Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Монголын Эзэнт гүрэн дэлхийд хэрхэн нөлөөлсөн бэ?Уншсан18,318

Ранкер сайтад түүхийн ухааны доктор, профессор Женевиви Карлтоны бичсэн нийтлэлийг уншигчдадаа хөрвүүлэн хүргэж байна.

Бэлтгэсэн Б.Нямдолгор

Ранкер сайтад түүхийн ухааны доктор, профессор Женевиви Карлтоны бичсэн нийтлэлийг уншигчдадаа хөрвүүлэн хүргэж байна.


Монголын Эзэнт гүрэн дэлхийд хэрхэн нөлөөлсөн бэ?

Чингис хааны Монголчууд олон сая хүний амь насыг авч, хот тосгодыг юу ч үгүй болгож явсан аймшигт эзлэн түрэмгийлэгчид байсан ч гэлээ Монголын эзэнт гүрэн урт хугацааны энх тайвныг бас бий болгосон юм.  Бид Монголчуудыг өөрсдийнх нь эсрэг боссон хэнийг ч ялан дийлдэг хүмүүс байсан гэж боддог ч үнэн хэрэгтээ тэд гайхалтай тэсвэр тэвчээртэй удирдагчид байсан юм. Монголчууд өргөн уудам эзэнт гүрэндээ худалдаа, дипломат харилцааг хөхүүлэн дэмжсэн нь Торгоны замд худалдаа наймаа цэцэглэн хөгжих үндэс суурь болж өгсөн байдаг. Чингис хаан өөрөө эзэнт гүрэндээ өөр шашныг оруулж ирж, нутаг дэвсгэрийнхээ засаг захиргааг эзлэн авсан ард иргэдийнхээ гарт атгуулж байв.  Монголчуудын аялалд маш их ач холбогдол өгдөг байсан, алс хол замыг туулж байж зорьсон газраа хүрдэг байсан нь эргэлзээгүйгээр сөрөг нөлөөг үзүүлдэг байлаа. Эзлэн түрэмгийлэлт, зөрчил мөргөлдөөний хажуугаар Монголчууд Евразид булчирхайн тахал зэрэг өвчнүүдийг тараасан, энэ нь санаандгүйгээр 1348 оны Хар тахлыг үүсгэсэн байж мэднэ. Чингис хаан бусдын туслалцаагүйгээр нүүдэлчин отог омгуудыг нэгтгэн эзлэн түрэмгийлэх хүч болгон хувиргаж чадсан. Монголчууд нэг тулаанаас нөгөө тулаанд орохдоо морин цэргээрээ хэнтэй ч эн зэрэгцэхгүй гэдгээ харуулж, дайснаа отох тактик, яв цав байдлаараа шагшин магтагддаг байсан юм. Чингисийн эзэнт гүрэн 200 хүрэхгүй жил оршин тогтнож байгаад мөхсөн ч гэлээ Европ, Хятад, Ойрхи Дорнодын хэдэн зууны түүхэнд баларшгүй мөрөө үлдээсэн байдаг билээ.

Монголын элчийг Шах хөнөөснөөс болж Чингис хаан Хорезм улс руу довтлов

Өнөөгийн Зүүн Хойд Ираны Хорезмын улсын хил дээр Чингис Хаан эзлэн түрэмгийлэлтээ зогсоосон байж мэднэ. Хорезм улсын хааны  доромжлол Чингис Хааныг нутаг дэвсгэрээ тэлэхэд  хүргэсэн байдаг. Чингис Хаан өөрийн элчүүдээрээ дамжуулан “Би Мандан бадарч буй орны эзэн бол та сулран доройтож буй орны удирдагч. Нөхөрлөл, энх тайвны гэрээг хийцгээе” гэсэн утга бүхий  захидлыг Шах Мухамедад илгээжээ. 1219 онд элчийн захидлыг хүлээн авсныхаа дараа Хорезмын Шах Монголын худалдааны тэмээн жингийн цувааг үгүй хийсэн юм. Монголын удирдагч тайлбар шаардан дахин элчүүдээ илгээсэн ч Шах тэднийг хөнөөж орхив. Монголчууд үүний хариуд Шах Мухаммедыг бутниргэж Хорезм улсыг бүрэн эрхшээлдээ оруулж Перст хүрсэн юм. Эзлэн түрэмгийлсэн улсынхаа төрийн албан хаагч, шашин шүтлэгийг ашиглах тал дээр туйлын уян хатан ханддаг байсан нь Монголчуудын бас нэгэн онцлог тал байлаа.

Чингис хаан шиг өргөн уудам газар нутгийг эзэлсэн хүн түүхэнд байхгүй

Ердөө 25 жилийн хугацаанд Чингис хаан 400 гаруй жилийн хугацаанд эзэлсэн Ромын эзэнт гүрнээс ч өргөн уудам газар нутгийг өөрийн болгон эзэлж чадсан. Монголын Эзэнт гүрэн ойролцоогоор 19.3 сая км газрыг эзэлсэн байдаг юм. 100 мянган цэргээ ашиглан Чингис Хаан түүхэнд хамгийн том эзэнт гүрнийг бий болгосон. Чингис Хааны мэдэл дэх Монголын цэргүүд асар олон хүнийг нөгөө ертөнцөд илгээж, тариан талбайг хагалалгүйгээр орхин газрын хөрсийг эргүүлэн ой мод болгон хувиргасан. Байгальд нөлөөлөх хүний нөлөө багасав. Цаг агаарт ч нөлөө үзүүлж чадсан. Модод асар их хэмжээний нүүрс хүчлийн хийг өөртөө шингээдэг болохоор цаг агаар судлаачид хүн амын тоо буурсан нь дэлхийг хүйтрэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг юм.

Торгоны Замын дагуу илүү аюулгүй, илүү үр дүнтэй худалдааг бий болгож чадав

Монголчууд юмсыг сүйтгэхдээ тун сайн ард түмэн байв. Эзлэн түрэмгийлэлтийнхээ үед Чингис Хаан ойролцоогоор 37.5 сая хүнийг нөгөө ертөнцөд илгээсэн ч Монголчууд Ази тивийг бараг тэр чигт нь анх удаагаа нэгтгэсэн эзэнт гүрнийг бий болгосон байдаг. Pax Mongolica буюу “Монголын энх амгалан” нь Торгоны Замаар худалдаа наймаа хөгжин цэцэглэх боломжийг олгосон юм. “Торгоны Зам”-ыг тэр чигт нь нэг хүн удирдсан нь худалдааны замыг урьд хожид байгаагүй тайван, аюулгүй болгожээ. Цул алт ачсан залуухан бүсгүй эзэнт гүрний нэг захаас нөгөө зах хүртэл дээрэм тонуулд өртөлгүйгээр аюул осолгүй явж хүрдэг гэдгээр Монголчууд бахархдаг байсан гэж сурвалж бичигт тэмдэглэн үлдээсэн байдаг.

Тахлыг Азиас Европ тивд тараав

Монголын Юань Гүрэн Хятадыг удирдан засаглаж байх үед Хятад улсад тахал дэгджээ. Өвчин гарснаас хойш 3 жил өнгөрөхөд Хэбэй мужийн нийт хүн амын 90% үгүй болсон байлаа. Торгоны Замыг Монголчууд хамгаалж байсан нь тахлыг цааш түгэн дэлгэрэхэд тусалсан гэж егөөдөж болох юм. Тэмээн жингийн цуваагаар дамжсан тахал Ойрхи Дорнодын худалдааны төвүүдэд дэлгэрчээ. Египетийн эрдэмтэн Ал-Мазрики “Сүргийг бэлчээрлүүлж байхад мөн улирлын чанартай нүүдлийн үеэр зун, өвлийн лагерь дахь 300 гаруй омог ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр үгүй болсон” хэмээн тэмдэглэн үлдээжээ. 1347 онд Хар Тэнгисийн Крымийн хойгт орших Генуягийн худалдааны үндсэн боомт  болох Каффа хотод Монголын Алтан Ордны Улс бактерлогийн дайн явуулсан юм. Италийн хуульч Габриеле де Муссисын хэлсэнээр Монголчуудын удирдагч “Өвчнөөр өөд болсон хүнийг харвуурт байрлуулан түүнийгээ хот руу давуулан шидэхийг зарлигдсан” ажээ. Удалгүй Татаруудын тараасан тахалд цэргүүд өдөрт мянга мянгаараа нэрвэгдэж эхэлжээ. Каффа хотоос усан замаар Итали руу зугтсан Генуячууд өөрсдөө хэдийнэ тахал туссан ба удалгүй Европ тэр чигээрээ нэрвэгдсэн юм.

Дайснууд нь Монгол цэргийн тактикт үргэлж хууртдаг байв

Гайхширмаар олон тактикаа ашиглан Монголчууд үргэлж л дайснуудаа бутниргэж, маш бага хохиролтойгоор цуут ялалтуудыг байгуулдаг байлаа. Тэд давжаа биетэй, чийрэг агт морь, хөнгөн хуяг дуулга, нум сумандаа найддаг байсан юм. Тухайн үед байсан бүх цэргийн хүчнүүдээс хамгийн хол газар, хурдтай маневрлах чадалтай Монголын морин цэргүүд нэг өдөрт л 160 км хүртэлх хол замыг туулдаг байжээ. Байлдааны үеэр Монголчууд ухарч байгаа дүр үзүүлэн дайснаа хуурах аргыг гаргууд сайн ашигладаг байв. Цөөхөн хүнтэй морин цэргүүд дайсан руугаа довтолж, сүйтгэж хаяад зугтаана. Дайсан дайралт хийхэд энэ тактик нь тэднийг отолтод оруулна. Энэ техник нь Монголчуудыг дэлхий дээрх хамгийн агуу эзэнт гүрнийг бий болгоход тусалсан юм.

Шашны чөлөөт байдлыг хүлээн зөвшөөрөв

Удирдагчийн хувиар Чингис Хаан эзэнт гүрэндээ шашны эрх чөлөөг зарлан тунхаглаж Бурханы шашин, Христийн шашин, Мусулман шашинтнуудтай газар нутгийг захирч байсан юм. Шашнуудыг хааж боох нь шинэ Монголд дайсагналыг үүсгэж байсан болохоор Чингис Хаан шашны эрх чөлөөг албан ёсоор хангасан байдаг. Эзэнт гүрний хэмжээнд шашны тэргүүнүүдийг татвараас чөлөөлж, хэн ч ямар ч шашныг шүтэж болдог байлаа. Агуу Эзэнт гүрнээ удирдахын тулд Чингис Хаан олон шашинд нэвтэрхий мэргэн зөвлөхүүдийг өөртөө ажиллуулдаг байв. Эзэнт гүрний нийслэл Хархорум хотод хүн бүрийн шашин шүтлэгийг бодолцон үзэж Христийн сүм, Бурханы шашны хийд, Лалын шашны сүмийг нээлттэй байлгадаг байсан юм.

Чингис Хаанаас өмнө Монголчууд маргаантай нүүдэлчин омгууд байв

Монголын Эзэнт гүрний ер бусын тэлэлт нь эхэн үедээ боломжгүй юм шиг харагдаж байжээ. Төв Азийн хээр тал өөр хоорондоо тулалдсаар ирсэн олон арван нүүдэлчин омгуудад хуваагдаж байсан юм. Чингис Хаан байгаагүй бол Төв Азийн хээр тал нутаг өнө үүрд хуваагдмал хэвээр үлдэх байсан биз ээ. Өөрийнхөө төрөл саднуудыг тушаал дэвшүүлэхийн оронд Чингис Хаан сод авьяастай, гарамгай хүмүүсийг дээш гаргаж, улсынхаа удирдлагыг шилдэг, чадварлаг хүмүүсээр дүүргэсэн. Дайсны талын удирдагчдыг цохиж дагагчдыг нь өөрийнхөө овогт элсүүлэн авдаг байв. 1205 он гэхэд Чингис Хаан Монголын отог омгуудыг нэг захиргаанд оруулан шинэ хууль цаазыг мөрдүүллээ. Монголчууд үүнээс хойш охид эмэгтэйчүүдийг худалдаж, олзлон, нэг нэгнээ боолчилж, 5 хошуу малыг нь булааж болохгүй боллоо. Чингис Хаан бичиг үсэг зохиож, дипломат халдашгүй эрхтэй гадаадын элчин сайдуудыг урьж авчран нэг сая хүн амтай өөрийн нутаг дэвсгэртээ шашны эрх чөлөөг олгосон юм. Азийн тал хээр нутагт суурьшиж байсан Монгол, Татарын омгуудыг нэгтгэснийхээ дараа л Их Хаан өөрийн анхаарлаа Хятад, Орос, Перс болон Европыг эзлэхэд хандуулсан байдаг.

Европчуудын хүнд хуяг дуулгад найддаг байдлыг Монголын тактик өөрчлөв

Монголын хөнгөн морьт цэргүүд Азийг өөрийн болгож байхад Европын хүнд хуягт цэргүүд эхэндээ дайснуудаа шоолон инээлдэж байсан юм. Дундад Зууны Европын арми хүнд хүнд жинтэй хуяг дуулга өмссөн цэргүүд, тэднээс ч илүү их жин татахуйц хуяг дуулгаар хамгаалагдсан хүчирхэг агт морьдтой байв. Ийм европчуудад намхан, пагдгар Монгол морьд төдийлөн таалагдсангүй. Гэхдээ тэд тулалдах явцдаа Монголчуудын давуу талуудыг төвөггүй ойлгосон байна. Монголчуудын хойшоо тахийдаг нум нь ямар ч хүнд хэцүү нөхцөлд  хол зайг туулан дайсны цэргийг онох чадвартай байлаа. Морьтон Монголчууд дөрөө ашиглан аль ч зүг рүү тэр бүү хэл хойшоо эргэж ч сумаа тавьж чадна. Жижиг биетэй морьд хуягласан цэргүүдийг тойрон давхидаг байсан ба Монголчууд дайсныхаа морьдыг унагаж дээр нь сууж байгаа хуягт цэргүүдийг явах газаргүй болгохыг нэн тэргүүнд тавьдаг байжээ.

Дэлхий даяар олон залгамжлагч гүрнүүдийг байгуулав

Монголын нэгдсэн эзэнт гүрэн Чингис Хаанаас хойш ч оршин тогтносоор л байсан билээ. Азийн ихэнх хэсгийг байлдан дагуулсаныхаа дараа Чингис Хаан өөрийн дөрвөн хүүгээ  4 зүгт илгээв. Ахмад хүү Зүчи хойд зүгт Орос руу явж Алтан Ордны Улсын үндэс суурийг тавив, бага хөвүүн Толуй өмнөд зүгт Багдад  руу (энд эрдэмтэн ташаарсан бололтой.ред), Өгөдэй Хаан төв Монголынхоо газар нутгийг захирсан бол Цагадай Төв Азийг  удирдсан юм. Чингис Хааны ач хүү эцэстээ Юань гүрний Эзэн хаан Хувилай бүх Хятадыг эзлэн улсдаа нэгтгэсэн юм. Ойрхи Дорнодын Ил Хант Улс Исламын шашинд орсон бол Цагадайн Хаант улс гэх зэрэг бусад хаант улсууд цааш задран бутарч явсаар “Монголын энх амгалан” төгсгөл болсон юм.

Монголчуудыг ялсан нь япончуудын Үндэсний бахархал болов

1274, 1281 онуудад Хувилай хаан цэргүүдийнхээ хамтаар Япон улс руу довтлов. Хэдэн мянган усан онгоц, 100 мянга гаруй цэргүүдээ дагуулан Японыг буулган авахаар Хятадын зүүн тэнгисийг гаталсан ч  Японы эзэнт гүрэн ялагдаагүй юм. Тулаануудын үеэр далайн хар салхи гарч Монголын усан онгоцуудыг үгүй хийн цэргүүдийг нь устгасан байдаг. Домогт өгүүлсэнээр Японы Эзэн Хаан “камиказе” буюу “тэнгэрийн салхи”-ийг урин залсаны хүчинд Монголын Эзэнт гүрэнд ялагдаагүй ажээ. Хоёронтаа ялагдал хүлээсний эцэст Хувилай Хаан Япон улс руу дайрахаа зогсоожээ. Олон түүхч эдгээр түүхүүдийг Дэлхийн Хоёрдугаар Дайны үеийн Японы суртал ухуулга байсан болов уу хэмээн эргэлзэнгүй өнгө аясаар ханддаг ч саяхан явагдсан археологийн нэгэн судалгаагаар том хэмжээний хоёр далайн хар салхи 13-р зуунд үнэхээр хохирол учруулсан болохыг тогтоогоод байгаа ажээ.

Мин Гүрэн гадны нөлөөг эсэргүүцэх болов

Хятадыг эзэлж авсан Монголчууд Юань Гүрнийг байгуулж, Хятадын эсрэг хатуу арга хэмжээ авах болсон байдаг. Алс тэртээх Европ, Ойрхи Дорнод, Дундад Азиас түшмэл зөвлөхүүдийг урьж авчран төрийн албанд ажиллуулдаг байсан болохоор Хятадууд өөрийнхөө улс орныг удирдаж чадахгүйд хүрсэн юм. Оронд нь гадаадууд хааны шүүхийг бий болгож, иргэний захиргааг (civil office) ажиллуулан цэрэг дайчдыг нь удирдах болов. Хятадын нэгдмэл байдлыг сулруулж, бослогын тоог багасгахын тулд шинээр хууль батлав. Хятадын зэр зэвсгийг хураах, Монгол Хятад хүнийг хооронд нь ялгаварлах зэрэг хууль тогтоомж баталж байсныг энд дурдаж болно. Юань Гүрний эсрэг өнө удаан жил  гарч байсан бослого 1370 онд л амжилт олж Мин гүрэн хэмээх цоо шинэ Хятадын улсыг бий болгосон юм. Мин гүрэн эхэн үедээ Монголчуудыг хоёр дахь удаагаа эзлэн  түрэмгийлэхээс сэргийлэн цэргийн хүч, бэлэн байдлаа сайжруулж байв. Монголчуудын хийдэг арилжаа худалдаанаас авахаа болих уламжлалт аргаа ашиглан тусгаарлах үзлийг баримталж эхэлсэн байдаг.

Монголчууд Европын судлаачдыг дэмждэг байв

“Монголын энх амгалан”-гийн үед олон улсын худалдаа хөгжин цэцэглэв.  Анх удаагаа нэг хүчин дангаараа Торгоны Замыг удирдаж байсан нь бараа бүтээгдэхүүний үнийг хямд болгоод зогсохгүй өмнө нь байснаас хамаагүй аюул багатай болгосон юм. Европоос ирсэн олон тооны худалдаачид анх удаагаа Торгоны Замаар аялав. Тэдний нэг нь болох Марко Поло Монголын удирдагч Хувилай Хаантай биечлэн уулзаж Дорны эд баялгийн талаарх олон сайхан түүхийг Европ тивийнхэнд хүргэсэн байдаг билээ. Марко Пологийн аян замын тэмдэглэл ихэд алдаршсан юм. Монголын Эзэнт гүрний уналт доройтол Торгоны Замыг дахин аюултай болгосон болохоор Европын судлаачид Хятадад хүрэх шинэ арга замуудыг хайж олоход хүрсэн.  Газарзүйн их нээлт хийсэн Христофер Колумб Атлантын далайг гатлан явахдаа Марко Пологийн аяны тэмдэглэлийг уншиж явсан гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]