Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Огт танихгүй хэн нэгний төлөө амиа зориулах зориг танд бий юу?Уншсан27,916

Хэдхэн мөчийн дотор таны хийх асар эрсдэлтэй алхмаас шалтгаалаад олон арван хүний амь нас хамаарах байсан бол та яах байсан бэ? Магадгүй таны эрүүл мэнд, карьер асар өндөр эрсдэлд орж, цаашлаад үхэж ч магадгүй нөхцөлд шүү. Ийм асуултыг та өөртөө тавьж байсан уу?

Огт танихгүй хэн нэгний төлөө амиа зориулах зориг танд бий юу? Хариулахад хэцүү байж болно.  Харин ийм эр зориг дотроо тээж явдаг хүмүүс цөөнгүй байдаг гэдэгт эргэлзэхгүй биз ээ.

 Хэдхэн мөчийн дотор таны хийх асар эрсдэлтэй алхмаас шалтгаалаад олон арван хүний амь нас хамаарах байсан бол та яах байсан бэ? Магадгүй таны эрүүл мэнд, карьер асар өндөр эрсдэлд орж, цаашлаад үхэж ч магадгүй нөхцөлд шүү. Ийм асуултыг та өөртөө тавьж байсан уу?

Яг л ийм явдал одоогоос 42 жилийн өмнө Шаварш Карапетян хэмээх залууд тохиожээ. Зөвлөлт Армяны нийслэл Ереван хотод тэр зүгээр ч нэг ганцаараа үхэлтэй нүүрэлдсэнгүй, олон хүний ус уух хувь заяаг хэдхэн секундэд шийдэж, яг л Холливудын кинонд гардаг бусдад тусалдаг супер баатрууд шиг л домог болсон билээ.

Усан спортын домог, сэрвээт сэлэлтийн ЗХУ-ын 7, Европын 13, дэлхийн 17 удаагийн аварга, Юнескогийн “Шударга ёс”-ны шагналын эзэн, Зөвлөлт Оросын ард түмнүүдэд супер баатар хэмээн хүндлэгдсэн Шаварш Карапетян 1976 оны есдүгээр сарын 16-нд голын далан даган өглөөний гүйлтээ хийж байв. Гэтэл түүнээс холгүйхэн ажил, хичээлдээ яарч яваа 92 зорчигч бүхий троллейбус жолоодлогоо алдан замаас гарч далангийн тэсгим хүйтэн ус уруу яваад орчихов.

Далангийн хаалтыг маш хүчтэй сэт татан орсон учир бараг 10-аад метрийн гүн бүхий цүнхээл рүү орсон байдаг. 10 метр цүнхээлийн гүнд, хүйтэн усанд, 92 зорчигч амьдаараа булшлагдсан нь тэр.

 

Хотын зах газар учир аврагчид, эмнэлгийн ажилтнууд иртэл багагүй хугацаа өнгөрнө. Гэхдээ золгүй осолд өртсөн тэдгээр хүмүүсийн заримд нь бурхан авралын гараа сунгаж усан спортын дэлхийн аваргыг хормын дотор эргэлзээгүй илгээх нь тэр. Шаварш Карапетян шууд ус руу шумбан орж унасан тролейбусны арын цонхыг хөлөөрөө хагалаад ухаан алдсан зорчигчдыг татан гаргаж эхэлжээ. Нэг хүнийг аврахад 30 секундээс 2 минут хүртэл хугацааг зарцуулж байсан гэдэг. Тэгэхээр 20 хүний алтан амийг хэчнээн хугацаанд аварсан нь тодорхой. Аврагчид ирэхэд Карапетян 40 орчим зорчигчийг эрэг дээр гаргаж ирсэн байсан ч харамсалтай нь зарим хүнд ус уух тавилан дутаж.

Түүнийг ээлжит хүнээ татан гаргах үед эрэг дээр байсан хүмүүс бүх бие нь шилэнд зүсэгдсэн байхыг олж харжээ. Хожим нь түүнээс хамгийн аймшигтай санагдсан зүйл юу байсан бэ хэмээн асуухад “Би хэчнээн бэлтгэл сайтай байсан ч тодорхой тооны хүнийг л аварч чадахаар байсан. Усны гүнд үзэгдэх орчин огт байхгүй байсан тул би тэмтэрч байгаад таарсан хүнээ татаад дээш гарсан. Сүүлдээ миний ухаан балартаж, усны мандалд хэн нэгнийг татаж гаргаад хартал би тролейбусны суудал барьсан байгаагаа мэдсэн. Үүнийг хараад миний алдааны үнэ цэнэ нэг хүний амиар хэмжигдсэнийг ойлгосон. Сүүлд нь би тэр суудлыг олон удаа зүүдэлсэн” гэсэн байдаг.

30 гаруй удаа рейс хийж, цаг гаруй хугацааг хүйтэн усанд өнгөрөөсөн Шаварш эцэст нь өөрөө ухаан алдан унажээ. Эрэлхэг үйлдэл нь түүнийг үхэлтэй нүүр тулахад хүргэв.

Хоёр уушгийг нь нэвт хатгаагаар өвчлүүлж (голын ус руу хотын бохирыг шууд хаядаг байсан тул) цус нь бохирдож бүх биеийг нь өвчлүүлжээ. Түүний өөрийнх нь амь нас хутганы ирэнд тулж, 46 хоног ухаан орохгүй байхад нь эмч нар Шаваршийг эдгэнэ гэдэгт эргэлзэж байсан гэдэг. Эмч нар маш их хүчин чармайлт гаргаж түүний амь насыг аварсан боловч спортын амьдралдаа эргэн орох ямар ч боломжгүй гэдгийг хэлсэн.

Түүний баатарлаг гавъяа тэр дороо үнэлэгдээгүй авч "Комсомольская Правда" сонинд “Усан доорхи аваргын тэмцэл” нийтлэл Шаваршийн эрэлхэг үйлсийг олонд таниулж, түүний цуу гавъяа ЗХУ даяар цуурайтжээ. Үүний дараа тэрээр ЗХУ-ын өнцөг булан бүрээс 75,000 гаруй захиа хүлээн авсан байдаг.

Гэсэн ч Зөвлөлтийн нэгэн залуу тамирчин маш ирээдүйтэйд тооцогдож байсан замналаа орхив. Спортын ертөнцөд ийм явдал хэдэн мянгаараа л болдог. Гэхдээ тэр жирийн тамирчин биш байсан болохоор энэ мэдээг дэлхий дахинаа гайхширч хүлээж авсан.

Усан спортын дэлхийн 11 удаагийн рекордыг эзэмшигч, 17 удаагийн дэлхийн аварга гэдэг бол одоогийнхоор Майкл Фелпс л гэсэн үг. Ийм агуу намтартай тамирчин хуруу дарам цөөхөн болохоор фэнүүд нь хүндээр хүлээж авсан юм.

Хожим нь мэргэжилтнүүд Шаваршийн хийсэн үйлдлийг зүгээр нэг цусан зүрхтэн хийх зүйл биш байсан гэж дүгнэсэн байдаг.

Энэхүү ослоос өмнөх болон хожмын Шаварш Карапетяны амьдралыг сонирхож үзвэл тэр чигээрээ баатарлаг гавьяа байдаг. Дээр дурдсан Холливудын киноны супер баатрууд амьдрал дээр амилсан аятай.

Ийм осол гарахаас хоёр жилийн өмнө нэгдүгээр сард гулгаа ихтэй уулын замаар явж байсан автобусны зорчигчдыг бас л Шаварш болзошгүй аюулаас аварсан аж. Тамирчдын баазаас хөдөлсөн автобусны жолооч нь уулын хавцлын замд жолоогоо алдаж, хадан хясаа руу халин орох гэж байсан тэр агшинд Шаварш шаламгай ухасхийн автобусны жолоог татан авч, ердөө хагас метрийн зайтай байсан хавцлаас 30 хүний амийг аварч чадсан байна. Энэ бол 1974 оны нэгдүгээр сар байв.

Шаварш Карпетян хүйтэн уснаас хүмүүсийг аварснаас хойш яг есөн жилийн дараа хувь тавилан дахид л түүнийг аврагчаар дуудав.

1985 оны 2-р сарын 19-нд Ереваны Цицернакаберд дахь спорт цогцолбор шатахад Шаварш бас л санамсаргүй тохиолоор дэргэд нь явж таарсан байна. Дотор нь гацагдаж, гарч чадахгүй болсон хүмүүс рүү Шаварш эргэлзэх зүйлгүй ухасхийн орж, хүмүүсийг аварч эхэлжээ. Энэ удаа ч тэр өөрөө хүнд гэмтэл авсан юм. Хорт утаа амьсгалан ухаан алдан унасан түүнийг бүгд үхсэн гэж бодож байтал орон нутгийн таксины жолооч сулхан судасны цохилтыг мэдэрч яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. Тэрээр хүнд хэлбэрийн түлэгдэлт, утааны соролтоос болж мөн л урт хугацааг эмнэлэгт өнгөрүүлжээ.

Энэхүү эгэл жирийн хэрнээ эгэлгүй баатар эр одоо 65 настай, Москвагийн нэгэн гудамжинд “Второе дыхание" нэртэй гутлын дэлгүүрээ ажиллуулаад энх тунх аж төрж байна. Тэрээр 2014 оны Сочигийн өвлийн Олимпийн бамбарын буухианд уригдаж, Москвагаас Красногорскийн хооронд Олимпийн бэлгэдлийг барин гүйсэн байна.

Тэр хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болж өөрийнхөө гайхамшигтай авьяасыг насан үүрд үгүй хийсэн боловч олон удаагийн хувь тохиолоор бусдад бэлэглэсэн амьдрал, хайр энэрэл нь түүний туулсан аймшигт мөчүүдээс хэд дахин илүү жаргалыг мэдрүүлж, мөн түүний ирээдүйд хүртэж магадгүй байсан алдар хүндийг ч хамтад нь авчирсан юм. Жинхэнэ баатар гэж ийм л хүнийг хэлэх байх.



Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 9 сар 3. 17:05
Зочин

gaihaltai ymaa.

2019, 10 сар 12. 10:49
багы

Мунадага ах байна.

2019, 9 сар 15. 9:17
Отгон

Үнэхээр Баатар эр юм аа. Сайхан түүх байна баярлалаа

2019, 9 сар 28. 19:48
Зочин

Би тэр үед Москвад байгаад уншиж байв. Жинхэнэ эр хүн.

2019, 9 сар 28. 19:46
ууганбаяр

гоё түүх бна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]