"Талын баатар" жүжгийн Чогдон хувилгаан, "Сүрэг чоно" жүжгийн Данзан, М.Шолоховын "Сэтгэлийг шинэтгэсэн нь" жүжгийн Шукарь өвгөн, "Цогт тайж" киноны Цэцэрлэгч өвгөн, "Хүний сайхан сэтгэл" киноны Дэнзэн, "Мандухай сэцэн хатан" кионы Хурц зайран Мөнх зэрэг олон дурээрээ Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон Ардын жүжигчин Д.Чимид-Осорын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Тэрбээр сайн жүжигчин төдийгүй сайн найруулагч байсан юм. Өдгөө ч бидний шимтэн үздэг "Гологдсон хүүхэн", "Нүгэл буян", "Зэрэг нэмэхийн өмнө", "Тамирын охин", "Хонины найр" зэрэг кинонууд түүний ур ухаанаас ундарсан. Монголын тайз дэлгэцийн урлагт 51 жилээ зориулсан энэ хүмүүний суу алдрыг бахдаад бахдаад барамгуй.
НАРТ ХОРВООД ДУУГАА ХАДААЖ НЭГЭН ХҮМҮҮН МЭНДЛЭВ
Ирээдүйд нэр алдраа цуурайтуулах нэгэн бяцхан хүү 1912 оны 2 дугаар сарын 16-нд Архангай аймгийн Өлзийт сумын нутаг Яргайт хэмээх газар дуугаа хадаасан нь Чимид-Осор байлаа. Харамсалтай нь түүний ээж Банзрагч ядуу тарчиг амьдралтай байсан учраас хүүхдүүдээ арай ядан хоолтой нь залгадаг байв. Тиймдээ ч Чимид-Осор багаасаа амьдралын хатуу хөтүүг мэдэрч хар багаасаа айлд зарцлагддаг байсан гэх. Гэхдээ энэ нь Чимид-Осорын цаашдын амьдралд маш их хэрэг болно гэж тухайн үедээ санаагүй бизээ. Учир нь Чимид-Осор баян айлд зарцлагдаж байхдаа Монгол бичиг сурч арвын дотор бодож сурсан гэх. Бяцхан хүү өөрөө хичээн байж эрдэмд суралцсан нь хожмын амьдралыг нь тэтгэх мэргэжилд нь хүргэнэ гэж яахан санах билээ. Түүний өвөг эцгийг Зайдав гэдэг байсан бөгөөд тэр өвөг эцгээрээ овоглодог байсан гэх.
Чимид-Осорын хүү энэ талаар "Манай аавын өвөг эцгийг Зайдав гэдэг байсан гэсэн. Аав өвөг эцгээрээ овоглодог байсан юм билээ. Харин 1933 онд цэрэгт татагдаад очиход нь нэг их ширүүн зантай дарга бүртгэж авсан юм билээ. Хэний хэн бэ гээд ууртай дуугаар асуухад аав Зайдавын Чимэд-Осор гэж намуухан хариулж. Гэтэл нөгөө дарга "Юу гэнэ ээ, Дэндэвийн Чимэд-Осор оо" гээд л тасхийгээд явчихсан гэх. Аав минь айхдаа тиймээ гэчихсэн гэдэг юм билээ.
Ингээд Зайдавын гэсэн овог нь Дэндэв болчихсон түүхтэй юм гэнэ билээ. Сүүлд овгоо засуулах гэж хөөцөлдөж үзсэн ч театрын жүжигчин, бас нэгэнт олонд танигдчихсан болохоор болоогүй гэх. Магадгүй өөрөө ч нэг их хичээгээгүй байх" хэмээн ярьсан байдаг. Ийнхүү ирээдүйн нэрт жүжигчин Дэндэвийн Чимид-Осор хэмээгдэх болсон гэдэг. Чимид-Осор цэрэгт байхдаа зэвсгийн төв газрын зарлагаас жагсаалын дарга хүртэл болж байсан бөгөөд энэ цаг үеэс эхлэн урлагт татагдаж эхэлсэн гэдэг.
УРЛАГИЙН ЗАМААР AЛXCAH 1936 ОН
Чимид-Осор 1936 оноос урлагтай албан ёсоор холбогдсон юм билээ. Өөрөөр хэлбэл тэрбээр 24 насандаа Улсын төв театрын хаалгыг татаж байжээ. Үүнээс хойш Чимид-Осор гэр, театр хоёрын хооронд 40 жил алхаж хэзээ ч баларшгүй гүн жим гаргаж чадсан юм. Нэрт жүжигчний тайзны анхны дүр нь "Яг 18" жужгийн Ойдовын дүр. Энэ жүжгийг тухайн үед тус театрын даргаар ажиллаж байсан Ш.Аюуш найруулсан бөгөөд тэрбээр залуу жүжигчин Чимид-Осорт Ойдовын дүрийг зориуд оноосон нь хэр "явцтай" жүжмгчин болгохыг нь шалгасных биз. Тэр түүнээс хойш олон олон он жилийг тухайн тайзан дээр амьдарч өнгөрөөсөн нь дүрээ муугүй бүтээсний баталгаа. Харин түүний анхны гол дүр нь Д.Намдагийн "Сүрэг чоно" жүжгийн Данзангийн дүр. Энэ цагаас хойш түүн рүү чиглэсэн дүрүүд ар араасаа цуварч Чимид-Осор хэмээх агуу хүний баялаг намтар нь хөвөрсөн түүхтэй.
СЭТГЭЛИЙГ ШИНЭТГЭСЭН ШУКАРЬ ӨВГӨН
Уран бүтээлийн андууд болоод шавь нар нь түүнийг Чимид-Осороо, Чимид-Осор багшаа гэхээсээ илүүтэйгээр Шукарь, Шукарь багшаа хэмээн дууддаг байжээ. Энэ нь түүний театрын халуун тогоонд 40 жил буцлахдаа бүтээсэн олон дүрүүдийнх нь нэг. Тодруулбал тэрбээр 47 насандаа М.Шолоховын "Сэтгэлийг шинэтгэсэн" жүжгийн Шукарь хэмээх өвгөний дүрийг бүтээсэн бөгөөд энэ дүрээрээ олонд танигдаж өвгөн Шукарь хэмээн нэрлэгддэг болсон юм. Энэ талаар түүний шавь кино найруулагч Г.Жигжидсүрэн ярихдаа "Малгайныхаа бүчийг унжуулчихаад хамтралын даргаа тойроод гүйж байгаа багшийн маань бүтээсэн Шукарь хэмээх хасаг өвгөний дүр одоо ч нүдэнд харагддаг юм. Энэ дүр театрын тайзанд бүтээсэн хамгийн сүүлчийн дүр нь байх. Түүнээс хойш кино руу явчихсан юм. Багшийн маань бүтээсэн дүр үзэгчдийн сэтгэлд хүрч, оюун санаанд мөнхрөн үлдсэн болохоор хүмүүс Чимэд-Осор гэхгүй "Өвгөн Шукарь" хэмээн нэрлэдэг болсон хэрэг. Жүжигчин болгоныг олон нийт тоглосон дүрээр нь нэрлэдэггүй. Үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүртэл амьдруулж чадсан хүнийг л тийн нэрлэж, хайрладаг юм шүү дээ" хэмээн ярьсан байдаг. Харин түүний хүү "Аав минь жүжиг, кинонд их олон дүр бүтээсэн ч Шукарийнхаа дүрээр л мөнхөрч үлдсэн.
"Сэтгэлийг шинэтгэсэн нь" жүжгийг тайзнаа тавихаар болоход Шукарийн дүр Бат-Очир гуай, аав хоёрт оногдсон гэдэг. Энэ дүрдээ бэлтгэж байхад нь аавыг кинонд тоглуулахаар аваад явчихсан байгаа юм. Гэтэл нэг өдөр Л .Ванган гуай аавыг дуудуулж "Бат-Очир өвчтэй. Ирж Шукарийн дүрд тогло" гэж. Билет нь нэгэнт зарагдчихсан болохоор аав минь Сонгины булангаас ирж энэ жүжигт тоглосон гэдэг. Үнэхээр гайхамшигтай тоглосон юм гэнэ билээ. Ямар муу тоглосондоо л түүнээс хойш Шукарь хэмээн нэрлэгдэх билээ дээ" хэмээн хуучилсан байдаг.
"ХҮНИЙ САЙХАН СЭТГЭЛ"
Түүний бүтээсэн дэлгэцийн олон сайхан дүрүүдийн нэг нь "Хүний сайхан сэтгэл" киноны Дэнзэн өвгөний дүр. Тэрбээр энэ кинонд тоглохдоо 68 настай байсан юм билээ. Д.Мягмарын зохиол "Хүний сайхан сэтгэл" үнэхээр хүний сэтгэлийн утсыг хөндсөн гайхалтай кино. Нарт хорвоод нэгэн шинэ хүмүүн мэндэлж байхад хаа нэгтээ нэгэн хүмүүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байдаг нь жам. Энэ л хорвоогийн харуулсан энэхүү киноноос хүн бүр ухаарал нэг нэгнээ хайрласан хайр бас хүний сайхан сэтгэлийг олж хардаг. Үнэхээр Чимид-Осор жүжигчнээс өөр хэн ч Дэнзэн өвгөнг ингэж гаргаж чадахгүй биз. Ер нь тэр олон сайхан өвгөний дүрийг бүтээж үзэгч түмэндээ хайрлагдсан жүжигчин.
Сонирхуулж хэлэхэд Чимид-Осор "Цогт тайж" киноны цэцэрлэгч өвгөний дүрд 30 хүрээгүй байхдаа тоглосон гэдэг. Тэр дүрдээ хэрхэн хувирдаг хийгээд ямар гайхалтай жүжигчин байсан нь энэ мэт олон зүйлээс харагддаг. 1987 онд тэрбээр "Мандухай сэцэн хатан" киноны Хурц зайранд тоглож ард түмэндээ сүүлийн дүрээ үлдээсэн юм. Түүний бие нь тааруухан байсан тул Хурц зайрангийн дууг Элбэгсайхан оруулж, найруулагч Нагнайдорж хэнгэргийг нь цохиж байсан гэдэг.
АВЬЯАСЫН УУРХАЙ ЧИМИД-ОСОР
1945 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин болж байсан жүжигчин Д.Чимид-Осорыг үнэхээр авьяасын уурхай гэхээс өөрөөр хэлж чадахгүй нь. Учир нь тэрбээр авьяаслаг жүжигчин төдийгүй авьяастай найрагч байж. Тэрбээр "Үүрд намайгаа мартаа юу" дууны үгийг зохиосон бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Мяасүрэнтэй хамтран "Хунгийн дэгдээхэй" дууг зохиож байсан гэх юм билээ.
Х.Сэдэд
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"