Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Төмсөн дайн
1942 оны дөрөвдүгээр сард АНУ-ын тэнгисийн цэргийн O’ Bannon хэмээх нэртэй эсминец (destroyer) хөлгийг усанд тавьж удалгүй Эдвин Уилкинс хэмээх ахмадын удирдлагад өгөн Номхон далайд болж байгаа их дайнд оролцуулахаар явуулсан байна. Тухайн үед Соломоны арлын төлөөх том тулалдаан яг эхэлж байсан цаг бөгөөд O’ Bannon ч цагтаа амжиж очжээ.
1943 оны наймдугаар сарын 5-ны өдөр энэ хөлөг эргүүл хийж яваад бараг гэнэт шахам Японы ил хөвж яваа шумбагч онгоцтой таарлаа. Японы шумбагчийн тавцан дээр байж, харуул хийх ёстой усан цэрэг ухаан мадаггүй унтаж байсан учраас ийнхүү хоёр хөлөг гэнэт тулгарсан нь энэ.
Америкчуудын хувьд тулаад ирсэн шумбагчийг мөргөж устгах нь хамгийн зөв шийдвэр гэж үзэн хурдаа нэмэн дайрлаа. Учир нь хэт ойрхон ирсэн шумбагчийг тавцан дээрх их буугаар буудах боломжгүй болсон, дайсан нь гүний бөмбөг хаяхааргүй ил хөвж яваа, торпед харвах зайгүй зэргээс болж ийнхүү шийдсэн байна. Харин япончууд дайсны онгоц дайрч байгааг хараад тавцан дээрх их буугаараа буудаж угтахаар шийдлээ.
Ил задгай далайд шумбагч онгоц ил хөвж яваад эсминецтэй таарна гэдэг бол бараг л шууд ялагдал гэсэн үг. Гэтэл харин энэ удаа хэт ойртсоноос болоод япончуудад давуу байдал бий болсон нь хөлгийн тавцан дээрх их буугаар буудах боломж байв.
Японы хөлгийн ахмад их буугаар буудах тушаалыг сүртэй гэгч нь өгтөл их буу нь дуугардаггүй. Гайхсан ахмад дахин дахин “банзай”-гаа хашхираад ч нэмэргүй. Яаран сандран их бууныхаа баг дээр очтол нөгөө хэд нь сум болон бусад зэвсгээ хадгалдаг хэсгийн хаалгыг онгойлгох гэж ноцолдож байлаа. Түлхүүрийг нь авч явдаг нэг нөхөр яг тэр үед хаашаа ч юм алга болсон байв. Дайсныг харж илрүүлэх ёстой харуул нь унтсан, буу зэвсгийн агуулах хариуцсан нөхөр хэрэгтэй үед алга болсон болохоор Япон ахмад бараг л галзуурч байсан байлгүй.
Ингэж будилж байх хооронд Америкийн хөлөг маш хурдтай ойртож ирснээ гэнэт хурдаа аль болох хасах гэж оролдож эхэлжээ. Америк ахмадын толгойд “Японы энэ шумбагч ил гарч мина тавьж байсан бол өөрсдөө тэр рүү нь давхиад орох нь байна” гэсэн бодол төрсөн учраас шууд мөргөн дайрахаа болих гэж хурдаа саах гэж оролдсон нь энэ байж.
Хоёр онгоц юу юугүй тулж ирэн, япончууд бууддаггүй, америкчууд ч буудая гэвч буудах боломжгүй нөхцөлд орж хөлгийн тавцан дээрх дайснууд нэг нэгнийгээ хэсэг гайхан харж зогссон байна. Энэ үед нэг америк усан цэрэг тавцан дээр арилгаж байсан төмсөө япончууд руу шидэж эхэллээ. Япончуудын хувьд энэ төмс нь яг л гар бөмбөг шидэж мэт байгаа харагдсан ба хөлгийн тавцан дээр унасан “гар бөмбөг"-нүүдээс айн шал тэврэн хэвтэж байх хооронд Америк эсминец их буугаараа буудах зайд гарч амжжээ. Одоо япончуудад яаран доош шумбахаас өөр аргагүй. Шумбалаа.
Эсминецийн хувьд дайсны шумбагч хаана шумбасныг дэндүү сайн харсан учир гүний хэдхэн бөмбөг хаяад ялалт байгуулсан гэдэг. Энэ тулалдааныг Номхон далайд болсон төмсөн дайн хэмээн нэрийддэг билээ.
Байхгүй дайсантай байлдсан нь
Лафайет Рональд Хаббард гээч уран зөгнөлт зохиол бичдэг нэгэн хүн бий. Гэхдээ энэ хүн зохиолчийн нэрээр биш харин сайентологийг (шашны нэг шинэ урсгал гэж тайлбарлавал нэг их буруудахгүй байх гэж найдаж байна) үүсгэн байгуулагч гэдгээрээ илүү алдартай билээ. Тэгвэл энэ хүн маань Дэлхийн 2-р дайны үеэр бас л бужигнуулж явсан эрийн нэг гэнэ.
Лафайет 1941 онд тэнгисийн цэргийн сургуулийг төгсөж шумбагч завьтай тэмцэх жижиг хөлгийн дарга болж Номхон болон Атлантын далайд байлдааны үүрэг гүйцэтгэж байжээ. 1943 оны тавдугаар сарын 18-ны өдөр мань эрийн удирдаж явсан хөлөг дайсны шумбагч онгоц ойрхон байгааг илрүүлэн хөөж эхэлсэн байна. Дуу чимээгээр нь дайсан их л ойрхон байсан учир гурван ч ширхэг гүний бөмбөг хаяж үзээд ялгаа гарсангүй. Нар шингэж байх үед Лафайет өөрийн биеэр дайсны шумбагч ил гарч ирээд буцан шумбахыг харсан гэх бөгөөд харамсалтай нь багийнхнаас ч хэн ч харж чадаагүй байна.
Дайсны гэмтсэн онгоц эрт орой нэгэн цагт хөвж гарч ирэх нь дамжиггүй, ил гарсан шумбагч онгоцыг эд бад хийх шиг амархан юмгүй учир мань эр хүлээсээр. Энэ үед Лафайетын айхтар мэдээг авсан өөр зургаан том жижиг хөлөг хүрч ирэн дайсныг эрж хайн гүний бөмбөг хаясаар. Хэдийгээр ямар нэг тосны толбо, хийн хөөс, шумбагч онгоцны хэлтэрхий ил гарч ирээгүй боловч локатор дайсныг нэг барьж авч, нэг алдсаар.
Энэ байлдаан 68(!) цагийн турш үргэлжилж 100 гаруй гүний бөмбөг хэрэглэсэн ба Лафайет маань дайсны шумбагчийг... бүр хоёр шумбагчийг устгасан гэж дээш нь мэдээлсэн байна. Үнэн хэрэгтээ тэнд Японы ямар ч шумбагч байгаагүй ба уг орчин дахь далайн ёроолд соронзон ихтэй металл бүхий газар байсан учир локатор янз бүрийн ойлгомжгүй дохио өгч байсан гэнэ.
Ямар ч байсан Лафайет гээч эр маань дараа нь нэлээд алдартай уран зөгнөлт зохиолч болсон гэдгийг нэг санахад илүүдэхгүй л болов уу.