XX зууны нэрт соён гэгээрүүлэгчийн тухай ном нэг хүний амьдрал, замналын түүх бус Монгол үндэстний туулсан олон түүхийг нүдний өмнө хүүрнэн өгүүлэх юм. "XX зууны сэхээтэн: Сономын Лувсанвандан" номыг "С.Лувсанвандан сан"-гийн зөвшөөрөлтэйгөөр уншигчдадаа цувралаар хүргэж байна.
Нэгдүгээр хэсэг: Тал нутгийн Феникс ба Нарны буун цаг
Хоёрдугаар хэсэг: Анхны эрдэмтдийн газарзүйн төсөөлөл ба Зүүд мөрөөдөл
Сүүжнийхээ нүхнээс тамхи гаргадаг хүн
Дараа нь Монголчуудын хувцас хунарт шинэчлэл гарч эхлэв.
Эхэн үедээ европ хувцас шинэ төрийн төлөөлөгчийн форм маягтай байж, тэдний эрх мэдлийг илэрхийлж байлаа. Орон нутагт ажиллаж буй засгийн газрын төлөөлөгчид, хүчний байгууллагынхан европ хувцас өмсөн эрх мэдэл сүр хүчээ гайхуулж эхлэв. Хамгийн амархан сольж болох хувцас бол малгай байлаа. Саравчтай кепка малгайг Монголчууд дорхно нь "эрүү малгай" хэмээн нэрийдэв. Хэлбэр дүрс нь Ленин багшийн сахалтай эрүүг санагдуулдаг болохоор тэгсэн биз. Эмэгтэйчүүдийн дунд өдөн дугуй малгай эхлээд моодонд оров.
Эрүү малгай сүүлдээ хамгийн чамин гангарааны нэг болж ноосон даавуу материалиар хийсэн цайвар өнгийн эрүү малгай "Аваарын цагаан" цол хүртэв. Уг малгай тиймч элбэггүй байснаас эзэд нь үе үе түүнийгээ булаалган "аваарт" ордог байснаас дээрх нэр үүджээ.
Монгол дээл нь хэтэвчтэй мөнгө, заримдаа зам зуурынх хүнс хоолоо, ахиад ирвэл янаг хонгороо хүртэл багтааж болдог "өвөр" хэмээх ганц том хармайтай. Тиймээс ч "Янагийн дурсгалыг чинь өвөртөлж явна", "Өвөр түрийдээ орж явсан" гэх мэтийн хэлц үг бий. Гэхдээ өвөр хэмээх энэхүү Монгол хармайны нэр олон утга агуулна. Тухайлбал "Бүсгүйг өвөртөлж унтах", "Янаг залуудаа өврөө нээх" зэрэг үг нь жижиг бүсгүйг хармайлах, сэтгэлтэй залуугаа хараад хэнхдэг заамаа ярах гэсэн утга агуулахгүй, нэг оронд орох, хайрт хүндээ бүсгүй биеэ тушаах хэмээх санааг агуулна.
XX зууны эхэн үеийн дунд зэргийн гангачууд
Европ хэмээн нэрийддэг өдгөө дэлхий дахин тэр тусмаа Монгол хувцасны нэг болсон энэхүү хийц загвар анх нэвтрэх түүний олон халаас хүмүүст гойд хачин санагдсан байдаг. Гучаад онд хөдөө нутагт машин унасан, савхин дээлтэй албан хаагч очоод ташааныхаа хармайнаас тамхи гарган татсан тухай шог шүлэгт:
Шилэн поорт (Форд машин) ширдхийгээд зогсож гэнэ
Ширэн дээлтэй хүн тархийгээд бууж гэнэ. Тэгээд сүүжнийхээ нүхнээс хонхироос (папирос хэмээх тамхи) гарган татаад, дараа нь дараа нь оросын гургалдай (колбаса хэмээх хиам бололтой) идэв" гэж тэнд гардаг шинэ цагийн хувцас хунар, дадал заншил Монголчуудад хэр зэрэг харь санагдаж байсны баримт юм.
Хуучин төрийн албан хаагч, лам, ноёдын зэрэг дэвийг илтгэсэн хувцас хунар эзэнтэйгээ хамт устгагдав. Оросын сургагчид болон Европт суралцсан хүмүүсийн нөлөө, дээр нь зарим сургуульд форм болгон европ хувцас тавьж өгч байсан зэрэг ч түлхээс болсон байх хамгийн түрүүнд Улаанбаатарынхан хувцас хунараа сольж эхлэв. Ийнхүү мал маллахаас бусад ажилд урт гонжгор Монгол дээл халагдах болов. Үндэсний дээл маань эдүгээ баяр ёслол, улс төрийн элдэв акцид өмсдөг ёслолын хувцас болон үлдэх тийшээ ханджээ.
Гучаад онд байгуулагдсан костюм, пальто, савхин дээл, эсгий гутлын үйлдвэр шинэ цагийн хүмүүсийн хувцасны хэрэгцээг хангаж эхлэв.
Эрчүүд нь хүүхнүүдийнх шиг урт гэзгээ хүчээр болон санаачилгаараа тайруулж хүйснийх нь ялгаа их л холоос танигдах болов. Эрчүүд нь ар дагзныхаа хавийн үсийг үлдээн гэзэг тавьдаг энэ зуршил манж нар Монголчуудыг хоёр зуугаад жил дарласнийг илтгэх гоёл билээ. 1911 онд манайхны нэгэн адил манжийн дарлалд байсан хятадууд Чин династийг түлхэн унагаахдаа хамгийн түрүүнд гэзгээ авч хаяж байжээ. Харин Монголчууд манжийн амбанг мөн л хөөн явуулж, тусгаар тогтнолоо зарлаж байсан ч гэзэг үсээ хөндсөнгүй.Алив шинэ зүйлийг байгалийн улирал, зун, намар ээлжлэгдэхийн нэгэн адил хүлээн авч хурдан дасдаг Монголчууд гэзгийг дор нь өөриймшүүлжээ.
Монгол хүнийхээ хувьд ядаж л хэл амаа ойлголцоход хялбар хэмээн Оросын большевикуудын илгээсэн халимаг сургагч нарын үсний засалтаас үүдэн эрчүүлийн богино үсийг халимаг хэмээн нэрийдэв. Хэрвээ тэр үед баахан чукча нааш нь явуулсан болжгэм бид үе үе үсчний газар очин "Чукчаагаа засуулах" байжээ. 1981 онд хэвлэгдсэн "БНМАУ-ын соёлын түүх"-ийн тэргүүн дэвтэрт бичсэнээр, 1930-40 оны үеэс үнэртэй ус, нүүрний тос, гар нүүрийн саван элбэгшсний дээр эмэгтэйчүүд үсээ буржийлгаж, тэрч байтугаа сэхээтэн бүсгүйчүүд нүүрээ оодож, уруулаа будах (321 тал) болсон гэнэ.
Чухам ахуй амьдралын энэхүү шинэчлэлийг утга учиртай, соёлтой, өөрийн өвөрмөц өнгө төрхтэй болгоход зориулсан бүтээлүүд болох "Гоо зүй", "Амьдрал урлагийн сайхан" номын талаар хойно өгүүлэх болно.
Анхны порнографи ба менежмент
1927 оны орчим Монголын анхны театр "Ардын цэнгэлдэх хүрээлэн" буюу тэр үеийнхний нэрлэж заншснаар "Бөмбөгөр ногоон театр" баригдаж үүд хаалгаа нээлээ. Харин 1930 онд албан ёсоор төв театр байгуулах тогтоол гарч, С.Буяннэмэхийн бүтээлээр үүд халгаа нээж байжээ. Энэ театр 1949 онд шатсан ба их гал хараад санаандгүй "Мөн сайхан шатаж байна аа” хэмээн дуу алдсан жүжигчин Шаравдоогоос эхлээд баахан амьтан шоронд сууснаар дуусчээ. Хэдийгээр нэрт яруу найрагч, ноён хутагт Равжаа орон нутагтаа хээр гадаа нүүдийн театр маягийн газар байгуулж “Саран хөхөө” зэргийг тоглуулж байсн баримт байдаг ч Бөмбөгөр ногоон нь орчин цагийн театрын анхдагч байсан. Анхны театр 500 хүний багтаамжтай байсан ба ашиглалтад орохоос нь өмнө барилгын нээлтийн ёслол болжээ. Ёслолд Намын төв хорооны дарга Ц. Дамбадорж, Ардыг гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхаан нар ирж ууц талласан байдаг. Дамбадорж нь баруун хязгаарт болсон тулалдаанд биеэр оролцсон ба энэ тухайгаа “Толбо нуур” гэдэг баримтат тууж бичсэн нэгэн. Харин Эрдэнэбатхаан хэмээх буриад эр бол XX зууны Монголын ууган сэхээтний нэг бөгөөд Максим Горькийд захиа бичиж хариу авсан хэмээн утга зохиолын түүхэнд байн байн гардаг хүн.
Уг барилгын зураг төслийг хийж удирдан бариулсан мажар инженер Иозеф Галета театрын тайз болон бусад зүйлсийг “энэ ийм учиртай”, “тэр тийм зориулалттай” хэмээн танилцуулжээ. Ер бусын сонин намтартай энэ хүн дэлхийн нэгдүгээр дайны үед Орост олзлогдоод октябрийн эргэлтийн үймээн самууныг ашиглан зугтааж Тувагаар дамжин Монголд ирсэн байна. Тэрээр хятадаар дамжин цаашид далайгаар аялж эх нутагтаа хүрэх бодолтой байжээ. 1920-иод онд баруун хойт хилийн харуулыг толгойлж байсан Хатанбаатар Магсаржав түүнийг
-Бидэнд "Товарищ" (Улаантан гэдэг утгаар) хэрэггүй хэмээн буцаан хөөжээ.
Гэвч сахлын хутга бэлэглэсэнд захирагчийн бодол өөрчлөгдөж, түүнийг улаантан бишээр тооцон өртөө улаа хэрэглүүлэн нутгийн гүн рүү явуулсан тухай тэмдэглэлд нь байдаг.
Тэр үед байсан хятад ший үзүүлэх газрын тухай мөнөөх И.Галетагийн өгүүлснээр бол одоогийн телевизийн олон ангит киног санагдуулам урт зохиолыг олон хоногоор үргэлжлүүлэн үзүүлдэг байжээ. Үзэгчид олон цагаар ший үзэхийн сацуу тэнд зардаг самрыг цөмөн, тааваараа тамхилдаг тул бүтэж үхэм бүгчим болно. Үзвэрийг зохион байгуулагчид байдлыг сайжруулахын тулд халуун усанд дүрж мушгисан алчуурыг тараан шидэх ба бүтэж унах шахсан үзэгчид түүгээр нүүрээ арчин амсхийгээд "урлагийн ертөнцөд умбаж" гардаг байсан гэнэ.
Галетагийн зургаар барьсан энэ театрт шинэ Монголын анхны жүжгүүдийг дээр өгүүлсэн намын үзэл суртлын чигт зохируулан тоглохоос гадна кино үзүүлдэг байжээ.
Америкийн ковбой хэмээх шилийн эрсийн тухай өгүүлдэг Холливудийн кинонууд их төлөв хятадаар дамжин орж ирдэг байв. Том бүрхтэй, бугуйл барьсан эрчүүдийн тухай эдгээр дуугүй кинонуудын хальс хоорондоо холилдон эх захаа алдсан тул кино механикч аль гарт дайралдснаасаа эхлэн гаргадаг байжээ.
Нэг киноны бүлгүүд бүү хэл, хоёр кино хоорондоо холилдох нь энүүхэнд. Харин киноны үйл явдалд тааруулан төгөлдөр хуур тоглодог хүн нь хаа холын хар тивийн негр хүн байжээ.
Үүний зэрэгцээ 1920-иод оноос 1989 оныг хүртэл Монголд байрласан оросын арми, мэргэжилтэн, зааварлагчдыг дагаж ирсэн урлаг соёлын үйлчилгээний систем ч Монголчуудыг хамарч байжээ. "Монгол үзэгчид анх 1920-иод оноос Улаанбаатар дахь Зөвлөлтийн ардын цэнгэлдэх хүрээлэнгийн танхимд Ч.Чаплин, С.Эйзенштейн, А.Довженко, В.Пудовкины кинотой танилцсан” (С.Лувсанвандан. Нийгмийн дэвшил, Уран сайхны соёлыг хөгжилт. Түүвэр зохиол.Уб. 2002. боть 7. Тал 217) ажээ.
Харин 1934 оноос манай өөрийн анхны бие даасан кино театр бий болжээ.
Орчин цагийн соёл, тайз дэлгэцийн урлаг манайд анх хөл тавихдаа адал явдлаар нэн элбэг. Алс холын Улиастайд одоогийн ямарч зоригт найруулагчийн толгойд оромгүй зүйлийг үзүүлсэн нь жүжгийн тайзан дээр үүл борооны явдлыг ёсчлон гаргасан явдал байв. Үзэгчид нэг хэсэг шоконд орж байснаа зугтан гарцгааж байсан гэдэг. Монголын түүхэн дэхь анхны порнографи ийнхүү санаандгүй байдалтай бүтээгджээ. Ер нь тайзны анхны бүтээлүүд болох шог гараа зэрэгт хүндээр бие засч байгаа хүнийг үзүүлэхдээ тайзан дээр хормойгоо дэвсэн суугаад дүлж орилох зэрэг нь наад захын хэрэг байсан тухай Д.Намдаг агсан дурсан бичсэн байдаг. Бэлэн зэхээний жүжигчин сонгон авах боломжгүй учраас театрын найруулагч, сургагч нар жүжигчин болчихмоор хүн хайн аль нэг хутагт хувилгаадын хойт дүрийг тодруулах бүлэг аятай олон хүн цугласан газраар хэсүүчлэх нь нэг бус. Гэтэл таарч тохирох нь нэн ховор.
А.Ефремов хэмээх театрын мэргэжилтэн гучаад онд ирээд жүжигчин сонгохын тулд нийслэлд байсан бүхий л клуб, улаан гэрийн тоглолтын үзжээ. Тэр бүгдээс гар саван, толгой сэгсрэн гарч байсан гэдэг. Жүжигчин хайх ажил заримдаа хэрээс хэтэрч, намын төв хорооны гишүүн, Судар бичгийн хүрээлэнгийн захирал, хожмоо ерөнхий сайд болсон А. Амарыг "Чи феодал байсан хүн. Феодалынхаа дүрд тогло" хэмээн шахахад хүргэж байжээ.
Шинэ тутам байгуулагдсан театрыг аж ахуйн хувьд хөл дээр нь авч явах ажил бас л амаргүй байжээ. Тоглолтоор орлого олох нь бүү хэл үзэгчийг олж ирэх нь заримдаа ярвигтай байв. Гучаад онд театрын даргаар ажиллаж байсан Раднаабазар гэдэг хүн урд өмнө гараагүй нэгэн "Менежмент" бодож олжээ. "Раднаабазар хятадуудын дунд буу хэмээх мөрийтэй тоглоомыг улсаас нуун тоглож байгааг олны өмнө ил чөлөөтэй болгон, нэг газар төвлөрүүлэн тоглож, өдөр тутам арван мянган төгрөгийн татвар хураах аргаар мөнгө хуримтлуулах санал гаргасан нь ёсоор батлагдав... Раднаабазар уг хэргийг эрхлэх болсныхоо хувьд тоглоомын газрыг өдөрт хэд хэдэн удаа эргэж очих бөгөөд оройн цагаар том цүнхээ сугавчлан очиж, арван мянган төгрөгөө хураан авч, банкинд тушаахаар алхлана. (Д.Намдаг. Шинэ Монголын шинэ театр. Уб. 1988. 72 дахь тал)
Алдаж онон хөл дээрээ боссон Монголын тайз дэлгэцийн урлагийг ардын өв сангаар баяжуулах, дэлхийн сонгодог бүтээлээр мялаах, урлагийн шинэ шинэ төрөл зүйлийг шинээр авчрахад судлаач, эрдэмтэн, Соёлын яамны орлогч сайд, сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувьд үлэмж хувь нэмрээ оруулах учиртай С.Лувсанвандан энэ үед хээр тал нутагтаа өсч өндийж байсан билээ. Хожмын гэгээрүүлэгч, зохион байгуулагчдаа хүлээсэн Монголын урлаг, соёл ч мөн л өсч, торних замдаа байлаа.
Адал явдал дүүрэн энэ жилүүдэд Монголын урлаг соёлын одод М.Дугаржав, Д.Ичинхорлоо, Е.Шаравдоо, Л.Цэрэндорж нар ур авьяасаа гайхуулж, манай номын гол баатар С.Лувсанвандан хожмоо уран бүтээлийг нь судлан эрдэм шинжилгээний үнэ цэнэтэй бүтээлээ туурвих Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ши.Аюуш нар уран бүтээлийн ид үедээ байв.
Нүүдэлчин Монголчууд шинэ цагийн дэвшил, соёлын ололттой танилцсан түүх иймэрхүү наргиантай зүйлээр дүүрэн бөгөөд үл мэдэх оньсон тоглоомтой учирсан бяцхан хүүхдийн үлгэрийг ямагт санагдуулдаг билээ. Баруун чиглэлд авто зам нээсэн тухай нэгэн наргиантай түүх тэр үеийн Монголчуудыг техникжсэн европын хүнтэй харьцуулан харах боломж олгодог. Уг түүхэнд өгүүлснээр баруун чиглэлийн замыг сайн мэдэх нэг хүн ачааны тэргэнд сууж газарчлах болжээ. Тэр хүн машины кабинд ормогцоо зүг чигийн баримжаагаа алдан, дэнгийн гэрлийг сарныхтай андууран түүгээр чиглэл авах гэж эргэлдсээр байгаад золгүй дуусдаг эрвээхэй шиг амьтан болчихоод байв. Машинаас буулгаад зогсоохоор зүгээр болчихоод байдаг. Эцэст нь түүнийг машины хамар дээр суулган, олсоор даруулаад 2000 км замыг туулахад хүрсэн гэдэг.
Үргэлжлэл: Бичиг үсэг мэдэгчдийг "арилгаад" бичиг үсэг үл мэдэх явдалтай тэмцсэн нь