Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Нэгэн цагт Холливудын хамгийн том одуудын нэг байсан Николос Кейжийн гол дүрд нь тоглосон “Con-Air” хэмээх аятайхан кино бий. Энэ кинонд онгоцоор хэсэг хоригдлуудыг зөөх үед тэд нар нь хуягуудаа дарж аван онгоцыг гартаа оруулах ба харин “бараг гэмгүй” Кейж тэдний эсрэг баахан баатарлаж сүйд болж байгаад амар сайхандаа жаргадаг тухай гардаг билээ. Харин одоо сонирхуулах түүх нь энэ уран сайхны кинотой нэлээд төстэй боловч үйл явдал нь бүр ч ээдрээтэй болж өнгөрсөн явдал.
1990 оны 8-р сарын 19. Зөвлөлтийн Нерюнгри-Якутск чиглэлийн Ту-154 онгоцонд 15 хоригдол, 3 хуягтай цуг орж ирлээ. Эдгээр хоригдлуудын зарим нь хүн амин ы хэрэгтэй, ихэнх нь зэвсэг хэрэглэж дээрэм тонуул хийсэн, олон удаагийн гэмт хэрэгтэй нөхдүүд байсан бөгөөд тэдгээрийг авч яваа хуягуудын хувьд бүрэн зэвсэглэсэн боловч ердөө гуравхан гавтай. 15 хоригдолд гуравхан гав авч явсанд гайхаж болох боловч 1990-ээд оны Орос орон (ЗХУ) ямар аймшигтай дампуурч, хөл толгойгоо алдаж байсныг мэдэх хүмүүсийн хувьд бол гайхах зүйл биш болов уу.
Хамгийн сонирхолтой нь эдгээр хоригдлууд жирийн зорчигчидтой цуг нисэх байлаа. Зам биш там болсон 800 км газраар ийм хоригдлуудыг машинаар зөөж явбал бүгдийг нь замдаа алдаад дуусна гэж тооцсон юм байгаа биз.
Ингээд 36 энгийн зорчигч, 15 хоригдол, 3 хуяг бүхий онгоц агаарт хөөрөөд удаагүй байхад хоригдлуудын нэг болох Исаков гээч тайрсан буу гаргаж ирэн хүүхэдтэй эмэгтэйд б у у г а а тулган, хуягуудыг зэвсгээ өгөхгүй бол буудлаа гэж хашгирчээ. Энэ үед арай зайтай сууж байсан бас нэг хоригдол Евдокимов нь (3 удаа шоронд сууж байсан) баахан цахилгааны утас цухуйсан ууттай зүйлийг барин босоод ирсэн байна. “Хэрвээ бид нарын шаардлагыг үг дуугүй биелүүлэхгүй бол энэ бөмбөгийг шууд т э с л э х болно шүү...” гэж тэрээр хашгичиж эхлэх үед бусад хоригдлууд ч хөдөлж эхэлжээ.
Сүүлд хийсэн мөрдөн байцаалтаар тэрхүү тэс рэх бөмбөг нь хуурамч зүйл, жирийн барааны саван байсан ба харин тайрсан буу нь жинхэнэ, сумтай байсан гэнэ. Хоригдлыг онгоцонд суухаас өмнө тэдэнд худалдагдсан нэг хуяг энэ бууг нууцаар өгсөн байжээ. 1990-ээд оны Орос орон гэж...
Хуягууд ч олигтой эсэргүүцсэнгүй буюу энгийн зорчигч нарын амь насанд аюултай байдал үүснэ, бас онгоц сүйрч болзошгүй гээд зэвсгээ хураалган энгийн ардуудтай цуг барьцаалагдсан хүмүүс болон суудалдаа чимээгүй болцгоосон байна.
Барьцаалагчдын толгойлогч Исаков нисэх багийнхны бүхээгт орж буцаад Нерюнгри явахгүй бол буу длаа гэж сүрдүүлж байгаад онгоцоо эргүүлсэн ба онгоцон дотор юу болж байгааг мэдсэн “газар” тэр даруй Нерюнгригийн цагдаа цэргийг түгшүүрээр босгожээ. Онгоц ирж газардсаны дараа дээрэмчид өөр хоёр хоригдлыг шоронгоос авчирч онгоцонд оруулах, хоёр АК, хоёр гар буу, хэд хэдэн сум үл нэвтрэх хантааз, 3 ширхэг холбооны хэрэгсэл өгөхийг шаардсаныг тэр даруй биелүүлж оронд нь хэд хэдэн зорчигчдыг салгаж авчээ. Нэг сонин нь хоригдлууд бас шүхэр нэхсэн боловч хэлэлцээ хийж байсан сэргийлэгч (одоогийнхоор цагдаа) нь “шүхэр ямар ч хэрэггүй, ийм онгоцноос шүхрээр үсэрнэ гэвэл махан таташ болно...” гэж итгүүлж чадсан байна.
Хоригдлуудтай хэлэлцээ хийж байх үед жижиг хэргийн улмаас мөрдөгдөж байгаа, цөөхөн сарын ялтай нөхдүүд сайн дураараа онгоцноос бууж сэргийлэгч нарт бууж өгөхийг хүсэхэд хоригдлууд ч зөвшөөрчээ. Энэ мэтээр ганц нэгээр нь хүмүүсийг буулгаж чадаад байсан учраас тэр үү, эсвэл онгоц хулгайлахтай тэмцэх ямар ч туршлагагүй жирийн сэргийлэгчид айсан уу, ямар ч байсан дайрсангүй байсаар онгоц буцан хөөрлөө. Хэдийгээр сэргийлэгч нар онгоц хулгайлсан хоригдлуудын нэгнийх нь аавыг авчирч, элдэв сайхан үгээр уяраах гэж оролдсон ч хулгайчууд огт тоосонгүй яваад өгчээ.
Хулгайлагдсан онгоц янз бүрийн хотод бууж шатахуун авсаар нэлээдгүй нааш цаашаа ниссэн ба хоригдлуудад онгоц хулгайлах төлөвлөгөө байсан боловч цаашдаа яах тухай ямар нэг төлөвлөгөө байгаагүй бололтой. Үүнийг нь анзаарсан тусгай албаныхан ч холбоо барихдаа янз бүрийн байдлаар нөлөөлсөөр байжээ.
Онгоц Ташкентэд бууж хоноод (нисгэгч нарыг нь сайн унтаж амар гээд онгоцноос гаргаж зочид буудалд хонуулсан гэж байгаа) өглөө дахин агаарт гарлаа. Хаашаа нисэх тухай маргалдаж байх үед тусгайгийнхан холбоогоор санаандгүй Энэтхэг гэсэн үг алдсан болж маяглаж гэнэ. Хоригдлууд ч Энэтхэг гэдэг нь тусгайгийнхны явуулга, харин Энэтхэгийн дайсан болсон Пакистан хамгийн зөв гэж шийдлээ. Тэгээд ч Афганы дайнаас болж ЗХУ Пакистан хоёр хонь чоно байсан үе болохоор яах аргагүй зөв шийдвэр гэмээр.
Онгоц Пакистаны нутагт орсны дараа удалгүй хоёр сөнөөгч онгоц тосон ирэхэд онгоцны нисгэгч ёстой л мэддэг англи хэлээ барж байж “иргэний, хулгайлагдсан онгоц” гэдгээ ойлгуулж чаджээ. Цаашаа нисэн Карачи хотод буух гэхэд нисэх буудлын диспетчер буухыг хориглосон ба шатахуунаа дуустал эргэлдсэн нисгэгч нар дур мэдэн шууд газардлаа.
Онгоц зогсмогц Пакистаны албаны хүмүүс хүрч ирэн онгоц хулгайлагч нартай гар барин тэврэлдэж, инээн байсан нь хоригдлуудын хувьд эрх чөлөөгөө олж авлаа гэсэн үг байв. Инээн баярласан Пакистаны албаны хүн нь буу зэвсгээ хураалгах хэрэгтэй, одоо та нар эрх чөлөөтэй улс боллоо гэх мэтийг ярьж байсан ба хоригдлууд бүгд л тэврэлдэн, "Пакистан мандтугай" гэж хашхиралдсаар онгоцноос гарчээ. Зэвсгээ ч хураалган Пакистан нөхдүүдтэйгээ тэврэлдэх үедээ өөрсдийгөө танилцуулж байсан ба онгоц хулгайлан байж эрх чөлөө олж авсан баатруудаа бүгдийг танилцуулж дуусах үед өнөөх Пакистан найзууд нь гэнэт царай зүсээ өөрчилж шинэхэн найз нараа дэлбэ бороохойдон гавлаж авчээ.
Пакистаны хуулиар бол онгоц хулгайлсан хүнийг цаазаар авах ялтай бөгөөд иймэрхүү гэмт хэрэгтнүүдийг барьж авахын тулд тэд хангалттай худлаа инээн тэврэлдэж байсан ба бүх хулгайч нарыг жирийн хүмүүсээс ялгаж авсны дараа л тэд ийнхүү огцом хөдөлсөн байна.
Тэр оройдоо Зөвлөлтийн онгоц бусад зорчигчдоо аваад буцан ниссэн бол хөөрхий хоригдлууд Зөвлөлтийн шоронгоо Пакистаны шоронгоор сольжээ.
Удалгүй шүүх хурал болж нөхдүүдийг цаазаар авахаар болсон боловч дараа нь гадаадын нөхдүүд гэж харж үзэн бүх насаар нь хорих ял оноожээ. Шүүх хурал болтол “Биднийг Зөвлөлт рүү буцаагаад явуулахгүй биз дээ...” гэж гуйж байсан нөхдүүд ялаа сонсоод ёстой л ухаан алдсан гэдэг. Арга ч үгүй биз. Зөвлөлтөд хийсэн хэргийнхээ төлөө 15 жилийн ял авна гэж айж байсан хүмүүс.
Хоригдлуудын хувьд Пакистаны шорон ёстой л там байлаа. Шоронгийн өрөөнд заримдаа 50-60 хэм хүртэл халах ба бөөн бөөнөөр хоригдсон хоригдлуудыг хуягууд хүн гэж үздэггүй, ямар нэг адуу мал шиг л харьцдаг байж. Тэр тусмаа хэлгүй оросуудын хувьд хаалгаа балбаж дохиогоор ус гуйхаас өөр чадах юм үгүй. Харин хуягууд хаалга балбасан нөхдүүдийг зүгээр л урт саваагаар ухаан алдтал жанчиж хаячихаад явна. Бас дандаа гавтайгаа байх ба бүр онгоцноос буухад гавласан тэр л гавыг тайлалгүй олон жил болсон байна.
Хоол унд, хангамжийн талаар ярих юм байхгүй. Огцом ядуурч хоосорсон Орос орны шоронгийн хоол унд Пакистаны шоронгийн хоолны хажууд ёстой дээдсийн тансаг зоог байжээ.
Ийм нөхцөлд орсон хүмүүс ямархуу сэтгэл санаатай байх нь ойлгомжтой ба хоёр нь хэдэн сарын дараа шоронд амиа хорлосон бол нэг нь өвчний улмаас (хэт халууныг тэсээгүй гэх ч бас нэгнийгээ нухсан гэх нь бий) нөгөө ертөнц рүү одоцгоожээ. Харин амьд үлдсэн хэд нь зөвхөн Зөвлөлтийн Элчин сайдад л уйлан дуулсан захиа бичихээс өөр замгүй болж “Гэмээ ухаарч байна, эх орондоо очоод ямар ч ял хүлээхэд бэлэн” гэх мэтийн үгтэй захианууд ар араасаа цуварсаар. Зөвлөлтийн тал ч энэ талаар хааяа Пакистаны талд хандсан болчхоод л. Тарж бутарч, сүйрч байгаа улсад тэр хэдэн хоригдол ч ёстой яамай...
1998 он. Пакистан улсын тусгаар тогтнолоо олсны 50 жилийн ой болж гадаадын бүх л хоригдлуудыг суллах боллоо. Шоронгоос гарсан 8 онгоц барьцаалагчдад мөнгө байтугай, эрүүл мэнд ч байсангүй. Нэг нь бараг үхэж байсан ба гурав нь эртээ байхгүй болсныг түрүүн хэлсэн билээ.
Орос улс өөрийн иргэн болох 6 хоригдлоо буцаан авсан бол харин Украин улсын хоёр иргэнийг авах хүн олдсонгүй буюу шинэхэн эх орон нь тэдгээрийг хог дээр хаяжээ. Энэ хоёр хүний цаашдын хувь заяа яг таг тодорхой биш ба зарим мэдээллээр тэднийг Пакистанд үхсэн гэж байхад өөр нэг нь 2000 онд Украинд буцан ирсэн Шатохин болон Левченко нар нь тэднийг мөн гэдэг юм байна.
Харин Оросын хулгайчид эх орондоо ирж ялаа авсан ба тэднийг онгоц хулгайлсан хэргийн төлөө биш (нэг хэргийн төлөө хоёр удаа шийтгэхгүй байх зарчмын дагуу) өмнө нь үйлдсэн хэргийн төлөө ял өгч шоронд хийжээ. Пакистаны шоронд 8 жил үйлээ үзсэн нөхдүүд ингэж өөрийнхөө шоронд буцан ирсэн юм гэнэ лээ.