Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Өрнө дорно тулсан ньУншсан59,514

Хүлэгү хаан Мөнх хааныг нас барсны дараа Хубилай, Аригбөх нартай өрсөлдөн хаан ширээнд суух бодолтойгоор исламын ертөнцөөс их цэргээ аван Хар Хорум буцаж байсан. Бат ханд ч гэсэн ийм боломж бол байсан.

Алтан ордны улсын түүх судлаач, доктор (Ph.D) Т.Сүхбаатар

 

ӨРНӨ ДОРНО ТУЛСАН НЬ

 

Монголчуудын заналт дайсан Кибчагийн удирдагч Котяныг хүн ардтай (40,000 иргэн) нь хөөн явсан Бат хан тэргүүтэй Монголын их цэрэг Оросын вант улсуудын зүгээс үзүүлсэн эсэргүүцлийг даран явсаар 1240 оны эхээр Европын хилд тулан иржээ.

 

Тухайн үеийн Европ нь пап болон эзэн хаадын хоорондох тэмцлийн улмаас эв нэгдлээ алдсан, нэгдсэн бодлого стратегигүй байжээ. Европын хаад болон пап лам Монголчуудын байлдан дагуулалтын талаар мэдэж байсан ч дорвитой арга хэмжээ авч чадаагүй юм. Европ руу Монголчууд ирэхгүй Оросоос буцах байх гэж бодож байсан нь алдаа болжээ. Харин Кибчагтай худ ураг болсон Унгарын IV Бела ван л Монголчуудын аюул заналын талаар Котянаас сонсож ойлгосон нь лавтай. Мөн Оросын олон ван ноёд гэр бүлийн хамт Польш, Унгарт толгой хорогдож байсан юм. Тэд Монголчуудын талаар бодит мэдээлэл өгсөн нь гарцаагүй юм.

 

 

 

Тэгвэл Бат хан хэдэн цэрэгтэй Европт нэвтрэн орсон бэ? Бат хан Европт цөмрөн орох үед түүний мэдэлд хамгийн ихдээ 40-50 мянга орчим цэрэг байсан гэж үзэх үндэслэл бий. Анх Орост нэвтрэн ороход 40-50 мянган цэрэг байсан бол урт удаан хугацааны Орост хийсэн ширүүн дайн байлдааны улмаас 1 түм буюу 10,000 орчим цэргээ алдсан байх магадлалтай. Мөн Мөнх, Гүюг, Бүри тэргүүтэй хан хөвгүүд Бат хантай муудалцан Монгол руу өөрийн цэргээ авч буцсан юм. Үүн дээр дагаар орогсод (Орос, Булгар, Кибчаг) болон олзлогдогсдыг нийлүүлээд хамгийн ихдээ 40-50 мянга орчим л цэрэгтэй байх магадлалтай. Легницийн тулалдаанд орос цэрэг оролцсон тухай баримт ч байдаг. Тиймээс 40-50 мянга орчим гэсэн тоог баримтлах нь зүйтэй биз ээ. Тэгээд ч “түмт” гэдэг ойлголт маань өөрөө их маргаан дэгдээдэг. Яг 10,000 орчим цэргийг түмт гэж нэрлэх нь бас оновчтой бус гэж үздэг.

 

Хэн хэн дайнд оролцсон бэ? Бат хантай хамт Булгар, Кибчаг, Оросыг байлдан дагуулахаар гарсан хүмүүсээс дараах хүмүүс Европт хөл тавьжээ. Батын ах Орду, дүү Шибан, Тангад, Цагадайн хүү Байдар, Өгэдэйн хүү Хадан, ач балчир Хайду (Рашид ад Дины зохиолд Хайдугийн нэр гардаггүй[1]), Мөнхийн дүү Бүжиг, Сүбээдэй, Бурундай Бүри (Оросын болоод Европын зарим сурвалж дээр Бүри Европт байсан тухай дурдагддаг)  нар хамт явжээ. Киевийн вант улсыг эзлэн авсны дараагаар их хаан Өгэдэйн тушаалаар Гүюг, Мөнх, нар өөрийн цэргийн хамт Монгол нутагтаа буцсан гэж үздэг. Байлдааны ерөнхий төлөвлөгөө, стратегийг Сүбээдэй баатар Бат ханы хамт боловсруулсан байна.

 

Үндсэн зорилго юу байсан бэ? Бат ханы үндсэн зорилго бол өнөөх кибчагууд л байсан. Хуучин нийгмийн соц үеийн марксист-ленинист үзэл сурталтай сурах бичиг, түүхийн ном зохиол дээрх эд баялагт шунан дурлаж дээрмийн аян дайн хийх зорилгоор Европт цөмрөн орсон гэдэг тархи угаасан зохиол өнөөг хүртэл амь бөх оршиж байгаа нь гайхалтай. Түүхийг одоо өөр өнцгөөс харах цаг нь болсон. Бид хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ?

 

Тухайн үеийн Европ бол түүхийн хамгийн харанхуй, шашны нөлөөнд хүчтэй автсан, эд баялаггүй хүйтэн үедээ байсан юм. Тиймээс европчууд эд баялгийн төлөө загалмайтны аян дайныг удаа дараа хийж байсан. Тэндээс Монголчуудын хувьд хүсээд байх эд баялаг ч байсангүй. Харин Мажарт цөмрөн орсныг зөвтгөх хангалттай шалтгаан байсан юм.

 

Бат хан Мажарын IV Бела ванд илгээсэн захианд ... Мажарын хаан (уг нь ван бөгөөд дипломат ёсны дагуу хаан гэж хүндэтгэжээ) чамайг Би чамд гучин удаа элч илгээхэд нэгийг нь ч буцааж явуулсангүй, өөрийн элчээ ч илгээлт бичгээ ч надад ирүүлсэнгүй, чи миний боол барлаг кумануудыг (кибчаг) ивээн тэтгэж байгааг чинь мэдлээ, куманууд чинь байшин барилгагүй, нүүж явдаг улс болохоор зугтан зайлахад амар байж мэднэ, чингэж ч магад, харин чи байшинд суудаг, цайз, хот олонтой болохоор миний гараас яаж гарна[2]..... гэх зэргээр өгүүлсэн нь хангалттай. Энэ захианд ч Бела ван хариу өгөөгүй. Энэ бол хангалттай шалтгаан яах аргагүй мөн.

 

IV Бела ван Котяныг 40 мянган цэргийнх[3] нь хамт өөрийн биеэр улсынхаа хил дээр очиж тосч аван хүндэтгэл үзүүлсэн явдлыг яагаад ч зөвтгөж боломгүй юм. Мажарын дотоодод Котяныг хүлээн авсан Бела ванг буруутгаж гай зовлонг өөр дээрээ дуудлаа гэсэн эсрэг хандлага хүчтэй байсан ч тэр огт авч хэлэлцээгүй юм.

 

 Өөр нэг баримт гэвэл Монголын эзэнт гүрний хаан ширээнд Гүюг суугаад ойролцоогоор 1246 онд Ромын хутагт хамба IV Иннокентийд бичсэн захидал 1920 онд Ватиканы архиваас олдсон бөгөөд түүнд Мажарт халдан орсныг зөвтгөх бүрэн шалтгаан бичигдэн үлджээ. Сийрүүлвээс... “Та нар надад бичихдээ, Монголчууд та нар мажарууд болон христ шашинтнуудын бүх газар нутгийг эзэллээ гэжээ. Тэд юуны учир буруутай болов, чиний яриад байгаа тэр хүмүүс чинь их зөвлөлөө хуралдуулж, ихэрхэг авирлаж, бидний явуулсан элчүүдийг хороожээ. Тийн учир мөнх тэнгэрийн хүчээр эдгээр нутаг орны хүмүүсийг алж устгасан болой.. гэж өгүүлснээс үзэхэд төрийн алтан аргамжаа болсон элчийг хороосон хэн бүхэн ялтай гэдгийг ахин дахин сануулсан хэрэг юм.

 

Польшийн хувьд Монголын шууд сонирхол байгаагүй гэж Оросын еврази үзэлт Г.В.Вернадскийн[4] өгүүлсэнтэй санал нэг байна. Ер нь төв болон өмнөд Европт ч сонирхол байгаагүй гэж үзэж болно. Харин Мажар бол төв Европт байрлалтай эргэн тойрон дахь улсуудад цохилт өгөхөд боломжтой, адуу мал бэлчихэд тохиромжтой тал нутагтай байсан. Үүнийг тэртээ найман зуун жилийн өмнө Аттилла хан бас л ашиглаж Европыг айлгаж байсан билээ.

 

Сүбээдэй баатарын боловсруулсан стратегийн дагуу кибчагууд орогнож буй Мажарыг дайлахын тулд их цэргийн баруун жигүүрт учирч болох бодит аюулыг зайлуулж Польш руу баруун жигүүрийн цэрэг орохоос ч өөр аргагүй байсан юм. Тиймээс Бат, Сүбээдэй нар өөрийн үндсэн гол хүчээ аван Мажарт цөмрөн оржээ.

 

Их цэргийн баруун жигүүрийг Байдар жанжин, Орду[5], нар удирдан 3 түм орчим цэрэгтэйгээр Польш болон Силезийн зүгт, Тевтоны хөлөг баатрууд, Чехийн ван Вацлав нарыг IV Бела ванд туслахаас сэргийлэх зорилгоор, зүүн жигүүрийг Хадан, Бүри, Бужиг нар 2 түм орчим цэргийн хамт удирдан  Молдав болон Трансильванийн нутагт халхавч хийн мөн л Бела ванд туслахаас урьтаж арга хэмжээ авах зорилгоор нэвтрэн оржээ. Эдгээр арга хэмжээнүүд нь Монгол цэргийн аяны журмын нэг хэсэг юм. Ер нь аяны журам нь алгинч, манлай, гол хүч, аяны хамгаалалт гэсэн үндсэн хэсгээс бүрдэж байжээ.

 

Эцэст нь Монголчууд Европт цөмрөн ороход дараах үйл явдлууд нөлөөлсөн гэж үзэж болно. Үүнд:

 

    Монголчууд Оросыг байлдан дагуулах явцад Бат ханы олон элчийг цаазлах тушаал өгч байсан Оросын олон ван, ноёдууд Польш болон Унгарт очиж оргонож байсан.

    Монголчуудын эртний өшөөтөн Кибчагийн удирдагч ван Котян 40 мянган өрхийн хамт Унгарын IV Бела хааны дэргэд толгой хорогдож байсан. Улмаар Котяныг тушааж өгөхийг шаардсан Монголын элчийг IV Бела хаан хороон цаазалсан.

    Тухайн үед Европт пап болон эзэн хаадын хооронд улс төрийн, шашны үзэл суртлын хагарал гарч Европ Монголчуудын эсрэг тэмцэх нэгдсэн удирдлага, эв нэгдэлгүй болоод байсан.

 

Бат ханыг Галиц-Волыний нутаг дахь байлдааны ажиллагаагаа дуусгаж явах үед Орду, Байдар нарын толгойн ангиуд тандан байлдах зорилгоор (зөвхөн толгойн ангиуд. Толгойн ангиуд үндсэн хүчнээсээ ямагт хүн хүчээр цөөн байдаг) Польшийн хилийг 1240 оны 1 сард цөмрөн орж Люблин, Завихост хотуудыг байлдан авч Рацибужид хүрч эргээд Висла мөрнийг гатлан гол хүчдээ нэгджээ.

 

Баруун жигүүрийн үндсэн хүч Сандомир хотыг 2 сарын 13-нд эзлээд Турскийн дэргэд Польшийн цэргийг бут цохижээ. 1241 оны 3 сарын 10-нд Висла мөрнийг дахин гатлан Кёльц хүртэл давшин 3 сарын 18-нд Хмельниковын тулалдаанаар бага Польшийн цэргийг бут цохин буулган авчээ. Цааш давшсан цэрэг 3 сарын 19-нд Торчкомыг буулгаж авснаар Краков хүртлэх зам чөлөөтэй болжээ.

 

Польшийн Краков хотын харуул үд дундын үед гэнэт хэсэг морьтон цэргийг холоос ажиглан харжээ. Гол гатлан ойртон ирэх үед л сайн санаа өвөрлөн ирээгүй хүмүүс гэдгийг мэдсэ харуулын цэрэг Краков хотын хамгийн өндөр цэг (54м) болох гэгээн Маригийн сүмийн цамхаг дахь цонхноос бүрээ үлээж түгшүүр зарласан боловч Монгол цэргийн харвасан сум түүний хоолойг оножээ.

 

Тэнд очиж үзсэн хүмүүсийн ярьж буйгаар хамгийн ойр голын захаас тэр сүм хүртэл 700 орчим метр байдаг гэнэ. Магадгүй Монгол цэргүүд шууд голын захаасаа харваагүй байж болно. Харуулын цэрэг бүрээ үлээн дохио өгч эхэлмэгц Монгол цэрэг мордож голын эргээс сүм хүртэл харвахад ашигтай байрлал эзлэхээр хэдхэн секундын дотор довтлон морин дээрээсээ харвасан байх (нэг биш нэлээд хэдэн цэрэг харвасан байх. Энэ нь тэр үеийн энгийн нэгэн тактик байсан). Тиймээс шууд голын эргээс харваагүй хэдхэн секундэнд ойртож болох хамгийн ойр зай нь 300 м орчим байсан байх. Мөн нэгэн зэрэг харвсан олон (нэг аравт харвасан гэж үзвэл) сумны нэг нь сүмийн жижиг цонхоор орж бүрээчнийг оносон байж таарна. Сүмийн гонхны цонхоор шагайж буй хүний царайг харах хэцүү ч харвах нь Монгол цэргүүдэд хялбар байжээ.

 

Польшийн Краков хотод өнөөдрийг хүртэл үд дунд бүрээн дуу эгшиглэж байгаад гэнэт тасалддаг. Уг үйл явдлыг жуулчид ихэд сонирхдог билээ. Зөвхөн Монгол цэргийн хамгийн хол харвадаг “болд ширхэгт нум” л гэхэд 300-500 метрт байгаа алдахгүй харваж чадна. Энгийн нум сум 200-300 метрт төвөггүй байгаа ононо.

 

Бүслэлт эхэлсэн ч Краков хот удтал тэссэнгүй 3 сарын 22-нд Монголчууд Краков хотыг эзлэн авч ард иргэдийг нь олзлон авчээ. Цааш давшин Сераз, Ленчиц, Куявийг, цаашаа өрнө зүг Силезийг зорьж Легниц (легниц, лигниц гэж янз бүрээр хольж бичиж байгаа учир анхаарна биз ээ) хүрчээ.

 

Легницийн тулалдаан

 

Бага Польшийн газар нутагт Монголчууд нэвтрэн орсон нь Европт айдас хүйдсийг дагуулсан юм. Тиймээс II Генрих ван эх орноо хамгаалах талаар уриалга гаргасан байдаг. Энэ уриалгын дагуу Польшийн өнцөг булан бүрээс дайчид рыцариуд, тариачид, хөлснийхөн, сайн дурыхан гээд бүгд Вроцлав хот руу цуглаж байлаа.

 

Бага Польш, Их Польшийн өмнөд хэсгийн дайчид Краковын воеводын ах Сулиславын удирдлага дор цугларч байсан бол Дээд Силезийн цэргийг Опполегийн Мечислав толгойлжээ. II Генрих ван өөрөө Доод Силезийн цэргийг захирсан байна. Чехийн ван I Вацлав II Генрих вангийн хүсэлтээр 40 мянган явган цэрэг, зургаан мянган морин цэрэг, авч түүнтэй нийлэхээр Силези рүү хөдөлсөн байна.

 

Силезийн нийслэл Вроцлавийг 4 сарын 2-нд бүслээд байсан Байдар, Орду нар Силезийг чиглэн ирж буй дайсны их цэргийн талаар олж мэдэн яаралтай зөвлөлджээ. Зөвлөгөөнөөр бүслэлтийг зогсоож I Вацлав II Генрих  нарыг хүчээ нэгтгэхээс нь өмнө таслан бут цохихоор болсон байна. II Генрих  ван I Вацлав ванг хүлээлгүй бие даан тулалдах зоримог ч гэмээр шийдвэр гаргасан байдаг.

 

Герман-Польшийн хилээс холгүй орших Легниц (Лигниц) хотын ойр орших Лигницийн талд 1241 оны 4 сарын 9-нд Байдар, Орду нарын цэрэг II Генрих вангийн цэрэгтэй тулалдсан юм. Тулалдааны гол зорилго нь Сүбээдэй жанжны тэргүүлсэн Бат ханы цэрэг Унгарын IV Бела вангийн цэрэг болон Австрийн Темплерийн ордений хүчинтэй тулалдах явцад (Мохигийн тулалдаан) баруун жигүүрээс хавсран цохигдох аюулыг зайлуулан сэргийлэх зорилгоор Польш, Германы нутагт цөмрөн орсонд байжээ.

 

II Генрих ван харин 60 мянга орчим цэрэгтэй болоод байсан юм. Тэрээр цэргээ таван зам болгон хуваажээ.

 

Нэгдүгээр замын цэргийг: Моравийн маркграф Дипольдын хүү Болеславаар удирдуулсан Германы уурхайчид бүрдүүлж байв.

 

Хоёрдугаар замын цэргийг: Сулиславын удирдсан Их Польш, Краковын цэрэг бүрдүүлж байв.

 

Гуравдугаар замын цэргийг: Мечиславын удирдсан Дээд Селези, Опполегийн цэрэг бүрүүлж байв.

 

Дөрөвдүгээр замын цэргийг: Их магистр Понсе д’Обон удирдсан Францын Тамплиер, Германы Тевтоны бүлгийн

 

Тавдугаар замын цэргийг: II Генрих ван толгойлсон Доод Силези, Польшийн цэрэг бүрдүүлж байлаа.

 

II Генрих ван хот сууринг чадмаг эзлэж чаддаг Монголчуудыг тал хээр газар дуудан авчирч тулалдах зорилго тавьжээ. Хүн хүчний хувьд ч илүү II Генрих вангийн энэ шийдвэр зөв ч байсан байж болох юм. Түүний гол найдвар бол Европ даяар алдартай байсан Тевтоны хүнд морин цэрэг болох рыцариуд байлаа.

 

Байдар жанжин өөрийн түмтийг аван эхлэн тулалдаанд орсон юм. Тэрээр тулалдааны өмнө дэлхийн цэрэг дайны түүхэнд анх удаагаа хулс, зэгс, өвс шатаан утаан хөшиг[6] тавьж цэргээ халхалан нуусан юм. Орду (Хайду) жанжин өөрийн түмтийг аван нөөцөнд, отолтод сууж байлаа. Ер нь Легницийн тулалдаанд Хайдуг оролцсон эсэх, түүнийг Европт байсан эсэх нь эргэлзээтэй маргаантай байдаг. Хайду бол Өгэдэй хааны ач юм. Түүний эцэг Хашин бол Өгэдэйн тавдугаар хөвгүүн билээ. Рашид ад дины өгүүлснээр эцгээсээ эрт өнчрөн хоцорсон Хайдуг Чингис хаан өргөөндөө өсгөсөн[7] гэвэл тэрээр Чингис хааныг амьд ахуйд нь 1225-1226 оны орчим төрж өрнийн их аян дайнд 14-15 орчим насандаа оролцсон гэх үндэс байна. Хайду өрнийн дайнаас буцан ирж хожим Хубилай хааны эсрэг дайтаж 1306 оны орчимд нас барсан. Судрын чуулганд өгүүлснээр түүнийг их урт насалсан гэж тэмдэглэжээ. Хайду шууд цэрэг захираагүй ч Орду, Хадан нарын дээр их хааны ач гэдгээрээ үргэлж ялгарч алдар гавьяаг хуваалцаж байсан гэвэл үнэнд ойр болох биз ээ.

 

Тулалдаандаа эргэн оръё. II Генрих ван эхэлж дайрсан бөгөөд тулалдааны явцад Монголын талаас Польш хэлээр “Biegajice, biegajice”[8] буюу “амь амиа бодоорой, зугтаарай” гэж хашгирч байсан нь тулалдааныг эмх цэгцгүй болгох гэсэн Монголчуудын байлдааны бас нэг арга заль байлаа. II Генрих вангийн тушаалаар хөдөлсөн хүнд морин цэрэг болох рыцариуд нь Монголын хөнгөн морин цэргийг шахаж амжилт олж эхэлсэн юм. Монголын хөнгөн морин цэрэг ухарч зугтах тактик хэрэглэсэн нь рыцариуд ялагдсан хэмээн араас нь цуварч нэхэж хөөх явцдаа отоонд сууж байсан Орду ноёны түмтэд хажуу талаасаа бут цохиулсан юм.

 

“Нохой хэрлэж нүүрэн дээр асгах гэсэн байлдааны тактик”  энэ байлаа. Энэ тулалдаанд Монголчууд аймшигт их дуу чимээ, утаа[9] гаргадаг нэгэн шинэ төрлийн зэвсэг хэрэглэж ялсан гэж зарим түүхэнд тэмдэглэсэн байна. Нүд хорсож хоолой гашуу оргиулсан энэ утаан зэвсгийг зарим судлаачид тэсрэх бөмбөг ч гэж тэмдэглэсэн байна.

 

 Хоёр жанжны цэрэг II Генрих вангийн явган болон морин цэргийг бүслэн бут цохисон юм. Энэ тулалдаанд европчууд 40,000 орчим цэргээ алдсан юм. Монголын тал 4000 цэргээ алдсан байна. II Генрих ван алагдсан нь европчуудад томоохон хүнд цохилт болов. Энэ тулалдаан Европын цэргийн урлаг, байлдааны стратеги тактикт томоохон өөрчлөлт болсон билээ. Энэ бол өрнө, дорны анхны том тулалдаан юм. Тулалдаан ердөө дөрөвхөн цаг үргэлжилсэн байна.

 

Ийнхүү Орду, Байдар нарын удирдсан Монгол цэргийн баруун жигүүр нь Польш, Силез, Моравийг амжилттай байлдан дагуулж Сүбээдэй баатрын боловсруулсан төлөвлөгөөг нэр төртэйгээр биелүүлжээ.

 

Мохийн тулалдаан

 

Бат хан 1241 оны 3 сарын 12-нд Карпатын “Оросын хаалга” хэмээх давааг давж  IV Бела вангийн тушаалаар байгуулсан бэхлэлт саадыг зайлуулан явсаар Мажарын тал нутагт цөмрөн оржээ.

 

 Хадан, Шейбан, Бүжэг, Орда нарын захирсан 30 орчим мянган цэрэг Молдаваас Унгарт цөмрөн орсон бол Байдар Мораваас Карпатын уулыг даван Унгарт цөмөрчээ. Ийнхүү Монголын цэрэг Унгарт хоёр замаар нэвтрэн орсон байна. Мажарын IV Бела ван 65 мянган цэргийн хамт Монголчуудыг Буда болон Пешт хотуудад хүлээж байжээ. Унгарт байсан Монгол жанждын нэрсийг Плано Карпини ийнхүү өгүүлэн бичсэн нь "Орду болбоос Польш, Бат, Хадан, Шибан, Бүрэн, Тангуд нар цөм Унгарт байсан[10]".

 

Бела ван  Бат ханы эсрэг язгууртны их чуулганыг хийж Монголчуудын эсрэг хамтран тэмцэх талаар хэлэлцжээ. Тэд юуны өмнө Бела ванд шахалт үзүүлэн Котяныг Бат ханд тушаан өгөхийг зөвлөсөн ч кибчаг эхтэй Бела ван зөрүүдлэн зүтгэсэн учир нь нэгдүгээрт Котянтай худ ургийн харилцаатай, хоёрдугаарт Котяны 40 мянган цэргийн хүчээр өөрийгөө дэмжүүлэх гэсэн санаа байжээ. Гэвч Мажарын ноёд хуйвалдаан зохион байгуулан Котяны амь насыг хороосон нь бүр нэрмээс болжээ. Удирдагчаа алдсан кибчагуудын 40 мянга орчим цэрэг  мажарын тосгон сууринг шатааж замд тааралдсан бүхнийг тонон дээрэмдэж галдан шатаасаар Балканы хойг руу хөдөлсөн байна. Ийнхүү Бела ван дотоод дахь маш том дэмжлэг бүхий хүчээ алдсан юм. Тэрээр Европын бусад улс орнууд болон Пап ламаас тусламж хүсээд байсан ч тусыг эс олжээ. Тэр бүү хэл Орос-Унгарын хамтарсан эвсэл байгуулах санал тавьсан Оросын Галиц-Волиныйн ван Данил Романовичийн саналыг ч хүлээн авсангүй.

 

1241 оны 3 сарын 15-нд Монголын цэрэг Буда болон Пешт хотыг бүслэн авч хотоос гарсан хэн бүхнийг устгаж байлаа. Бүслэлт удах шинжтэй болсон учир Бат хан Бела вангийн цэргийг өдөж хөдөлгөх арга хэрэглэн хотоос гаргаж чаджээ. Ээлжит амжилтгүй дайралтынхаа дараа ум хумгүй ухарч зугтсан Монголчуудыг Бела вангийн цэрэг Сайо гол хүртэл “баатарлагаар” нэхэн хөөжээ. Гэвч энэ бол занга байсан юм.

 

 Бат, Сүбээдэй нарын найруулсан төлөвлөгөөний дагуух тулалдаан 1241 оны дөрөвдүгээр сарын 9-нд Мохийн хөндий гэдэг газар, Шайо/Сайо голын хөвөөнд болов. Тиса болон Сайо хоёр голоор халхавч хийсэн Бела ван Монголын цэрэг зөвхөн ганц хамгаалалттай гүүрээр гарч ирнэ гэж тооцоолж томоохон хүчээ тэр зүгт хаяж, тэрэг холбон бэхлэлт байгуулан хориглосон байжээ. Гэвч Монголчууд 4 сарын 11-ний үүрээр Монголын инженерийн цэргүүдийн өмнө нь нууцаар барьсан байсан хиймэл гүүр болон тулам ашиглан голыг гатлан Бела вангийн 65000 цэргийг бүслэн авсан байна. Монгол цэргийн дуут сумны исгэрэх чимээнээр занганд орсноо ойлгосон мажарууд бүслэлтээс гарах гэж тун ч их хичээн баатарлагаар тулалдаж байсан юм. Тулалдааны явцад Монгол цэргүүд бүслэлтийн дундуур зориуд завсар гаргасанд мажарууд амьд гарах ганц боломж хэмээн найдан бүгд зүтгэсэн ч цаана нь Монголчууд отон зогсож гарч ирсэн бүхнийг харван устгаж байлаа.

 

Энэ тулалдаанаар Мажарын 56.000 цэрэг амь үрэгдэжээ. Мажарууд хүн хүчнийхээ 86 хувийг алдсан бөгөөд Монголын талаас 1000 гаруй цэрэг амь хохирсон гэж зарим судлаач тэмдэглэсэн нь бий. Хүнд чулуу харвагч, дарь, хиймэл гүүр зэрэг цэрэг байлдааны олон чухал арга хэрэгслийг унгарчууд болон тэдний холбоотнууд энэ тулалдаанд л анх удаа үзсэн юм. Европчууд хоёр өдрийн дотор 100 мянга гаруй цэргээ алдсан нь маш том гарз хохирол болжээ.

 

Ширүүн тулалдааны дараа Монголын цэрэг Буда, Пешт хотуудыг 4 сарын 29-30 нд эзлэн авчээ. Буда, Пешт хотуудын дараагаар 1241 оны дөрөвдүгээр сард Варадин, Арад, Перег, Егрес, Темешвар, Дьюлафехервар[11], Словакийн Банска, Штявница, Пуканец, Крупина[12] хотыг эзлэн авч баруун Словакийг 1241 оны арванхоёрдугаар сар хүртэл түйвээн сүйтгэсэн байна.

 

IV Бела ван амьд үлдэж гэр бүлээ авч Австрид зугтан очиж хоргоджээ. Хаданы цэрэг IV Белаг нэхсээр Хорват, Далмацийг эзлэн Адриатын тэнгисийн эрэгт хүрсэн бөгөөд улмаар зүүн урагш эргэн Серби, Болгарыг эзэлсэн юм. IV Бела хан Адриатын тэнгис (эцсийн тэнгис)-ээс эхлээд Кралевац, дараа нь Рабе арал дээр очиж амьд гарчээ.

 

Унгарыг шинээр төвхнүүлэх ажлыг эхлүүлж Унгарын эзэнт гүрний Дунайн цаадах нутгийг тойрог болгож хуваан тус бүрт нь захирагч тавьсан Бат цэргийнхээ нэг хэсгийг Хаданы араас илгээхийн хамтаар Австри, Италийг дайлах төлөвлөгөөгөө боловсруулж эхэлжээ. Польш болон түүний холбоотнуудтай дайтсан алдарт Легницийн тулалдаанд (1241 оны дөрөвдүгээр сарын есөн) ялж гарсан Байдар жанжин (Цагаадайн хүү) энэ үед Австрийн Вена хотоос 14 км зайтай Нойштадт хотын дэргэд хүрч ирээд байсан юм.

 

Байдар, Хадан нар 6 сарын 24-нд Чехийн Олмуц хотыг бүслэн хаагаад удалгүй цааш Бат ханы цэрэгтэй нийлэхээр орхин одсон байна. Энэ завсар Хадан хан Сербийн Свач, Дриваст, Рагуза, Каттаро, хотуудыг эзлэн авчээ. Хадан Бела ванг хөөх үндсэн зорилготой байсан учир зам зуур дайралдах зарим хотуудыг эзлэлгүй орхин одож байлаа.

 

1241 оны 11 сард Монголын их хаан Өгэдэй нас барж энэ мэдээ Бат ханд морин өртөөгөөр 1242 оны хавар хүрчээ. Бат хан Европт байсан цэргүүдээ цуглуулан нэгтгэж яаралтай нутаг буцсан байна. Алтан ордны улсын анхны аян дайн ийнхүү өндөрлөсөн бөгөөд Орос болон Европын ихэнх улсууд Алтан ордны эрхшээлд орсон юм. Европын бусад улс харин Монголчуудад эзлэгдэхээс ийнхүү аврагдсан байна.

 

Европоос Монголын цэрэг буцах болсон шалтгааныг түүхчид янз бүрээр тайлбарлаж ирсэн байдаг. Тухайлбал:

 

    Европын вангууд их папын тушаалаар хүчээ нэгтгэж Монголчуудад хүчтэй цохилт өгч эхэлсэн.

    Европын ард түмний баатарлаг эсэргүүцэл. Ялангуяа Чех, Унгарын ард түмэн.

    Оросын ард түмний баатарлаг эсэргүүцэл бослого хөдөлгөөнөөс болж ар тал нь хүндэрсэн.

    Монгол цэргийн хүчин чадал анх Европт орж ирснээсээ хойш нэлээд суларсан. Тухайлбал: Шайо болон Легницийн дэргэд болсон тулалдаанаас болж гэх мэтээр үзсэн байдаг.

 

Харин Бат хан Европоос буцсан шалтгаан бол цэвэр улс төрийн шалтгаантай байлаа. Бат ханыг ганц өмгөөлж хамгаалж байсан Их хаан Өгэдэй тэнгэрт хальж түүнд улс төрийн хувьд хамгаалж ивээгч түшиг тулгуур үгүй болсон юм. Бат хан бол алтан ургийн дотроо ахмад нь мөн их хуралдайд нөлөө бүхий хүн учир зайлшгүй буцах ёстой байсан. Оросыг байлдан дагуулах үед Гүюг, Аргасун, Бүри, нар түүнтэй муудалцаж Монголд буцаж ирээд хаан ширээнд сууж Батаас өшөө авах магадлал нэн өндөр байсан нь хожмын хэрэг явдлаас харагдсан билээ. Тиймээс ч Бат хан ямар ч үнээр хамаагүй Гүюгийг хаан ширээнд суухад нь саад болох ёстой байсан юм. Гүюг бол эцгийг залгамжилж хаан ширээнд суух нэлээд боломжтой хүний нэг байсан гэдэг нь хэн бүхэнд тодорхой байсан билээ. Хүлэгү хаан Мөнх хааныг нас барсны дараа Хубилай, Аригбөх нартай өрсөлдөн хаан ширээнд суух бодолтойгоор исламын ертөнцөөс их цэргээ аван Хар Хорум буцаж байсан. Бат ханд ч гэсэн ийм боломж бол байсан. Үгүй ядаж тэрээр Гүюг л биш бол өөр хэн ч байсан хаан ширээнд суухад нь дэмжих байсан юм.

 

Орос, Европын түүхчид их хаан нас барж Бат хан буцсан гэсэн шалтгааныг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд гагцхүү Орос, Европын ард түмний баатарлаг эсэргүүцэл, байгаль цаг уурын хүнд хэцүү нөхцөл Батыг буцахад хүргэсэн гэж олон жил ярьж бичиж, одоо ч гэсэн энэ үзэл бодлоороо зүтгэсээр байгаа билээ.

 

ЕВРОПТ ХЭРЭГЛЭСЭН БАЙЛДААНЫ СТРАТЕГИ, ТАКТИК

 

Монголчууд ямар нэгэн улстай дайтахдаа хүчээ ерөнхийд нь манлай, их гол, баруун, зүүн гар хэмээн хуваахаас гадна онцлог чухал чиглэлүүдэд стратегийн зориулалтаар тусгай замын түмтүүдийг томилон, туулан өнгөрсөн газруудын орчимд “Тамачин” цэрэг үлдээдэг байжээ. Тэрхүү тусгай замын цэрэг нь ихэвчлэн 2-3 түмтийн бүрэлдэхүүнтэй байна. Тэгэхдээ хүч, бүлэглэлүүдийн хоорондын харилцан ажиллагаа, уялдаа холбоог нарийн таацуулан зохицуулж,  анги салбарууд ямагт бие биенээ халхлан хамгаалсан байдалтай агаад шаардлагатай үед нэг нэгнээ дэмжин туслах, тодорхой чиглэлд богино хугацаанд хүч нэмэгдүүлэн хуралдуулах боломжтойгоор зохион байгуулдаг байсан нь илэрхий байдаг; Тухайлбал Бат хан европт гурван замаар цөмрөн орсон бөгөөд Байдар Польш Силезид цөмрөн орох, Хадан Мажарын нутгийг өмнөд хэсгээр нь бүслэн хаах, Бат хан Мажарын төв хэсгээр нэвтрэн орох төлөвлөгөөтэй байсан юм. Энэ стратегийн зорилт биелж европыг хэдэн хэсэгт хуваан хооронд нь хүчийг нь салган тус тусад нь бут цохисон юм.

 

Легницийн тулалдаанд л гэхэд байлдаан эхлээд удаагүй байхад үед гэв гэнэт Монгол цэргийн дундаас хэн нэгэн хүмүүс “Зугтаарай, зугтаарай!” гэж цэвэр польш хэлээр хашгичиж эхэлсэнд давшилтад орж байсан польш цэргүүд айн сандарч, зарим нь эргэж зугтан тулалдааны эрч нь саарч байсан гэдэг.

 

Хэрэв бүслэгдсэн дайсан амжилттай хориглож, түүний улмаас байлдаан сунжирч, ихээхэн хохирол учруулж болзошгүй төлөвтэй болбоос Монголчууд бүслэлтийнхээ аль нэг хэсгийг зориуд “сэтлүүлэн” зам тавьж өгөөд дайсан нь цувран гарч хэсэг хэсгээр салж давхих үед нь гэзэг даран хөөж бут цохидог. Энэ нь зууралдан байлдсанаас хавьгүй хялбар агаад үр дүнтэй байдаг бөгөөд дайсныг мэхлэн  цэргийг нь цуваргахыг “Сундаргах” гэж Монголын нууц товчоонд өгүүлсэн байна. Бат ханы цэрэг 1241 оны 4 дүгээр сарын 11-нд мажарын IV Бела вангийн гол хүчтэй Шайо голын хөвөөнд хийсэн тулалдааны төгсгөлд энэ аргыг хэрэглэж мажар цэргийг бүслэлтээсээ цувруулан гаргаж сундаргаад хэсэглэн тасалж бут ниргэсэн түүхтэй.

 

Бат ханы өөрийн биеэр удирдсан цэрэг Мажарт Эстергом хотыг эзлэхдээ чулуу урвуур, чөдөр оньс 30-ийг суурилуулаад хотыг өдөр, шөнө хоёр тасралтгүй харваж дайсны гол хүчийг дарсныхаа дараа сая дайран орж байсан гэдэг.

 

Монгол цэрэг цаг давчуу үедээ стратегийн ач холбогдол багатай хот суурин, цайз бэхлэлтийг бол тойрон өнгөрөх юмуу түр бүсэлж байгаад орхин одох нь ч цөөн бус байв. 1241 онд Польшийн Легница хотын дэргэд Европын шилдэг рыцариуд болон польш цэргийн нэгдсэн том хүчийг бут цохисон хэр нь хамгаалалтгүй үлдсэн Легница хот, замд байсан Рацибужийг дайралгүй орхин одсон ба Моравийг “цөлмөсөн” хэдий ч Оломуцийн хийд, Опава, Градищений хийд болон Чехийн олон хотыг мөн  эзлэлгүй орхин одсон байдаг. Түүний учрыг гадаадын судлаачид тайлбарлахдаа “тэд маш ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан учир хүчин мөхөсдсөн” гэж бичсэн байдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ Польш, Чехээр дайрсан Монголын баруун гарын цэрэг нь стратегийн төлөвлөгөө ёсоор Мажар, Кибчагийн нэгдсэн цэрэгтэй хийх шийдвэрлэх тулалдаанд хүрэлцэж очих цаг тулсан байсан тул саатах завгүй яаравчлан явсан хэрэг байсан байв. Хэрвээ үнэхээр л хүчин сульдсан байсансан бол Монголчууд Бела вангийн болон Кибчагийн нэгдсэн их цэргийг мөн л бут цохиж чадахгүй байх байсан билээ.

 

Бас Бат хан Мажарт Буда болон Пешт хотод хориглосон Бела вангийн цэрэгтэй байлдахдаа мөн л “Өдөж хөдөлгөх” аргыг хэрэглэн зургаан өдрийн турш зугтан нэхүүлсээр Шайо голын хөвөөнд авчирч бүслэн авсан байна. Тэгээд Мажар цэргийн салхин талаас утаан хөшиг тавихын сацуу  бүслэлтэндээ маш жаахан зай гаргаж “сэтлүүлээд”, тэр зайгаар гарч цувран сундарч явсан мажар цэргийг хэсэг хэсгээр нь таслан цохиж бүрэн устгаж байжээ.

 

Монголчуудын аян дайны нөлөөгөөр Европын цэрэг дайныг үзэл онол, стратеги, тактик тэр чигтээ өөрчлөгдөж цэргийн шинжлэх ухааны үндэс суурийг нь тавьж өгчээ.

 

Алтан ордны улсын түүх судлаач, доктор (Ph.D) Т.Сүхбаатар

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 4 сар 7. 9:49
Монгол

Загалмайтны аян дайныг дээрмийн аян дайн мэтээр илт гуйвуулан бичжээ. Яахав өөрийн түүхийг гоёчилж тодотгохын тулд ингэсэн байж болох ч бусдын итгэл үнэмшлийг мэдэхгүй байж юунд зорьж байсныг нь муйхарлах нь шившигтэй юм. Монголын түүхчид нь хүртэл жалга довны түүхчид биш байж агуу том хардагаараа бусдаас ялгарах хэрэгтэй шүү. Загалмайтны аян дайны гол зорилго нь Ариун Иерусалим байсан юм. Үүнийг өөрөөр будах гээд хэрэггүй.

2022, 1 сар 4. 4:38
ЗБолдооочин

Өөр шиг чинь барууныханы өмхий бөгс долоогч нараас болж үр хүүхэд минь барууны буруу сурталд автаж Монголоо алдаж байна

2021, 12 сар 6. 7:26
ЗочинБолд

Чи хаана гарч ирсэн загалмайтны үлдэгдэл вэ ариун Иерусалим гэж юугаа балайраад байна вэ одоо ч тэр ариун газарт учраа олохгүй дайтаж байгаа

2021, 3 сар 4. 22:18
Зочин

Тэнэг пизда шүү чи

2020, 8 сар 20. 0:20
Зочин

Худлаа иерусалимаа авах нэрийдлээр лалын олон гэмгүй ард түмнийг дээрэмдэж тонож алж хядаж байсан нь үнэн

2019, 4 сар 6. 17:36
Зочин

Europiin tuuhchid hoorhii talhaa olj idehiin tuld bas hudlaa shaadag l baih l daa

2018, 4 сар 5. 23:20
Зочин

Энэ мэт монголчуудын баатарлаг түүхийг дунд ахлах сургуулийн сурах бичгүүдэд оруулах ёстой түүхээ залуу үе сайн мэдэж эх орноо хайрлах ёстой

2017, 11 сар 15. 15:26
Зочин

Saihan thuuhiig surguuliin nom surah nichigt oruulmaar bna tuuhee medej baibal uls eh ornoo bairlaj surah bh gej bodoj bna ib sonirholtoi bla

2017, 4 сар 10. 7:27
Зочин

Маш сайхан түүх байна .Үүнийг дунд сургуулийн сурах бичигт оруулах хэрэгтэй .Түүхээ мэдэхгүй бол хэн болох билээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]