Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Лу жанжин гүн, То вангийн домгуудУншсан9,308

Түүхэнд тохиолдож өнгөрсөн үнэн бодит баримт, үйл явдал, ортой явдлаас үндэс авч уран санаагаар ихэд чимэглэн үлгэр мэт болгон өгүүлсэн хүүрнэл зохиолыг домог гэнэ. Ард түмэн болсон явдлыг бишрэн гайхах, эсвэл жигшин буруушаах аясаар хачир нэмэр оруулан хэтрүүлж ярьсаар домог үүсдэг байна.

Түүхэнд тохиолдож өнгөрсөн үнэн бодит баримт, үйл явдал, ортой явдлаас үндэс авч уран санаагаар ихэд чимэглэн үлгэр мэт болгон өгүүлсэн хүүрнэл зохиолыг домог гэнэ. Ард түмэн болсон явдлыг бишрэн гайхах, эсвэл жигшин буруушаах аясаар хачир нэмэр оруулан хэтрүүлж ярьсаар домог үүсдэг байна.

Домогт учир зүйг тааварласан, өнгөрсөн үеийг уран сэтгэмжээр харуулсан байх нь элбэг. Нэрт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Хорлоогийн Сампилдэндэв агсны Монголын ард түмэнд үлдээсэн өв их эрдэнээс уншигчдадаа хүргэж байна. Монголын хэл шинжлэл, утга зохиол, аман зохиол судлалын салбарт олон нэртэй эрдэмтэн мэргэд, зүтгэлтнүүдийг төрүүлсэн тэрбээр  аман зохиол, домог судлалын салбарт “Хурим найрын дэг ёс”, “Уул усны зуун домог”, “Цасан ширхэг”, “Орчин үе, яруу найраг”, “Монгол домог”, “Малчин ардын зан үйлийн уламжлал”, “Монгол ардын аман зохиол”, “Монгол яруу найргийн товчоон”, “Монгол аман зохиолын товчоон” тэргүүтэн судалгааны үнэт бүтээлүүдийг туурвиж олны хүртээл болгосон юм.

 

ХАЛХЫН ДӨРВӨН ХАН ЦОЛ АВСАН НЬ

Халхын дөрвөн хан Манжийн хаанаас хэргэм цол авахаар хүрч очсон байна. Энэ дөрвөн ханыг орж очмогц ширээ тойруулан суулгаж, олсон хэлхээтэй шүрэн эрих нэг нэгийг барьжээ.

 Тэгсэн нэг дэх нь хүзүүндээ углаж, дараах нь чихэндээ өлгөж, гурав дахь нь бугуйндаа зүүж, дөрөв дэх нь:

 -Аа би олсоор оосорлуулж, чулуугаар дөнгөлүүлэх болоогүй гэж хэлээд, эвхэж цагариглаад тавьчихжээ.

 Дараагаар нь тавьж болохгүй бөмбөгөр ёроолтой шилэн аягатай халуун цай оруулж ирсэнд дөрөв дэх хан цагаригласан эрих дээрээ авч тавиад дажгүй сууж, бусад нь гар хуруугаа халааж сандарцгааж байж гэнэ. Тэгтэл тэд нарын өмнүүр эмээлтэй хазаартай тоглоомын модон морь давхиулсанд, нэг дэх хан «Яасан сайн морь вэ?» гэж, хоёр дахь хан эмээлийг нь ойчих вий гэж түшээд гаргаж, гурав дахь хан эмээлийг нь засаад гаргаж, дөрөв дэх хан: Монгол хүн малаа иддэг юм гэж хэлээд эмээлийг нь авч тавиад дотроос нь халуун хоол гаргаж ирээд идэж суужээ. За ингээд «Сайн морь» гэснээр нь «Сайн ноён хан», Түшсэнээр нь «Түшээт хан» зассанаар нь «Засагт хан», эмээлийг нь авч идээ будааг нь гаргаж мэргэн цэцэн ухаан гаргаснаар нь «Цэцэн хан» гэсэн цол хүртээсэн байна.

Эл домгийн зарим хувилбарт Цэцэн ханыг үнэхээр цэцэн мэргэнийг нь турших гэж асуулт асууж сориулахаар хүн явуулсан тухай өгүүлсэн байдаг боловч энэ домгийн бүрэн хувилбарыг мэдэх хүн олдсонгүй.  Халхын гэгээн цэцэн гэж байснаа сүүлдээ «Эрвэгэр цэцэн хан» нэртэй болсон нь гэгээн цолоо Өндөр гэгээнд өгснөөс хойш тийм нэртэй болсон гэж Автай хааны зарим домогт өгүүлсэн байдаг.

 

БҮҮВЭЙ БААТРЫН ДОМОГ

Өөлдийн Зодог ноён Халхтай олон удаа дайтаж явсан хүн юм. Нэг удаагийн дайнд халх нутгаас Содном гэдэг хүүхэн олзолж, түүнийг өөрийн хатан болгожээ. Нэг өдөр өөлд нутгаар тэнүүчилж явсан халх бадарчин Содном хатны өргөөнд ороход (Зодог ноёны байхгүйд) Содном хатан мэгшин уйлж суужээ. Бадарчин түүнээс "Бадарчин би бол суух оронгүй, толгой хавчих сууцгүй, амьтны нүдний үзүүр болон хэсэн тэнэж явахдаа нүднээс нулимс унагаж үзээгүй атал, торгонд боодолтой, тарган мах идэж, тансаг сайхан сууж байгаа хатан та юун ингэж мэлмэрэн уйлан хайлан сууна вэ" гэж асуухад, Содном хатан "Хүн хүний зовлон адилгүй, тэр дундаас сэтгэлийн зовлон гэдэг бүр ч хэцүү. Би бол энэ нутгийн хүн биш, албадуулан ирсэн халх нутгийн хүн билээ" гээд өөрийнхөө үйл явдлыг илэн далангүй бадарчинд ярихад бадарчин "Аймгийн ховыг элч, хотлын ховыг бадарчин гэж би танд нэгэн зүйл хэлье. Танай өөлдүүд халхын сайн эр Хатанбаатар гэдгийг олзлоод авчирч байгаа сурагтай. Хэрэв хатан та, тэр сайн эртэй холбоо тогтоон, хүү гаргаваас энэ хүү таныг халх нутагт аваачин жаргуулах болно" гэж хэлэхэд Содном хатан учиргүй баярлан бадарчинд их шан өгчээ. Төдөлгүй өөлдүүд халхын Хатанбаатар гэдгийг олзлон авчирч зарцлах болжээ. Содном хатан, Хатанбаатар хоёр нүүр учран танилцаж, далдуур холбогдон хатан бие хүнд болсон ажээ.

Зодог ноёныг авд явсан үед хатан нярайлж, хүү төрүүлэхэд, Зодог ноён энэ мэдээг дуулан эргэн ирж хүүг үзэн яасан нүдэнд хүйтэн хүүхэд вэ хэмээн сэлмээ суга татахад Содном хатан "Төрсөн үрээ ад.ал.даг ямар эцэг байдаг билээ. Ноён таны саруул ухаантай чинь яасан бэ" гэж хэлэхэд ноён хүүхдэд Хувнагварал гэдэг нэр өгчээ.

Хүүг төрсний дараа удалгүй Хатанбаатар таалал болжээ. Нас барахынхаа өмнө Содном хатанд нэг захиа өгч "Миний хүүг 13 нас хүрэхээр үүнийг задалж уншуулаарай" гэж хэлсэн ажээ. Хувнагварал хүү ноён эцэгтээ их сайн, эхийгээ үзэж чаддаггүй байсан тул Зодог ноён үүнд нь сэтгэл их баярлан, ёстой миний хүү гэж энхрийлэн байжээ. Гэвч Хувнагварал нэг удаа эхдээ "Өстний өвөрт, ачтаны ард би өсөж байна" гэж хэлэхэд эх нь түүний бодлыг сая ойлгож явдаг байжээ. Хувнагваралыг 13 нас хүрэхэд эх нь түүнд Хатанбаатарын захиаг уншуулбаас "Өдөр балар, шөнө тодорхой, их хар, бага цавч, зээрэнцэгтэй зээглийгээ зэгс дэрс болго, 13 нас хүрээд ноёнд, би 13 нас хүртлээ хурим найр үзсэнгүй" гэж хэлээрэй гэсэн бичиг байв.

Энэ нь өдөр битгий яв, шөнө яв, уяаг нь сарын өмнөөс тааруулж хоёр морь бэлд, найрын үеэр эхтэйгээ хамт орго гэсэн утгатай захиа байжээ. Хүү энэ ёсоор ноён эцэгтээ хэлбэл, тэр зөвшөөрч найр наадам зарлаж гэнэ ээ. Найрын ид үед Хувнагварал эхийгээ явах зүгт мордуулаад өөрөө морьтойгоо найрлаж байгаа гэрийн өмнө ирж, Халхын хоёр хүнийг

Харах бараагүй

Хайх мөргүй алдлаа

Өвгөн эцгийн өсийг хэзээ ч хариулж магадгүй шүү гэж хэлээд эхтэйгээ зугтжээ. Хойноос нь өөлдүүд нэхсэн боловч гүйцсэнгүй. Тэр хоёр хэдэн өдөр явсаар өглөө нарнаар нэгэн айлын бараа харж, тэр айлд ирж буухад ногоон торгон дээлтэй охин нохой хорьж өгчээ. Эх нь бэлгэшээн тэр охины нэрийг асуувал Нэмэхбаяр гэхэд улам ч их баярлажээ.

Гэрт орвол, гэр дүүрэн улс сууж байжээ. Бүгдийн мэнд амрыг мэдээд суувал, цав цагаан сахалтай өндөр настай нэг өвгөн "Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой хүү хаанаас хаа хүрч явна аа гэж асуухад хүүгийн эх одоо нутаг гэвэл Өгий цагаан нуур, уул нутаг гэвэл Өлөн зовхистой гэж хариулахад, өвгөн гайхаж Өгий цагаан нуур гэдэг бол Халхын нутаг гэж гайхсан байдалтай хэлэхэд, хүүгийн эх бүх түүхээ ярьж өгчээ. Өвгөн миний нэр бол Халхын хэрсүү Цэвэг гэдэг. Алив хүү минь дээлээ тайл гэж, хүүгийн дээлийг тайлуулан харвал түүний нуруунд «ха», элгэнд «та» гэсэн үсэг байсан тул, өвгөн чи арга буюу боржигины Хатанбаатарын хүү мөн байна. Харин эцэг та хоёрын үсэг солигдсон байна гэжээ. Тэгээд хэрсүү Цэвэг боржигин хошууны түшмэдэд "Танай ноёны хүү манайд байна, ирж үзнэ үү" гэсэн захиа илгээжээ.

Төдөлгүй боржгины түшмэд, тайж нар ирж, хүүг үзэн түүнийг Боржигон хошууны ноён Хатанбаатар бээлийн хүү мөн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Хэрсүү Цэвэг өвгөн хүүд "Чиний нэр өнөөдрөөс эхлэн Хувнагварал биш, харин чи Ванчигжав гэдэг нэртэй боллоо" гэж түүнд нэр өгчээ. Тэгээд боржигины түшмэл, тайж нар эх, хүү хоёрыг хошуундаа залан авчирч, 15 настай Ванчигжавт Бүүвэй Хатанбаатар бэйл цол шагнан түүнийг засаг ноёноор тохоон тавьж, эцгийн суурийг нь залгамжлуулж, эх Содномд тэнгэрийн бэр үр залгамжлуулагч цол хайрласан гэнэ.

 

ХАРЦАГА ЧИН ВАН ШАЛБААГТ ОЙЧСОН НЬ

Харцага Чин ван гэдэг Халхын зүүн аймгийн том ноён. Улиастайн амбан байжээ. Түүнийг амбан байх үед Сайн ноён, Засагт хан хоёр аймгийн ноёдын хамтарсан чуулган Улиастайд болж гэнэ. Энэ чуулганд Лу жанжин гүн очиж гэнэ. Түүнийг дагаад Тайван гэх хиа явжээ. Тайван хиа өвгөн болсон хойно өөрөө энэ явдлыг ярьж байсан гэдэг. Намар бороо татраагүй цагт тэр чуулган болсон юм байжээ. Олон хоног чуулган чуулж дуусаад төгсгөлийн найр болж гэнэ. Хоёр, гурван хоног найрлажээ. Сүүлийн өдрийн найрыг хийж байхад их бороо орж хашаан дотуур шал шалбааг тогтсон байжээ. Тэр байшинд ноёдын хатад, охид найрлаж байжээ. Хиа нар, тэр байшингийн саравч дор борооноос хоргодон сууж тамхи татаж дэмий юм ярьж, бие биеэ шалбааг руу түлхэж тоглож байжээ. Ноёдын өргөөний үүднээс арын байшингийн үүд хүртэл түлээний хэрчмүүдээр гишгүүр тавьсан байжээ.

Тэр гишгүүр дээгүүр нэг толгой нүцгэн хүн тов тов гишгээд ирж явснаа халтирч шалбааг руу пал хийтэл гишгээд ойчиж гэнэ. Тэгэхэд саравч дор сууж байсан Тайван гуай, бусад хиа нарын нэг нь усанд ойчиж байна гэж бодоод «Аахлай хуна. Уухай» гэж гэнэ. Тэгээд харсан чинь өнөөх шалбаагт ойчдог нь хамгийн их ноён Харцага Чин ван байж гэнэ. «А чи намайг тавлаж байна уу? Чиний нэр хэн бэ?» гэж ууртай асууж байна. Миний нэр Тайван гэдэг». «Чи хэний хиа вэ?» «Би Засагт ханы Лу жанжны хиа» гэж дээ. Ноён эргээд их өргөөнд ороод явчихаж гэнэ. Удалгүй «Тайванг бараалх гэлээ» гээд хүн ирж гэнэ. Тайван айсаар орж гэнэ. Хамгийн хойд талд голд нь Харцага Чин ван сууж байна. Баруун талд нь Засагт хан аймгийн чуулганы дарга Аюур гүн (Сутайн хошууны ноён) сууж байна. Түүний дараа Лу жанжин гүн сууж байгаа харагджээ.

Гэрт олон лаа ноцоосон их гэрэлтэй байж гэнэ. Тайванг хараад Лу жанжин гүн зандран хэлжээ: «Чи яах гэж Монгол амбаныг тавлах үг хэлэв?» «Жа би хүн андуураад ийм боллоо. Хиа нар бид бие биеэ тохуурхаж тоглож байдаг юм. Нэг хиа явж байна гэж бодсон чинь харин биш, амбан ноёнтон морилж явсан юм байжээ» гэжээ. «За хө, чамайг шийтгэнэ дээ. Толгойг чинь а.вна» гэж зандраад бас хэлэв: «Монгол амбаныг 16 хиа нар өдөр шөнөгүй дагаж явах учиртай. Тэр хиа нар яагаад амбан ноёныг дагаж яваагүй юм бэ? Тэднийг бас шийтгэнэ дээ хө» гэхтэй зэрэг дэргэд нь байсан Аюур гүн: «Гүн хөлчүүрхэж» гээд Лу жанжныг тэврээд авч гэнэ. Одоо хэлдэг үгээ хэллээ. Түүнээс илүү үг хэлэх хэрэггүй юм байжээ. Түүнийг мэдээд Аюур гүн толгойг нь тэврээд авсан хэрэг байжээ.

Тэгээд олон ноёд дув дуугай болчихжээ. Гэтэл нэг том ноён «Одоо найр тарья даа» гэхлээр бүгд босоод тарж гэр гэртээ харьж гэнэ. Лу жанжныг хиа Тайван нь холхон дагасаар өргөөнд нь оруулж гэнэ. Тайван гуай айгаад шөнө муухан унтсан гэнэ. Өглөө нь Тайванг ноён нь дууджээ. Бараалхсан чинь Лу жанжин гүн ууртай биш, зүгээр байж гэнэ. «Чи яасан юм?» гээд сайн асууж гэнэ. «Амбан ноёны гишгүүрээс халтирахад нь андуураад уухай л гэж хэлчихсэн» үнэнээ хэлэв. Үнэндээ «Харцага Чин ван ямба ёсоо алдаж авгай хүүхэн рүү гүйж явж усанд ойчоод бас хүн шийтгүүлэх гэж байна» гэж Луу жанжин гүн бодоод уран үг хэлж хиагаа аварчээ. "Ингэж намайг Харцага Чин вангаас хамгаалж шийтгүүлээгүй өнгөрүүлсэн юм" гэж Тайван гуай хожим ярьж байсан байна.

 

ХИЛС ХЭРЭГТНИЙГ АВАРСАН НЬ

Лу жанжин гүнг нас барахад олон хүн «Сайн ноёноосоо саллаа» гэж гашуудаж уйлж байсан юм гэдэг. Учир нь Лу жанжин гүнд ардууд их хайртай байжээ. Хэрэг зарга шийдэхдээ ч их шулуун шударга ноён байж. Шаравжамц гэдэг өвгөнд энэ ноёны тухай Дансран Чоёг гэдэг хүн ярьжээ.

Лу жанжин гүн тэнгэр болоод олон амьтан гашуудаж байжээ. Дансран Чоёг «Ала.гдах аюулаас аварсан ачит ноён минь юм сан» гэж хэлээд уйлж байжээ. «Таныг яаж ала гдах аюулаас аварсан юм бэ?» гэж Шаравжамц гуай асууж гэнэ. Тэгэхэд Дансран Чоёг ярьж гэнэ: «Манай хошууны наймаа хийдэг Цагаан Билэгт гэх данжаадын пүүс хамаг юмаа хулгайд алдчихжээ. Хоёр бандийг сэжиглэж барьж аваад төмөрлөлөө. Түүний нэг нь би байлаа. Бид хоёрыг жасаанд аваачаад балб.аад байлаа. Бөгс гэж юм үлдсэнгүй» гээд шарх сорви болсон бөгсөө үзүүлж байсан. Тэгээд уйлж байгаад ярьсан нь: «Зодуулж зодуулж төмөрлөгд.өөд хэвтэж байлаа. Наян жингийн төмөр гинж шүү дээ. Ноён ирж хоёр бандийг шүүх гэж байна» гэж хүн хэллээ. «Одоо яадаг юм бол доо?» гээд хэвтэж байтал бид хоёрыг төмрөөс суллаж жасааны үүд рүү аваад очлоо. Арван ханатай том гэрийн үүдийг сөхчихсөн дотор нь ноёд түшмэд сууцгааж байна. Сүртэй ч гэж яах аргагүй. Айж л байлаа. Хоёр данжаад бас тэнд сууж байна. Ноён (Лу жанжин гүн) айлдаж байна: «Та хоёр тэр юмыг авсан уу? Үнэнээ хэл» гээд зандарч байна. «Жа аваагүй. Аваагүй нь түмэн үнэн» гэв. «Та хоёр авсан даа хө. Урж байгаад хэлүүлнэ дээ хө. Бүдүүн банзыг аваад ир» гэв. Бүдүүн банз аваад ирж байна. Бас нэг том банз аваад ирлээ. Бид хоёр айж зүрх хагарах гэж байна. Мундаг банз авчраад бид хоёрын дэргэд хаялаа. «Цааш нь харуулаад хэвтүүл» гэв. Цаашаа хараад хэвтлээ. «Баруун тийш нь харуулаад хэвтүүл» гэв. Баруун тийшээ хараад хэвтэв. Ингэж хэд эргүүлж хэвтүүлж бөгснүүдийг маань олонд харуулаад ноён айлдаж байна: «Ийм бөгстэй болтлоо улайхгүй байх гэж байхгүй. Энэ хоёр аваагүй байлгүй дээ. Ер нь энэ хоёр хятад юмаа алдсан нь үнэн юм уу? Худал хэлж хүн банздуулж байгаа байх. Энэ хоёр данжаадыг аваачаад бан.зад» гэжээ. Тахрууд хоёр данжаадыг чирэх гэж чангаав. Хоёр данжаад босоод «Бид хоёрт гомдол байхгүй. Ноён өршөө. Энэ хоёр банди аваагүй байх. Өршөө, гомдолгүй» гэж уйлан гуйжээ.

Ноён тэгээд хэдэн түшмэдээ зандарч гэнэ: «Та нар миний албатыг хамаагүй шулж байна. Та нар энэ хятадуудаас ямар хахууль авсан бэ?» гэж баахан загнаад гаргав. Удалгүй бид хоёрыг суллаад тавих нь тэр. Бид хоёр үнэхээр юу ч хулгай хийгээгүй, хилс хэрэгт орж байхад ноён минь ингэж аварсан юм» гэж ярьсан гэдэг.

 

ТО ВАНГИЙН ДОМОГ

То вангийн хошууны нэг бадарчин Богдын хүрээ хүртэл цагаачлаад явж Хүрээнд байж байгаад буцаж ирсэн юм. Тэр бадарчны тухай Шанзавын яамнаас бичиг иржээ. Танай хошууны тийм бадарчин хааны дотно шавь хүнийг хара.ал хийж хөнө.өсөн гээд хүний амь нэхээд байдаг гэнэ. Түшмэд нь сандарчхаж. Тэгэхэд То ван бага байж, Монгол бичиг сурч байсан үе. Гэвч энэ хэргийг би шийднэ гээд байж. Ванд дургүй хүмүүс "Энэ хэргийг То ван лав авч чадахгүй, бага дээр нь мохоож авъя" гэж ярилцаж л дээ. Цаад амь нэхдэг хүн нь баян хүн аж. Шанзавын яаманд хээл хахууль өгсөн байна л даа. Хэрэгт холбогдсон лам ч энэ жаалаар яах вэ дээ гэж дэмий л аваад явжээ. Хүрээнээс нааш өдөрчийн газар үлджээ. Тогтохтөр хүү ламаас Хүрээ хаана вэ гэж асууж. Яах нь вэ хол гэж хэлж. Хөлийн модчин гэдэгт хүрэхэд надад хэлээрэй гэж. Хэлээд байгаад ч яалаа гэж санаж. Хөлийн модчинд хүрчээ. Ламаа таныг хэзээ нэг цагт хэрэг шийтгэх гээд төвөд номын чинь А үсгийн багш хэн бэ гэвэл Богд Жавзандамба хутагт гэж түгдрэлгүй шүү хэлчхээрэй гэж. За за чи түүгээр яах нь вэ гэж хэлээд өнгөрч.

Хүрээнд очуутаа л маргаадар нь Шанзавын яаманд бараалхах болж. Байдаг юмаа аваад л хоёр гурван хүнтэй өнөө лам нь очиж, Ацангийн түшмэлээ авчир гэж. Тогтохтөр хүү тоосон ч үгүй ороод л оччихож.

"Манай Богд хааны дотны шавийг танай хошууны лам хараал жатга хийсэн, энэ хүний амийг таны хошуунаас нэхэж олон удаа буухиа явуулсан, хүн ирдэггүй та нар яагаад удсан байна. Танайх л бүх хохирлыг төлнө дөө" гэж.

Тогтохтөр хүү "За за тэгэлгүй яах вэ. Нэгэнт тийм юм болсон бол төлөхгүй яах вэ. Яадаг юм бол би ч одоо мэдэхгүй л дээ" гэж. Түшмэд "Хэрэгтнээр гарын үсэг зуруулна" гэжээ.

Хүү хэлж "Энэ хүний зэвсэг нь шарын шашны ном. Үүнийг заасан багш гэж бий. Тэр нь бас хэрэгтэн болно биз" гэжээ. Шанзав яамныхан ч "Аа тэгэлгүй яах вэ, багш нь хамгийн чухал, тэр багшид л учир байгаа юм шүү дээ" гэж мэдэмхийрчээ. Ингээд бадарч ламыг дуудаж "За лам аа, чиний А үсгийн чинь багш хэн бэ, хүн гайтуулдаг ном заасан төвөд номын багшаа нэрлэ" гэж гэнэ. "Богд Жавзандамба хутагт" гэж амандаа нэг муухан хэлж. Хүү ч "Хэргийн үнэн зөвийг олно гээд алс холоос ирсэн" гээд гүрийж эхлэв. Тэгтэл Шанзавын яамнаас хоёр хүн ирж хадаг бариад хэргийг дарж өнгөрөөхөөр болсноо дуулгасан гэдэг.

Хожим хойно То ванг нас биед хүрсэн үед манж хятадууд Монголын хилийг ахин дахин тогтоох гэдэг байжээ. Ингээд нэг удаа шинээр хил тогтоох болж Бадруулт төрийн үед ч юм уу нэлээд урьд хэсэг хүмүүсийг хил тогтоолгохоор томилсон байна. То ванг өөрийг нь тэр ажилд оролцуулжээ. Манж амбан ирж хил тогтоох хэлэлцээ хийх гэж байтал амбаны хувцас дээр нэг сохор хорхой явж байжээ. Амбан түүнд их дургүйцэж "Та нар энэ Монгол нутгийн сохор хорхойгоо ав" гээд нясалчихдаг гэнэ.

То ван түүнийг бушуухан ухасхийн сөгдөж хормой дэвсэн аваад хадагт боосон гэнэ. Хил тогтоох газар үзээд л явдаг сохор хорхой дайралдаад л байдаг гэнэ. Тэгэхэд То ван энэ чиг манай нутаг байна шүү дээ. Сохор хорхойтой л нутаг танайх гэж та хэлсэн биз дээ. Сохор хорхойтой нутгаа авъя гээд байжээ. Ингэсээр байгаад манж амбан хил тогтоосон ч Монголын талаас нутаг таслаж чадалгүй буцаж байсан гэдэг.

 

Журганы хэргийн тухай домог

Дээр үед Улиастайд Манжийн хааны санг хадгалж байсан байна. Тэр мөнгийг хадгалахад нэг сар Монголоос, нэг сар хятадаас хариуцаж харж манадаг байжээ.

Далай Чойнхор ван нэг сар хараад мөнгөө тушаах гэсэн байхгүй болсон байжээ. үүгээр шалтаглаж Далай Чойнхор ванг шийтгэхэд хүрчээ. Тэр үед хааны мөнгийг алдсан хүн тол.гойгоо авахуулах ёстой байжээ. Далай ван арга юу бол гэж мэргэн Жа гүнд очжээ. "Түлхүүрээ ёсоор нь авсан. Тэгтэл буцаагаад тушаах гэсэн мөнгө байдаггүй. Одоо яадаг билээ" гэсэнд Жа гүн, "Энэний учир олдох байлгүй. Хэдэн чийрэг хүн цуглуулж аль даа. Надад тусгай гэр барьж өг" гэжээ. Жа гүн гэдэг мэргэн хүн юм гэсэн. Яах гэж байгаа юм бол. Бяртай улсууд цуглуулаад хятадтай зодоон хийх юм болов уу энэ тэр гэж амьтан хүн дооглонгуй шуугиж байжээ. Жа гүн нөгөө эртэй улсуудыг цуглуулаад "Ховдын голоос эр хар хатуу чулуу барьж ир. Манж эзний мөнгийг Ховд голын хэдэн чулуу л авсан байна. Би мэдэж байна. Тэр чулууг бариад ир" гэж нөгөө улсуудыг явуулаад л томоо том чулуу авчруулаад л байж. Явахад нь хэлдэг байна. Болж өгдөг юм бол бөхөөхөн хар чулуунууд голд их удсан хатуу тийм чулуунууд л авчирдаг юм шүү гээд чулуу овоолуулаад байсан байна. Тэгээд амьтан,

— Мэргэн Жа гүн ээ хат! Хулгайч авсан мөнгийг чулуунд тулгаад байхдаа яах вэ гэж ярьцгааж байжээ. Гэрийн чинээ чулуу овоолуулж,

— За одоо болно. Наадуулыг чинь байцаана аа би. Та нар манай руу оруулаад ир гээд л өнөө чулууг нэг нэгээр нь оруулж ирээд л тавиад байдаг байж.

— Чи авсан уу хө гээд л чулуунаас асуудаг гэнэ. Наадах чинь аваагүй гэж байна. Наадхаа гарга гээд байж. Чулуу талаасаа өнгөрөөд явж байтал нэг чулууг,

— За наадах чинь авсан гэж байна аа. Яриагүй наадах чинь авсан байна. Бусдыг нь байсан байсан газар нь гол руу аваачиж тавь. Наад чулуугаа хүлээд баглаад ав гэж.

— Мэргэн Жа гүн гэдэг чинь яаж байгаа юм бэ? Хүүхэд тоглож байгаа юм шиг гэж ярьцгааж байсан гэнэ. Тэгж байтал.

— Танай Улиастайд их дархан тийм хүн байна уу. Хэн хэн гэгч хүн байна гэж Жа гүн асууж.

— Хэд гурван хүн бий. Сайн дархан.

— Тэрнээ цуглуул. Өнөөдүүлийг чинь цуглуулаад л, "Их шан өдий төдий лан мөнгө өгнө. Энэ чулууг хагалах багаж хийгээдэх та нар. Хийж чадах хүн байна уу" гэсэнд,

— Би чадахгүй, би чадахгүй, энэ бул хар чулууг яаж хүч хүрэх вэ гээд л гараад байж, тэгтэл нэг хижээлдүү хүн «Би нэг оролдьё доо болдог болов уу, үгүй болов уу?» гэж. Тэгээд өнөө хүн явжээ. Хэд хоногийн дараа нэг багаж хийж авчирчээ. Тэр нь өнөө чулууг юу ч үгүй үйчүүлээд хаячихжээ.

— Чи үүнээсээ өөр ямар багаж хаа хаа хэнд хийж өгсөн бэ? гээд асуусанд,

— Би юм хийгээгүй гээд байжээ. Тэгэхэд нь үгүй чи заавал хийсэн байх ёстой. Чи тун чадамгай дархан юм. Чи хэнд багаж хийж өгсөн бэ?

— Үүнээс арван сарын өмнө Манж амбан өөрөө надаар нэг багаж хийлгэсэн дээ.

— За, тэрүүгээр Манж амбан яах гэж хийлгэсэн бэ?

— Төмөр эвдээд байх сайн багаж л хийж өг гэж хэлсэн. Тэгээд л нэг багаж хийж өгсөн гэжээ.

Манж амбан тэр дархнаар төмөр эвддэг багаж хийлгээд, мөнгийг авчихаад худлаа цоожтой өгч байсан нь илэрчээ.

Ингээд Жа гүн "За тэр хулгайчаа барьж авах хэрэгтэй. Манай Монголд хамаагүй" гэж зарлигийн бичиг явуулж Далай ван ноёныг ялаас гаргасан гэдэг домог байдаг.

Эдгээр домгууд Х.Сампилдэндэв агсны 1984 онд хэвлүүлсэн "Монгол домог" номонд орсон бөгөөд судлаач Ш.Гаадамба, Д. Цэрэнсодном, Ц.Дамдинсүрэн нарын "Монгол ардын аман зохиолын дээж бичиг" (1978 он), Этнографийн судлал "Боржгин˗халх" (1972) номууд, Ц.Дамдинсүрэнгийн "Лу жанжин гүнгийн тухай домог" (Монголын судлал, VII боть, 2˗р дэвтэр, 1969) өгүүлэл, Дорнод аймаг, Баян˗Уул сумын ард Бадрахын Сэр˗Одын ярьсан домог зэргийг эмхэтгэн ашиглажээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]