Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Ямаан Чимидийн хүү ба Хүрээний лам нар хятадуудтай зодолдсон ньУншсан64,417

Тэгээд Богд хаан болсноос хойш гурав дөрвөн жилийн дараа, өвлийн дунд сарын адгийн үед шөнө Шанзавын яамны лам зайсан хоёр, хар зайсан хоёрыг голын сүм дээр дуудуулав.

XX зууны соён гэгээрүүлэгч, Ардын уран зохиолч хатагин Цэндийн Дамдинсүрэн хууч яриаг ихэд сонирхож "ойрмог шиг болсон явдалд оролцсон буюу үзсэн хүмүүсийн дурсамж яриаг ардууд хууч хөөрөх гэдэг бөгөөд үүнд бид анхаарлаа хандуулж сурвалжлах, цуглуулах, бичиж авах, тэмдэглэх хэрэгтэй байна" хэмээн онцолж энэ чиглэлд шижир алтнаас үнэтэй олон ардын яриаг сурвалжлан тэмдэглэж үлдээсний нэгээхэн хэсэн нь "Өвгөн Жамбалын яриа" билээ. "Өвгөн Жамбалын яриа"-нд түүхийн гэрч болох олон мэдээ байх бөгөөд үүний нэг болох "Ямаан Чимидийн хүү" болон Хүрээний лам нар пүүсний хятадуудтай зодолдсон түүхийг уншигчдадаа хүргэе.

ЯМААН ЧИМИДИЙН ХҮҮ

Богд урьд мөргөхөөр  ирсэн хүмүүст дэлгэр мөргөл хийж долоо хоног бүр нэг удаа мөргөл тавьдаг байсан юм. Сүүлдээ түүнийгээ больж, мандлын харамж хураах хүн гэж хоёр хүн Богдын дэргэд байх болж, тэр хоёр мөргөх хүн бүрээс нэг лан мөнгө хурааж авдаг болсон юм.

   Далай ламыг явснаас хойш 1-2 жилийн хойно хаяа хаях гэдгийг явуулах болов. (Богд сүмийнхээ цонхоор идэш ууш, торго, хадаг зэрэг элдэв зүйлсийг хаяж байжээ)  Одоогийн Голын музей байгаа дунд сүмийн цонхоор хаяа хаядаг байлаа. Тэрнийг зүүн цонхоор гадагш хаявал Дээд сүмийн их бага албаны хүмүүс цөм авдаг байжээ. Үүнийг өдөр бүр шахам үдээс хойш хаях болсон юм. Түүнийг анх хаяхад ямаан Чимэд гэгчийн хүү хамаг их юмыг авсан ба түүнээс хойш хаях бүрд тэр их зүйлийг авдаг болсон бөгөөд Богд ч түүнийг олж авахаар чиглүүлэн хаядаг байлаа. Ингэж 2-3 жил дараалан хаяа хаяж байсан. Ингэж байгаад ямаан Чимэдийн хүү, Богдын дэргэд байх болов. Энэ хаяа хаях бүх зүйлийг өөрийн ба пүүснүүдээс авсан олон янзын юмаар гүйцэтгэдэг байсан. Дараа нь хаяа хаях явдлыг нийтэд явуулахыг зогсоож, зөвхөн ямаан Чимэдийнхний хамаатан, төрлийн хүмүүст зориулан хаядаг болов. Бас ямаан Чимэдэд өөрт нь өдөр бүр хонины болсон ууц нэгийг тогтмол өгдөг болжээ.

Богдоос "Ямаан Чимидийнхэн миний гурван сүмийн юмыг өгөхөд цадах юм биш дээ” гэж ярьж байсан гэж олон хүнээс сонссон. Ямаан Чимидийн хүүд Богд “Чи нэг сайн гэр барь" гэж гэрийн хэрэглэлийн хагас хугас зүйлийг өгсөн юм гэдэг. Түүний нь ямаан Чимэдийн хүү өөрийн багш болох Хувилгааны аймгийн Марваа лам гэдгийнд хадгалуулжээ.

Түүнээс хойш Богд юм өгөхдөө “Чи гэртээ тавиарай" гэж хэлдэг байжээ. Тэгээд нэг өдөр ямаан Чимэдийн хүү гэрийн зуухны тавиур хийлгэх гэж мужаанд захиалахаар явж, баруун Дамнуурчингийн нэг мужаан хятадтай тавиур хийлгэхээр ярилцаж тохироод төдийд ирж авна гээд явжээ. Ингээд нөгөө тавиураа авахаар очоод “Муу хийсэн байна” гэж хэлсэнд хятад уурлаж, ямаан Чимэдийн хүү муухай орилж бархирсанд Гандангийн хуралд явж байсан лам нар дуулаад тэр хятадын пүүсэнд дайран орж ямаан Чимэдийн хүүг суллан тавих гэсэнд хятадууд хориглож, лам нартай зодоон хийжээ. Түүнийг хятадууд Амбан яаманд очиж мэдүүлжээ. Тэгээд лам нар Ямааны хүүг тавьж Гандан руу зугтаж ирэхэд тэдний хойноос хятад амбан дөрвөн хүнээр дамнуулсан ногоон жуузтай,  пүүсний баахан хятадуудын хамтаар ирэхэд Гандангийн хурлын үүдэнд цугларсан олон лам нар чулуу нүүлгэж, амбаны жуузны догийг хуга чулуудаж унагаахад амбан бууж, явганаар Эрхмийн аймгийн гудамжаар хятадуудын хамтаар зугтсан. Тэр үед Эрхмийн аймгийн гудамжинд нохой хооллож байсан жирийн нэг ламыг амбан барьж аваад явсан. Цааш яваад хятадын өргөн чөлөөнд Ханан бүхээгт гэдэг худалдаачны пүүсний дэргэд Дэнзэн гэдэг лам согтуу, зузаан цай аваад гуйвж явсныг бас бариад авчээ. Түүнээс цааш явж байтал Тойслэнгийн аймгийн Лувсанцэрэн гэдэг лам согтуу явж байсныг барьж аваад явжээ.

Гандан дээр үймээн гаргасан лам нарыг барихаар ирсэн арван тавны цагдаа Амар залан гэдгийг лам нар барьж зодох гэсэнд ухаан алдаад зайлж, цогчин гэсгүй Довдон гэдэг хүний суган дор шургаж арай гэж амь зайлсан юм. Хэрэг гарав гэж Бадамдорж шанзав морьтой, хэдэн зайсан дагуулж ирээд цугларсан лам нарыг тараасан юм. Түүнээс хойш нөгөө баригдсан 3 лам амбангийнд шүүгдэж байна гэж дуулдсан. Тэгээд яасныг бүү мэд. Амбан, "Ямаан Чимидийн хүүг заавал олж өг" гэж Балдандоржоос шахаж шаардах болжээ. Ямаан Чимидийн хүүг Богд дэргэдээ аваачиж суулгаад өгдөггүй байсан юм. Эх дагина Богд хоёрыг жуузтай явахад ямаан Чимидийн хүү хамт явах боллоо. Хөдөөний хүмүүс Богд, ямааны хүү хоёрын аль нь Богд болохыг ялгаж чадахгүй байлаа. Богдын орны дэргэдэх Зүүн зоогой гэдэг гэрт Ямааны хүү суудаг болжээ. Дондогдулам нийтэд илрээгүй байхад энэ гэрт сууж байсан юм гэнэ билээ. Ямаан Чимэдийн хүү бол эрдэм ном мэдэхгүй, урьд цогчин хуралд манаач явсан хүүхэд юм.  Ордны манаач хүн ямаан Чимэдийн хүүг гаднаас орж ирэхэд “Чи хэн бэ?” гэж асуужээ. Ингэж асуусан учир манаачийг банздуулж байсан билээ. Ийм хэцүү их хүн болжээ. Богдын дэргэд хоёр гурван жил болж байв.

   Гэтэл нэг өдөр Богд таван хоногийн дотор эр цунгийн банзаар  мөглөн хийлгэ гэж Дээд сүмийн даамалд тушаав. Өндөр Цагаандайн пүүсэнд захиалж тийм бөх бат мөглөн хийлгэв. Тэр мөглөн дөрвөн хоногт бэлэн болов. Богд түүнийг үзээд цагаан төмрөөр доторло гэв. Сангай дархан гэж өвгөн, цагаан төмрөөр доторлоод шалзан хадаасыг хадаж байтал Богд өөрөө ирээд “Чи хадаасны дархан уу? Хам хумын дархан уу?” гэж асуухад өвгөн Богдыг мэдсэнгүй “Ямар ч хамаа байж уу" гээд эргээд харсан чинь Богд байжээ. Тэр дархан их сандарсан юм гэнэ билээ. Богд тэр дарханд хурган дотортой цэнхэр чисчүү дээл, чисчүү тэрлэг, булган малгай, наамал гутал, шар дурдан бүс, аяга, шаазан, домбо зэрэг их юм бэлэглэж өгсөн. Үүнийг гөлөг тэжээдэг Дамба буриадын морин тэргэнд ачаад гэрт нь хүргэж өгсөн билээ.

Тэгээд Богд хаан болсноос хойш гурав дөрвөн жилийн дараа, өвлийн дунд сарын адгийн үед шөнө Шанзавын яамны лам зайсан хоёр, хар зайсан хоёрыг голын сүм дээр дуудуулав. Тэр дөрвийг очиход Догсом гэдэг сангай ламаар дуудуулж оруулаад "Ямааны хүүг унтаж байхад барьж ав” гэсэнд тэр дөрвөн зайсан түүнийг Богдын ордны дэргэдэх зүүн зоогой гэдэг гэрт унтаж байхад нь бариад авчээ. “Би өмдөө өмсье” гэж ноцолдоход өмдий нь өмсгөлгүй нимгэн хурган дотортой дээл, гутлыг өмсгөж "Би алтан бугуйвчаа авъя" гээд ноцолдоход нь сангай лам Догсом “Ямааны хүү, алтан бугуйвчаа авч явна гээд ноцолдож байна” гэж Богдод айлтгажээ. Богд “олон үггүй аваад яв” гэжээ. Түүнийг аваачаад, их шавийн хоёр шоронгийн хооронд, цагаан төмөр дотортой мөглөнд хийжээ.

Тэр үед өвөл цаг байжээ. Тэр шоронгийн дарга Хүрийн Дугаржав гэдэг хүнд “Цай хоол өгч бай” гэж тушаажээ. Тэгээд Ямааны хүү тэнд долоо хоноод нас барсан юм. Хүрийн Дугаржав, Ямааны хүүг нас барав гэж Богдод айлтгасанд Богд, Дугаржавт тавин лан шагнасан юм гэдэг. Тэр дөрвөн зайсанг маргааш нь тус  бүр тавь банздаад тавьсан юм гэдэг. Ямар учраас Ямаан Яимэдийн хүүг ингэж шийтгэснийг би тодорхой мэдэж чадаагүй. "Цагаан дартай ханилах гэж оролдоод буруутсан юм" гэж хүн ярихыг сонссон билээ. Манж амбан, Бадамдорж шанзав нарын шаардлагаар Чимэдийн хүүг барьж шийтгэсэн гэж бас зарим хүн хэлдэг. Үүнийг үнэн болов уу гэж санадаг. Ямаан Чимэдийн хүүг үхсэнээс хойш Богд гэрт нь “Буян үйлд” гэж хэдэн ембүү хүргүүлж байсан юм.

Сэтгэгдэл 12ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 12 сар 17. 12:20
Зочин

ene uil yvdal heden ond bolson be

2020, 9 сар 17. 11:45
Зочин

gehdee ywuulga ch bj bolno shvddee vneheer altan buguiwchaa awna gesen vv gvyu dalda ywuulga shg l sanagdaj bn

2020, 8 сар 7. 16:55
orgil

lalariin muu tuvd bas gomo amragtai baijee tsonhoor yum shiddeg ch geh shig mongolchuudiig ih doromjildog baijee muu lalar

2020, 4 сар 27. 13:39
Да лам чинсанаа

Хошногддог гомо баньд нь дийлдэхээ байгаад аргагүй болж алсан юм шиг байгаа юм тэрнээс биш юу гэж гомо энэ тэр гэж бичихэвдээ

2020, 3 сар 18. 14:29
Зочин

Ийм утгагүй нөхөрийг юугаа хийж тэжээж байсан юм болоо?

2020, 3 сар 16. 14:06
Зочин

Даварчихсан бөөс байж дээ

2020, 4 сар 25. 21:55
Зочин

Богд гдэг тангад Монголд юу хийсэн юм. Хойт төрөлд жаргах гэдг мунхарууулга явуулж, Монголыг мөхөөх бодлогоо явуулж байсаныг бид мэддэггүй мунхагууд шүү. Юу ч гэлтэй билээ. Тэгээд өөрийн бодлогоо хэрэгжүүлх гэж улс орны эх орончдыг дарах бодлоготой байсан гэдэг. үүний үнэн эсэхийг түүхчид гаргаж ирэхгүй юм даа.

2020, 3 сар 9. 1:32
sonsogch

baron ungern mongolchuudiin arisiig amidaar ni ovchdog bsiim uu sonsood gaihlaa jaahan sonirhuulj bicheech medmeer bna.

2020, 3 сар 28. 4:41
Зочин

Dambiijantsan hunii aris tulmalj ovchood hadgalj bsn yvsaar bgd odo Czech ulsiin aldart tov muzied hadagalagdj bdgiim bnle yg ter chigeeree uzhed ih evgui

2020, 3 сар 25. 13:37
Зочинbatmunh

Dambiijantsan l hunii arisaar tulam hiideg gej unshsan is

2020, 3 сар 6. 11:38
РАВДАН

богдын гуяа руу хутга шаагаад алуулсан бөлгөө

2021, 6 сар 6. 7:18
ямаан

Тэр чинь лэгцэг лам дуракаа, богд олон амраг баньдатай байсан бололтой, заваан хог

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]