Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хубилай хааны сархдын хаш бумбаУншсан11,463

Бэйхай цэцэрлэг дэх Монголын түүх соёлтой холбогдох нэг томоохон дурсгал бол энэхүү Дүгрэг хотод хадгалагдаж байдаг Хубилай хааны сархадын хаш бумба мөн.

 

Бээжин хотын төв дунд орших Бэйхай цэцэрлэгийн өмнө хэсэгт Туаньчэн буюу Дүгрэг хот хэмээн нэрийдсэн нэгэн дугуй хэрэмт цэцэрлэг байх бөгөөд XIII зууны үед энд олон орд харш, сүм хийд байснаас өнөөдөр зөвхөн ганц нь үлджээ. Тэр бол тухайн үедээ тэнгэр эрхэсийн явдлыг шинжих, од гаригсыг дурандах, зурхайн зурлага зурах зориулалт бүхий Одон орны оргил байсан, өнөөдөр ганцхан дуган үлдсэний дотор Балбаас Манжийн хаанд бэлэглэсэн Цагаан хаш Будда бурхны сэрэг дүрийг залан байрлуулжээ. Монголын Юань улсын хаад энд хаант төрийн аливаа ёслол хүндэтгэлийн зан үйл, их хурим найр хийж, элч төлөөлөгчдийг хүлээн авдаг байжээ.

Энэ тухай Марко Поло бичихдээ: “Их хаан ордондоо чуулган зөвлөгөөн хийх, найр хурим хөгжөөх үед хэн хэрхэн, хаана, ямар байранд, яаж суудаг талаар өгүүлбэл: Их хаан өөрөө их танхимын хойморт өндөр сэнтийд өмнө зүгт харан заларна. Их хатан, хааны зүүн гарт сууна. Баруун гар талд нь хааны сэнтийгээс нэлээд намхан сэнтийд хан хөвгүүд насныхаа эрэмбээр дэс дараалан сууцгаана. Хаан ор суух хүү Чингим нь бусдаасаа арай өндөр сэнтийд заларна. Тэдний дараа эгнээнд хааны ач нар болон алтан ургийн ахан дүүс сууцгаана. Тэдгээр ихэс ноёдын толгой нь хааны хөлийн орчимд байхаар суудал сэнтийг зассан байдаг. Тэдний араар хаад, ноёд болон бусад язгууртан дээдэс зэрэг дэвийнхээ дэс дарааллаар сууцгаана. Хааны хатад, охид, зээ, бэр, бэргэнүүд мөнхүү эрчүүлийн суусан дэс дарааллаар хааны зүүн гар талд сууцгаана. Ноёдын суудал, хоолны ширээ болон ордны доторх бүхнийг их хаан тов тодорхой харж болохоор байршуулсан байдаг. Бүх ноёд дээдэс өөрийн гэсэн тусгай суудалд заларна уу гэвэл бас үгүй, ингэж суух эрхтэй, гэрэгэтэй ноёд л тусгай суудалд заларна.

Ордны их танхимын гадна талд дөчин түмэн илүү зочид гийчид хуран цугласан байдаг. Их хаан залрах их танхимын голд гурван алд урт, гайхамшигтай нарийн ур хийцтэй, элдэв амьтан араатны дүрс сийлэн алтдаж гоёсон гонзгой дөрвөлжин, идээ ундааны ширээ зассан байх. Ширээний голд домбон хэлбэртэй асар том шижир алтан савыг дарсаар дүүргэн тавьсан байх. Ширээний дөрвөн өнцөгт тус бүр нэг торхны багтаамжтай вааранд сүү(айраг), тэмээний сүү(хоормог) болон бусад ундаа сөгнөн тавьсан байна. Их хааны өмнөх ширээн дээр төрөл бүрийн алтан сав суулгатай дарс, ундаа сөгнөсөн байх. Том ширээн дээрх алтан савтай дарснаас тус бүр наймаас арван эрчүүлд элбэг хүрэлцэхүйц багтаамжтай алтан саванд юүлж түүнийгээ хоёр эрийн дунд сөгнөнө. Тэдгээр эрчүүдэд амсар дүүртэл дарс хундагалсан сэнжтэй алтан аяга бариулна. Хатад бүсгүйчүүдэд мөн ялгаагүй дарс хундагалсан алтан аяга бариулна. Дарс хундагалдаг эдгээр алтан аяга, сав суулга бүгд маш их үнэтэй эд билээ. Найрын ширээнд идээ ундаа түгээн үйлчлэх зөөгчид маш эелдэг шуурхай, аажуу тайван, өөртөө итгэлтэй хүмүүс байх. Идээ ундаа зөөн түгээх хүмүүс бүгд алтан саатай торгон алчуураар ам хамраа таглан боосон байх нь зочид гийчдэд түгээж буй идээ ундааг амьсгалаараа бохирдуулахгүй гэсэн санаа билээ.       

  Найрын ёс жаяг, дэг журмыг чандлан сахиулах, хоцросон болон шинээр ирэх зочид гийчдийг байр суудалд нь тухлуулах, хаана хэнд юу хэрэгтэй гүйцэлдүүлэх үүрэгтэй тусгай ноёд хүмүүсийн дундуур байнга нааш цааш сүлжилдэн хэнд юу хэрэгтэйг асууж лавлана. Зочид гийчид дутаж гуцсан зүйл байх аваас тэдний хүсэл, захиалгыг үтэр түргэн гүйцэлдүүлж хэрэгтэй бүхнийг авчирч өгнө. Танхимд орох хаалга бүрийн хоёр талд мөн их хаан очих, орж гарч болзошгүй газар болгонд бэрээ барьсан хоёр өндөр чийрэг эрийг харуулд зогсооно. Энэ нь хэн нэгэн зочин гийчин хаалганы босго гишгэх, босгонд тээглэхээс сэргийлэн хамгаалж буй хэрэг билээ. Босго гишгэх, босгонд бүдрэх нь татаруудын хувьд гаргаж болшгүй омтгойлол төдийгүй бузар нүгэл гэнэ.

Их хаан ширээ дүүрэн өрсөн дарс, ундаанаас уухаар зэхмэгц сөнч хаанд аяга дүүрэн дарс өргөн барих бөгөөд хаан суудлаасаа босч гурван алхам урагшлан өвдөг нугалан сөхөрч мөргөл үйлдээд уухад танхим дахь бүх хүн түүний үйл хөдлөлийг даган давтаж номхон хүлцэнгүй болон сүсэг бишрэлийн жишиг үзүүлнэ. Үүний дараа хаан дарсаа ууна. Хааныг дарс уух бүрийд дээрх ёслол заншлыг үйлдэнэ. Их хааны найр хуриманд ирсэн ноёд дээдэс зөвхөн авааль гэргийгээ дагуулж ирдэг. Энд өрж тавьсан идээ будааг нэрлэн тоочих аргагүй олон бөгөөд элбэг хангалуун болой. Их хаан болон уригдаж ирсэн зочид гийчид хооллож ундалж дууссаны дараа их танхимыг зайцуулан зарлагч, уран нугараач, саваачлагч тэргүүтэн олон авьяаслаг жүжигчид, бүжигчид, дуучид өөр өөрийн ид шид, ур ухааныг үзүүлэн зочид гийчдийг баясуулан цэнгүүлнэ. Зочин гийчин бүхэн их хааны дэргэд найрлан цэнгэж, хамтдаа уран сайхан үзүүлбэр үзсэндээ сэтгэл хангалуун, баяр басгалантай инээж наргин хөөрнө. Энэ бүхэн дуусмагц зочид гийчид гэр гэрийн зүг одмуй” гэсэн байдаг. Роналд Лэйтхэм “Марко Поло аялал” Орчуулсан О.Бүрэнжаргал, Улаанбаатар, 2012 он, 197-200-р тал.   

Бэйхай цэцэрлэг дэх Монголын түүх соёлтой холбогдох нэг томоохон дурсгал бол энэхүү Дүгрэг хотод хадгалагдаж байдаг Хубилай хааны сархадын хаш бумба мөн. Хятад улсын төрийн хамгаалалтад оруулсан байдаг түүх, соёлын дурсгалт газар, эд зүйлсийн жагсаалтын нэгдүгээр зэргийн чухаг нандин дурсгалд багтдаг энэ сархдын хаш бумба нь бидний ойлгож байгаагаар анхандаа айраг сөгнөх зориулалттай байсан бол уу гэмээр байдаг. XIII зууны үед монголчуудын гол идээ ундааны нэгд айраг тооцогддог байсан тухай түүхийн бичиг сударт олонтаа тэмдэглэгдсэн байдаг билээ.

Тийм ч учраас гүрнийг эзлэн захирсан их хаанд харьяат албатууд нь өргөл барьц өргөн хаан ширээнд өнө батад залран харц ардуудаа үүрд ашид амгалан жаргуулахыг бэлгэдэн ерөөн энэхүү хаш бумбыг урчууд дархчуудаар үйлдүүлэн айраг цэгээ сөгнөн барьсан буй заа. Тэгээд ч 1265 оны үед Хубилай хаан Бээжинд нийслэлэн ирээгүй, харин Өвөр Монголын Шилийн гол аймгийн нутаг Шулуун хөвөөт хөх хошууны нутагт агч шинэхэн байгуулагдсан Дээд нийслэл Шанду балгаст сууж байсан цаг билээ. Харин хожим нь их гүрний нийслэл Бээжинд шилжин очиж, хаан төр, хааны ордонд нүүдэлчин малчин ард түмний өнгө аяс багасч, дотор газрын өнгө аяс давамгайлах болоод идээ ундаан ч мөн тийм болж ирэхэд уг хаш бумбанд айраг биш, сархад сөгнөх нь илүүтэй болсон буй заа.

3.5 тонн жинтэй, 4 метр орчим диаметртэй, 70 см өндөр, нэгэн цул ногоон хаш чулуугаар урласан энэхүү хаш сөн бумбаны ур хийц гайхамшигтай бөгөөд нүүдэлчин ард түмнүүдийн уламжлалт дүрслэх урлагийн өнгө аясыг илтэд тусган илэрхийлсэн байгааг төвөггүй харж болно. Өвөр Монголын эрдэмтэн Н.Чойравжайн “Дай Юань улсын нийслэл Дайдугийн судлал” хэмээх бүтээлд: “Саран тунгалаг ордны дотор бас цагаан хаш чулуун бяцхан харш байсан бөгөөд түүний дотор шижир алтаар хөвөөлөн эмжсэн, луугийн дүрст хаш эрдэнийн суудал байх ба түүний доогуур хоёр талаар бичиг, цэргийн сайд нарын суух олбог хивс дэвссэн байдаг байв. Энэ хаш суудлын өмнө өдгөө нэн ховор үзмэрийн нэг болсон цул хар ногоон хаш чулуугаар урлан хийсэн сархдын сав сөгнөөстэй байдаг байжээ” гэсэн бий. 

1350-иад оноос 30 шахам жил үргэлжлэн Хятад орон даяар өрнөж Юань улсыг мөхөөсөн хятадын тариачдын “Улаан алчууртны бослого”-ын хөлд асар их эд зүйлс өртөж сүйдсэн байдаг. Тэр үеэр энэ хаш сав ч алга болж, хэдэн зууныг өнгөрсний дараа өнгөрсөн зууны жараад оны үед Өвөр Монголын нэгэн тосгоны тариан талбайгаас олдсон гэдэг. Тээрмийн чулуу болгон ашиглаж байсан энэ хаш савыг тийнхүү олж дээш нь мэдэгдсэнээр өдгөө Хятадын төрийн нэгдүгээр зэргийн үнэт эрдэнэ болж бүртгэгдсэн түүхтэй. 2004 онд түвдэч эрдэмтэн Л.Хүрэлбаатар багш бидэн сураглан хайн явсаар түүнийг олж үзсэн билээ.

Энд үзүүштэй өөр нэг зүйл бол 1771 онд Манж дайчин гүрний Тэнгэрийг тэтгэгч эзэн хааны зарлигийн бичээс юм. Манж, монгол, хятад, түвд дөрвөн хэл бичгээр тус тус сийлэн бичсэн энэ хөшөөний бичээс нь тус цэцэрлэгт хүрээлэнгийн үүх түүхийг өгүүлэхийн дээр нэн сонирхолтой нь монгол бичээс нь дундад үеийн монгол хэл бичгийн нэгэн чухал дурсгал болох тул энэ бичээсийн үг хэллэг, хэл найруулга, үсэг бичгийн хэв хэлбэрийг тогтоон судлах нь сонирхолтой төдийгүй чухал ач холбогдолтой болно. Одоо энэ хөшөөний монгол бичээсийг хуулбарлан авч шинэ үсэгт булгаснаа дор сийрүүлэн толилуулья:

Цагаан суварга уулын ерөнхий тэмдэглэл

“Нийслэл хотыг Тан улсын цагт Бэн-ян хэмээвэй. Хойд Сүн улсын цагт Яншань хэмээвэй. Ляо улс дор хүрч ирээд сая нийслэл газар болговой. Алтан улс, Юань улс, Мин улс даган журамлачухуй. Хотын дүүрэг, орд харш, худалдааны газрыг байгуулан барих ба дагах, халах ану зарим нэгэн цаг дор адил бус боловч наран туссан нийслэл хот дэлхий дахины дээд орон буй (болсон) ажуу. Хотол (бүх) газар орныг дорогш хураасны тулд үнэхээр түмэн үе болтол үл халах алтан мэт бат нийслэл газар болой.

Орд харшийн хашаа халхавч болох ану Жавхлант уул, Баруун Сэжигтийн хүрээ, хэтэрхийеэ алдаршсан болох ану Цагаан суварган уул болой. Цагаан суварган уул хэмээгч Алтан улсын Цюнхуадао хэмээгдэх мөн буй. Бэйпин газрын зураг бичигт Ляо улсын цаг дор Жао-юй хэмээсэн нь лав мөнхүү энэ газар болой. Юань улсын Жи-юаний цагт (нэрийг нь) халж, Түмэн наст уул хэмээвэй. Жич бас Түмэн өлзийт уул хэмээвэй. Мин улс дор хүрч ирээд өөр нэрийг цөм дуудавч бээр, заримууд нь басхүү Дашаньзи хэмээвэй. Эдүгээ Дайчин улс дор Цагаан суваргат уул хэмээн нэрийдсэн нь Эебээр засагчийн цагт уулын дээр Цагаан суварга босгож барьсны учир болой.

Тийн хэмээвч нийслэл хотын Найман үзэгдлийг (үзэмжийг) шүлэглэсэн шүлгийг шинжвээс “Цюнхуадаогийн хаврын бүрхэг” хэмээн эс өгүүлэлдсэн нь үгүй тул тийнхүү би Цагаагчин хонин жил уулын зүүн этгээд дор хөшөө чулуу босгон мөнхүү хуучныг даган тэмдэглэчүхүй. Энэ нь (хожим) тусгайлан дансыг байцааваас хуучныг умартахгүй хэмээх санаа болой. Уулыг тойрон цөм үзэгдэл (үзэмж) буй. Ер хайран мэт ану хаврын дүл өдрийн сэрсэн чөлөөн дор бичсэн бичиг, жич бас нийслэл газар дор хуучин сонссон явдлыг тэмдэглэсэн бичигт Ариун гэгээн өршөөл мэргэн хэмээх харш, Хан солонго, Алтан шүүдэр хэмээх ордын дүр дүрс, бүлэг буйдыг харсан ану түүний өндөр богино, гүн ариуны сайныг гүйцэтгэн эс чадсаны тул хүмүн үзсэн дор даруй тэнд ойр одож, ерөнхий авирыг илтэд үзэгдсэн мэт болж үл чадахуй дор хүрчүхүй.

Дэхи газар өргөн, авир гүн бөгөөтөл дотоод сэжигийн хүрээ ч цагжилсан газар болгоод, гадаад ард зарим цагт сая нэгэнт холоос бараалхсан, эс бөгөөс уламжилсан явдлыг сонссоны тул тэр үзэгдэж бүрүн, ил тодорхой, нарийн нягтыг шинжилж тэмдэглэн үл чадахуй ану ер байх хэрэг. Эдүгээ дөрвөн зүг салж, дөрвөн зүг дор цөм тэмдэглэл бичиж, мөнхүү урьд Лю Зун-юаний бичсэн Гүмү нуур, Шичин уулын зэрэг тэмдэглэл лүгээ адил болгосон ану, энэ чухам бичгээс үзэгдэл ану эрэгч ард дор бие бээр хүрсэн мэт нэгэнт үзээд даруй бүх газрыг мэдтүгэй хэмээх ану болой.

Тэнгэрийн тэтгэсний харагчин могой жил өвлийн дундад сарын арван тавнаар хааны бичсэн болой.”

 Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,

доктор Я.Ганбаатар.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]