Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Буур” аваргын нууц эрдэнэУншсан55,426

Ганц нэг шил юмны бөглөө мулталж, энд тэндхийн сонин хачинг хуучилж суух зуур охиныхоо нэг хүүг амтай аваргад “Буур” гуай аминчлан захижээ.

“Буур” аваргын нууц эрдэнэ

Бөх удам дагадаг гэдгийг Монголчууд даанч андахгүй. Бөх хүн хүүгээ бөх болно гэдгийг бүр андахгүй. “Буур” аваргынхаар аагаа амандаа багтааж ядсан Мөөеө аварга байсхийгээд буудаг байж. Ганц нэг шил юмны бөглөө мулталж, энд тэндхийн сонин хачинг хуучилж суух зуур охиныхоо нэг хүүг амтай аваргад “Буур” гуай аминчлан захижээ. Мэдээж, ирээдүйд бөх болно, шийрийг нь хатааж мэднэ гэж хашир аварга харж, найдаж хэлсэн нь тэр биз. Энэ хүү бол дархан аварга Г.Өсөхбаяр. Өсөх насанд нь түүнийг халираа болгочихгүйн тулд бага ноцолдуулдаг байсан гэдэг.

1990-ээд оны эхээр өндөр нуруутай, бяр тэнхээ ихтэй нэгэн хүүг тун ч чандлан нууж буй тухай ёстой даншгийн үеийн үлгэр шиг яриа өрнөж эхэлсэн юмдаг. Тэр хүүд гутлын үйлдвэрээр тусгайлан гутал хийлгэж өгч гэнэ ээ ч гэж яригдана. “Ирээдүйн аварга” гэж бараг барилдаж ч эхлээгүй залууг цоллох болсон нь Монголчууд үнэхээр бөхөө таньдгийн гэрч биз. Өсөхбаярыг бөхийн эрдэмд нэвтэрч, түмний хайрыг зөв дааж явахад П.Даваасамбуу гуай их үүрэг гүйцэтгэсэн. Ажил албаар хөлөө гадаа явахдаа энэ буурал бөх болчихоор хүүг сураглан очиж, өөрөө үзэж судалдаг зантай байж билээ. Энэ буянтай буурал Өсөхбаярыг бас бөхийн замд хөтөлсөн юм. Мөөеө аваргад захиж, Даваасамбуу гуайд хөтлүүлсэн хүү мөдхөн барилдаж эхэллээ. Бүгд түүний бие хаа, алхаа гишгээ, зан араншинг яг л гэр бүлийнхээ нэгэн хүн адил хүлээн авч, ирээдүйг нь тааж ядан байлаа. Ямар ч байсан энэ мундаг удамтай хүү өөрөө зөв явбал аварга арслан цолд хүрнэ гэдэгт эргэлзэх хүн тун цөөн байсан.

Харцагадаж дайрсан нь

1995 оны наадам. Гэлэгжамцын Өсөхбаяр улсын наадамд тав давж, начин цолны болзол хангалаа. “Буур” аваргын захиасыг биелүүлж Мөөеө аварга түүнийг ийнхүү улсын цолны босго алхуулсан нь энэ. Харин цаашид хэрхэн барилдах эсэхээ өөрийн хүч чадлаар шийдэг гэж хашир аварга харзнажээ. Ингээд зургаагийн даваанд Д.Сумьяабазартай таарлаа. Хийцтэй, туушхан барилдаантай Сумьяабазарыг харцагадаж тэврээд хариу мэхэнд нь тэссээр эрхгүй давлаа. Тэр үед зургаагийн даваа цолгүй байж. Ер нь энэ цолгүй даваа зарим бөхчүүдэд заан цолны хэр хол байдгийг ойлгуулж, ирийг нь мохоодог бол зарим нэгийнх нь ир зоригийг улам бадрааж, хүч тэнхээг нь мэдрүүлж өгдөг их учиртай хэрнээ цолгүй даваа байсан юм. Одоо заан цолд хүрэхэд ердөө ганц даваа.

Долоогийн даваанд түүнийг аанай л бөхийн агуу удамтай залуу хүлээж байсан нь Баянмөнхийн Гантогтох. Багаасаа барилдаж өссөн Гантогтох хий зайгүйгээрээ зартай бөх. Өсөхбаяр Гантогтохыг мөн л харцагадаж аваад арал чацаар ааглан давлаа. Харин Гантогтохыг унаад ирэхэд Баянмөнх аварга харцагадаж дайрсан хүнд хариу ямар мэх хийдгийг хар цагаан дуугүй газар дээр нь зааж өгсөн гэдэг. Ингээд Г.Өсөхбаяр улсын начин цолыг алгасан шууд заан цолд хүрлээ. Аргагүй л “Буур” аваргын удам, тун ирээдүйтэй бөх гэдгээ нотолсон нь энэ.

Б.Бат-Эрдэнэ аварга түүнийг заан болоход нь тахимаа өгөхийг хүсчээ

Их аварга Б.Бат-Эрдэнэ шинээр заан цолны болзол хангасан Өсөхбаярыг амласангүй. Үүнд нь Архангайн Батцэнгэлийн залуу үнэхээр их баярлаж, урам зориг орж буй нь аваргын араас шөвгийн дөрөвт барилдахаар гарах үед нь тодорхой харагдаж байсан.

Хожим Бат-Эрдэнэ аварга нэгэн ярилцлагадаа “Би тэгэхэд ийм сайхан залуу гараад ирлээ. Түүнийг амлаад тахимаа өгчихье гэж хүртэл бодож үзсэн. Энэ бодлоо Мягмар заанд ч хэлсэн. Гэтэл “Юу гэсэн үг вэ. Өөрөө цаашаа барилдахаа бод” гэж заан надад зөвлөсөн юм. Тэгж хэлээгүй бол би Өсөхбаярт өгчих байсан” гэж ярьсан удаатай. Үеийнхээ хоёр залууг арал чац, эр зоригоор ааглан давсан нь их аваргад их сэтгэгдэл төрүүлж, ингэж бодоход хүртэл хүргэж байсан хэрэг. Энэ наадмаас хойш хэдэн жил Өсөхбаяр зааны хий арилалгүй хэд хэдэн удаа доогуур даваанд шороодлоо. Зарим нэг нь “Бие тоочихож. Одоо ахихгүй ээ” гэж хүртэл ярина. Зургаан залуу заан энэ зуур бүрдэж, тэдний хоорондын тэмцэл Монгол бөхийг үлгэрийн мэт гайхамшигт орчинд умбуулж эхэллээ. Бие биеийнхээ араас дэрийтэл босч, дэвжээг эзэгнэн барилдах энэ гайхамшигт зургаан бөхөөс хэн нь их аваргын эдлээд сурчихсан түрүүг булааж, хэдэн жил сайн барилдах бол гэсэн яриа бөх сонирхогчдын бодол санаанаас сална гэж үгүй. “Буур” аваргын ахимаг насандаа тун сайн барилдаж байсныг тооцож, арал чацаар илүүг нь бодолцвол Г.Өсөхбаяр илүү өндөр цолд хүрж мэднэ гэж хашир улс хэлцдэг байж.

Ам мэх байсан уу?

Зургаан залуу заан ид байсан үеийн нэгэн наадмын өмнө Өсөхбаярын буй галд зорьж очлоо. Дүвчин заан түүний уяа сойлгыг тааруулж байсан үе юмдаг. Заантай уулзвал “Арслангаас яриа аваарай. Энэ арын гэрт байгаа” гэж хэлж байна. Өсөхөө арслан болоогүй байсан үе л дээ. Гэвч Дүвчин заан түүнийг энэ цолд хэзээ мөдгүй хүрнэ гэдэгт тэгтлээ итгэж байсан хэрэг. Арын гэрт орвол хойморт байрлуулсан том орон дээр Өсөхөө хэвтэж харагдана. Өмнө нь зассан ширээн дээр хоол хүнс өржээ. Гэрт нэгэн залуу морин хуур тоглож, харин Өсөхөө түүнийг тун шимтэн сонсож байж билээ. Өсөхбаярыг их өрөвч зөөлөн сэтгэлтэй гэж ярихыг олон сонссон ч морин хуурын аялгуунд тэгж их уярч байхыг харсан минь их содон сэтгэгдэл төрүүлсэн. Тэр жилийн наадмаар Өсөхөө арслан болоогүй юм. А.Сүхбат аргагүй л гол өрсөлдөгчдөө дараалан сөгдүүлсээр зургаан залуу зааны зулыг задраан арслан болжээ. Удаахь жил нь Сүхбат, Өсөхбаяр хоёр шөвгийн дөрөвт үлдээд ихэд маргаантай явдал болсныг бөх үзэгчид андахгүй. Таагүй дурсамжийг дурьдаад, яриад байх мэдээж таатай биш.

Гэхдээ тэр үед Сүхбат “Энэ наадмаар надад өгчих. Харин дараа нь би чамд хоёр жил өгье” гэж хэлсэн тухай яриа дэгдэж байсан. Үнэн эсэхийг бүү мэд дээ. Ингээд Өсөхбаярыг тээнэгэлзэж байх зуур А.Сүхбат хөлийг нь аваад цацаж гаргаж ирээд давчихлаа. Сүхбат ямар нэгэн гэм хийсэн юм шиг давсан хэрнээ Өсөхбаярын араас тэврээд хэсэг зогссон. Яг ингэхэд Өсөхбаяр тийрч орхилоо. Сүхбат эвхрэн унаж, харин цагдаа Өсөхбаяр руу дөхөж байгаа нь харагдана. Цагийн дараа дуут дохио хангинуулан эмнэлгийн тэрэг цэнгэлдэхэд ирж, Сүхбат буугаад зүлэг ногоон дэвжээндээ гарахад Өсөхбаяр очиж гар бариад цугласан олон руу гараа өргөн мэхийн хүлцэл өчсөн билээ. Сумьяабазараас наадмын дараахан ярилцлага авахад “Хэрвээ надад Сүхбат ямар нэгэн юм хэлсэн бол би “ху*” гэж хэлээд шулуухан барилдах байсан. Үгийг нь сонсож, хүлээдэг л буруу” гэж хэлж байсан нь санагдана. Монгол бөхөд ам мэх хэмээх ойлголт байдаг тухай Ж.Мөнхбат аварга ч энэ үеэр дурьдаж байсан удаатай. Болоод өнгөрсөн явдлын талаархи зөвхөн нэг л таамаглалыг ийн дурьдлаа.

Өндөр аваргад тулгарсан өндөр босго

2002 оны наадмаар Г.Өсөхбаяр заан цол хүртэхдээ давсан Гантогтохыг үзүүр түрүүнд дахин давж түрүүлснээр улсын арслан цол хүртсэн. Хэн ч үүнд гайхсангүй. Учир нь түүнийг улсын наадамд түрүүлэх цаг нэгэнт ирснийг бүгд мэдэрч байв. Харин хэдэн удаа түрүүлэх вэ гэдэг л сонирхолтой байлаа.  Г.Өсөхбаяр улсын их баяр наадмын түрүүг дөрвөнтээ хүртсэн. Хэдэн жилийн өмнө хууль өөрчлөгдөж, далай аварга гэх цол бий болсноор тав түрүүлж байж Дархан аварга болох учиртай байв. Урьд нь дархан аварга цолыг ийм өндөр босготойгоор буюу тав түрүүлж байж хүртсэн бөх үгүй. Гэтэл Өсөхөөд ийм өндөр босго тулж ирсэн. Арсланг Б.Ганбатыг үзүүр түрүүнд үлдэхдээ давсан бол тав түрүүлж, хэдэн жилийн өмнө дархан аварга цолоо дархлаад авчихаж болох байлаа. Гэвч Зургаан залуу зааны отгон нь болсон Б.Ганбат зоримог, шийдэмгий мэхээ хийж, Г.Өсөхбаярыг мордож дайраад давсан билээ.

А.Сүхбат зодгоо албан ёсоор тайлж, Ц.Цэрэнпунцаг барилдахаа больж, Д.Сумьяабазар төрийн хар хүн болж, Б.Гантогтох улсын наадмаа өнжих болсон цагт Б.Ганбат л өнөөх зургаан залуу зааны дотроос түүнтэй хамт барилдаж байлаа.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулснаар А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар хамтдаа нэгэн өдөр дархан аварга цолыг хүртсэн. Бөхөө арьсгүй мэдэрдэг Монгол түмэн Г.Өсөхбаярыг дөрөв түрүүлчихсэн, дархан аварга цолыг хүртэх эрхээ аль хэдийнэ хангачихсан гэж үзэж ирсэн нь ийнхүү хуулиар биеллээ олсон нь энэ юм. “Буур” өвөөгийнхөө буяныг дааж, олон түмний хайрыг хүлээсэн өндөр аварга маань улсдаа олон сайн тамирчныг бэлдэж, эх орныхоо нэрийг гаргахад жинтэй хувь нэмрээ оруулсаар байгаа билээ

Р.Гэгээ

aguulga.mn

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 11 сар 15. 20:35
Зочин

Энэ хvнийг чинь Нямдаваагийн Ганбаатар гэж хvн бøx болгосон юм шvv!Хvн дийлдэггvй урт нøxøр л байсан.Ганбаатар дасгалжуулагч 2хон жилийн дотор л шал ондоо болгосон.Учир мэддэг хvмvvc хэлэх л байх.

2020, 3 сар 11. 19:21
Зочин

ok

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]