Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Паулагийн хормын жаргалУншсан20,606

Эдгээр зураачид Францын барбизончуудын адил байгаль орчиндоо өөрийн өнгө аястай уран бүтээлийн колони бий болгон бүсгүйд мартагдашгүй сэтгэгдэл үлдээжээ.

Паулагийн хормын жаргал

Францын модернизмын “тарилга” авсан анхны герман зураач нь Паула Модерзон-Беккер байсан ба өөрийн он цагийн хамгийн сонирхолтой зураачдын нэг юм. Харин түүний уран бүтээл дэлхий нийтэд танигдтал ихээхэн цаг өнгөрчээ. Амьд ахуй цагт нь түүний зургийг хүмүүст ховорхон үзүүлж, тэдний өчүүхэн хэсэг нь зарагдахдаа зөвхөн найз нарт нь л очиж байж.

Харин нас барснаас нь хойш өдрийн тэмдэглэл ба захидлаар нь олон нийт алдаршуулж эхэлжээ. Тэднийг нь 1917 онд нийтэлсний дараа олон мянган хувиар ном болгон дахин хэвлэсэн байлаа. Өнөөдөр Паула зөвхөн Германдаа ч биш дэлхийд алдартай зураач гэж хүлээн зөвшөөрөгдсөн.

Харин манайд энэ сонирхолтой зураачийн талаар төдийлөн мэдэхгүй. Бремен хотын түүний гэр музейд орон уран бүтээлтэй нь танилцсан Монгол хүн бараг байхгүй биз. Энэ бүгд нь алдартай зураачийн тухай бага ч гэсэн мэдээлэл хүргэх нь зүйтэй болов уу гэсэн санааг төрүүллээ.

Паула Беккер Дрезден хотноо 1876 онд төрсөн ч хүүхэд ахуй цагийн ихэнх үеэ Бремен хотноо өнгөрөөжээ. Эцэг эх нь хотын бүрэн эрхтэй чөлөөт иргэдийн төлөөлөгч нар болох бюргерүүд байсан тул янз бүрийн урлаг сонирхох Паулагийн эрмэлзлэлийг ямагт дэмжиж иржээ. Бремен хотын Урлагийн ордонд "Ворпсведе" гэх группийн үзэсгэлэнг үзсэн 1895 оноос хойш Паула уран зурагт чин сэтгэлээсээ татагдан орсон гэдэг. Эдгээр зураачид Францын барбизончуудын адил байгаль орчиндоо  өөрийн өнгө аястай уран бүтээлийн колони бий болгон бүсгүйд мартагдашгүй сэтгэгдэл үлдээжээ.

Берлин хотын уран зургийн курст суралцан, орон гэртээ зургийн хичээл заалгасанаас хэдэн жилийн дараа тэрээр Бременээс холгүй орших Ворпсведе гэсэн үзэсгэлэнт газар хэсэг хугацааг өнгөрөөн тэндхийн зураачдаас их зүйлийг сурч авчээ. Тун удалгүй амьдралаа тэнд товхинуулахаар тийшээ дахин очжээ. Ворпсведегийн зураачид Германы хөдөө нутгийн уламжлалт амьдралыг аж үйлдвэржилтийн эсрэг эм гэж үзэн амьдралдаа үзэл болгон авсан хүмүүс байв. Харин Паула реализм нь оюун ухааны үнэт зүйлсийг гүн гүнзгий гарган ирэх увидастай гэдэгт итгэх учир мэргэжил нэгтнүүдийнхээ хуучин уламжлалд хандах уярамтгай сэтгэлийг нь хүлээн авсангүй.

 

Түүнийг зөвхөн байгаль татаагүй, хотын буцалсан амьдралд ч тэр дуртай. Жил гаруй бөглүү нутагт уран бүтээлээ амжилттай хийж байсан бүсгүй Парист очихоор шийдлээ. Германыг өнгөрсөн зуунд нь үлдээж, шинэ амьдралаа шинэ зуунд эхэлнэ гээд 1899 оны арванхоёрдугаар сарын 31-нд Паула замдаа гарчээ.

Парист түүний хийсэн дөрвөн аяллын анхных нь энэ байсан юм. Colarossi академид бүртгүүлсний дараа Паула танихгүй мэдэхгүй, зах хязгааргүй их урлагийн ертөнцөд шумбан орлоо. Түүний хичээнгүйлэн танилцсан Францын урлаг сэтгэл зүрхийг нь удалгүй эзэмдэн авчээ.  Харин учир утгыг нь тайлахдаа тэр үлдсэн насаа зориулсан гэдэг.  Парист сэтгэл алдраад байсан нь бие сэтгэлийн их хайраар таслагдав.

Ворпсвайдедаа 1900 оны зун эргэн ирсэн тэрээр Ото Модерзон хэмээх эрийн хажууд байхаар үлдсэн аж. Энэ цагаар түүнд яруу найрагч  Райнер Мария Рильке хайр зарлан өөрийн шилдэг шүлгүүдийн нэгийг зориулан бүтээсэн гэдэг. Хувь тавилан нь түүнд яруу найрагчийг биш, зураачийг сонгох сонголтыг өгчээ.

Отто ч Паула ч өөрсдийн гэрлэлтийг эр эмийн холбооноос гадна хоёр зураачийн нөхөрлөл гэж үзсэн байлаа. 1901 оны тавдугаар сард гэрлэснийхээ дараа Паула урлагаа ахуйн үүрэг, айлын авгайн ажлаар сольсонгүй. Гэхдээ түүний уран зурагт нөхрийнх нь нөлөө мэдэгдэхүйц болж иржээ. Эхнэр нөхөр хоёр уран бүтээлийнхээ хүрээг тэлэхээр зэрэгцэн зүтгэж байлаа. Эр нөхөртөө учиргүй хайртай ч удалгүй хөдөө нутгийн Ворпсведед давчидсан Паула холын аян замд дахин гарахаар шийджээ.

Хэдэн сарын турш Оттогоо орхиод тэр 1903 онд Парист дахиад л уран бүтээлийн чөлөөт ертөнцөөр өөрийн зоргоор туулж явлаа. Хосуудын холдолт улам бүр газар  авсаар тэд 1906 онд салжээ. Салсан шалтгаан нь уран бүтээлийн санал зөрөлдөөн гэх. Отто уламжлалд үнэнч бөгөөд хуучин Герман уламжлалт ёсыг хамгаас илүүд үзнэ. Мөн эхнэрийнхээ ертөнцийг таних эрмэлзлэлийг нь хувиа бодсон, гүйцэгдэшгүй  хэрэг гээд дургүйцэж хүлээн авдаг нэгэн.

Гэхдээ л Паула урлагт өөрийгөө бүрэн зориулахаар зүтгэсэнд хамаг буруу байхыг үгүйсгэх аргагүй.

Паула нөхрөөсөө эд материалын дэмжлэг авч хамааралд нь байв. Харин уран бүтээлдээ Парист чөлөөтэй амьдарч явжээ. Салалтдаа ихээхэн харамсаж байсан гэнэ. Дараагийн жилийн хавар нь Паула нөхрөө Парист ирүүлээд дахиад л хамт амьдарч байлаа. Хосууд 1907 оны хавар Ворпсведед цуг буцан ирсэн ба Паула бие давхар байв. Тэдний охин Паула Модерзон-Беккер нь төрөөд 20 хоногийн дараа зүрхний өвчнөөр нас баржээ. Паула зурагтаа хүүхдүүдийг дуртайяа зурж, эх болох хүслэнд баригдсан нэгэн байсан ч эхийн жаргалын хувь түүнд заяасангүй.

Паулагийн амьдралын сүүлийн хоёр жил нь уран бүтээлийнх нь хувьд амжилтын эрчимтэй үе байлаа. Парист 1906 онд гурав дахь удаагаа ирэхдээ түүний уран бүтээлийн боломж дээд зэргээр нээгдсэн гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Сезанн, Гоген, Ван Гог нарын нөлөөн дор тэр эмэгтэйн өнгийн хувьсал нь улам тод томруун, хурц болсноос гадна Паула кубизмын урсгалд ихээхэн ойртоод уран бүтээлийн илүү ээдрээтэй зорилтуудаа шийдэж чадах болжээ.

Францын урлагийн нөлөө энэ эмэгтэйд ихээхэн байсан ч тэрээр Германы гоо зүйн уламжлалдаа үнэнч хэвээр үлдсэн юм. "Ворпсведе" бүлгийн  зураачдийн адил хүн төрөлхтөнд хүмүүнлэгийн үнэт зүйлсийг урлаг өгнө гэж итгэсээр Паула ертөнцөөс хальжээ.

Зураач бүсгүйд хайраа өгсөн яруу найрагч Рильке Паулагийн үхэлд зориулсан шүлэгтээ:

хэмээн харуусчээ.

Өөрийн хөрөг. 1898

Ворпсведегийн байгалийн зураг. 1900

Эмэгтэйн хөрөг. 1886

Сартай шөнө. 1900-1902 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]