлсэн хойноо буудан хороосон байна гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ.

Харин Ферро энэхүү түүхэнд хамааралтай олон тооны баримтуудаас онцгой нэгийг нь түүж авч цуглуулдаг юм байна. Тухайлбал, түүнд хатан хааны холын төрөлд багтах Оросын Гадаад хэргийн ардын комиссар Георгий Чичериний өгсөн тодруулга ярилцлагууд байдаг аж. 1918 оны есдүгээр сарын 20-нд Чичерин “New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа эзэн хааны дөрвөн охин амьд мэнд байгаа талаар мэдэгдэж байжээ. Чичерин 1922 оны дөрөвдүгээр сар хүртэл ийм мэдэгдлийг удаа дараа хийхдээ дээр нь тэднийг одоо хаана амьдарч байгааг мэдэхгүй гэсэн ганц өгүүлбэрийг л нэмж хэлсэн байдаг. Чичериний өгсөн анхны тодруулга ярилцлагын дараа буюу 1918 оны есдүгээр сарын 27-нд Шведийн вангийн ордноос хатны дүү, вангийн авхай Викториягийн нэр дээр цахилгаан бичиг ирсэн байдаг бөгөөд үүнд хатны дүү, Гессенскийн их бэйс Эрнст Людвиг нь “баталгаатай хоёр эх сурвалжаас хатан хааныг болон бүх хүүхдийг нь амьд мэнд байгаа талаар олж сонссон” болохыг дурдсан байв. Мөн оны зун Мадридийн вангийн ордноос ирүүлсэн хоёр цахилгаан бичигт хатан, түүний хүүхдүүдийг авах тухай хэлэлцээнд XIII Альфонс ямархуу хүчин зүтгэл гаргаж байгаа талаар дуулгасан байжээ.

Вильгельмштрассед байрлаж байсан Германы Гадаад хэргийн яамнаас есдүгээр сард загалмайтан шашны дээд мяндагтан Кельнскийд илгээсэн захидалд “оросууд их авхайдыг ард олны дайралтаас хамгаалах зорилгоор Крым руу нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна” гэж бичсэн байдаг аж. Улмаар Германы энэ их хамбатан, хааны хувь заяаг Оросуудын мэдэлд үлдээх болзолтойгоор гэр бүлийн бусад гишүүнийг аврах эрхийг олж авсан гэдэгт Ферро баттай итгэж байна.

Ер нь бол энэ гэр бүлээс хэн ч амьд үлдээгүй гэх хувилбар бүх хүнд ашигтай байсан гэж Марк Ферро хэллээ. Тухайлбал, улаантнуудыг гэмт хэрэгтэн гэж үздэг цагаантнуудад их ван Кириллийг Романовын өргөөний шинэ эзнээр өргөмжлөх замыг нээж өгсөн байдаг. Харин улаантнуудад тус оны наймдугаар сараас эхлэн германчуудтай явуулж байсан Лениний хэлэлцээг таг нууцлах боломжийг олгож байжээ. Ленин тухайн үед II Вильгельмийн дахин дайн дэгдээх хүслийг нь болиулахыг хичээж байв. Улмаар наймдугаар сарын 29-нд хоёр тал хэлэлцээр байгуулж чадсанаар Герман улс Белоруссиас гарч, хариуд нь Оросууд Балти орчмын орнуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Герман улсад өрнүүлж байсан хувьсгалын үзэл суртлаа бүрэн зогсоожээ. Харин энэ асуудалтай зэрэг өрнөж байсан нэг үйл явдал нь “герман” хатан болон Анастасиягаас бусад охидыг нь нууцаар нүүлгэн шилжүүлэх тухай хэлэлцээр байсан хэмээн Ферро хэлэв. Анастасияг есдүгээр сард Пермь хотоос ганцаараа зугтаж явсан гэдэг бөгөөд эх, эгч дүүс нь түүний хувь заяа хэрхэснийг мэддэггүй байсан аж.

Чингэтэл 1918 оны аравдугаар сард буюу хатан, охидуудыг нь Москвагаас Киевт шилжүүлэн авчирсан гэх тэр үед шоронгоос Германы ажилчин хувьсгалчдын холбооны хоёр гишүүнийг сулласны нэг нь Карл Либкнехт (Германы Коммунист намыг үүсгэн байгуулагчдын нэг. Орч) байжээ. Ферро үүнийг зүгээр нэг давхцсан үйл явдал гэж үзэхгүй байна. Түүний бодлоор дээрх явдал “Өрнө, Дорно хоёр барьцаалагчдаа сольсон анхны тохиолдол” болсон ажээ. Ферро юуг үндэслэн ингэж баттай хэлээд байна гэж үү? Парисийн нэгэн нотариатчийн хадгалж байсан гэрээслэл үүнийг нотлож байгаа гэнэ. Энэ гэрээслэлийг дээр дурдсан өнөөх Алексис де Дураццогийн эмээ, вангийн их авхай Мария бичүүлж үлдээсэн байдаг байна.

Бас нэг баримт. Америкийн сэтгүүлч Мария Стравло хэмээх бүсгүй Ватиканы архиваас эзэн хааны ууган охин Ольгагийн хөтөлж байсан тэмдэглэлийн дэвтрийг олсон гэж яриад байгаа. Ферро саяхан энэ бүсгүйтэй утсаар холбогдон тэр дэвтрийг ямар мөрдлөгө явуулж байхдаа олж авав, аль сангаас нь авав гэж асуухад сэтгүүлч бүсгүй итгэл төрүүлэхүйц хариулт өгөөгүй аж. Бүсгүйн хэлснээр, энэхүү дэвтрийн сүүлчийн тэмдэглэл нь 1954 оноор дуусвар болсон байгаа гэнэ. Уншигчдад урьдчилж горьдлого төрүүлэхгүйн тулд Марк Ферро үүнээс илүү юм хэлсэнгүй. Гэхдээ тэрбээр өдгөө зөвхөн испани хэлээр хэвлэлтээс дөнгөж гараад байгаа номондоо Мария Стравлогоос хүлээн авсан баримтыг хавсаргасан байгаа гэнэ. Энэхүү баримтад Италийн Комо хотын нотариатч 1955 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр гэрч нарыг байлцуулж байгаад Ольга Романовагийн цогцос мөн болохыг баталгаажуулсан тухай өгүүлсэн байдаг байна. Түүнчлэн Ольга Романова загалмайлсан эцэг II Вильгельмийн тусламжтайгаар Маржа Боодтс нэр дээр бичиг баримттай болж энэ нэрээр амьдарч байсан тухай дурдсан байдаг ажээ.

Хэрэг явдал нэгэнт ийн эргэж байгаа юм бол Романовын гэр бүлийг цааш харуулсан тухай өгүүлэх хавтаст хэргийг архивт шилжүүлэх цаг нь ирсэн юм биш биз. Эсвэл тэдний тухай түүх цааш хэрхэн өрнөхийг ажиглан суусан нь дээр үү?

Б.Уянга

Сэтгэгдэл 17ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 3 сар 28. 16:07
Зочилхамааа

Хааны охин Анастасия гэж нэг эмэгтэй галзуугийн эмнэлэгт их хоригдсон талаар түүний захидал гээд л цувралаар сонин дээр их гарч билээ. Залуугийн зураг нь эмнэлэгт байх үетэй нь их төстэй. Нэг цэрэг аварсан тухай шархадсан үхлүүт байхад нь. Нууцыг алдахгүйн тулд насаар нь галзуугийн эмнэлэгт хорьсон бгам шиг.

2016, 11 сар 29. 14:15
Зочин

Амрү. Орос ах нар бидэнд их тусалсан. Бид мартах учиргүй.

2021, 12 сар 21. 22:44
Зочин

хуцваа чиии

2017, 9 сар 19. 15:08
Зочин

Оросуудын тусыг монголчууд мартаж болохгүй! ! !

2021, 12 сар 21. 22:45
Зочин

донгос

2017, 9 сар 16. 17:41
Зочин

Оросуудыг ах нар гэж нэрлэдэг улс дэлхийд байхгүй, бүдүүлэг, харгисаараа алдартай энэ улсыг үзэн яддаг юм шүү. Бүр цус нэгтэй украйн, беларус хүртэл үзэн ядаж хамаатан гэгдэхээсээ ичдэг юм малаа. Чиний эцэг эх ах нар чинь амьддаа л лав ах гэж байгаагүй иймээс ч бүгд алуулсан. Ингээгүй орост долигнож үлдснийг нь Цэдэнбал сонгож орост хир үнэнчээр нь дэвшүүлж байв. Одоо монгол хүнээ гадаадын хүнээс дорд үзэж харийнхны төлөө зүтгэдэг үзлийг Цэдэнбал нэвтрүүлж долигнуурууд л төрд дэвэшин сайхан амьдардаг жишиг тогоосон юм шүү_ Ард олон, үндсээ гэсэн бүхнийг устгаж байсаар аймхай хулчгарууд үр удамтайгаа үлдээд байна.

2020, 11 сар 13. 16:51
Болор

Чи оросгүйгээр өнөдөр амьсшалахгүй байлаа усан тэнэг

2020, 11 сар 13. 16:54
Ганбаяр

Английн тагнуулын ажиллагаа байдаг юм оросын хааныг устгах нь оросыг задлах процесс юм. Үеийн үед Англи сүүлд Америкчууд эд баялгын төлөө дэлхийг дэлбэлж хаа сайгүй улс орсныг гь самарч бөмбөгдөж хуулийн дагуу хүчээр дээрэм хийж байна даа. Чи тэр Англи Америкаа л үзэн яд. 2 хөрштэй муудалдцуулах нь тэдний бодлого юм

2018, 11 сар 19. 10:04
Мөнхөө

Оросуудаас эмээж буй крайн, белрусуудын хувьд бол яах аргагүй манайхны Хятадаас эмээдэгтэй төстэй. Түүгээр ч үл барам өнөөгийн Орос гээд байгаа чинь Алтан Ордны улсын залгамж улс гэж боддог юм. Тэгэхээр манайтай илүү ойр байх нь зүйн хэрэг болох бус уу? Зэрлэг бүдүүлэг гэвэл манайхан ч тийм зан ааш, үг үйлдэл гаргах нь элбэг шүү.

2018, 4 сар 7. 12:21
Зочин

үнээн...маш үнэн гэж ганцхан энэ...

2016, 9 сар 25. 14:39
Зочин

арай мартаагүй байхаа манай орос ах нар буцахда хамаг юмаа үлдээсэн болохоос нураагаад ачаад яваагүй дээ одоо ч бүтээсэн бүхэнд нь бяд амьдарч л байна тусыг усаар гэсэн бол өдийд бид ингэж амьдраач билүүү

2019, 5 сар 2. 19:46
tuuhch

orosiin helmegduuleltuuleliin uyiin manai ornii olon zuunii tuuhen dursgaltai ihenh ni ustgaj ugui bolgoson ter dolginood baigaa orosuud chine malaa

2017, 10 сар 30. 10:23
Otgoo

tuilshraad soliorood bailgui alivaa yumiig unen zuvuur ni denselj sur malnuud aa ah nar ch geh shig Orosuudiig muu heleh geegui ch ted bidend tuslasan zuil ih bii ch hariugaa hed davuulaad avtsan uls shuu dee teriig ta met ni hezee ch unelj tsegnej chadahgui erguu chigeeree duusah baih

2022, 1 сар 4. 15:17
Зочин

үнэн үнэн .түүх соёлын архелогийн гээд олон ч зүйлийг хойш ньзөөсөн дөө . Эрмитажид бол зөндөө юм бий дээ .

2018, 4 сар 7. 12:22
Зочин

тэр үнэн. чухам үнэн.

2017, 9 сар 19. 15:07
Зочин

Яг үнэн хэллэ.

2016, 9 сар 25. 13:44
Хөх Монгол

Баярлалаа. АМЖИЛТ ХҮСЬЕЭ Б. УЯНГАА.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]