... Жон Кеннеди-Мерилин Монро, Жискар д’Эстен-Сильвия Кристель /Эммануэль/, Франсуа Миттеран-Анн Пенжо, Билл Клинтон-Моника Левински, Жон Мейжор-Эдвина Карри гэх мэт...
ХОЁРДУГААР ХАТАГТАЙН АМРАГИЙН ЯВДАЛ
Их Британи улс цочролд оров. Учир нь The Times сонин Эдвина Карригийн хуучин Ерөнхий сайд асан Жон Мейжортой “учир ургуулж байсан” тухай дурсамжийг нь нийтлэжээ. Мейжорын нэр хүндэд энэ нь асар аюул учруулах боломжтой, тэр өөрөө ч үүнд буруутай. Өөрсдийн холбоог нууцлах хэрэггүй л байсан юм. Хэрэв ерөнхийлөгч, ерөнхий сайд нар нууц амрагийн явдлаа нийтэд илэн далангүй дэлгэсэн тохиолдолд түүнээсээ болж зовлонд унах нь бага байдаг шүү дээ.
ХАМГИЙН АЮУЛТАЙ НУУЦ АМРАГ
Мэрилин Монро, Жон Кеннеди нарын харилцааны талаарх түүх нь олон жилийн туршид харь гаригийнхны талаарх түүх эсвэл Жон Кеннедигийн үхлийн нөхцөл байдлын мөрдлөгийн нэгэн адил конгресс дээр хэлэлцэх дуртай сэдвийн нэг болжээ. Гэсэн ч Мэрилин Монро нь үнэндээ ерөнхийлөгчийн хамгийн аюултай нууц амраг байсан байж болзошгүй гэдгийг баримт харуулж байгаа юм.
Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Жон Ф.Кеннедитэй кино жүжигчин маань 1960 оны дундуур Тахо нуурын эрэг дээр амарч байх үедээ танилцжээ. Гагцхүү тэр үед тэднийг ойр дотно таних хүмүүсийн хэлж байгаагаар Мэрилинд Жон биш, харин түүний бага дүү Роберт илүү таалагддаг байжээ. Жонтой харин 1961 оны аравдугаар сараас буюу түүнийг хэдийнэ ерөнхийлөгч болсоны дараа ойр дотно холбоотой болжээ. Уулзалт Калифорнийн Санта-Моника хотод болж өнгөрөв. Тэдний харилцаа хэтэрхий хурдан өрнөсөн нь олон хүний сэтгэлийг зовоож эхэлсэн юм. “Гувер /ХМТ-ны захирал/ галзууртлаа уурлаж байсан тухай цуу яриа сонсогдож байлаа. Тэрбээр олон хүнтэй найзлаж нөхөрлөж байсан, найдваргүй хүний тоонд багтах архаг архичин эмэгтэйтэй ерөнхийлөгч харилцаа тогтоосон нь АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн үзэж Монрогийн араас бүтэн 24 цагийн ажиглалт хийхийг тушаасан” хэмээн ХМТ-ны нэгэн ажилтан өөрийн дурсамжинд бичсэн байдаг.
Гаднаас харахад үнэндээ бүх зүйл ёс төртэй, сайхан байв. Мэрилин зөвхөн албан ёсны урилгаар л Цагаан ордонд очно. /Тэрээр 1962 оны тавдугаар сард Кеннедид төрсөн өдрийн мэнд хүргэж байгаа зураг дэлхий даяар тархав/ Ерөнхийлөгчтэй нууцаар уулздаг тухай ерөнхийлөгчийг хамгаалдаг нууц албаны ажилтнууд, бас мэдээж хэрэг ХМТ-ны захирал мэдэж байв.
Ерөнхийлөгчтэй учирсан явдал нь кино жүжигчний амьдралын хувьд хамгийн богино хугацаанд үргэлжилсэн учралуудын нэг байлаа. Олон хүн ерөнхийлөгч бол жүжигчин бүсгүйн үхлийн жинхэнэ шалтгаан гэж үздэг. Монрогийн цогцос 1962 оны наймдугаар сарын 4-нд өөрийн гэрээс олдсон билээ.
Дуудлагаар ирсэн цагдаа Монрог бусдад алуулсан байна гэж үзжээ. Түүнийг нас барах үед түүний гэрт дор хаяж нэг хүн байсан гэдгийг эмгэнэлт явдлын газраас олдсон хөдөлшгүй баримтууд гэрчилж байгаа юм. Гэвч хэдхэн цагийн дараа ХМТ болон цагдаагийнхан огт өөр хувилбарыг дэвшүүлэв. Эцэст нь тэр хувилбарыг албан ёсны гэж зарлав. Холливудын хамгийн алдартай одын оньсого шиг үхлийн талаарх хэргийн мөрдлөг маш хурдан өрнөж, мөн хэрэг мөрдөлтөд хамаатай хүмүүс янз бүрийн золгүй явдалд нас барж эхэлсэн нь олон түмэнд анзаарагдалгүй өнгөрөөгүй юм.
Өнгөрөгч онд явагдсан санал асуулгаас харахад ихэнх америкчууд Мэрилин АНУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой байсан учраас л алуулсан гэдэгт итгэлтэй байгаа юм. “Тэр хэтэрхий ихийг мэдэж байсан, түүнийг удирдах боломжгүй байсан, тиймээс улс орны хувьд аюултай байсан нь гарцаагүй учраас л ямарваа нэгэн мафийн зуучлагчдын тусламжийг авалгүйгээр алах хэрэгтэй болсон” хэмээн Монрогийн намтар судлаач ярьсан байдаг.
ХАМГИЙН АЛБАН ЁСНЫ НУУЦ АМРАГ
Ерөнхийлөгч нарын найз бүсгүйчүүд дундаас Сильвия Кристель шиг илэн далангүй, улаан цагаан байсан хүн үгүй билээ. Тэрээр “Эммануэль” эротик цуврал кинонд тоглосноороо нэр алдарт гарсан бөгөөд дараа нь Францын ерөнхийлөгч Валери Жискар д’Эстены бараг л албан ёсны нууц амраг гэдгээрээ нэрээ дуурсгасан бүсгүй.
Сильвия болон Валеригийн янаг амрагийн явдал түүнийг 1974 онд Францын ерөнхийлөгч болохоос өмнө эхэлсэн билээ. Ерөнхийлөгчид сонгогдсоныхоо дараа тэрбээр өөрийн харилцаандаа ямар нэг өөрчлөлт оруулсангүй. “Сильвия Елисейн ордонд амьдардаггүй байсан. Ингэх шаардлага ч байсангүй. Валери өөрийн Сильвиятай холбоотой гэдгээ огт нуудаггүй байсан” хэмээн Ерөнхийлөгчийн хуучин найз нарын нэг ярьсан юм. Сильвия бүх албан ёсны арга хэмжээнд уригддаг байлаа. Тэрээр заримдаа ерөнхийлөгчийн зохион байгуулдаг хүлээн авалтан дээр гэрийн эзэгтэйн дүрд тоглодог байв. Кристелийг хилийн чанадад ч сайн мэддэг байв. Учир нь д’Эстен түүнийг хилийн чанадад айлчлал хийхдээ авч явах нь элбэг байлаа.
Ингэлээ гээд ямар ч сэтгүүлч Сильвия, Валери хоёрын явдлыг нийтлүүштэй үнэ цэнэтэй зүйл гэж үзээгүй юм.
ХАМГИЙН ЗОЛГҮЙ НУУЦ АМРАГ
Францын ерөнхийлөгч нарын дундаас гэр бүлээс гадуурх харьцаагаараа хамгийн түрүүн, бас цорын ганц удаа дуулиан тарьсан явдал 1995 онд болсон. Францын ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдоод Жак Ширакийн өгсөн хамгийн түрүүний захирамж бол Анн Пенжо болон түүний охин Мазарин хоёрыг Елисейн ордноос гаргах шийдвэр байлаа. Анн өмнөх ерөнхийлөгч Франсуа Миттераны бараг албан ёсны нууц амраг нь байсан бөгөөд харин Мазарин түүний охин байлаа. Миттеран нууц амрагтай гэдэгт сэтгүүлчид тун тайвнаар ханддаг байв. Намтар судлаачдын баталж байгаагаар тэр ч олон нууц амрагтай байсан, тэр дундаа алдартай дуучин Далида ч түүний ивээлд байжээ.
Гэсэн ч өөрийн эзэмшил газартаа нууц амрагтаа үнэгүй байр олгож, үүнийгээ хэвлэлийнхнээс нуух гэж оролдсон нь л сэтгүүлчдийн унтууцлыг хүргэжээ. Хатагтай Пенжогийн шуудангийн хаяганд Елисейн ордон гэж огт дурдаагүй бөгөөд зөвхөн Ке Бранли гэх гудамжны нэр л байдаг. “Энэ тухай Миттераныг огцрох хүртэл хэн ч бичиж зүрхэлдэггүй байсан” хэмээн Парисын Marianne сэтгүүлд бичжээ.
Миттераныг нас барсаны дараа бас нэгэн дуулиан болж өнгөрсөн нь хуучин ерөнхийлөгчийн гэр бүл Анн, Мазарин хоёрыг ерөнхийлөгчийн оршуулганд оролцуулахыг эрс татгалзсан явдал. Олон нийтийн дарамтан дор хатагтай Пенжо шүүхээр шийдүүлэх боломжтой хэмээн илтээр “заналхийлсэний” үр дүнд гашуудлын бүхий л ёслол дээр оролцох эрх авснаар барахгүй мөн Парисаас нэлээд хол, гэр бүлийн хүрээнд болсон ерөнхийлөгч асаны оршуулганд хүртэл оролцжээ. Оршуулгын дараа Анн Пенжог сонирхох явдал эрс багасчээ. Одоо сонинд мэдээлж байгаагаар тэрээр арайхийн амиа зогоож байгаа, Парисын нэгэн музейд ажиллаж, жилд 40 мянган доллар авдаг, мөн Сена мөрний зүүн эрэг дээр жижигхэн байранд амьдардаг ажээ.
ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ НЬ
Австралийн Ерөнхий сайд Боб Хоук болон Бланш Дапульже нарын хайр сэтгэлийн түүх тун сонирхолтой эхэлжээ. Дапульже Австралийн Ерөнхий сайдтай түүний намтрын талаар бичихийн тулд танилцжээ. Ингээд ойр дотно болж, тэр талаар бүх улс орон даяар мэдэх болов. Мэддэг байсан ч үүнд бас л сайхнаар хандана. Хоук аль эртнээс эхнэртэйгээ амьдрахаа больсон гэдгийг олон түмэн мэдэж байсан тул хайртай улс төрчийн энэхүү явдалд австраличууд үнэндээ их баяртай байжээ.
Боб, Бланш хоёр хэдийгээр тэдний харилцааг олон түмнээрээ дэмжиж байсан ч ёс журамтай байхыг хичээж байлаа. Хатагтай Дапульже тэр байтугай Хоукийн Австралид зохион байгуулж буй албан болон албан ёсны бус бүхий л хүлэн авалтуудын үеэр эзэгтэйн үүргийг гүйцэтгэж байлаа. Олон улсын албан ёсны айлчлалд Бланш Ерөнхий сайдыг дагалдан явдаггүй байв. Харин тэднийг хамтдаа амарч байхад замын зардал болон амьдрах зардлаа Бланш өөрөө төлдөг байлаа. “Нөхцөл байдлын улмаас гэр бүл болох боломжгүй хүмүүс чухам ингэж л биеэ авч явах ёстой” хэмээн Бланш, Боб нарын талаар Австралийн нэгэн сонинд бичихдээ Австралийн Ерөнхий сайд гэр бүлээ цуцлуулж, шинэ гэр бүлээ батлуулахад бэлэн байгаа ч засгийн эрхэнд байхдаа үүнийг хийхийг хүсэхгүй байна, хувийн асуудал нь түүнийг төрийн ажил хэргээс хөндийрүүлэх ёсгүй гэж үзэж байгаа талаар их л бахдан бичсэн байлаа.
ХАМГИЙН СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ
Алдартай улс төрчдийн дотроос Чарльз Хохи шиг Европын хамгийн эх оронч үзэлтэй улс орнуудын нэгэнд нөхөртэй эмэгтэйтэй учир ургуулчихаад илүү тайван, сэтгэл ханамжтайгаар биеэ авч явж байсан хүн ховор биз ээ. Тэрбээр “Амжилтын цэргүүд” намын тэргүүний нэг, улс орны ерөнхий сайдын албыг хэдэнтээ хашиж байсан билээ. Хохи парламентын гишүүн болсоны дараа Терри Кинтэй танилцжээ. Тэдний явдал 27 жил үргэлжилж байгаа юм. Чарльз ч, Терри ч тус бүртээ гэр бүлтэй бөгөөд тэр байтугай үр хүүхдүүдтэй хүмүүс. Өөрсдийн харилцааг тэд олонд зарладаггүй ч бас төдийлөн нуудаггүй байв. Ирландын ямар ч улс төрчийн хувьд нөхөртэй эмэгтэйтэй ойр дотно болно гэдэг улс төрийн амиа хорлолттой ижил зүйл байсан ч Чарльзын хувьд тийм биш байлаа. Терри Кин алдартай сэтгүүлч агаад дандаа л дээдсийнхний хов живийн талаар бичдэг байлаа. “Территэй зөвхөн камикадзе л тулалдаж чадна. Манай улс оронд ийм хүмүүс харин олдоогүй юм” хэмээн Ирландын сэтгүүлч Ларри Бун хэлж байсан юм.
Ингээд Чарльз, Терри нарын холбооны талаар сонинд хатагтай Кин өөрөө бичсэн байна. Энэ нь тэдний явдал дууссаны дараа болсон зүйл. Тэгтэл дахиад л байж боломгүй зүйл тохиолдов. Ирланд мэтийн хуучинсаг биш улс оронд гэр бүлийн болон гэр бүлийн талаарх түүний энэхүү үзэл бодол нь ард түмний дургүйцлийг хүргэх байсан биз. Гэтэл ирландчууд үүнд их л тайвнаар ханджээ. Чарльзыг “гайхалтай тачаангуй” хэмээн нэрлэсэн ч Терри “Хэзээ ч түүний эхнэр болохгүй байсан” хэмээн мэдэгджээ”. “Надад түүний нууц амраг байх таалагддаг байсан. Нууц амрагууд үргэлж ихийг авдаг. Ямар нэг тансаг газар руу явна, маш их сэтгэл ханамжийг эдэлнэ. Тэд хүүхдүүдийнхээ сургуулийн асуудлын талаар, эсвэл угаалтуурын дороос ус гоожиж байгаа талаар хэзээ ч ярьдаггүй. Энэ бол ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй жинхэнэ хайр сэтгэл” хэмээжээ.
ХАМГИЙН АЛСЫН ХАРААТАЙ
Ерөнхийлөгчийн хамгийн аз хийморьлог найз бүсгүй бол мэдээж хэрэг Моника Левински байх байх. Түүний АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтонтой ургуулсан янаг амрагийн явдал нь ердөө хэдхэн сар үргэлжилсэн. Гэвч энэ нь Левинскид ядуу зүдүү амьдралаас нь гаргахад хангалттай зүйл байлаа.
Билл болон Моника хоёрын явдал улс орныг тэр чигт нь гайхшруулж байсан хамгийн дуулиантай явдлын нэг байлаа. Тэд Клинтоны сонгуулийн ажлын үеэр танилцсан байна. 1995 онд Моника Цагаан ордонд дадлагажигчаар ажиллаж байсан агаад түүний Дугуй кабинетаас гарч явах нь байнга анзаарагдах болжээ. Үнэндээ тийш орох эрх түүний ажил үүргийн хуваарьт үгүй билээ.
Тэдний хайр сэтгэлийн холбоо олон нийтэд ил гарч ард түмэн дадлагажигч Левински болон Ерөнхийлөгч хоёрын ойр дотно уулзалтын талаар нарийн ширийн мэдээллийг авсны дараа тэрээр Клинтон тэр хоёрын харилцааг ер бусын байдлаар баримтжуулж байсан нь тодорхой болжээ. Моника Клинтонтой секс хийж байсан даашинзаа хадгалж үлдэхээр санаа тавьсан тухай баримт олон түмнийг онцгой их цочроожээ.
Ерөнхийлөгчийн хувьд Моникатай учир ургуулсан явдал нь хугацаанаасаа өмнө огцорч, тэр байтугай эрх чөлөөгөө хасуулахад хангалттай шалтгаан болох шахжээ. Дуулианы ид үеэр Клинтон шүүхийн өмнө “Энэ эмэгтэйтэй хэзээ ч секс хийж байгаагүй” хэмээн мэдэгджээ. Эцэст нь түүний энэхүү мэдэгдэл нь Левинскигийн хадгалж үлдсэн цэнхэр даашинзын ачаар худал гэдэг нь нотлогдов. Моникагийн хувьд энэхүү хайр сэтгэлийн холбоо нь дэлхий дахинд нэр алдраа дуурсгахад нэн хэрэгцээтэй алхам болжээ. Тэрээр хормын дотор дэлхийн бестсэллер болон хувирсан номыг танилцуулан дэлхийг тойрсон билээ. Энэ жил Левински “Хар-цагаан өнгөтэй Моника” нэртэй өөрийн тухай баримтат киног гаргаж олон саяын шагнал авчээ.
ХАМГИЙН ӨШ ХОНЗОНТОЙ НЬ
1993 онд Британийн Ерөнхий сайд Жон Мейжор болон Клер Латимер гэгч бүсгүй хоёр өөрсдийг нь нууц амраг гэж нэрлэсэн Британийн хэд хэдэн сонингийн газрынхныг шүүхэд өгчээ. Сэтгүүлчдэд ямар ч нотолгоо байгаагүй тул эхнэрийнхээ араар хэзээ ч тавьж байгаагүй гэж батлах Ерөнхий сайд болон хатагтай Латимер хоёр шүүхээр ялалт байгуулав. Гэвч есдүгээр сарын сүүлээр Мейжор ямартаа ч нууц амрагтай байсан нь тодорхой болов.
Үнэндээ энэ нь сэтгүүлчдэд тус болсонгүй. Учир нь түүний нэр нь Клер Латимер биш харин Эдвин Карри агаад тэрээр Их Британийн Эрүүлийг хамгаалах яамны сайдын албан тушаалыг хашдаг байв. Өнгөрөгч сарын сүүлчээр тэрээр The Times сэтгүүлд Ерөнхий сайдтай учир ургуулж явсанаа илэн далангүй нэхэн дурссан нийтлэлээрээ Британийг шуугиулж орхив.
Сонсоод байхнээ тэрээр үүнийг хуучин дарга буюу нууц амрагаасаа өшөө авах гэсэн цорын ганц зорилгоор хийжээ. “Энэ гичий манай намд элссэн өдрөөсөө хойш намын хувьд том асуудал болоод байгаа юм” хэмээн Британийн парламентын консерватив намаас сонгогдсон эмэгтэй хэлсэн билээ. Эдвинад Жон маш богино хугацаанд хөрөв. Хэдийгээр олон түмний нүдэн дээр Эдвинад тааламжгүй мэт хандлага гаргасан хэвээр байх авч тэдний холбоо дөрвөн жил үргэлжилжээ. 1997 оны сонгуулийн үеэр консервативчууд ялагдал хүлээгээд, хатагтай Карри өөрийн тойрогт сонгогдоогүй тухай мэдээгээр уншихад Мейжор бараг л алгаа ташжээ.
Эдвина Карригийн өс хонзон аймшигтай байлаа. “Хэзээ ч урьд өмнө Британийн улс төрчийн талаар Жон Мейжорын талаар ярьж байгаатай адилхан иймэрхүү гутамшигтай зүйл ярьж байгаагүй” хэмээн тэдний нэг найз нь хэлэв. Өөрийн дурсамжиндаа Карри Британийн Ерөнхий сайд түүний гэр дотор дан ганц дотоожтойгоо явж байсан тухай, хоёулаа цугтаа усанд орох ёстой хэмээн хэрхэн шаардаж байсныг хүртэл дүрсэлжээ. Түүнийг огтхон ч спортоор хичээллэдэггүй хэмээн зэмлэхэд тэрбээр хуучин хөл нь бэртэж байсан нь байнга садаа болдог хэмээн хэлдэг байжээ. “Тэгсэн атлаа тэр ямар ч амралтгүй гурван цагийн дотор өнөө ажлаа хийж чадаж байгаа юм даа” хэмээн Карри дурсамжиндаа бичжээ.
Хүн ийм гутамшигтай байдалд орох, амьдралынх нь хамгийн нарийн ширийн бэлгийн амьдрал олон түмний хүртээл болох гэдэг нь дан ганц Жон Мейжорын даван туулах зовлон биш билээ. Олон жил тэр шагналаас татгалзаж, өөрийг нь урьд өмнийн олон Ерөнхий сайд нарын нэгэн адилаар Британийн дээд шагналаар шагнана гэж найдаж байлаа. Харин одоо энэ найдвар талаар болов бололтой. “Болсон бүх явдлын дараа Жон Мейжор шагналын талаар мартсан нь дээр биз ээ” хэмээн төрийн шагнал хариуцсан засгийн газрын ажилтан ярьж байна. “Хамгийн муу нь Мейжорын талаар ярьж байхдаа тэр бол хатан хааны дээд шагналыг хүртээгүй экс Ерөнхий сайд төдийгүй түүний шагнал хүртэхгүй байх шалтгааныг эргэн дурсах болно” гэжээ.
Хэрэв Мейжор өөр хэн нэг бүсгүйг найзаараа сонгосон бол британичууд уучлах ч байсан байж магадгүй. Гэвч Эдвина Карри байнга өөрийн дураар ямар нэг дуулиант хэрэгт холбогдсон байдаг билээ. Хамгийн дуулиантай явдлын нэг бол онцгой эмэгтэйлэг харцаараа алдартай хатагтай Карри “Үтрээний монолог” хэмээн Ив Энслерийн дуулиант жүжигт тоглож байсан явдал юм.
Буруугийг нь эмэгтэйчүүд л үүрдэг нь ГУТАМШИГ...