Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Барс vs Т-34-ийн тухай бас нэг бодолУншсан42,148

Аливаа байлдааны зэвсэг техникийн техник үзүүлэлт бол тухайн техникийн сайн мууг тодорхойлох нэг л жижиг үзүүлэлт.

Цэргийн түүх, техникийн тухай бичдэг ном сэтгүүл, сайт, блогуудад аливаа улсын цэргийн нэг техникийг өөр улсын техниктэй харьцуулсан материал маш их. Хоорондоо зөрүүтэй тоо баримттай, өөр өөр дүгнэлттэй, ер нь л бүгдийг уншаад байвал толгой эргэх болно. Ер нь яах гэж ингэж харьцуулдаг юм бол оо? Үүний ач холбогдол юу вэ?  Энэ талаар та бодож байсан уу? Зарим мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар иймэрхүү харьцуулалт нь ямар ч үнэ цэнэгүй, хоосон цэцэрхэл гэнэ.

 

Тэгвэл, цэргийн тодорхой техник нь өрсөлдөгч техникээсээ юугаараа давуу талаар ам уралдан маргадаг хамгийн том сэдвүүдийн нэг нь Дэлхийн хоёрдугаар дайны үед хэрэглэж байсан Германы Барс танк болон Зөвлөлтийн Т-34 танкийг харьцуулдаг явдал. (Дайнд ялалт авчирсан бас нэг алдартай танк Шерман-ыг Т-34-ийн оронд тавьж болно ) Яг ийм байдлаар Катюша vs Nebelwerfer (Орос нэр нь хөөрхөн- Ванюша), Ла-7 vs Fw 190 гээд үргэлжлэх ба орчин үеийн хувьд Су-27 vs F-15,  T-90 vs Abrams… гээд дуусахгүй биз ээ.

Харин энэ удаад, Барс болон Т-34-ийн харьцуулалттай холбоотой хэдэн баримт дурдая. Яагаад ч юм энэ техникийг хамгийн их харьцуулдаг ба бодвол Дэлхийн II дайнд дайтагч талуудын хэрэглэсэн хамгийн сайн хоёр танк гэсэн ойлголтын үүднээс харьцуулдаг болов уу? Ийм хоёр өөр танкийг ингээд харьцуулж болдог юм бол хамгийн сайхан эхнэртэй жанжин vs хамгийн гоё өмдтэй жанжин гэдэг ч юм уу, юуг ч юутай харьцуулаад байж болмоор. Мэдээж хэтрүүлэг, гэхдээ үнэний хувь бий. Яахаараа 55 тонны жинтэй, танк эсэргүүцэх зориулалт бүхий хүнд танкийг явган цэрэг дэмжих, цөмлөлтийн зориулалт бүхий 26-32 тонн жинтэй дунд танктай харьцуулж болдог юм бэ? Хооронд нь л тэгш талд, халз урдаас нь байлдуулаад л байна. Дүгнээд л байна. Бодит амьдралд ийм байх магадлал хэр бол?

Ядаж "Барс"-ыг КВ-1, КВ-2, ИС-2-той харьцуулж болохгүй юу? Т-34-ийг Германы Т-IV юмуу "Пантер" гэсэн дунд танктай нь харьцуулах ёстой мэт. (Гэтэл Германы Пантер, T-V дунд танк маань Зөвлөлтийн ангиллаар бол хүнд танк. Өөрөөр хэлбэл дахиад КВ болон ИС-тэй харьцуулмаар эд)

Т-34-76

Одоо зориулалт, болон жин массын тухай энэ мэт ойлголттой болсны дараа техникийн үзүүлэлт харьцуулдаг нь хэр зохистой хэрэг вэ гэдэг талаар юм бодогдож таарах байх.

Барс нь маш хүчирхэг 88 мм-ийн зенитийн их буунд суурилж хийгдсэн танк. “2500 орчим метрийн зай хүртэл муусайн Т-34-ийг хөдөлгөөнгүй байхад нь зүгээр л ялаа шиг бяцалж өгөх бөгөөд агуу мундаг дуран хараатай, өөдөөс нь буудаад духны хуягыг нь нэвтлэх танк “бараг” байхгүй, танкийн толгойг гидр хүчлүүрээр эргүүлдэг, дотор нь сууж явахад суудлын машин шиг аятай тухтай шатрын хэлбэртэй байрлал бүхий  дугуйтай(опорный каток, tank roller ), гинжтэй, ...гэх мэтээр. Энэ бүгд үнэн.

Эсвэл бусад нэг нь “ Барсын толгой бүтэн эргэх хугацаа нь 1 минут. Энэ бол байлдааны танкны хувьд удаан, бүр хэт удаан хэрэг.” “Барс танк засмал замаар 100 км л явах ба замгүй газар 60 км чадна. Түүнээс цааш гинж болон явах анги эвдэрч, том засвар үйлчилгээ хэрэгтэй.” “50-60 тонн жинтэй боловч ердөө 650-700 морины хүчтэй хөдөлгүүртэй учир хөдөлж явна гэж тун болхи, шалбааг болгонд сууна, дээр нь амархан шатдаг бензин хөдөлгүүртэй “ гэх мэтийн юм яриад дараа нь заавал “Т-34"-ийн хөдөлгүүр нь дизель, дизель түлшинд галтай бамбар хийхэд унтардаг, харин бензинд ийм юм хийвэл...” гээд Барсын нүүрийг “улайлгаж” өгнө.

Үнэн үү? Үнэн.  (Галтай бамбар дизель түлшинд унтардаг тухайд бол үнэн боловч халсан түлш нь бензинтэй адил амархан шатдаг байна. Дайны үед дизель болон бензин хөдөлгүүрт танк ялгарах юмгүй адилхан шатаж байсан билээ.)

Техник үзүүлэлтээр харьцуулаад үзэхэд Зөвлөлтийн Т-34 Германы Барс T-VI-аас  илүү гарах юм тун цөөхөн, харин дутуу юм зөндөө гэхэд ч багадна. Тэгээд яагаад улаан туг Рейхстаг дээр мандав?

Дайны эхэн үе болох 1941 оны 6-р сараас 10 сарыг эргэн саная. Германы болон Чехословакийн жижигхэн хөөрхөн тоглоом шиг танкнууд Зөвлөлтийн нутагт дайран орж ирэх үед өөдөөс нь тэдэнтэй харьцуулахын аргагүй хүчирхэг КВ-1, КВ-2, Т-34 тосон тулалдсан байдаг. Эдгээр Зөвлөлтийн танкны техникийн үзүүлэлт нь Германы тэрхүү хөнгөн танктай харьцуулахад  Барс танкийг Т-34-тай харьцуулсантай адил, бүр илүү, хэмжээгээр давуу байсан байж магадгүй. Гэтэл дайны эхэн үед чухам хэн хүсэл зоригоо тулгаж ялж, давшиж байсан билээ? Техник үзүүлэлтээрээ хамаагүй илүү сайн танктай нь ялаад дийлээд байгаагүй байх юм.

Бас нэг өөр жишээ. Германы Барс хүнд танкийг өөдөөс нь буудаад ер нь жагсаалаас гаргаж чадахгүй гэсэн дүгнэлт, бодит туршилтууд их бий. Гэтэл үүнээс эсрэг утгатай юм ч цөөнгүй.

Т-34-85

Зөвлөлүүд 1944 оны сүүлээр олзолсон хоёр шинэ Барс танкыг Т-34-85 нь ямар зайнаас устгаж болох тухай туршилт маягийн буудалт хийж үзсэн байна. Өөдөөс харсан танкны духны хуягийг анхны буудалтаар цөмлөж чадсан бол хажуугаас буудсан сум танкны хоёр ханыг нь нэвт цохиж гарчээ. Энэ буудалтыг 1700 орчим метрийн зайнаас хийсэн гэдэг.

Энэ одоо юу болж байна?  Дийлдэшгүй зузаан хуягтай (Барсын духны хуяг 100 мм орчим зузаан) Барсыг ийм зайнаас байтугай бүр ойрын зайнаас 76 болон 85 мм-ийн их буугаар, илүү тохиромжтой  өнцгөөс буудаад ч нэвтэлж чадахгүй байсан биш билүү?

Хамаг хэрэг эдгээр барс танкыг ямар технологиор хийснээр тайлбарлагдана. 1944 оноос Америк Английн маш эрчимтэй бөмбөгдөлт, Зөвлөлтийн довтолгооны үр дүнд Германы зэс молбидений хангамж суларч, ялангуяа молбиденоор маш их дутагдаж эхэлсэн бөгөөд танкны хуягт хэрэглэх энэ материалыг ванадиум зэргээр орлуулж эхэлжээ. Үр дүн нь энэ. Холбоотнуудын хийсэн судалгаагаар Германы танкийн хуягт орох молбиденийн орц T-V болон T-VI (Пантер-Ирвэс, Барс)-д огцом буурч T-VI B-д (хааны барс) бүр огт хэрэглэхгүй болсон байна.

Одоо ийм хуягтай танкыг Барс танкны төлөөлөл гэх үү эсвэл нөгөө дийлдэшгүй үе буюу 1942-1943 оны үеийн танкаар Барсыг төлөөлөх үү? Дээр нь барс танк маань Порше толгойтой, Хенкелийн толгойтой... гэх мэтийн олон янзын хувилбартай.  Т-34 ч ялгаагүй: Т-34-57, Т-34-76, Т-34-85 гээд зөвхөн их буугаар төдийгүй өөр олон юмаар ялгаатай машинууд бий. Алийг нь тэр харьцуулах гээд байгаа Т-34 гэж авах вэ?

Ингээд техник үзүүлэлтээр харьцуулах гэхээр бас л түмэн янзын юмнаас алийг сонгох вэ гэсэн бэрхшээл тулгарлаа. Яахав зарим “судлаачид” болон” нийтлэлч” нар Вики зэрэг эх сурвалжаас дутуу хагас хараад эхний юм уу , өөрт нь таалагдсан баахан тоо хуулж тавиад, “тэр нь лаг, энэ нь миа” гэж бичиж, бид мэт нь тэрийг нь уншаад “технологийн хувьд тэнэг Иванууд Германчуудын хажууд  хэн ч биш” гэх юм уу эсвэл “Агуу Улаан армийн зэвсэг дийлдэшгүй хүчирхэг ...” гэх мэтийн уриа лоозонгоо коммент дээр бичиж байдаг билээ.

Хоёр өөр зориулалт, философиор бүтсэн зэвсгийг харьцуулах нь ердөө иймэрхүү танин мэдэх, сурталчилгаа... зэрэг  юманд хэрэгтэй бөгөөд танк зохион бүтээгчид маань өөрсдийн армийн цэргийн номлолд таарах тэр л зэвсэг техникийг хийх гэж зүтгэх болохоос илүү зузаан хуягтай, илүү том их буутай, илүү.... илүү том ...тай хийх гэдэггүй юм гэнэ.  Харин цэргийнхний хувьд “хэрэгтэй цагт гар дор байгаа танк л хамгийн сайн танк” байдаг юм гэсэн. Энгийн боловч товч тодорхой.

P.S.

Аливаа байлдааны зэвсэг техникийн техник  үзүүлэлт бол тухайн техникийн сайн мууг тодорхойлох нэг л жижиг үзүүлэлт. Түүнээс өөр олон арван чухал зүйл байх бөгөөд эдгээр нь тухайн зэвсгийн зориулалт, хангамж, засвар, бусад зэвсэг хэрэгсэлтэй хослуулан ашиглах арга боломж, тактикийн боловсруулалт, технологи, үнэ, тээвэрлэх боломж... гээд “хар мянга”. Эдгээр дундаас магадгүй хамгийн чухал зүйл бол тухайн зэвсэг техникийг эзэмших цэрэг дайчдын дайчин шинж чанар, бэлтгэгдсэн байдал буюу техникээс гарч болох бүх л  боломжийг шавхаж чаддаг тэр чадвар болов уу.

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 4 сар 4. 11:56
Энгүүн

ВВС-ийн ТОП-10 танкийн жагсаалтад Т-34 нэгдүгээрт, Барс дөрөвдүгээрт орж бсан.

2021, 1 сар 4. 18:51
Батхүү.Б

барс танкыг т-34 тэй яаж харьцуулж болох вэ зүгээр л ялсан талын ялсан шалтгаан нь танкандаа бус түүнийг үйлдвэрлэх өртөг болон цэрэг стратегийн улс төрийн өөр өөрийн цаг үеийн үй олон шалтгаан тоочиж болно .тэгээд ч одоо амьд сэрүүн байгаа олон танкчид болон шинжлэх ухааны олон теле сувгууд дээр хооронд нь харьцуулсан бичлэг дурсамжууд дээр барс нь хувь илүү техник тухайн үедээ байжээ гэдгийг эрүүл хүн л бол бүгд ойлгохоор байж

2021, 1 сар 4. 2:01
Болдоо

Ямар муухай бөөрөнхий нийтлэл бэ? Барсын сайн хувилбарыг нь Т-34-ийн сайн хувилбартай л харьцуулдаг ш дээ. Томхон тулалдааны үр дүнг бас хардаг. Жишээ нь Курскийн цүлхэнд болсон Прохоровка тосгоын дэргэдэх тулалдаан их жишээ болдог. Энэ тулалдаанд барсууд Т-34-ийг эдэлсэн.

2021, 4 сар 4. 19:14
Зочин

Прохоровкад Германууд ялсан гэл үү

2021, 7 сар 20. 11:09
Зочин

Прохоровкагийн танкны тулаанд хоёр тал аль аль нь тавьсан зорилгодоо хүрч чадаагүй. Оросууд дайснаа бүслэх гэсэн бүтээгүй, гермаан фронтын шугамыг сэтэлж чөлөөт давшилтад орох гэсэн чадаагүй, тэр ч байтугай 12 км ухрахаас аргагүй байдалд орсон. Оросын тал 826 нэгж, герман 753 хуягт нэгж оролцсон. Эцсийн дүнд орос 60%, герман 75% нь гэмтсэн, сөнөсөн байна. "Адольф Хитлер", "Рейх", "Үхсэн толгой", "СС"-ийн танкийн 2-р корпусийн нийт Барс танк 30 ш оролцсоноос 22 нь устгагдсан. Аль аль нь өөрийгөө ялсан гэдэг боловч дайн дуустал дахин танкны халз тулаанд орохоос зайлсхийх болсон. Орос хохирлоо 3 сарын дотор нөхсөн бол герман дахин сэхэл авч чадаагүй учир хуягт танкийн томоохон цохилтууд хийх боломжгүй болж дайнд ялагдах хүртэл явган цэргийн дэмжлэг төдий байсаар өнгөрсөн дөө. Эцсийн дүнгээр нь авч үзвэл иванууд л ялсан болж таарч байна даа.

2020, 8 сар 8. 23:42
zail

ergu psda chn oor oortege hereldtsen baidag shs erguu mal har al

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]