Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Аа чи муу Хулгар нохой юу"Уншсан55,722

Нэгэн удаа Дайчин ван өөрөө өвлийн ид хүйтэнд Хүрээ рүү ирж явахдаа тэмээн хөсгөөр хэдэн хүний хамт явсан гэдэг.

ТҮШЭЭТ ХАНЫ НАМХАЙ АВАРГА

Шагдарын Намхай буюу Сандаг-Очир аварга нь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны харьяат бөх. 1870 онд төрсөн. Түүний эцэг Шагдар нь 1852 оны уул тайлгын наадамд 5 даван шөвгөрч байсан, Шонхор цолтой бөх байжээ. Шагдар шонхор 3 хүүтэй. Том нь Жадамба, дундах нь Лувсанжамба, бага нь Намхай билээ. Жадамба бол морь сайн уядаг хүлэгч хүн байсан гэдэг. Лувсанжамба нь 1901 оны их даншигт түрүүлж байсан дархан аварга цол юм.

Намхай хүү анх 1892 оны уул тайлгын наадамд ирж барилдаад Богдын шавийн бөх Гонгоржав заан (хожмын арслан)-д буулгуулж үзүүрлэн заан цол, 1893 оны их даншигт 11-ийн даваанд Богдын шавь Ламжав арсланд буулгуулж үзүүрлэн арслан цол хүртээд байлаа. Тэрээр 1895 оноос эхлэн Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлсэн бөгөөд улмаар 1896 оны их даншигт 11-ийн даваанд Дугар аваргыг хаяж түрүүлэн даян аварга цол, 1897 оны их даншигт 11-ийн даваанд Дугар аваргыг дахин хаяж түрүүлэн дархан аварга цол хүртсэн байна.

Намхай аварга их даншигт 8 удаа, бага даншигт 2 удаа, уул тайлгад 8 удаа нийтдээ Монгол наадамд 18 удаа түрүүлж өндөр амжилт үзүүлсэн бөх юм. Түүнийг ямаршуу сайхан бие бялдартай, бяр хүчтэй, ховорхон төрөх бөх байсан талаар домог яриа олон буй.


Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны Шагдарын Намхай аварга бол XIX-XX зууны заагт нэр алдраа дуурсгаж явсан Монгол бөхийн сод төлөөлөгчдийн нэг юм. Зөвхөн өнгөрсөн зууны бус бүх бөхийн түүхэнд тод мөрөө үлдээсэн энэ алдарт аваргын талаар олон янзын домог яриа ард олны дунд үлдсэн байдгийн заримыг толилуулж байна.

Угалзын дунд цохионы өвөрт Шагдарынх намаржиж байв. Тэднийд хөтөлгөө мориндоо хүнд юм ачсан, жигтэйхэн том богц ганзгалчихсан, булиа том биетэй нэгэн хүн иржээ. Тэр хүн хүнгэнэсэн хоолойгоор гэрийн эзнийг дуудан, нохой хориулаад гэрт оржээ. Нөгөө хүн өрхийн тэргүүн Шагдартай ойр зуур ярилцан, цай ууж байснаа тэднийд хоноглохоор болжээ. Тэгээд морь малаа янзлахаар Шагдартай хамт гартал, хэн нэг нь бүх ачаа тээшийг нь буулгачихсан байна гэнэ. Тэр хүн "Үгүй ер хэн үүнийг дааж буулгадаг байна аа" гэж ихэд гайхсан янзтай асуужээ. Гэтэл 15 орчим насны Намхай хүү "Ах аа, таны морины нурууг амраахаар би буулгачихсан юм аа" гэв. Нөгөө хүн 'Би даншигийн заан хүн. Үүнийг хүнтэй нийлж арайхийн морин дээр гаргасан юм. Танай энэ хүү ер бусын их тэнхээтэй юм байна" гэжээ. Маргааш нь Намхай хүү ачаа тээшинд зочныхоо гарыг хүргэлгүй үзэггүй ачихад тэр хүн ихэд бахадсан шинжтэй: "За Шагдар гуай минь, танай энэ хүү биднийгээ олон жил баярлуулж, танд нэгийг дуулгах вий" гэж хэлээд явсан гэдэг.

Өтгөс хөгшдийн ярилцдаг тэр нэгэн зун Түшээт хан аймгийн Дайчин чин вангийн хошуунаас хэсэг эрчүүл алсын замд ачаа хөсөгтэй явцгааж байжээ. Ярьж хэлэлцэх үгийг нь сонсвоос арай жирийн биш бөгөөд дуу хоолой нь эрдүү хүчтэй байр байдлыг нь ажваас хүн хүнээс онцгой хүдэр бадир энэ хэдэн хүнийг хэн ч гэсэн алс нутгийн бөхчүүл нэгэн том наадамд зорьж явна гэж андахгүй мэдэхээр ажээ. Яг энэхэн үед тэдэнтэй нэгэн бага хөвгүүн тааралджээ. Хөдөө нутагт хаа ч тохиолддог тааруу муухан хувцастай, юм үзэж, нүд тайлаагүй байрын энэ хүү хонгор зүсмийн шүдлэн үрээ унаж, хонь хариулж явсан юмсанжээ. "За хүү минь юуг нь их хараа вэ" гэж бөхчүүдийн нэг нь асуусанд, хөвгүүн: "Ах нарыг наадамд явж байгаа бөх улс болов уу гэж бодоод сонирхон харж байна" гэж хэнэггүй үнэнээ хэлжээ. "Тийм нь тийм л дээ. Харин чи өөрөө бас наадамд очиж барилдах санаатай яваа хүн биш биз дээ" нэг нь тэр хүүгээр тоглоом хийж өгүүлсэнд: "Очиж үзэх юмсан" гэж тэр хүү царай нь улайсхийж хариулжээ. Гэвч энэ үгийг хэн ч анзаарсангүй, хуучин даавуу тэрлэгтэй, хоньчин хөвгүүний номой бүрэгхэн байдал, өөртөө зохиогүй үг асууж байгаа зэргийг шоолон тачигнатал инээж буй тэдгээр хүчтэн эрсийн инээдэм дунд хөвүүний хэлсэн үг зам дээр унан үлджээ.

Гэвч хүү тэднээс үлдэж хорьсонгүй, хариулж явсан хонио орчхоод барааны газар өнгөртөл даган явсан тул тэдгээр бөхчүүдийн ахмад нэг: "За хүү үг олдож, үхэр холдох гэж байдаг юм. Цаад хонь чинь хэцүүдлээ. Буцна байгаа даа" гэсэнд, бас нэг нь: "Эсвэл бидэнтэй хамт Сайн ноёны аймаг орж Заяийн гэгээний их наадамд хүчээ үзэж барилдах гээ юу" гэв. Хөвүүн үүнд нүд нь сэргэж, "Цуг явъя" гэж аяархан хэлжээ. "Мөн дөө хөөрхий" гэж хэдэн бөх нижгэнэтэл хөхрөлдөөд: "Арай сэрүүдэх байгаа хүү минь хонин дээрээ байж байвал чинь хот айлын багачуулаас ам угтуул авах юм давхиад ирж юу магад.... за буцаж : үз" гэж хөөжээ. Хөвүүн дуртай дургүй үлдэж хоцорсонд, бөхчүүд ч өөр юм ярьсаар ажиг ч үгүй цааш явжээ. Гэтэл нэг мэдтэл өнөө хөвгүүн ард " нь мөн л дагаад явж байв. "Үгүй энэ чинь яасан айхтар хүн таарваа та минь. Буцна уу, үгүй юу чи. Яв" гэж ам амандаа хөөж явуулжээ. Хэсэг яваад эргэж хартал ашгүй юм алга байсанд нэг нь "Одоо ч үддээ шив. Зайлуул энэ хүү ухаан муутай юм байлгүй" гэсэнд ахмад бөх нь: "Ухаан ч муугүй байхаа...." гээд өөр юм хэлэлгүй дуугаа болжээ.

Орой болсон хойно сая анзаарвал нөгөө хүү, нөгөө л хонгор шүдлэнгээ унаастай өдрийн хэвээр ард явж байна гэнэ. Түүнийг хармагцаа "Энэ чинь арай нүдэнд хий үзэгддэг хэрэг биш байгаа даа" гэж бодоцгоогоод айх гайхах зэрэгцжээ. Гэвч өдрийн хөвгүүн биеэрээ мөн тул аргагүй тайвширч, дор дороо зэмлэж, загнан, одоохон буц гэж элдвээр үзсэн боловч тэр хөвгүүн буцсангүй. Үдэш тэднийг буудаллахад хамт буугаад хонгор шүдлэнгээ чөдөрлөж тавьчихаад, хоолноос нь горьдон ажилд нь туслалцан суужээ. "Ийм айхтар салдаггүй хүнтэйгээ учрах гэж бас байдаг аа та минь" гэж нэг нь хэлэхэд, нөгөө бөх "За одоо яах вэ. Наадам л үзэх гэсэн эр хүн юм биз. Уг нь ч залуу эр хүний хүсдэг л юмны нэг мөн дөө. Хүү минь ингэхэд хэний хүү гэгч байна даа чи чинь" гэсэнд, хөвгүүн "Би Шагдарын бага хүү" гэжээ. "Нэр хэн бэ хө" Сандаг-Очир", "Уухай нас хэдтэй вэ", "Арван долоотой", "Мөн дөө, морин жилтэй хүн юм. Чи тэгээд барилдах дуртай хүн юм биз дээ, "Дуртай", "Зөв дөө хө" гэх зэргээр жаахан тоглоом шоглоомын үгс ярилцаж байгаад унтацгаажээ.

Өглөө босмогц хөвгүүнийг буцаан явуулах гэж загнаад, нутаг дээрээ үлдээж, бөхчүүл цааш хөдөлжээ. Гэтэл 2-3 даваа даваад явж байтал ард нь ирчихсэн дагаж явав. Ер нь тэд цөхөрч гүйцээд өдрийн халуунд голын зах дээр зориуд буудаллаад тогоо шанага барьж яваа энгийн хар хүнд чи энэ хүүг нэг сайн хаяад өг. Цаадах чинь хашраад буцаг, бид ч гэсэн ичээж хөөе" гэжээ. Хүүг хонгор шүдлэнгээ усалчихаад ирэхэд тэд хөтөчтэйгээ барилдуулжээ. Гэтэл хөвгүүн хөтөч хар хүнийг амархан унагааж орхисонд дахин барилдуулав. Хөтөч дахиад унажээ. Үгүй хараач хөөе" гэж тэдний нэг сагсуухан залуу бөх давхиж очоод элдсэн нь дорхноо тэр хүүд шидүүлжээ. "За таминь биш боллоо. Би ч ер юу бол гэж өчигдрийн л бодсон юм" гэж ахмад бөх өгүүлэн "Бүгдээрээ дэс дараалан барилд" гэжээ. Тийнхүү нөгөө шоолж инээж явсан хөвгүүнтэйгээ бүгдээрээ дэс дараалан барилдаад дэс дараалан унацгааж, хамгийн сүүлд ахмад бөх өөрөө тэр жаалхүүтэй барилджээ. Гэтэл ахмад бөхийг ч тэр жаалхүү амархан унагааж орхив. "Яахав хөөрхий. Хөдөөнөөс олдсон олз. Заяийн наадамд аваачиж өргөе" гэж ахмад бөх аяархан хэлж байсан гэдэг. Бусад бөхчүүл цөм гайхсан, ичсэн хоёртоо болоод дув дуугай болж, түүнээс цааш Заяийн гэгээний наадам болохоор товлосон газар хүртлээ хоол цайгаа хувааж идэн, үеийн юм шиг явцгаажээ.

Заяийн наадамд хол ойрын нэртэй бөхчүүл цугларсан тул их л өргөн том наадам болжээ. Мань Сандаг-Очир хүүг ч тэнд аманд гаргуулан барилдуулжээ. Сандаг-Очир хүү гурвын даваа хүртэл хоёр том бөхийн аманд очиж, түүнээ төвөггүй орхисон ба гурвын даваанаас эхлэн харин түүний сүрхийг мэдсэн бөхчүүл авахгүй учраас бараг гадны нэртэй сайчуул буюу өөрийн нь нутгийн бөгөөд саяын хамт ирсэн нөхөдтэй нь хар хүчээр тулган барилдуулсан тул тэдгээрээ хаялсаар яваад үзүүрийн хоёр бөхөд үлджээ. Энд Заяийн гэгээний нэгэн бөх үлдсэн тул явж ирсэн бөхчүүл нь Сандаг-Очир хүүг лам ноёны найрамдлыг бодон заавал бууж өгөөрэй гэж ятгажээ. Иймд залгаа хошуу нутгийн эв зүйг бодож ах зах хүмүүсийн сурган хэлснээр Сандаг-Очир хүү Заяын бөхөд бууж өгсөн гэдэг. Энэ бол Бадаргуултын төрийн 13-р он буюу 1887 оны улаагчин гахай жил бөгөөд бөхчүүлийн хэлж байснаар "хөдөөнөөс олдсон олз" СандагОчир хүү бол хожим халх даяар нэр нь дуурсах Намхай аварга бөгөөд тийнхүү 17 насандаа анх удаа наадмын дэвжээнд гарч байгаа нь тэр ажээ. Энэ үеэс эхлэн тэрбээр Халхын Арван засаг болон даншиг наадамд 21 удаа, овоо тайлгын наадамд 20 гаруй удаа, улсын чанартай наадамд 40 гаруй удаа түрүүлсэн агуу их амжилтыг үзүүлсэн байна.

Долоон хошуу даншиг наадмын үеэр нэгэн зун олон наадамчин гадаа том тогоо зоож, үхрийн мах мөч, мөчөөр нь эвдэж хийгээд чанаж байжээ. Гэтэл чанасан махаа гаргаад идэцгээх үеэр нэгэн залуу эр хүрэлцэн иржээ. Байдлыг үзвээс энэ наадамд барилдахаар ирсэн нь ил байсан учраас бөх хүнд булчин голдуу мах өгдөг ёсоор үхрийн нэгэн шаант авч өгчээ. Нөгөө хүн уг шаантыг шүдээрээ мөлжиж идэж дуусаад, дотоод хормой, алчуур хоёроороо хоёр үзүүрийг нь жийрэглэсхийж баримагц ясыг нь амархан хуга мушгиад, чөмгийг нь сорж, нэг үзүүрийн чөмгийг дэргэдээ байсан хүнд өгчээ.

Хүмүүс түүнийг гайхан бахархаж нэрийг асуувал, Намхай аварга байсан ажээ. Намхай аварга нутгаас гараад их наадамд барилдахаа явах замдаа хээр хоножээ. Тэрбээр том хар богцтой явсан тул түүнээ дэрлээд зүүрмэглэн хэвтэж байв. Гэтэл шөнийн харанхуйд нэг хүн ирээд аваргын дэрлэж хэвтсэн богцыг толгой доороос нь сэм сугалан авахыг оролджээ.

Үүнд Намхай аварга нэг гараараа богцны ёроолоос барьж чангааж байсан тул цаад хүн нь аяархан татаад дийлэхгүйгээ мэдээд, чанга татаж булигаар богцыг нь тас татчихжээ. Үүнийг үзмэгц цаад хүн нь "Өө чи Намхай юу" гэхэд Намхай нь "Аа чи муу Хулгар нохой юу" гэж биесийг таниад инээлдэж байсан гэдэг. Цаад хүн нь Намхайн сайн танил Дайчин вангийн "Хулгар Нацаг" буюу Баянмөнх арслан мөн байжээ.

Нэгэн удаа Дайчин ван өөрөө өвлийн ид хүйтэнд Хүрээ рүү ирж явахдаа тэмээн хөсгөөр хэдэн хүний хамт явсан гэдэг. Тэдгээр хүмүүсийн дотор Намхай аварга, Хулгар Нацаг нар байжээ. Гэтэл шөнө хүчтэй шуурганаар буудаллаж, том майхнаа босготол цасан шуурга хаяагаар нь ороод майхныг авч хаях гээд хаяа манах юм олдохгүй байжээ. Ингээд цөмөөрөө гайхан байтал хулгар Нацаг Намхайг дуудаж цасан шуурганд босохгүйгээр хэвтсэн хомтой тэмээдийг хэвтээ чигээр нь дамжлан өргөж, майхныхаа хаяаг даруулан тавилъя гэжээ. Тэгээд энэ ёсоор хоёул хэвтээ тэмээнүүдийг дамжлан өргөсөөр том майхны хаяаг тойруулан тавилж даруулсан тул дулаан хоносон байна. Намхай аварга нэг гол усны Махвал хэмээгчтэй айлын найранд очжээ. Барилддаггүй болохоос том бие, бяр чадлаар нутаг усандаа гайхагддаг тэр эр "Хүлээж байгаарай" гэчихээд хүлээлгээд гарч ирэхгүй болохоор нь орхиод гүвээ даваад шогшиж байтал араас нь давхин ирж агсамнан аваргын нуруу хүзүү дундуур хэд хэд ташуурдаад авав. Намхай "Золиг чинь халчихаа юу даа" гэтэл ташуураа тархин дундуур нь буулгаад авах нь тэр. Тэгэнгүүт аварга ташууртай гараас нь гуд таттал морьтойгоо хамт унаж, хэсэг чиргүүлээд орхижээ.

Намхай аварга ид барилдаж байх үед баруун аймгийн аянчид Жаран Цөнгөрөгийн голд буудалдан хоноглох үед нэгэн том ат шаварт зоогдон, хичнээн оролдоод гаргаж чадалгүй аваргыг ойр байгааг сонсож гуйжээ. Аварга очиж бүхэл биеэр нь ороосон аргамжаас цээжээ оруулан зүтгэтэл ат шавраас дуутай нь аргагүй сугаран гарчээ. Эзэн ихэд олзуурхан билэгшээж, хар хашин хөөргөө бэлэглэжээ. Мөн Намхай аварга наадамд явахдаа цэгээн дэлтэй том цавьдар морь унадаг байжээ. Тэр морь ихээхэн ороо учир хэн хүн уургалчихдаггуй. Харин аварга өөрөө Сайхан сумын нутаг Орхон голын савд багтах Улааны зүүн хавцалд адуугаа шахуулж, баруун талын цоргоор цувуулаад,цавьдар морио хажуугаар шургахад нь далан дээр нь алгадаж атган, тогтоон барьдаг байжээ. Тэгээд хэд хоног сойж хагсраагаад, наадамд явах өглөө эмээллээд мордоод булгих гэхээр нь сэрвээнээс нь нэг атгачихад булгиж чадалгүй номхордог байжээ.

Намхай аварга эд мөнгөнд шуналгүй олсноо бусадтай хуваагаад хүртчихдэг өглөгч гүндүүгүй зантай нэгэн байжээ. Нэгэн удаагийн долоо хошууны даншигт тэрбээр үзүүр түрүүнд үлдээд, Буянтогтохыг хаяж түрүүлжээ. Богд гэгээн өөрийн бөх Намхай аваргад түрүү бөхийн байнаас гадна царан дээр тойгон ембүү овоолж гардуулжээ. Аварга Богдын мутраас адис хүртэж эргээд тэрхүү цартай мөнгөнөөсөө наадамчин олны зүг боорцог мэт цацсаар бөхийн асарт хүрэхэд өөрт нь юм үлдсэнгүй. Үзүүрлэсэн Буянтогтох түүнийг хараад, "Хайран мөнгө аварга яасан үрэлгэн хүн бэ" гэж бодож байв. Энэ тухай Буянтогтох аварга хожим дурсан "Би тэр үед залуу байсан болохоор энэ их мөнгөнд тун харамсаж байсансан. Сүүлд надад юм үзсэн хүн гэж сайхан юм даа гэсэн бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байж билээ хэмээн хуучилж байжээ. Намхай аваргын тухай Буянтоо аварга нэгэнтээ хуучлахдаа: "Ээ базарваань хумпад аа. Маньд чинь дөрвөн мөчдөө дөрвөн бодын тэнхээ байсан бол Намхайн дөрвөн мөчинд дөрвөн барын тэнхээ байсан юм шүү дээ. Ер нь Намхай шиг хүчтэй адгуус ч ховор доо" хэмээн уулга алдсан гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]