Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хатан зоригтон киноны тулалдаан буюу бодит түүх ньУншсан31,358

Мел Гибсоны найруулж гол дүрд нь тоглосон Хатан зоригтон буюу Braveheart хэмээх түүхэн киног үзээгүй хүн гэж их л цөөхөн байх.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Мел Гибсоны найруулж гол дүрд нь тоглосон Хатан зоригтон буюу Braveheart хэмээх түүхэн киног үзээгүй хүн гэж их л цөөхөн байх.  Тэрхүү киноны хамгийн сонирхол татсан хэсэг нь Английн харваачид холын зайнаас баахан сум тавьж, Шотландын морьт цэргүүд айж сандран зугтан одоход Английн хүнд морин цэргүүд дайран ирж, хэдэн банзалтай нөхдүүдийг бяц дарах гэтэл нөгөө хэд нь өөдөөс нь урт жад барин босож өөрсдийг нь хядаж, энэ хооронд нь зугтсан болж хуурсан Шотландын морин цэргүүд тойрч бүслээд сүйд хийдэг тэр тулалдаан билээ.

Бодит амьдрал дээр ямар гээч тулалдаан болсон юм бол?

Хамгийн түрүүнд тэрхүү хатан зоригтон гэж Шотландуудад нэрлэгдсэн хүн нь киноны гол дүр болох Вильям Уоллес биш Роберт Брюс гээч өөр түүхэн хүн байж. Яахав энэ нэр их таалагдсан учраас Мел нь киноныхоо гол баатарт уг нэрийг зээлчихсэн бололтой. Бас Уоллес нь харц гаралтай ядарсан амьтан биш тайж цолтой язгууртан хүн байсан... гээд янз бүрийн л юм байна. Харин өнөөх тулалдааны тухайд бол...

Энэ тулалдаан нь Стерлингийн гүүрний тулаан гэж түүхэнд тэмдэглэгдсэн бөгөөд кино дээр гардаг шиг Шотландууд Английн цэргүүдийг бут цохисон үйл явдал болсон байна. Гэтэл та кино дээр ямарваа нэг гүүр олж харсан уу?  Огт үгүй. Ингээд түүхэн тулалдааны тухай дэс дараатай танилцуулах минь:

Шотландыг захиран байсан хаан нь үхэж үрэгдэхэд суудлыг нь эзлэх гэсэн 5 хүн бий болж, өөрсдийн гарал угсаагаа гайхуулан муудалцсаар “барилцаж авах” дээрээ тулан байсан тэр үед Шотландын бусад язгууртнууд нь эзэн болсон Англид хандаж тусламж хүсжээ. Ингээд Английн хааны вассал болсон Шотландын хаан ширээнд Жон де Баллиол гээч нь эзэн болоод гурван жилийн дараанаас буюу 1295 онд тусгаар улсын хаан болохоор шийдэн Английн сюзеренетээс татгалзжээ. Англичууд ч тэр даруй цэрэг илгээн даварсан нөхдүүдийг нуга дарсан нь ойлгомжтой (Данбарын тулаан) ба том толгой гаргасан де Баллиол нь өөрийн ойрын хэдэн ноёдуудтай цуг баригдаж Тауэрт хоригдох боллоо. Тэдний нэг болох залуу (jr)Эндрю Моррей оргож зугтан Шотландын хойд хэсэгт очин бослого хөдөлгөөн өрнүүлсэн бол яг энэ үед Уоллес гээч эр нь нутгийн төв болон баруун хэсгийг хамарсан зэвсэгт бослого гаргаж таарсан байна. Удалгүй энэ хоёр бүлэг нэгдэж Английн эсрэг шийдвэрлэх тулалдаан хийхээр шийдэн, Форд голын эрэг дээр дайснаа тосон байлдахаар болжээ.

Босогчдыг дарахаар ирсэн Английн армийг Жон де Варен хэмээх мундаг амьтан удирдаж байсан ба чухам энэ хүн л Данбарт ялалт байгуулж Шотландуудыг өвдөг сөхрүүлсэн хүн юм. Мөн түүнийг дагалдсан Шотландын олон нөлөө бүхий ноёд нь өөрийн цэргийг бас авчирсан зэргээс харахад Стерлингийн гүүрийн дэргэд болох тулаанд де Варен дахин нэг том ялалт байгуулах нь ямар ч эргэлзээгүй санагдаж байжээ. Өч төчнөөн морьт хүлэг баатрууд, харваачид...Английн агуу цэргийг сөрөх хүч гэж байхгүй, байх ч ёсгүй.

Де Варреныг дагаж ирсэн нэгэн Шотланд ноён гүүрээр гол гатлах нь нэг л сэжигтэй санагдаж байгаагаа хэлэн ойрхон байх гармаар гол гаталж гарая гэдэг санал тавихад Англи командлагч нь үүнийг тоосонгүй. Магадгүй тоосонгүй биш зальтай урвагч нөхдүүд юу ч бодсон байж магадгүй гэж сэжиглэсэн байж болох юм. Харин удирдагчийнхаа гүүрээр гол гарч байлдах гэсэн шийдвэрийг Хью Крессингем гээч эр тэр даруй дэмжиж, “муусайн нохойнуудыг мартахгүй болтол нь сургаад өгөх хэрэгтэй” гэж ярьж хэлж байлаа. Энэ хүн Шотландуудаас татвар хураадаг, өгөөгүй, өгч чадаагүй нөхдүүдийг ёстой л мартахгүй болтол нь сургадаг буюу өртэй хүний арьснаас хэсгийг хуулж авдаг гэдгээрээ алдартай хүн байв. Шотландуудын хувьд энэ нөхөр бол хамгийн , хамгийн дайсан.

Тулаан

Тулаан болох өдөр болж Англичууд өглөөнөөс эхлэн модон гүүрээр харваач цэргүүдээ гаргаж эхэллээ. Уоллес болон Мюррей нар гүүрэнд ойртолгүй нэлээд зайтай байрлах довон дээр цэргээ (5-6 мянга) зассан ба Англичууд ч яаралгүй тайвнаар голын эрэг дээр түшиц газар байгуулж, харваачид нь сум тавьж байхад Шотландууд огт хөдөлсөнгүй. Ойролцоогоор Английн 2000 гаран цэрэг гол гаталж гарсны дараа Шотландууд дайрч эхэллээ.

Цөөхөн тоотой харваачид бүхий тэргүүн ангиа бут цохиулахаас айсан де Варрен яаран өөрийн хүнд морин цэргийг гүүрээр гарч дайсныг хяргахыг тушаахад нь үй олон морьтон баатрууд нь нүүгэлдэн давхисаар гүүрээр гарч явах үед гэнэт гүүр нурж олон зуун шилдэг хүлэг баатрууд нь төмөр хуягтайгаа  усанд унаж живж эхэлсэн байна. Хүн , морь, төмөр, зэвсэг, туг хиур, хугархай мод, банз.....ёстой л бантан шөл буцалж байгаа юм шиг юм болсон байж таараа.

Харин гол гарч амжсан эхний харваачид тун удалгүй тооны хувьд хэд дахин давуутай Шотландын цэргүүдэд хэмх цохиулан, голд шахагдан ихэнхийгээ алуулсан ба тун цөөхөн хүн л буцан сэлж гарч чаджээ.

Де Варрен баларч эхэлснээ ойлгосон ч бүх юм дуусах болоогүй, бүтэлгүй эхлэлийг бүтэлтэй төгсгөлөөр дуусгаж болно гэж итгэсээр байсан боловч голын доод хэсгээр нууцаар гол гаталж гарсан Шотландын морин хэсэг гэнэт дайрч эхэллээ. Морьтны өөдөөс морьтон л тэмцэх бөгөөд Англичуудын морин цэрэг бол тэдний бахархал, гол найдвар, ялагдашгүй хүч нь байлаа. Гэтэл тэр морин цэргүүд нь бүгдээрээ шахам голын ёроолд загасны хоол болж байдаг.

Шотландын морин цэргүүд Англичуудыг аймшигтайгаар хядаж эхэллээ. Амиа хоохойлон зугтах гэсэн хүмүүс талаар нэг тарж, намагт живэх нь живж, цавчуулах нь цавчуулсаар цөөхөн хүн л олзлогдсон байна. Тэдний дунд Жон де Варрен байсангүй буюу зугтан зайлж чадаж. Гэхдээ Хью Крессингем буюу нөгөө арьс хуулдаг нөхөр муухай царайлан зогсож байлаа. Шотландууд түүний арьсыг амьдаар нь хуулж хаяснаар энэ тулалдаан өндөрлөсөн юм гэнэ лээ.

Бодит дайн тулаан нь киноны дайн тулалдаанаас илүү сонирхолтой, хурц, гэнэтийн үйл явдал ихтэй болсон байгааг та бүхэн анзаарсан байх. Харин Мел Гибсон нь яагаад Стерлингийн гүүрэн дээр болсон тулааныг өөрөөр хийсэн юм бол ?

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]