Би энд Хятаны Ляо /924-1125/ улсын тухай хөндөх гэсэнгүй, харин Ляо улсын нутаг дэвсгэрийг харуулсан энэхүү атласыг ашиглаад Монголчууд бидний өвөг дээдсийн байгуулсан Хамаг Монгол /1070-1147-1205 он/ улсын тухайд товчхон хөндөхийг зорилоо. Саяхан МИУС-ийн багш, түүхийн ухааны докторын ярилцлага /Чингис хаан Хэрэйдийн хант улсын суурин дээр Их Монгол улсыг байгуулсан/ болон бүлгэмд өрнөсөн хэлэлцүүлгээс манай Монголын түүхчид, эрдэмтэд болон түүх сонирхогчдын олонх нь Хамаг Монгол улсын түүхийн талаар болон Тэмүжиний амьдралын идэр, залуу үеийн талаар түүхийн буруу төсөөлөлтэй явцгаадаг нь харагдсан гэж хэлж болно.
Түүхэн сурвалжуудын үлдээсэн мэдээ баримтуудыг харьцуулан судлаад дүгнэлт хийвэл Монголчууд Хятаны Ляо /924-1125/ улсын захиргаанд бус, тусдаа бие даан оршин тогтнож байсан байх бөгөөд тэр бүү хэл 1070-аад оны эхэн үед Хайдуг хаан өргөмжилж байжээ. Үүнийг батлах археологийн томхон дурсгал бол Монголчуудын довтолгооноос хамгаалж хятанчууд 1000 гаруй км-ийн урттай шороон хэрэм барьж байсан нь одоогийн Монгол улсын Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас эхлэн дорно зүгт 1000 гаруй км үргэлжлэн орших Чингисийн далан билээ.
Яг энэ үед буюу 1067 онд Ляо улсын өрнө этгээдэд Хүннүгийн нэгэн салбар болох Тоба нарын байгуулсан Тоба Вэй улсын хааны удмын үр хойчис болох Тоба Бин-чан гэгч Си Ся улс буюу бидний нэрлэдгээр Тангут улсыг байгуулав. Сонирхуулахад Тоба нар нь МЭ 1-р зууны дунд үеэр Онон голоос Далай нуурын тийш нүүн очиж нутаглаж байгаад, улмаар 3-р зууны эхээр Хянганы урагш нүүдэллэж, тэндхийн аймаг олныг дагуулан хүчирхэгжиж Умард Хятадыг эзлэн Тоба Вэй /386-534/ улсыг байгуулсан билээ. Тоба Вэйн болон Нирун /330-555/ улсын хаад нь Өмнөд Хүннүгийн шаньюйн удмаас салаалсан “гарвал нэгтэй” гэдэг. Гэхдээ Тоба Вэй болон Нирун хоёр улс нь өөрсдийн оршин тогтнох хугацаандаа хоорондоо байнгын дайн тулаантай дайсагнагч улсууд байсан бөгөөд 1067 онд Тангут улсыг Тоба Вэй улсын удмынхан байгуулсан бол Хэрэйдийн ханлиг нь Нирун улсын бүрэлдэхүүнд багтаж явжээ. Нэмээд хэлэхэд 12-13-р зууны Хамаг Монголчууд ч мөн ялгаагүй Өмнөд Хүннүчүүдийн удам билээ. За сэдэвтээ эргэн орьё.
Хайду хаан бол Чингис хаанаас дээш 6-р үеийн хүн бөгөөд тийм хүнийг Монголчууд “Буути” гэдэг байсан гэж “Жами ат таварих” /1311он/ буюу “Судрын чуулган”-д тэмдэглэжээ. Хайдуг “Монголын нууц товчоо”-нд Тудум мэнэнгийн ач гэсэн байдаг бол “Судрын чуулган”-д хүү нь гэсэн байдаг. Аль нь ч бай, Хайду бол 1042 оны хавьцаа төрсөн хүн юм. Харин “Судрын чуулган”-д дурдагдсан Хятаны Ляо улсын довтолгоонд өртсөн Жалайр аймагийн зарим хэсэг Хэрлэн мөрнөөс хойш ухарч, Онон мөрний орчим Тудум мэнэнгийн хатан Мунулунг, хүүхдүүдтэй нь алсан гэх хэрэг явдал эх сурвалжийн мэдээгээр 1069 оны хавьцаа болсон бололтой. Ван Говэй: “....1069 оны 3-р сард Цубугийн толгойлогч тэрслэхэд Өмнөд нийслэлийн сахиул цэргийн ван Елюй Жэньсянь Баруун Хойд замын илбэн тохинуулагч болж, Ордны хамгаалах цэргийг захиран Цубуг довтлон бутцохисон...”
Хэдийгээр энд бичигдсэн түүхийг яг Жалайр аймгийг довтлосон үйл явдал мөн гэж яг таг батлах аргагүй ч түүхэн үйл явдлын он цаг, газарзүйн байршил ихэд давхцаж байгаа билээ. Мунулун хатанд тохиолдсон явдлын дараа Монголчууд нь Жалайр аймгийг эрхэндээ оруулж, Начин баатар өөрийн ач дүү Хайдуг хаан суулгасан гэж “Судрын чуулган”-д өгүүлдэг. Хайду хааны 2-р хүү Чархай нь лингүм буюу ахмад ноён гэсэн Хятад цолтой байснаас үзэхэд Монголчууд нь Киданы хааны ордонтой харилцаатай байсныг илтгэнэ.
Хэрэйд аймгийн тухайд Ван Говэй: “....1089 оны 5-р сард Цубугийн Маркуз, аймгуудын толгойлогчоор томилогдсон. 1092 оны 10-р сард Маркуз тэрсэлсэн учир Елюй Алусагу Умард Цубу нарыг довтолсон. 1093 оны 2-р сард Маркуз Их ляо улсыг довтолсон. 3-р сард Маркуз Ляогийн цэргийн ихэнхийг бутцохисон. 10-р сард Маркуз, Жэнь тойргоос зүүн тийш Ляо улсын цэргийг гэнэт довтолсон. 1094 оны 9-р сард Елюй Вотэла, Маркузыг цохисон...” гэжээ. Сурвалжийн мэдээг үзэхүл Хэрэйд аймаг нь Маркус ханы үед нэг хэсэг хүчирхэгжиж явсан боловч энэ нь нүүдэлчин аймгуудын холбооны хүчинд тулгуурлаж байжээ гэсэн дүгнэлтэнд хүргэдэг. Өөрөөр хэлбэл Хэрэйд нь хаант улс болтол хүчирхэгжсэнгүй ажээ. “Судрын чуулган”-д өгүүлэхдээ: “...Татаарын хан Нор Буюуруг аятай боломж ашиглан Хэрэйдийн эзэн Маркусыг барин авч. Жүрчидийн ханд хүргүүлсэнд, түүнийг модон илжгэнд хадаж алжээ...” гэжээ. Энд Жүрчид гэдэг нь Киданыг хэлсэн болно. Энэ тухай бүр тодорхой он цагтай өгүүлсэн Ван Говэй: “...1102 оны 1-р сард Се Тела нь Маркузыг барин авчирч тушаахад 2-р сард зах дээр хэрчин алсан....” гэсний Се Тела нь Хятаны Ляо улсын жанжин юм.
Маркус хан нь олон хүүхэдтэй байсан боловч Хурхачус Буюуруг болон Гүр хан гэсэн хоёр хүүгийнх нь нэр түүхэнд үлджээ. Хурхачус Буюураг ханы үеэс Хэрэйд аймаг нь умраас Мэргэд, дорноос Татар аймгуудын довтолгоонд өртөж байсныг түүний хөвүүн хожим Хэрэйдийн хан болсон Тоорилын хүүхэд ахуй цагтаа Мэргэд, Татаар зэрэг аймгуудад олзлогдож явсан түүхээс харж болно. Хурхачус Буюуруг ханыг Хэрэйд аймгийг толгойлон байх цаг үед дорно зүгт Нюжи нар буюу Жүрчидүүд хүчирхэгжиж Хятаны Ляо улс уруу довтлон, Ляо улсын армийг ээлж дараалан бут цохив. 1122 онд Хятаны Ляо улсын хаанд туслуулахаар Хамаг Монголчууд 50,000 цэрэг, Тангут улс 30,000 цэрэг илгээсэн боловч амжилт олсонгүй. 1124 онд Хятаны хан хүү Елюй Даши умрын аймгуудын туслалцаатайгаар Өрнө зүгт явав. 1125 онд Ляо улсын төр мөхөж, Жүрчиний Цин улс байгуулагдав. Елюй Дашийн жанжидын нэгэн Наркыш Таянгу гэгч Алтайн хязгаарын аймгуудыг захирч Найманы ханлигийг үүсгэв.
Энэ үед Хамаг Монголчууд хүн ам олонтой ихэд хүчирхэг болсон байсан ба тэднийг Хайду хааны ач Туминай хан толгойлж байсан бололтой. Тэдний хүн ам 1 саяд дөхөж байсан тухай “Судрын чуулган”-д: “...Тумбинай нь Чингис хаанаас дээш 4-дэх үеийн өвөг, Монголоор 4-дэх үеийн өвгийг Будуту гэдэг байв. Тэрбээр ухаантай, авьяас, зоригтой 9 хөвүүнтэй байв. Хөвүүн бүр нь тус тус аймаг салбарын уг сурвалж болсон. Тэдгээр нь одоо үед ч буурь суурь, нэр хүндтэй билээ. Аймаг тус бүр нь 30,000 хүртэл өрхтэй, хүн ам нь эрэгтэй, эмэгтэйг нийлүүлэн тоолбол зуун мянга ч хүрнэ. Энэ мэдээг санаанаасаа авсан худал зүйл гэж үзэж болохгүй билээ. Учир нь Монголчуудын аль эртээс мөрдөж ирсэн заншил гэвэл тэд өөрийн гарал, удам судрынхаа тухай дурсгалаа чанд хадгалж байдаг явдал юм...” гэж онцгойлон анхааруулж бичсэн байдаг билээ.
Үүний нотолгоог шинэ тулгар хүчирхэгжин мандсан Цингийн Жүрчидүүд хөршүүддээ илт түрэмгий хандах болсноор 1125 онд өмнөд Сүн улстай, 1134 оноос Хамаг Монголчуудтай дайтах болсон түүхээс тодорхой харж болно. Энэ үед Хамаг Монголчуудын туган дор Хэрэйд, Мэргид, Татар гэх мэт тал нутгийн томхон ханлигуд нэгдэн Жүрчиниий Цин улстай дайтан ялж, 1147 оны гэрээгээр Жүрчиний Цин улс дайнд ялагдсанаа хүлээн зөвшөөрч: “...Монголд өгөх үхэр, хонийг тус бүр хоёр бум таван түмэн толгой өгдгөө дахин нэмэхийг зөвшөөрсөн, уридынхаараа торго гурван буман толгой, хөвөн бараа гурван буман лан өгч байх, ингээд найрамдлын гэрээг зөвшөөрсөн...” гэрээ байгуулан, татавар төлөх болсон байдаг.
Бүс нутгийн түүхийн ерөнхий тоймоор аваад үзсэн ч Хэрэйдийн ханлиг тал нутагт онцгой хүчирхэгжсэн түүх байхгүйг харж болох бөгөөд одоо “Монголын нууц товчоо”-нд бичигдсэн Хэрэйдийн хэсэгийг авч үзье. Хэрэйдийн хан Хурхачус Буюуруг хан нас барсны дараа Хэрэйдийн дотоодод эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж, 2 үндсэн хэсэгт хуваагдсан бололтой байна. Энэ үед Хэрэйдийн баруун талд тэднээс хүчирхэг Найманы ханлиг нэгэнт бий болчихсон байлаа. Хэрэйдийн хан ширээний төлөө Тоорил ах дүү нараа алсан тул авга ах Гүр хан түүнийг довтлов. Тоорил хойшоо Мэргид аймагт дутаан очиж, Хараун хавцалд шургаж, охиноо Мэргидийн Тогтоа бэхид өгч гараад Хамаг Монголчуудаас тусламж гуйв. Энэ үед Хамаг Монголыг Хотула хаан захирч байсан бөгөөд тэрээр туслахаас татгалзсан бололтой. Харин Есүхэй баатар туслаж, авга Гүр ханыг нь довтлож, улсыг нь авч өгөв. Энэ явдал 1160-1162 оны үед болсон бололтой. Тэмүжин хөвүүн тэр үед 5-7 настай байв.
“Нууц товчоо”-ны 116, 179-р бүлгүүдэд дурдагддаг Тэмүжин, Жамуха хоёр Ононы мөсөн дээр анд бололцсон, Тэмүжин хожим Жамухад хэлүүлдэг хан /Ван/ эцгийнд хэн эрт боссон нь хөх хундагаар уудаг зэрэг үйл явдлууд бол энэ үеийнх юм. Өөрөөр хэлбэл Хэрэйдийн Тоорил хан Хамаг Монголын Есүхэй ханы өмөг түшгийг бараадаж байсан үеийн явдлууд билээ. Бүр тодруулбал Тэмүжин, Жамуха хоёр анд бололцдог нь 1165 оны явдал. За цааш нь нэг их бичих шаардлагагүй биз ээ. Хэрэйд аймгийн хувьд Найманы ханлигийн довтолгоонд цаг үргэлж нэрвэгдэж байсан үе. Тоорилийн дүү Эрх-хар нь Найманы Инанчи ханаас цэргийн тусламж авч ирэн Тоорил ханыг бут цохино. Тоорил хан, Хар Хятаны Гүр ханд очин, тэндээс Уйгур, Тангутын нутгаар тусламж гуйн бүтэлгүйтэж явсаар Тэмүжин дээр ирж тэнхэрдэг. Тэмүжин хан тэнхрүүлж улсыг нь авч өгсөн боловч хэдхэн жилийн дараа дахин Найманы Хүгсэү Сабрагын довтолгоонд өртөж, улсаасаа хагацдаг. Тэмүжин өөрийн армийг явуулж, Найманы цэргийг бут цохин алдагдсан улсыг нь Хэрэйдийн Ван хан Тоорилд авч өгдөг.
Түүнчилэн Хэрэйд аймгийн өмнө талаас Тангут улс хүртэл довтолж, Ван ханы дүү Жаха Хамбу олзлогдон Тангутад байсныг Тэмүжин хан суллан авч, улс иргэнтэй болгож байсан түүх бий. Жүрчиний Алтан улсын довтолгоонд түрэгдсэн Татаарын Мэгүжин сүүлтийг довтлохдоо Тэмүжиний зүгээс Хэрэйдийн Ван ханд тушаах өнгөөр ханддаг нь зүгээр нэг тохиолдолйн хэрэг биш юм. Тэр үед Хэрэйд аймаг бутран, Ван хан өөрийн багахан аймгийн хамт Тэмүжин хөвүүнийг бараадаж байсан цаг үе билээ.
Энэ бүхнийг товчлон, дүгнээд хэлэхэд өөрсдийн эцэг өвгөдийн байгуулсан хүчирхэг Хамаг Монгол улсын түүхийг үгүйсгэж, “...Чингис хаан Хэрэйдийн хант улсын суурин дээр Их Монгол улсыг байгуулсан...” хэмээн Түүхийн ухааны доктороос эхлэн түүхчид нь эх түүхээ буруу тайлбарлан, суртачилах нь хэр зөв бэ..?
Тайлбар:
1. Хэт нуршуу болуужин хэмээн санаад энэ хүргээд төгсгөв. Мэдээж түүхийн том сэдэв миний бичсэн энэ хэдэн өгүүлбэрт багтахгүй нь тодорхой билээ. Тиймээс ойлгомж муутай болсон тал байж магад шүү.
2. Эхний атлас тухайн үетэйгөө дөхүү зурагдсан бол 2-р атласд Ляо улсын хилийг арай хойшлуулсан мэт.
Бичсэн: Ю.Пүрэвдорж. 2018 оны 8-р сарын 25.
Эх сурвалж: Монголчуудын түүх фэйсбүүк групп
Их олон талаас нь сайн харж дүгнэсэн байна. Мэргэжлийн түүхчид дотор хүртэл ингэж тодорхой тайлбарлаж чаддаг нь цөөн. Цаашдын ажилд нь амжилт хүсэе.
Хэрэйдийг үгүйсгэж доош хийх гэж тун ч их зүдэрчээ. Түүхч бол өөрийн итгэл үнэмшлээ биш бодит үнэнийг гаргаж тавих ёстой. Гэхдээ энэ зохисгүй явдал одоо биш нэлээн эрт үед үүссэн. Жишээ нь Алтан товч бол бүүр сүүлд бичигдсэн гувуйлсан зохиол. Түүнээс ишлэдэг нь тэнэг хэрэг.
MAHAN IDESHTEN TUMUR ZURHTUUD DAIN DAJING UUSGEDEG
Дайн дажин үүсгэж муу муухайг дарж байж энх тайван тогтоно оо гэж.
Будаа ногооны шингэн чацага минь дуугүй шарилжаа жавир...
Зөв шүү,,