Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

XIX зууны эхэн үеийн хойд нутгийн урианхайчуудУншсан18,711

1836 оны Парижид хэвлэсэн газрын зурагт Монголын хойд нутагт СОЁД, САЯН гэж зонхилогч байр суурьтай овгуудын нэрсийг тодотгон тэмдэглэжээ.

1836 оны Парижид хэвлэсэн газрын зурагт Монголын хойд нутагт СОЁД, САЯН гэж зонхилогч байр суурьтай овгуудын нэрсийг тодотгон тэмдэглэжээ.

 
СОЁД (Soyetes)

 

Зурагт Монголын хойно Соёд (Soyetes)-ийг Хөвсгөл нуураас Сэлэнгэ мөрөнг даган, Туул гол хүртэл тархан нүүдэлж байсныг харна. Өнөө үед Хөвсгөл нуурын зүүн эрэгт Соёдууд амьдран сууж буй. Гэтэл газрын зурагт одоогоос илүү өргөн тархсан, Орхон гол хүртэл нутгийг тархан суурьшиж байгаагаар хамруулж зуржээ.

 

Соёдын тухай сэдэвт бас Хөвсгөл нуурын баруун эргийн Дархадыг дурдахаас аргагүй юм. Зөвхөн Дархадын хотгорт л дархадууд буй гэх ойлголт бий. Монголын Нууц товчоонд, Чингис хаан Сорхон-шар, Бадай, Хишилиг нарт нутаг дархалж, Сэлэнгэ мөрөнд дархан дураараа нутаглахыг зарлигдсан. Сэлэнгэ мөрний эх ундрах Улаан тайгийн ар Дархадын Хотгороос Сэлэнгэ мөрнөө даган, Орхон, Хараа, Ерөө гол хүртэл нутгуудад Дархадууд Соёдтой хамтдаа ойн бүсэд тархсан байжээ. Тэд түүхэн явцад талыг эзэгнэсэн аймгууддаа захирагдан, ойгоос талд суурьшиж, ойн бүсдээ цөөрч өөрийн байр сууриа Соёдод алдсан. Хөвсгөлөөс Булган аймаг хүртэлх Хөвсгөлийн баруун сумдыг Дархадын нутаг байсан гэж хэлж мэдэх нутгийн хөгшид одоо цөөрсөн биз.

19-р зуунд буюу зураг хэвлэсэн үеийн хойд ойн бүс бүслүүр бидний үетэй харьцуулбал өөрчлөгдсөн. Дөрвөн Ойрадын Хойд аймгаас Халхын 7 отог хүртэл нүүдлэн суух тал газар мал аж ахуй эрхлэх таатай нутаг байсан. Түүхнээ өгүүлэхэд, Жалайр хунтайж Гэрсэнзийн хөвгүүд нутаг уснаа хувааж авахдаа, том хүү Ашигай Дархан хунтайж Хангай нуруу орчмоор, дунд хоёр хөвгүүн Ноохой үйзэн Орхоны сав нутаг, Амин дурал Хэрлэн орчмоор орд өргөөгөө нүүлгэн нутаглаж байв. Харин хойгуурхи нутгууд нь уулын өргөн ойн бүс байсныг зурагт тэмдэглэсэн Соёд (Soyetes)-ын тархалтаар харж болно. Булган, Сэлэнгэ, Төв аймгийн хойгуур нутаг дах ойн бүсийн овог аймгууд хожмоо Гэрсэнз хунтайжийн хөвгүүдийн мэдэлд захирагдсан.

Хуучин Түшээт хан, Засагт хангийн хойгуур ой модгүй нүцгэн нутаг усны нэрс нь Хөвсгөл нуурын цаадах Их Соёоны арын нутаг усны нэрсүүдтэй төстэй байдаг нь анхаарал ихээр татдаг.

 
САЯН (Sayaniens)

 

Мөн Парижийн газрын зурагт өнөөгийн Тувагийн нутгийг Саянчууд (Sayaniens) хэмээн тэмдэглэжээ. Соёны нурууг оросууд Саян гэж, монгол, түрэг хэлт аймгууд Соён гэж дуудаж байв. Зохиолч Д. Нацагдорж “Миний нутаг” шүлэгтээ Соён-оор бичиж шүлэглэсэн. Мөн Соён үгийг монголоор Ширх гэж тайлбарласан байдаг.

Соёны өргөн уул нуруу нь монгол, түрэг, самоди, түнгүс гээд гарал үүсэл, үүх түүхээр ялгаатай олон овгуудын нутаг юм. Эд аймгуудаас 20-р зууны эхээр илүү тархмал давамгай байр суурьтай нь Соён овгуудынх байжээ. Уг овог нь Хөвсгөлөөс Тувагийн цаадахь Соены нурууны арын Хакас хүртлээ өргөн тархмал, бугын аж ахуй эрхлэсэн овог байв.

Соён овгийг Монгол хөрш овгууд нь Соёд гэж, заримыг нь монголоор Ширхтэн гэж дууддаг. Соёдууд Уйгурын хаант улстай түүхээ холбодог нь угсаатны бүрдэлт нь анх энэ үед үүсэж тогтсон гэж үзэж болох юм. Түүхээрээ Сэлэнгэ мөрнөөс Тувагийн нутаг хүртэл Уйгурууд зонхилон суурьшиж байсныг Байбалгас, Бор-Байжин балгас, Сэлэнгийн чулууны бичээс хөшөө зэрэг түүхийн дурсгал олдвор, түүхнээ гэрчилдэг. Мөн 1764 онд Дархадын хотгорт Улиастайн амбанд өөрийгөө “уйгур хүн” гэж нэрлэсэн соёдын тухай анх тэмдэглэсэн байх юм. Соёд, Дархадууд ижилсэж байсны ул мөр өнөөгийн Дархадын дундах Соён овог билээ.

Угтаа нь Соён нуруу, Соён, Соёд овог гэх үгнүүд нэг язгуур үүсэл гаралтай үгнүүд юм. Соён овог нь Соён уулаар овоглуулж, монгол, түрэг, орос хөршдөө Соёд нэрээр адилхан дуудуулж байв.

Орос, Түрэг хэлтний бичиж үлдээсэн Соёдууд гэж хэн байв. Эд анх Соён (соёд) гэх уг үндэс гарлаар боловч сүүлдээ Соён нурууны нэршлээр нийтдээ дуудуулсан нутгийнхан байв.

Их Нууруудын хотгор, Туван хотгорыг зааглан сүндэрлэх их уул бол Тагна уул (тувагаар Танды) юм. Жамуха Найманаас салаад энэ ууланд (нууц товчоонд Танлу) аргал угалз агнаж орогнож байсан.

Тагна уул Соён нуруунаас салангид урдуур оршдог уул билээ. Тагна Урианхайчууд гэж эхэндээ Тагна уултай холбоотой цөөнхөн урианхайн овгууд байснаас Тува буюу Соён нурууны нийт овгуудыг хамруулж байгаагүй юм.

УРИАНХАЙЖИХ, ЦААТАН ЭСВЭЛ МАЛЧИН, УРЦ УУ ЭСВЭЛ ГЭР ҮҮ

Тува, Буриадын Соёд нь цаа болон мал аж ахуй эрхлэдэг. Манай Соёд нь дан цаа буга эрхэлдэг нь судлаачдын эргэлзээг эхлэн төрүүлэх юун билээ. Монгол, Буриадад Соёдыг цаатангууд гэж хольж ойлгодог. Харин 20-р зууны эхэн үеийн Тувагийн Соёд нь малчин, Тожи нь цаатан байсныг оросын түүхэн зураг, архивийн олон материал эх сурвалжууд харуулж байна. Тува Монголоос салахын өмнө шуудангийн ажлыг морьтон Соёдууд илүүтэй хийж байсан тухай оросууд бичиж тэмдэглэн үлдээжээ.

Тэхээр Монголд суурьшиж байсан Соёдууд цаатан, малчин 2 амьжиргаатай байсан болж байгаа юм. Монголын малчин Соёд нь хөрш УРИАНХАЙ-чууддаа шингэж ууссаар, Хөвсгөлийн зүүнтээ зөвхөн цаатан Соёдууд нь үлджээ гэж дүгнэхээр байна.

Тувагийн Соёдууд УРИАНХАЙЖИЖ, аж ахуйгаа өөрчлөн малжиж, бас ой талдаа урцлан суурьшсан хэвээрээ байжээ.

(Соёдуудын аж байдлыг харуулсан 3 дахь хар зурагт гэр урц хамтдаа байгааг харах болно.)

 
ТАННУ (ТАГНА) УРИАНХАЙН ХЯЗГААР ДАХЬ СОЁДУУД

 

20-р зууны эхэнд Оросын Лучинскийн гаргасан Түүх-угсаатны газрын зурагт Тува нутгийг Соёд (Сойiты) Урианхай, харин Тэлэнгүд (Телес)-ийг Урианхай гэлгүй нэрээр нь тэмдэглэснийг харна.

Угтаа бол Монголчууд хоёуланг нь Урианхай гэж дууддаг. Учир нь 1762 онд Манж Чин улс өнөөгийн Хөвсгөл аймаг дах Дархад, Соёдыг, Тува, Хакасын өмнөд нутаг, Уулын Алтайн хойд нутагтай нэгтгэн ТАННУ (Тагна уул, Тэсийн голийн овгууд), САЛЖИК (Ойн овгууд), ХЭМЧИГ (Зүүнгарын ойн овгууд), ТОЖ (тожи цаатан), ХӨВСГӨЛИЙН УРИАНХАЙ (Ширхтэн овог) хошуу гэсэн 5 хошуутайгаар Танну Урианхайн хязгаар гэж нэрлэсэн түүхтэй. Хэмчиг хошуу нь мөхсөн Зүүнгарын хаант улсаас таслаж нийлүүлсэн хошуу байв. Нийлүүлсэн Хэмчигийн баруун 10 сумдад Тэлэнгүүд байсан. Ингээд Манжийн засаг захиргааны шинэ хуваарилалтанд орсон ойн овог, аймгуудыг УРИАНХАЙ гэж нэрлэх болж, харин дотроо хуучин гарал овгийн нэрээр овоглох болсон байна. Гэхдээ Урианхай гэж дуудуулж байхдаа Соёд, Дархад, Тэлэнгүд гэх хуучин овгийн нэршлээ түр хадгалж байсныг дээрх газрын зураг, баримтууд гэрчилж байгаа юм.

Товчхондоо, ТАННУ УРИАНХАЙ гэж зөвхөн Тагна уултай холбоотой Урианхайчуудыг дуудаж байснаа, Манжийн үеэс Соён нурууны нийт овгуудад хамруулж нэрлэсэн түүхтэй юм.

1868 оны Тарвагатайн гэрээгээр Танну-Урианхай Хязгаарын Хэмчиг урианхай хошууны минжийн арьсан татвар төлдөг 13 сумдыг салгаж, Оросод өгсөн нь өнөөгийн Оросын холбооны Хакасын өмнө, Уулын Алтайн хойд нутгууд байв. 2 тал хилийн гэрээгээ 1869 онд Ховд, 1870 онд Тарвагатайд эцэслэн баталсан. Ингээд өмнө Монголдоо Урианхайн тэлэнгүд нь хилийн цаана орж, Урианхай нэрээ гээсэн юм. Харин монголчууд тэднийг Урианхай гэж хуучнаар нь дуудна.

1895 оны Соёд гэр бүлийг зурсан гар зурагнаас

Засагт хан, Сайн ноён ханы харьяа Соёдууд уул, хотгороо дагаж Хаасууд, Иргид, Онход, Ширхтэн, Дархад гэж овгоороо салан нутагласаар, хөрш Урианхайчуудад шингэж, Тува, Хөвсгөл нуур хүртлээ хумигдсан. 1911 онд Соёд урианхайг Хөвсгөл нуурын Урианхай сум, Ширхтэн отог гэж хуваан нэрлэх болжээ.

Дархадууд ч мөн адил Дархадын хотгороос өөр нутагт овгийн нэрээр тодорч үлдэлгүй хоцорсон ажээ. 1931 онд Улсын бага хурлаас Хөвсгөл аймагт ажилласан гишүүн илтгэлдээ “ ... Дархад нь ... заримууд нь монгол хэлийг мэдэхгүй, өөр хэлтэн болохын гадна зэрлэг мэтээр амьдарч, уул хаданд явах ...хайлаас модны холтос хэмээх зүйлийг үргэлжлэн авч тус орноо хэрэглэх эсгийний оронд зарцуулах болмуй, ... гэр орон байшингийн зүйл огт үгүй, уулын мод, хадны нүх зэрэгт орогнож сууж амуй, ... “ гэжээ.

 
СОЁДУУД ХОЙДУУД УУ?

 

Энэ таамаглал санааг олон судлаачид өмнө дэвшүүлж байсан. Их Соёны нурууны ард Ахай гол, Түнхийн хотгороор Соёд урианхайчууд Хорь буриадуудтай эртнээс хөрш айлсан нутагладаг. Буриадууд нь тэднийгээ hOЙОД гэж дуудна.

Буриад аялгаар С авиаг h-ээр хэлдэг онцлогтой. Тухайлбал, Сайн байна уу гэхийг буриадаар hайн байна уу гэж h авиаг Х авиатай ойролцоо хэлнэ.

Буриадын hойод дуудлагаар монголын бусад аймгуудад хойод, хойд гэж нэрээр дэлгэрсэн гэх таамаглал бас байгааг судлаачид анхаарах байх.

Мөн Тэсийн голын салаа Хойд голтой адил Соён нурууны Түнх гэх газраар Ахай голын салаа Хойд гол нь Соёдын нутаг билээ.

НҮБ-ын UNESCO байгууллагаас the World's Languages in Danger буюу Нэн эхэнд мөхөж буй аялгад Монголоос Хөвсгөлийн Соёд урианхайчуудын аялгыг онцлон заасан байдаг.

Соёд-Буриад толь бичгээс, Соёд (Сойот) үгийн хөрвүүлэг тайлбар

Судлаач С.Алдар

МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ -  History of the Mongols

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]