Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Хутагтын хойд дүрийг хэрхэн тодруулдаг байв?Уншсан9,091

Чойнзонгийн Баатар орчуулж, 2011 онд Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Оросын газарзүйн нийгэмлэгийн хүндэт гишүүн Петр Кузьмич Козловын "Монгол, Амдуу, мөхсөн Хар хот" номын хэсгээс

 

Tolgoilogch.mn сайт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг түүх газарзүй, өв соёл, зан заншлын холбогдолтой бүтээлүүдээс уншигчдадаа хүргэж эхэллээ. Олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, ухаарал нэмэх, соён гэгээрэх хүсэл тэмүүллийг бий болоход зорин ажилладаг Монсудар хэвлэлийн газрын хамт олны эх түүхээ таньж мэдэх, өв соёлоо хадгалан дээдлэх хүсэлтэй Монголчуудад зориулсан бүтээлүүдийг уншигч та амтархан уншина биз ээ.

Чойнзонгийн Баатар орчуулж, 2011 онд Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Оросын газарзүйн нийгэмлэгийн хүндэт гишүүн Петр Кузьмич Козловын "Монгол, Амдуу, мөхсөн Хар хот" номын хэсгээс


Консулын газарт бидний хүлээж байсанчлан нэг байр, урьд нь аяллын багийн удирдагчийн буудаг байсан жижигхэн байшинг тусдаа бэлдээгүй байв, харин багийнхныг хэсэг хэсэг хувааж, Консулын ажилтнуудын гэрт хуваарилан суулгах бодолтой байсан нь зочдод ч, эздэд ч таагүй байдлыг бий болгох байсан.

Домелунксенийн байшинд орохын төлөө тэмцэх хэрэг гарсан бөгөөд олж авмагцаа тасралтгүй галлаж дулаацуулах ажилд орлоо. Бидний орсон байшин анхандаа гаднах хэмээс ялимгүй дээгүүр, -17°С байсан бол үдэш гэхэд -6,5°С болтол дээшилж, шөнө 12.00 цагт биднийг унтахаар хэвтэх үед 0°С болсон байв. Бидний байдал тун аятайхан байсан юм. Байр сууриа олон төвхнөж, цэвэрлэгээ хийсэн бөгөөд пийшинд гал дүрэлзэн шатаж, түлээ шад пад хийн дуугарна. Цонхонд давхар хүрээ сэмээрхэн тавьсан байсан ба өглөө гэхэд дулааны шинж тэмдэг бий болсон байв. Хэдэн өдрийн турш эрчимтэй галласнаар +8С хэмд хүрснийг бид хангалттайгаар үл барам холын замд гарахын өмнө хэвийн нөхцөл бүрдлээ гэж үзсэн юм.

Домелунксенийн байшин дөрвөн өрөөтэй байсны хоёрт нь би ажилтнуудтайгаа орж, үлдсэн хоёрыг аяллын багийн бусад гишүүд эзэллээ. Бид анхны өдрөөс л барометрийг нээж, бусад тоног төхөөрөмжөө суурилуулан, өдрийн тэмдэглэл, данс бүртгэлээ цэгцлэв. Нөхөд маань нэг бол бичиг цаасны ажлаа янзалж, нэг бол ойр орчинтойгоо танилцаж байсан юм. Бэлтгэгчид хэдэн арван шувуу, мэрэгчдийн заримыг замдаа агнан хөлдүүгээр нь авчирсан, заримыг нь энд Өргөөд, заримыг нь ойролцоо Туулын хөндийгөөс олж авсан амьтдын арьс, үсийг бэлтгэн зэхэж байлаа.

Монголын ариун дагшин нийслэл болох Өргөө нь Монголчуудын амь амьдралын засаг захиргаа, соёл, оюун санаа-шашин шүтлэгийн төв юм. Өргөөгөөс хэчнээн хол нутагладаг байлаа гэсэн Монгол хүн болгон нүүдэлчдийн нэрлэдэгчлэн Их Хүрээнд ганц ч болов удаа очиж, сүм дуганууд болон амьд бурхан Хутагтад мөргөхийг хүсэж явдаг.

Яг одоогийн байддаар Богд гэгээний лагшин чилээрхүү байгаа учир урьдынх шигээ сүсэгтэн олон түмнийхээ өмнө байн байн гарч чадахаа больсон бөгөөд зөвхөн ихэс ноёд болон бусад ойр дотныхоо хүмүүсийг хааяа хүлээж авах төдийгөөр хязгаарлагдах болсон байна.

Одоогийн Богд гэгээн бол Богд Жавзандамба хутагтын наймдугаар дүр бөгөөд бурхны шашинтнууд түүнийг Энэтхэг, Төвдийн буддын шашны их номлогч Даранадын (1578-1635) хойд дүр гэж үздэг. Богд гэгээний нэрийг, бусад чухал, өндөр дээдсийн нэрийн нэгэн адил амьд сэрүүн ахуйд нь нийтэд мэдэгдэх ёсгүй, харин нас барсны нь дараа л олон түмэнд зарладаг байна.

Жавзандамба хутагтын шинэ дүрийг тодруулахдаа дараах журмыг баримталдаг гэнэ. Хутагт жанч халсан тухай Төвд рүү мэдээлмэгц Авид бурхны (“Хязгааргүй ертөнцийн бурхан”) хойд дүр болох Банчин римбүүчий, Далай лам хоёр ойролцоогоор нэг цаг мөчид төрсөн арван хоёр хөвгүүний нэрийг дурдан, Лхаст авчирч Баталагийн хийдэд толилуулах зарлиг буулгана. Тэнд эрдэм номтой лам нар хүүхдийг сорьж үзэх бөгөөд гэгээнтний шинж багатай хүүхдүүд алхам алхмаар хасагдсаар хамгийн сүүлд хойд дүр байх боломжтой гурван хөвгүүн шалгарч үлдэнэ.

Лам нарын шалгаруулалтад тэнцэж үлдсэн гурван хөвгүүн эцсийн сорилгод Ботала ордонд орно. Энэ сорилыг Далай лам, Банчинримбүүчий, Дэм хутагт нарын дэргэд хийнэ. Гурван цаасан дээр хөвүүдийн нэрийг бичиж алтан бумбанд (сэрбум хэмээх нэртэй) хийж мөргөл залбирал үйлдэн ном уншлага хийсний дараа нэгийг нь сугална, уг цаасан дээр нэр нь бичигдсэн хүүхдийг Монголын Богдын хойд дүр хэмээн тодорхойлж Өргөө рүү явуулна. Бодисадваа бүр оюун бодол, үг хэл, бие махбод гэсэн гурван хэсэг болж тус тусдаа төрдгийн учир гурван нэр дэвшигчийг оролцуулж эцсийн сонголт хийдэг аж.

Оюун бодлын хойд дүрийг Монгол руу явуулахаар ийнхүү сонгохоос гадна үг хэл, бие махбодын хойд дүр гэж хүлээн зөвшөөрөгдсөн нөгөө хоёр хөвгүүн ч өндөр мяндаг хүртэж Түвддээ амьдран, үлэмж хүндэтгэл хүлээх ба заримдаа Даранадын үндэслэн байгуулсан хийдүүдийн тэргүүн болох буюу заримдаа эдгээр хийдийн лам хуврагийн тоонд багтана.

Монгол руу явах ёстой болсон хутагтын тухайд гэвэл тэрээр мөн л Далай ламаас цол мяндаг хүртэх агаад судар номын тухай сургаал айлдвар түүнээс сонсоод Түвдийн Цзан мужид байдаг Даранадын үндэслэсэн хийдүүдийн нэг рүү хүргэгдэнэ. Энд тэрээр гурван наснаасаа тав хүртлээ бурхны ном судар, зан үйл ёслолыг судална, нэг үгээр хэлэхэд Монголын элч төлөөлөгчид өөрийг нь залах гэж Лхаст ирэх хүртэл тэрээр энд амьдарна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]