Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тоо юу, сүлд үү...Уншсан2,605

Шүүгч Франц зоосыг сонгож аваад хэн ямар тал сонгохыг асуухад Зөвлөлтийн ахлагч юу ч хэлж чадахгүй эргэлзсээр...хүлээж залхсан шүүгч Италийн ахлагчаас асуухад өнөөх нь бодох санах юмгүй тоо гэж хариуллаа. Зоос шидлээ...тоо буулаа, Итали хожлоо.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Хамгийн хачирхалтай тоглолт нийтлэлдээ Гренада Барбадосын хооронд болсон нэгэн жигтэй явдлын тухай өгүүлсэн бөгөөд түүнээс ч дутахгүй инээдтэй гэхүү, тэнэг гэх үү ...хөл бөмбөгийн тоглолт болсон түүх бас байдаг юм байна. Ингээд Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд болж байгаа энэ цаг үед 1968 оны Европын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээгийн тоглолт дээр болсон явдлыг сонирхуулъя.

1960-аад оны сүүл үеийн хөл бөмбөг нь өнөөгийн бидний мэдэх хөл бөмбөгнөөс ихээхэн ялгаатай байжээ. Зөвхөн хурд тактикийн хувьд төдийгүй, дүрэм журам нь ч тэнгэр газар гэсэн үг. Жишээ нь шар хуудас гэдэг юм 1970-аад онд л гарч ирсэн бол оффсайд буюу “хавсаа” нь бүр 1990-ээд оны үед л өнөөгийн төрхийг олжээ. Бас сэлгээний 3 дахь тамирчинг 1995 оноос зөвшөөрдөг болсон (ковидоос шалтгаалж одоо бүр 5 болчихсон ), тэнцэж дуусах тоглолтын дараа 11 метрийн цохилт хийдэггүй байсан ... гэх мэт.

1980-аад онд аль нэг багийг заавал хожуулахын тулд тэнцсэн л бол дараа нь дахин тоглуулдаг явдал Английн цомын тэмцээнд хэрэгжиж байсан бөгөөд 1975 онд Фулхэм нь Халл-тай 3 удаа, Ноттенхем- Форрест-той 4 удаа тоглож байж хожиж дараагийн шатанд шалгарч байж. Бас 1952 оны Олимпын тэмцээнд ЗХУ Югославын баг тэнцээд, маргааш нь дахин тоглож Югослав нь хожин тэмцээнээ цаашаа үргэлжлүүлж байсан гээд олон түүх бий. Яагаад энэ бүхнийг тоочоод байна вэ гэвэл: тухайн үед хөл бөмбөгийн спортыг уйтгартай, “муухай” болгож байгаа зүйл бол “тэнцээ” гэж FIFA үзэж , аль нэг багийг хожуулахын тулд янз бүрийн арга хэрэглэж байсны хамгийн шударга нь дахин тоглуулах явдал гэж тооцож байжээ. Гэхдээ энэ нь ч бас зөндөө болох болохгүй юмтай байв. Зарим баг дараагийн шатанд шалгарахын тулд хэмжээ хязгааргүй олон тоглолт хийх магадлал өндөр байсан бөгөөд өрсөлдөгч нь 3 тоглоод финалд үлдэхэд нөгөө өрсөлдөгч нь 12 тоглож байж энэ хэмжээнд хүрч ирсэн тохиолдол байдаг юм гэнэ.

Ийм учраас 1968 оны Европын аваргын тэмцээнд урьд өмнө хэрэглэж байсан нэгэн дүрмийг сэргээн хэрэглэхээр шийдсэн байна.

Тухайн үеийн Европын аварга шалгаруулах тэмцээний шилдэг 4 багт шалгарахын тулд 4 баг бүхий хэсэгтээ, баг болгон өөрийн болон хүний нутаг дээр тоглож, авсан оноогоороо шалгаран шилдэг 4-ийн тоонд орж тэмцээнээ үргэлжлүүлэх байлаа. Английн баг нь өөрийн группэд Уэльс Шотланд Хойд Ирландын багийг оруулж өгөх хүсэлтийг UEFA-д гаргаж тэрийг нь ч зөвшөөрч. Их Британийн ямар нэг баг нь заавал хагас шигшээд үлдэх ёстой байсан бололтой. Нэг бодлын сайхан цаг байж дээ гэмээр.

Ингээд хэсгийн тэмцээн явж дууссаны дараа Итали, ЗХУ, Англи, Югослав улсууд шалгарч, хагас шигшээд Итали-ЗХУ, Англи-Югослав хоорондоо тоглох болжээ.

Итали ЗХУ-ын хоорондох тоглолт эхлэх болоход Зөвлөлтийн олон түлхүүр тамирчин гэмтэл бэртэлтэй байсан учир тэднийг орлох залуухан нөхдүүд гарч ирсэн болохоор Италичууд ч нэг их зоволгүй хожно гэж тооцож байсан гэдэг.

Тоглолт эхлээд удаагүй байхад Италийн гол холбон тоглогч гэмтлээ...тухайн үеийн дүрмээр тоглолтын үеэр хаалгачийг сольж болох ч талбайн тоглогчийг сольж болдоггүй дүрэмтэй байсан гээд бод доо! Гэмтэж бэртээд гүйж чадахгүй, доголж байгаа тамирчнаа сольж болохгүй хойно талбай дээр Италийн 11 биш 10,5 хүн байсан гэхэд болох байх. Магадгүй 10,1 гэдэг ч юм уу...

10,5 хүнтэй Итали болон туршлагагүй залуу тоглогчтой Зөвлөлтийн багууд тоглолтын туршид гоол хийж чадсангүй. Үндсэн цаг дуусч нэмэлт цаг сунгаад ч ялгаагүй.  Одоо яах бол? Маргааш дахин тоглох юм болов уу?

Энэ удаагийн тэмцээнд өөр дүрэм хэрэглэнэ гэж дээр хэлж байсныг санаж байна уу? Тэгвэл тэр дүрэм нь зоос шидэх байлаа! Гайхах юмгүй...зоос шидээд л хэн ялсныг нь тодорхойлчихно...их амар.

Шүүгч хоёр багийн ахлагч нарыг дуудан гурван улсын зоосноос алийг сонгох вэ гэж асуухад Зөвлөлтийн ахлагч Францын зоосыг сонголоо.

Зөвлөлтийн дасгалжуулагч нь багадаа “мөнгөдөж” тоглож өссөн хүн. Ийм туршлагатай амьтан нь нэг хэсэг нь товгор Францын зоосны тэгш талаар унах магадлал их гэж үзэж тийм зөвлөгөө өгөөд, тоо-г сонгоорой гэж захижээ (тоо юу сүлд үү гэж бид ч бас багадаа тоглодог л байж).

Шүүгч Франц зоосыг сонгож аваад хэн ямар тал сонгохыг асуухад Зөвлөлтийн ахлагч юу ч хэлж чадахгүй эргэлзсээр...хүлээж залхсан шүүгч Италийн ахлагчаас асуухад өнөөх нь бодох санах юмгүй тоо гэж хариуллаа. Зоос шидлээ...тоо буулаа, Итали хожлоо.

Хөл бөмбөг гээчийг ингэж тоглож нааддаг байж дээ гэж бодохоор инээд хүрэх боловч орчин цагийн дүрэм болох 11 метрийн цохилт ч гэсэн цагаа тулахаар бас л нэг төрлийн зоос хаялт юм даа.

P.S.

Ийм жишээ олон бий : 1965 онд Кельн Ливерпуль багууд хоёр удаа тоглож ялагчаа сонгож чадалгүй “зоосдсон” бол 1954 онд Испанийн шигшээ баг нь бас зоосноос болж Туркт ялагдан дэлхийн аваргад оролцож чадаагүй юм гэнэ лээ.

2021-7-5.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 7 сар 11. 11:09
Зочин

сайхан мэдээлэл бна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]