Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сүнснүүдийн хуйвалдаан буюу Зөвлөлтийн тагнуулч гэгдсэн эхнэр, нөхрийг цаазалсан ньУншсан40,862

Америкт хэнд ч үл анзаарагдам, зожигдуу гэр бүлийн хос ЗХУ-д цөмийн бөмбөгийн нууцыг дамжуулсан хэргээр цаазлуулсан билээ.

Америкт хэнд ч үл анзаарагдам, зожигдуу гэр бүлийн хос ЗХУ-д цөмийн бөмбөгийн нууцыг дамжуулсан хэргээр цаазлуулсан билээ. Гэвч тэднийг шүүх ажиллагаа зориудаар зохион байгуулагдсан уу?

 

Үнэн эсэхийг хэн ч тогтоож чадаагүй байгаа ч тэднийг Зөвлөлтийн тагнуулын сүлжээнд элссэн хадам дүү нь хөөдчихсөн гэх юм билээ. Бүр тагнуулын сүлжээний толгойлогч гэж гүтгээд өөрийнхөө амийг аварсан ч гэлцдэг.

1953 оны 06 дугаар сарын 19-ний баасан гаригийн орой Нью-Йоркийн Сингх-Синг хэмээх харанхуй шоронд хэдэн арван цагдаа нар хамгаалалтын онцгой даалгавар гүйцэтгэсэн юм. Энэхүү шоронгийн хамгийн нууцлаг хэсэгт Вашингтонтой утсаар тусгай холбоо тогтоох хоёр шугамтай, Холбооны мөрдөх товчооны зургаан ажилтан байнга жижүүрлэж байлаа. Тэд Жулиус Розенберг, түүний эхнэр Этель нарын аль нэг нь цахилгаан сандал дээр сууж, үхлээ угтахын оронд тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрнө байх гэж найдаж байв. Яг энэ үед Цагаан ордны ойролцоо маш олон хүн цугларсан байлаа. Тэдний зарим нь энх цагт тагнуулын хэргээр цаазын ял сонссон цорын ганц америкчууд болох тэрхүү эхнэр нөхөр хоёрт өршөөл үзүүлэхийг шаардаж байв. Харин зарим нь эсрэгээрээ “Коммунист хархнуудыг хөнөө” гэсэн уриа бүхий самбар барин жагсчээ. Оройн 20.00 цагийн орчимд Жулиус Розенбергийг хурц гэрэлтэй өрөөнд оруулж ирсэн юм. Тэр цонхийн цайж, сүнс нь зайлсан мэт болжээ. Ялтан цахилгаан сандлыг хармагцаа хөл нь нугарав. Тэр өмнөх өдөр нь эхнэртээ хандсан “Тэдэнд үнэнийг гуйвуулахыг хэзээ ч бүү зөвшөөрөөрэй. Бид буруугүй” гэсэн үгээр хэлэх үгээ дуусгаснаас хойш огт ам нээгээгүй юм. Ингээд сандлыг цахилгаанд холбож, нэг удаа богино, хоёр удаа урт хүчдэлээр цохиулсны дараа 20 цаг 6 минутад түүнийг үхсэн гэж тэмдэглэжээ. Түүний араас эхнэр Этель Розенбергийг нь ч цаазалсан юм. Ингээд тэдний ес, зургаан настай хоёр хүү нь өнчирч хоцорчээ.

 
Хэлмэгдэгсэд үү, хууран мэхлэлтийн мастерууд байсан уу?

 

Холбооны мөрдөх товчооны захирал Ж.Эдгар Гуверын хувьд Розенбергийн эхнэр нөхрийн хэрэг “зууны гэмт хэрэг” байв. Цаазлагдсан Жулиус Розенберг яах аргагүй тагнуулын сүлжээний удирдагч бөгөөд ЗХУ атомын бөмбөгийг бие даан хийж чадахаасаа чамгүй хэдэн жилийн өмнө энэхүү эхнэр, нөхөр тагнуулчдын тусламжтайгаар атомын бөмбөг хийсэн гэж Ж.Эдгар Гувер хорсон боддог байлаа. Бусад хүмүүс ч ийнхүү дэлхий дахинд хүчний тэнцвэр тогтсон гэж үздэг байв.

Жулиус Розенберг, Этель Грингласс нар Их хямралын жилүүдэд амь зуухаар чадан ядан тэмцэж байсан, үгүйрч хоосорсон айлуудын ууган хүүхдүүд байжээ. Багаасаа авьяаслаг Розенберг 16 насандаа Нью-Йорк хотын коллежид элсэж, Еврейн номлогч болгох эцгийнхээ хүслээс гажин машин үйлдвэрлэлийн салбарт зүтгэж эхэлжээ.

Удалгүй Германд нацизм хүчээ авч буйд түгшиж, АНУ-ын нийгэм дэх арьс өнгөний тэгш бус байдалд дургүйцсэн Жулиус коммунист үзэл суртлыг сонирхож, хичээлээ золиослон байж Коммунист залуучуудын лигт идэвхтэй ажиллах болов. Харин Этель Грингласс 15-тайгаасаа л дээд боловсролтой болох тухай бодлоо авч хаяхаас өөр аргагүй болж, усан онгоцны үйлдвэрийн оффист ажилд оржээ.

Тэрээр долоо хоногт долоон долларын л цалин авдаг байв. Этель оройн цагаар Олон улсын далайчдын холбоонд ажиллаж байхдаа Жулиус Розенберг хэмээх өөрөөс нь гурван насаар дүү залуутай танилцаж, дурлалцжээ. Тэд амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл бие биедээ гал халуун хайртай хэвээр байлаа. 1939 онд Жулиус инженерийн дипломтой болов. Удалгүй тэд ч гэрлэлээ. 1940 онд Жулиус Бруклин дахь Америкийн армийн холбооны цэрэгт иргэний инженер, мэргэжилтнэээр оржээ. Жилийн дараа түүнийг техникийн хяналтын инженерийн албан тушаалд томилсон байна. Энэ хугацаанд эхнэр, нөхөр хоёр Этелийн эрэгтэй дүү Дэвид Гринглассын араас АНУ-ын Коммунист намд элссэн байна. 1943 онд анхны хүүгээ төрсний дараа Розенбергийн хос коммунист намаас гарсан ч, хоёр жилийн дараа Жулиус итгэл үнэмшлээ нуусан хэргээр холбооны цэргийн ажлаасаа халагджээ.

 
Америкийн цөмийн бөмбөгийн нууцыг хулгайлсан нь

 

1948 оны наймдугаар сарын 28-нд ЗХУ анхны атомын бөмбөгөө амжилттай туршлаа. Дараа оных нь эхээр Холбооны мөрдөх товчооны Сөрөх тагнуулын газрын ажилтнууд Зөвлөлтийн Улсыг Аюулаас хамгаалах хороонд Америкийн цөмийн бөмбөг бүтээх нууц төлөвлөгөө буюу "Манхэттений төсөл"-ийн хувилбар байгааг олж мэджээ.

Америкийн цэргийнхэн үймэлдэж, цөмийн зэвсгийн бүдүүвч хэрхэн Зөвлөлт рүү алдагдсаныг олж тогтоохоор ТЕГ, ХМБ, бүх л хууль хүчнийхэн гадаад дотоод дахь сүлжээгээ ашиглан эрэл хайгуул хийж эхлэв.

Клаус Фукс

Удалгүй "Манхэттений төсөл"-ийн багт голлох үүрэгтэй ажилласан нэрт физикч, герман гаралтай Клаус Фуксын мөрөөр сөрөх тагнуулчид оржээ.

Клаус Фукс Нью-Мексико мужийн Лос-Аламост ажиллаж байгаад дараа нь Англид Харвеллын атомын судалгааны төвд лаборатори байгуулсан эрдэмтэн юм.

Дайн эхэлснээр Фукс АНУ-д буцан ирж Лос-Аламосын Үндэсний Лабораторид ажиллаж эхэлсэн. Өнөөг хүртэл АНУ-ын цөмийн зэвсэг бүтээдэг хоёр гол лабораторийн нэг хэвээр байгаа Лос-Аламост Зөвлөлтийн тагнуулчид энэ үед томоохон ажиллагаа явуулж байв. Фукс аль 1933 онд л нацизмтай тэмцэх зорилгоор Германы Коммунист намд элсэж, цаашлаад тагнуулын ажиллагааг Англид байхдаа хийж эхэлснээ сүүлд хүлээсэн билээ.

Фуксын холбоочин нь Раймонд гэх нууц нэртэй ажилтан байлаа. Энэ хүнд Фукс Нью-Мексико мужийн цөлд 1945 оны долдугаар сард туршсан АНУ-ын анхны цөмийн бөмбөгийн бүдүүвч бүхий баримтыг дамжуулжээ. Ердөө сар гаруйхны дараа америкчууд Японы хоёр хотод энэхүү цөмийн бөмбөгийн туршилтаа улам бататгасан юм. Ингэснээр Зөвлөлт гүрэн цөмийн зэвсгийн салбарт америкаас илт хоцорч  эхлэв.

Гэхдээ 1945-1948 оны хооронд гурван жилийн дотор Зөвлөлтийн тагнуулчид, цэргийн эрдэмтэд уйгагүй чармайсаар цөмийн бөмбөг амжилттай бүтээснээр дэлхий ертөнцийн хүчний тэнцвэр өөрчлөгдсөн билээ

Раймонд гэх нууц нэртэй Харри Голд

Фуксийг илчилсэн Америкийн ТЕГ-ынхан нууц ажилтан Раймонд гэгчийг хайж эхэлжээ. Гэтэл тэр нь химич Харри Голд байж таарч, эндээс л тагнуулын сүлжээний зураглал гарч ирэв.

Голдын сүүлд хэлснээр түүний “хянагч”, зөвлөх нь Нью-Йорк дахь Зөвлөлтийн дэд консул Анатолий Яковлев байсан гэнэ. Голд Яковлевын даалгавраар 1944 онд Нью-Мексикод Лос-Аламосын лабораторийн механикчийн ажилд орсон Дэвид Грингласстай уулзахаар явсан аж.

Ингээд тагнуулчдын сүлжээ мөнөөх эхнэр, нөхөр Розенбергтэй холбогдож байгаа юм. Зураглавал эрдэмтэн физикч Фукс, химич Харри Голд, Зөвлөлтийн консул Анатолий Яковлев, Розенбергийн эхнэрийн дүү Дэвид Грингласс нар.

Жулиус Розенбергийн хадам дүү атомын бөмбөгийн дотоод төхөөрөмжийн зургийг дамжуулах ажилд элсэхдээ Раймонд гэх нууц нэртэй Голдоос 500 доллар авсан болж таарчээ. Дэвид Грингласс, түүний эхнэр Рут нар яагаад Раймондод итгэсэн болж таарах вэ? Хожим нь тэд мэдүүлэгтээ өчихдөө танихгүй этгээд Жулиус Розенбергээс явуулсан зурвасыг үзүүлсэн гэнэ. Голд Холбооны мөрдөх товчооны шинжээчдэд байцаалт өгөхдөө Жулиус Розенберг гэр бүлээ Америкаас гаргахаар төлөвлөж, Гринглассынхныг ч мөн явахыг ятгаж байсан бөгөөд дүрвэхэд нь зориулан 4000 доллараар бэлнээр өгнө гэж амлаж байсан гэнэ. Нэг ёсондоо энэхүү тагнуулын сүлжээний ахлагчаар Жулиус Розенберг ажиллаж байсан гэж ойлгогдохоор бөгөөд хадам дүүдээ 4000 доллар санал болгож урьдчилгаа болгон 500-г нь Раймондоор дамжуулжээ.

Розенбергийн хадам дүү Дэвид Гринглассын гэр бүл

Гэвч хэн нь ч ингэж амжсангүй.  1950 оны зургадугаар сарын 15-нд Грингласс Холбооны мөрдөх товчооныхонд баривчлагдаж, тагнуулын хэргээ хүлээсэн бөгөөд хүргэн ахаа ч мөн барьж өгчээ. Ингээд долдугаар сарын 17-нд Жулиус, наймдугаар сарын 11-нд Этель баривчлагдаж, хүүхдүүдээ хэний асрамжинд үлдээхээ шийдэж чадахааргүй үлдээжээ.

 
Сүнснүүдийн хуйвалдаан

 

Жулиус Розенберг тагнуулын сүлжээг удирдаж байсан гэх маргашгүй нотолгоо огт олдсонгүй. Гэсэн ч байдал улам хэцүүдсээр байлаа. Оюутны ширээнээс эхлэн нөхөрлөсөн хоёр найзынх нь нэг Зөвлөлтийн тагнуулчдын зарим баримтад нэр нь гарч байснаа гэнэт алга болжээ. Бас нэг ангийнх нь хүүхэд болох Мортон Собелл эхнэртэйгээ Мексикт бүгж байгаад эцэстээ Холбооны мөрдөх товчооныхонд Розенбергийн эхнэр нөхөр хоёр шиг баригдаж, тагнуулын хэргээр ял сонсчээ. Гэхдээ энэхүү “тагнуулын сүлжээ” үнэн хэрэгтээ ямар хэрэг үйлдсэн юм бол?

Баривчлагдсан Мортон Собелл

Ямар “нууц”-ыг дайсны талд дамжуулсан юм бол? Розенберг, Собеллын гэр бүлүүдийн эсрэг Засгийн газрын буруутгалд олон хүн эргэлздэг нэг зүйл бол шууд нотлох баримт хангалттай биш явдал юм. Тухайлбал, тэднийг Гринглассуудын (Розенбергийн эхнэрийн дүүгийн гэр бүл) мэдүүлэг дээр үндэслэж буруутгасан байдаг. Зарим тоймчдын таамаглаж буйгаар Гринглассын эхнэр нөхөр хоёр Розенбергүүдийн эсрэг гэрчийн мэдүүлэг өгмөгцөө өөрсдийгөө хамгаалж үлдсэн гэжээ. Энэ хэсгийг тагнуулчдын мэдээлэлд "Сүнсний хуйвалдаан" хэмээн нэрлэсэн байдаг.

“Хүн амины хэргээс ч дор...”

 

Олон хүний үзэж буйгаар 1951 оны гуравдугаар сарын 6-нд эхэлсэн шүүх хурал тодорхой хариулт өгч чадаагүй гэнэ. Розенбергийн эхнэр нөхөр хоёр өөрсдийгөө хамгаалан гэрчийн мэдүүлэг өгөхөөр шийдэж, өөрсдийгөө буруугүй гэж мэдүүлсээр байлаа. Харин Жулиус шүүх хурал дээр хэт бардам, шазруун, дээрэлхүү хандаж байсан нь яллагч Ирвинг Сейполын эсрэг ухаалаг дайралт хийхэд саад болжээ. Ингээд эхнэр, нөхрийг хоёуланг нь буруутай гэсэн шийдвэрийг санал нэгтэйгээр гаргасан байна. Розенбергийн эхнэр нөхрийг цахилгаан сандалд суулган цаазлах ял оноосон шүүгч Ирвинг Р.Кауфман “Би үүнийг хүн амины хэргээс ч дор гэмт хэрэг гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн түүхтэй.

Розенбергийн хүүхдүүд, ах нь дүүгээ тайтгаруулж байна.
Хадам дүү Грингласс болон Раймонд хэмээх Харри Голд нар

Мортон Собелл 30 жилийн хорих ял сонссон байна. Тэгвэл Дэвид Грингласс 15 жилийн ял авснаа 1960 онд хугацаанаасаа өмнө суллагджээ. Засгийн газрын архивт дурдсанаар тэрбээр мөрдөх ажиллагаанд хамтарч ажилласан нь эхнэр Рутаа гэм буруугүй болгох зөвшилцөлтэй холбоотой байсан гэнэ. Харри Голд мөн 30 жилийн хорих ял авсан. Ингээд Розенбергүүдийн хэрэг хоёр жилийн турш сунжирч, олон улсад дуулиан тарьж эхэлсэн байна. Учир нь давж заалдах шатны шүүх хурлууд хойшлогдсоор удааширчээ. Энэ бүх хугацаанд Розенбергийн эхнэр нөхөр хоёрыг цаазын ялтнуудын камерт байлгасан бөгөөд хоорондоо ховор уулзалдаж, хөвгүүдтэйгээ ч бараг уулзаж чаддаггүй байжээ. Розенбергийн эхнэр нөхөр хоёрыг цаазалсны дараа Бруклинд оршуулга дээр нь тэднийг огт буруугүй гэж үзсэн 8000 орчим хүн цугларсан байна.

Нобелийн шагналт Харольд Юрей “Грингласс шиг жирийн ажилчин хүн атомын бөмбөгтэй хамааралтай математик, физик, химийн тооцооллыг дамжуулж чадахгүй шүү дээ” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. Францын алдарт гүн ухаантан,  экзистенцилиалист үзэлтэн Жан Поль Сартр Розенбергийн эхнэр нөхөр хоёрыг цаазалсныг “бүх ард түмэнд цусан толбо үүсгэсэн, хуулиар далайлгасан дур зоргоороо шүүх ажиллагаа” гэж тодорхойлсон байна.

Харин ХМТ-ны захирал Гувер энэхүү ялыг Холбооны мөрдөх товчооны хамгийн том амжилтын нэг гэж үзэж байсан аж. Тэгвэл 1954 онд Конгресс энх цагийн тагнуулын ажиллагааг төрийн гэмт хэргийн эгнээнд оруулж, “Розенбергүүдийн хууль” хэмээх хууль гаргасан байна.

Шүүх хурлаас цаазын ял авсан Розенбергийнхний сүүлчийн үнсэлт гэрэл зургийн дуранд буужээ

 

Төгсгөлд нь: Розенберг Жулиус (1918.05.12-1953.06.19)

 

Зөвлөлтийн тагнуул. Нью-Йоркт орос гаралтай гэр бүлд төрсөн. Дунд сургууль, коллеж (радио инженерийн мэргэжлээр) төгсөж, түүнчлэн еврейн уламжлалт хедер боловсрол эзэмшсэн. Зүүний оюутны болон ажилчны эвлэлийн хөдөлгөөнд оролцож байсан. “Эмерсон” хэмээх цэргийн аж үйлдвэрт зориулсан радио электрон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг фирмд ажиллаж байв. Зөвлөлтийн тагнуулч С.М.Семеновтой 1942 онд хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Нью-Йорк дахь Зөвлөлтийн тагнуулын ажилтнуудад (Семенов, А.С.Феклисов) “Либерал” хэмээх радио электрон нууц аппаратаар мэдээлэл дамжуулдаг байжээ. Зөвлөлтийн тагнуултай М.Собелл, Ж.Барр, У.Перл, Майкл Сидорович (мөн л Оросын цагаачдын удам), хадам дүү Д.Грингласс нарыг зуучилж өгсөн. Д.Грингласс нь Холбооны мөрдөх товчооны дарамт дор Ж.Розенбергийг илчилсэн.

1950 оны долдугаар сарын 18-нд Нью-Йоркт баривчлагдсан. Нью-Йоркийн холбооны шүүхээс  (1951 оны 3-5 дугаар сард) ЗХУ-д атомын зэвсгийн нууц мэдээллийг дамжуулсан хэргээр эхнэрийнхээ хамт цаазын ял сонссон байна. Ялын гүйцэтгэх хугацааг хоёр жилээр хойшлуулж, яллах үндэслэл нь бага (ялыг хүйтэн дайны үед Трумэн-Эйзенхауэрын засаг захиргааны улс төрийн амбицаар тулгасан нь илт байсан), хэмээх эсэргүүцлийн томоохон аян өрнөж байсан ч (ялангуяа Европт) буруугаа хүлээгээгүй Розенбергийн эхнэр нөхөр хоёрыг цахилгаан сандалд суулган цаазалсан юм. Ингээд Нью-Йоркийн еврейн оршуулгын газарт нутаглуулжээ.

В.Абрамов. “Улсыг Аюулаас хамгаалах хорооны еврейчүүд. Зандалчид ба хохирогчид” М.Яуза-Эксмо, 2005 номын материалыг ашиглав.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]