Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дахау дахь хорих лагерьт болсон хэрэг явдалУншсан24,092

1945 оны 4-р сарын 29 ний өдөр АНУ-ын армийн 45-р дивизийн цувааны өмнө цагаан туг өргөсөн гурван хүн гарч ирсний нэг нь Швейцарын Улаан Загалмай нийгэмлэгийн ажилтан Виктор Маурер, нөгөө хоёр нь СС-ийн хувцастай хүмүүс байв.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1945 оны 4-р сарын 29-ний өдөр АНУ-ын армийн 45-р дивизийн цувааны өмнө цагаан туг өргөсөн гурван хүн гарч ирсний нэг нь Швейцарийн Улаан Загалмай нийгэмлэгийн ажилтан Виктор Маурер, нөгөө хоёр нь СС-ийн хувцастай хүмүүс байв. Тэд АНУ-ын цэргүүдэд Дахау хорих лагерийг өгөх, бууж өгөх хэлэлцээ хийхээр гарч ирсэн хүмүүс байжээ.

Тэдний хэлснээр бол хорих лагерьт бууж өгөхөд бэлэн болсон 100 гаруй СС-ийн цэргүүд байгаа ба бас бууж өгөхгүй гээд өндөрлөг байшинд хориглолт хийж байгаа хэдэн цэрэг бас бий гэж хэлсэн байна. Харин ямар хүмүүс энэ хорих лагерьт хоригдож байгааг асуухад “42000 орчим хагас солиотой юмнууд бий” гэж хариулсан гэдэг. Магадгүй иймэрхүү хачин яриа нь америкчуудын дургүйг хүргэж эхэлсэн байж болох л юм.

Ингээд Америкийн цэргүүд хорих лагерь дээр ирэхэд өмнөөс нь СС-ийн дэслэгч Генрих Скозенски гарч ирлээ. Тэрээр энэ лагерийг хариуцаж байгаа, бууж өгөх эрх мэдэлтэй хүн гэж өөрийгөө танилцуулсан байна. Үнэндээ энэ хүний өмнө байсан жинхэнэ дарга нь болох Эдуард Вейтер нь өмнөх өдөр оргон алга болсон учир уг дэслэгч даргын үүргийг гүйцэтгэхээр үлдсэн байжээ.

Дайн тулаан хийж, шороо тоос, цус нөж, хир буртагтайгаа зууралдсан америк цэргүүдтэй бууж өгөх хэлэлцээ хийхээр гарч ирсэн дэслэгч нь парадын хувцсаа өмссөн байлаа. Хюго Боссын жигтэйхэн ганган хар хувцас, гялалзтал тосолж толь шиг болгосон хар гутал... Америк цэргүүдийн зэвүүцэл улам бүр нэмэгдсээр...

Хорих лагерийн хашаанд байсан “үхлийн галт тэрэг”-ний нэг хаалгыг нээхэд дотор нь өч төчнөөн цогцос гарч ирсний дараа америкчууд замбараагаа алдлаа. Хамгийн түрүүнд Америкийн армийн дэслэгч Уильям Уолш нь СС-ийн дэслэгч Скодзенски болон өөр гурван цэргийг тэрхүү галт тэргэнд оруулаад шууд л буудаж орхиж. Байлдагч Алберт Приют нь дутуу үхсэн германуудыг зовоогоод яахав гэж ороод гүйцээж өгсөн юм гэнэ.

Ингээд бууж өгсөн Германы хуяг цэргүүдийг бүгдийг нь цуглуулж, хэдэн хэсэг болгон хуваарилж байгаад винтов, автомат, пулемёт, гар буугаар буудаж эхэлжээ. Ингээд 122 хуягийг гүйцээсэн байна.

Суллагдсан хоригдлууд ч зүгээр байсангүй буюу тэр даруй бас 40 гаруй хуяг-цэргийг учрыг нь олж зарим нэг “сэтгэлгээтэй” нь бензин хөдөлгүүрт хөрөөгөөр хуяг болон хуягуудтай их дотно байсан бусдыгаа нөгөө ертөнцөд илгээжээ.

Одоо хорих лагерийг хүлээлгэж өгөх ажлыг Хенрих Виккер гээч эр удирдаж эхлэв. СС-ийн унтерштурмфюрер энэ хүн энгийн хувцас өмссөн байсан учир шууд нудруулчихсангүй, ийм албанд тохогдсон байж ч болох юм. Энэ хүн америкчуудад лагерийн бүх л нүх сүвийг зааж өгч, нацистуудын үйлдсэн гэмт хэргийн ул мөрийг гаргаж ирсээр байлаа.

Лагерийн дотор байрлах эмнэлгийг зааж өгөхдөө “энэ эмнэлэг Германы шархадсан цэргүүдэд зориулсан эмнэлэг болохоос хоригдлуудад зориулсан юм биш” гэж хэлсний дараа америкчууд эмнэлэг рүү дайран орж тэнд бөөгнөрөн зогсох олон зуун шархадсан цэргүүдийг туун гаргаж ирсэн ба явж чадахгүй хүнд шархтнуудыг нь зүгээр л чирээд буудах газраа аваачиж байж. Энэ бүхнийг эсэргүүцсэн эмчийг сайтар балбаж чимээгүй болголоо.

Гэнэт нэгэн пулемётчин “шархтнууд зугтаж байна” гэж хашхираад буудаж эхэлсэн ба тэр даруй 12 шархтанг "зугтах боломжгүй" болгожээ. Дараа нь үлдсэнийг нь жагсааж байгаад гүйцээв. Дэслэгч Жек Башхидийн удирдлага дор явагдсан энэ хядаанаар нийт 346 хүн үрэгдсэн ба өмнөх хүмүүстэй нийлээд нийт 560 хүн ийнхүү амиа алджээ. Тэднийг амьд байгаа эсэхийг дахин шалгаж үзээд “хяналтын буудалт” хийж байсан тухай сэтгүүлчид бичсэн байдаг.

Сэтгүүлчид! Тэрхүү аймшигт явдлын үед цөөхөн сэтгүүлчид байсан төдийгүй, бүх л үйл ажиллагааг чөлөөтэй харж байжээ. Нэг ёсондоо Улаан загалмай нийгэмлэгийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хяналт дор болсон явдал.

Олон хүн АНУ-ын цэргүүдийн хийсэн үйлдлийг ямар нэг хэмжээгээр зөвтгөх байх. Ингэх үндэс ч бий. Учир нь тэрхүү хуягууд дан СС-ийнхэн байсан, олон зуун өлсөж, зодуулж, өвчилж, буудуулж үхсэн хоригдлуудын хүүр тэнд байсан... гэх мэт.

Гэхдээ энд зарим нэг тайлбар хийх хэрэгтэй юм. СС-ийнхэн гэдэг нь үнэндээ Дорнод фронтод байлдаж яваад янз бүрийн шалтгаанаар буцаан татагдсан цэргүүд байсан ба тэд оргон зайлсан олон зуун жинхэнэ хуягийн оронд шорон дахь эмх журмыг хангаж байгаад америкчуудад хүлээлгэж өгөх үүрэг авсан хүмүүс байсан гэдэг. Тэд жинхэнэ цэргүүд байснаас СС-ийн яргачид байсангүй. Мөн тэр хүмүүс Зөвлөлтийнхний гарт орохгүй америкчуудад бууж өгөх боллоо гэж их дуртай ярьж байсан талаар зарим хоригдлууд дараа нь дурсаж байжээ.

Мөн эмнэлэгт байсан шархтай цэргүүд гэдэг нь ихэвчлэн фольксштурмын өсвөр насны хүүхдүүд байсан гэдэг. Тэднийг, зарим эмч сувилагч нарыг бүгдийг нь зүйл дуусгасан гэдгийг дахин нэг хэлэх хэрэгтэй болов уу.

Бас Дахау-гийн хорих лагерь нь дан еврей нарыг хорих газар байсангүй. Энд олзлогдсон цэргүүд, еврей нараас гадна хүнд гэмт хэрэгтнүүд олноор хоригдож байсан ба тэд нийт хоригдлын бараг 30 хувийг эзэлж байжээ. Зураг дээрх тарган цатгалан, инээж хөхөрсөн хоригдлууд бол тэрхүү гэмт хэрэгтнүүд. Ийм хүмүүс тийм бужигнааны үеэр юу хийх нь ойлгомжтой болов уу. Дээр нь Дахауд дарсны багагүй агуулах байсныг эзэлж авсан хоригдлууд удалгүй бүр ч согтуу галзуу болон хувирч, шоронгийн хашаан дотуур нааш цааш хэсэн алж хядах юм хайн хашхиран явж байсан гэдэг.

Энэ хэрэг явдлыг АНУ-ын 7-р армийн хянагч офицер дэд хурандаа Жосеф Витакер мөрдөн шалгасан байна. Тэрээр хөнөөгдсөн герман цэргүүдийн хүүрийг хөдөлгөхгүй, бүх л зүйлийг баримтжуулан (5-р сарын 3 хүртэл хөдөлгөөгүй) асар их  материал цуглуулсныгаа нэгтгэн дээд дарга нартаа 6-р сарын 8-нд өгчээ.

Гэхдээ тэрээр герман цэргүүдийн баримт бичиг, одон медалийг нь хураан авч устгаад, хоригдлуудын дунд нэр усгүйгээр оруулж булшилсан зэрэг үйлдэл хийсэн нь Женевийн конвенцийг хамгийн бүдүүлгээр зөрчсөн хэрэг юм байх.

Харин энэ илтгэлийг америкчууд тэр даруй нууцаллаа.

Ингээд энэ аллагын дараа ямар ч хүн хариуцлага хүлээсэнгүй. Буруутган шалгаж байсан олон цэрэг офицерыг генерал Паттон (2-р дайны түүх сонирхогч нар энэ хүнийг сайн мэдэх биз ээ) суллан тавьсан төдийгүй энэ гэмт хэргийн баталгаа болох бүх л бичиг баримт, мэдүүлэг, хэргийн газрын үзлэг зэргийг нэгэн хайрцагт хийгээд олон цэрэг офицерынхоо өмнө өөрийн биеэр шатаасан байна. Шатааж байхдаа тэрээр “Ноёд оо, энэ хэрэг явдал ингээд хаагдлаа” гэж хэлж байжээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 10 сар 14. 19:30
Новшид

Энэ Чалчаа Саарал гэж сэтгэцийн өвчтэй юм одоо түүхийг бараг дур зоргоороо гуйвуулж бичдэг болжээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]