Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Өгэдэй Толуй хоёрын дүрийг эргэцүүлэн бодохуйдУншсан19,934

Монголын нэрт эрдэмтэн Гаадамбын хүү доктор, профессор Билгүүдэйн "Өгэдэй Толуй хоёрын дүрийг эргэцүүлэн бодохуйд" хэмээх судалгааны өгүүллийг уншигчдынхаа хүсэлтээр нийтэлж байна.


Монголын нэрт эрдэмтэн Гаадамбын хүү доктор, профессор Билгүүдэйн "Өгэдэй Толуй хоёрын дүрийг эргэцүүлэн бодохуйд"  хэмээх судалгааны өгүүллийг уншигчдынхаа хүсэлтээр нийтэлж байна. "Монголын Нууц товчоо"-г удам дамжин судалж буй эрдэмтэн Г.Билгүүдэй манай уншигчдын хүсэлтийг хүлээн авч 1990 онд бичиж байсан өгүүллээ өөрийн сан хөмрөгийг уудлан илгээсэн юм. Таалан болгооно уу.


Бид энэ өгүүлэлдээ Чингис хааны хөвгүүн Өгэдэй Толуй хоёрын «Монголын нууц товчоон»-д орсон байдлыг авч үзэх гэсэн билээ. Ингэж онцлон авч үзэхийн учир гэвэл Чингисийн энэ хоёр хүүгийн удмаас Монголын хаан ширээг залгамжилж ирсэн түүхтэй холбоотойд л оршино.

 

Чингис хаан дөрвөн хүүтэй байсан бөгөөд тэдний чухам хэн нь хаан эцгийнхээ их суурийг залгамжлах вэ гэсэн асуултыг зохиолын 254 дүгээр зүйлд Есүй хатан анхлан сануулан тавьснаар Чингис хаан хөвгүүдийнхээ саналыг авахаар болжээ. Ийнхүү санал авахад Цагадай Зочитой хэрэлдэж эцэст нь зэмлүүлээд Өгэдэйг хаан өргөмжилье гэсэн саналыг гаргаж түүнийг нь Зочи дэмжив. Нууц товчооны 255 дугаар зүйлд Өгэдэй Толуй хоёрын хэлсэн үг зохиолын зангилаа гол өгүүлбэрүүдийн нэг нь юм. Тийм ч учраас бидний анхаарлыг татаж байна. Хааны залгамжлагчийг тодруулах зөвлөлгөөн дээр Өгэдэйн хэлсэн нь: “Хаан эцэг соёрхож үг хэл гэхэд би юугаа хэлэх вэ? Чадахгүй гэж яаж хэлэх вэ? Чадахыг хичээе! Гагцхүү хойд үеийн хөвүүд ач нар минь өвсөнд оровч үхэр тоож идэхгүй, өөхөнд хучивч нохой тоож идэхгүй юм төрөөд хандгайг харваад оготныг онох болуузай. Би түүнээс өөр юуг хэлэх вэ?” (1, 217-218) гэжээ. Энд Өгэдэй өөртөө болон ялангуяа удмынхаа хүмүүст илт үл итгэсэн маягтай эргэлзсэн үг хэлсэн нь сонирхолтой. Энэ үгийг сонсоод Чингис хаан зөвшөөрч байгаа нь бүр ч сонин. Мөн зүйлд Толуй ийм үг хэлэв: “Би хаан эцгийн нэрлэсэн ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж, уриалах дуунд нь уухай болж, унах моринд нь ташуур болж, холын аянд явалцаж, ойрын дайнд оролцож тусалъя!” (1, 218). Толуйн энэ үгийн утгыг бодвол Толуй ерөөс хаан ширээнд санаархаагүй харин ч хаан эцгийн нэрлэсэн ахын дэргэд байж үнэнчээр зүтгэхээ тангараглах мэт үгийг хэлжээ. Өгэдэй үнэхээр өөрийн биедээ эргэлзсэн үг хэлсэн үү? Толуй хаан ширээнд санаархаагүй гэдэг үнэн үү? Гэсэн асуулт аяндаа гарч ирж байна.

Энэ асуултад хариулахын тулд Өгэдэй, Толуй хоёрын талаар Нууц товчооны бусад зүйлд байгаа мэдээ сэлтийг харьцуулж үзэх нь зүйтэй болов уу. Нууц товчоонд Өгэдэй (§173), Толуй (§214) хоёрт амь эрсдэж болох эгзэгтэй мөч тохиолдож байсан тухай өгүүлжээ. Харин Чингис хааны хоёр хүүгийн аминд орсон хүн нь Жүрхины нутгаас олдсон Борохул байсан нь нэн сонирхолтой. Учир нь францын эрдэмтэн П.Пеллио гуайн бичсэнээр (2, 375-376) Борохул Өгэдэй болон, ялангуяа, Толуйн амийг аварсан байх ямар ч үндэсгүй юм. Түүхээс үзэхэд 1198 онд (П.Пеллио 1197 онд гэжээ) Чингис хаан татаарын Мэгүжин-сүүлтийг даралцаад буцах үед Жүрхин нар Чингис хааны ар гэрт халдаж түйвээсэн тул мөн тэр ондоо Жүрхин нартай байлджээ. Нууц товчооны 137 дугаар зүйлд чухам энэ байлдааны дараа Зэвгээ Жүрхний нутгаас Борохул нэрт “ьcьgдn kц’ьkдn” (3, 38) (“өчүүхэн хүүхэд”) авчирч Өгэлүн эхэд өгчээ. Гэтэл 1198 онд “өчүүхэн” байсан Борохул 1200 оны үед Чингис хааны дөрвөн хүлэг баатрын тоонд багтаж (§163), 1203 оны байлдаанд Өгэдэйн аминд орсон (§173), 1194-1197 оны (Толуйн төрсөн он тогтоогдоогүй) хооронд хий насаа оруулаад 5 настай байсан Толуйн аминд Борохулын эхнэр Алтани орсон (§214) гэхэд итгэхийн аргагүй оны зөрөө гарч ирнэ. Тэгээд ч Жүрхиний нутгаас олдсон Борохулын эхнэр нь Алтани нэртэй биш, Тэкүй нэртэй хүн байжээ (2, 376). Нэмж хэлэхэд хоёр өөр Борохул байсан байж болох юм. Тийм тохиолдолд Чингис хаан хэнд соёрхол өгч есөн өрлөг болгосон нь тодорхойгүй.

Нууц товчоонд Өгэдэй Толуй хоёр хаан эцгийн ивээл дор Сартаул иргэнд аялж, олон хот балгас эвдэж явжээ. Энэ дайнд Өгэдэй ах Зочи, Цагадайн хамт баруун гарын цэргийг мэдэж олон хот эзлэсэн боловч Чингис хаанд хувь гаргаж өгөөгүйн учир зэмлүүлж (§260) явжээ. Гэтэл Толуй ганц биеэр цэрэг удирдан олон хотыг эзлэж хаан эцэгтээ сайшаагдаж (§259) байжээ.

Эцэст нь Өгэдэй Чингис хааны гэрээс ёсоор хааны өндөр сууринд суугаад хаан эцгээс хойш хийсэн ажлаа дүгнэн хэлсэн үгэнд “дөрвөн бурууг үйлджээ” (§281) гэсэн гэмшил үг хэлж буруугаа өөрөө хүлээж байгаа мэтээр дүрслэгджээ. Гэтэл Толуй хаан эцгийн өмнө хэлсэн үгэндээ эзэн болж, Өгэдэй ахын дэргэд үнэнчээр зүтгэж, хэрэг болсон үед ахынхаа орноос амь насаа зориулснаар (§272) зохиолд дүрслэгдэж байгаа нь сонин. Толуй ахынхаа оронд золиос болохдоо хэлсэн үг нь их гүн утгатай мэт санагдана. Тэрээр: “Суут Чингис хаан эцэг минь, дээр чинь ах нар, дор чинь дүү нар байтал, хаан ах таныг агт морь шиг сорьж, иргэ хонь шиг барилж үзээд их сууринд суулгаж, олон улсыг захирах дээд үүргийг даалгав. Намайг хаан ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж яв гэсэн билээ. (Үнэндээ энэ үгийг Толуй урьд өөрөө хэлсэн билээ. - §255) Одоо хаан ах чамайг алдвал, би хэний мартсаныг сануулж, хэний унтсаныг сэрүүлэх вэ? Үнэхээр хаан ах муужирвал, олон Монгол улс өнчирч, Хятад улс баясах болно. Хаан ахын оронд би золио болъё! Тул загасны нурууг тунтарч явлаа би. Хилэм загасны нурууг хяргаж явлаа би. Илийг ялж, далдыг дарж байв. Миний нүүр гуа, нуруу өндөр биз. Бөө нар бөөлж залбирагтун!” (1, 231). Тэгээд бөө нарын адисласан (шившэн ариутгасан) усыг ууж хэсэг суугаад Өгэдэй ахдаа гэрээс үгээ хэлж гарч “зөв эс болов” (4, 311-321) (нас барлаа). Толуйн энэ хэлсэн үгэнд сүүлийн үеийн болов уу гэмээр нэг үг байгаа нь Чингис хааны нэртэй хамт “суут” гэдэг үгийг анх удаа хэрэглэсэн явдал юм. Хоёрт, өөрийнхөө хэлсэн үгийг хаан эцгийн захиас үг мэт болгон хэрэглэсэн явдал юм. Гуравт, хаан ахын оронд золио болъё гэдгийн дараа “Миний нүүр гуа, нуруу өндөр биз” гэж хаан ахаас эрдэм чадлаар илүү байсан гэсэн санааг давхар гаргах гэсэн мэт байна. Нууц товчоогоор бол Толуй хаан ахын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд нас баржээ. Гэтэл Козины Нууц товчооны орчуулгад: “Хэргийн байдлаас үзвэл Толуй тэр үед үхээгүй бололтой” гэсэн өгүүлбэрийг онцолж бичжээ (5, 193).

Мөн энэ хэсгийг Юань-шид арай ондоогоор ойлгож тэмдэглэсэн байна. “Таван сард Тай-зун (Өгэдэй) амаргүй болж, зургаан сард өвчин хүндэтсэнд Толуй тэнгэр газарт залбиран бие оролсугай хэмээн гуйжээ. Бас бөө удганыг авчирч усны бузрыг ариутган уугаад, хэдэн өдөр сууж Тай-зунгийн өвчин илаар болжээ. Толуй дагаж умраа эргэж, хар Хитус-ун (Хар Хятаны) газарт хүрч, өвчнөөр үгүй болжээ” (6, 8a) гэжээ. Энэ бүгдээс үзвэл Толуй ахын оронд золиос болж үхсэн гэдэг эргэлзээтэй зүйлийн нэг юм.

Чингис хаан дөрвөн хүү нарын юу хэлэхийг сонсоод зарлиг болохдоо Өгэдэйн өөрийн удам угсааны хүмүүст итгэлгүй байгаа тэр үгийг нь онцлон тэмдэглээд, хэрэв тийм болбол “mini urug-tur nikдn-ь’ь sayin ьlь tцrдgь aju’u” (3, 105). Үүнийг Ц.Дамдинсүрэн “Миний ураг төрлийн дотор нэг хөвүүн нь сайн төрөх үгүй юу?” (2, 218) гэж хөрвүүлжээ. Чингис хааны энэ үгийг францын эрдэмтэн Р.Груссе “хэрэв Өгэдэйн удмаас төр засах чадалгүйгээ харуулах юм бол өөр нэг миний удмын хүүхдэд ширээ минь шилжих учиртай гэж хэлсэн Чингис хааны үг баахан хэт ирээдүй уруу хандчихсан юм шиг санагдаж байна” (7, 230) гэж тайлбар хийгээд уг санаагаа улам лавшруулж Нууц товчоог 1240 онд биш, 1252 онд засгийн эрх Өгэдэйнхээс Толуйн удамд шилжсэн үеийг бичсэн биш байгаа гэсэн таамаглал гаргасан юм. Мөнх хааныг суух үед Өгэдэй Толуйн ураг төрлийн ноёдын хооронд хаан ширээний төлөө тэмцэл явагдаж байсан нь үнэн юм. Гэхдээ энэ тэмцэл бүүр Чингис хааныг амьд сэрүүн байхад эхэлсэн байж магадгүй. Чингис хааны хөвгүүд энэ тэмцэлд хоёр тал болон оролцож байсан байж болно. Ийм тэмцэл явагдаж байсны нэг дам баталгаа бол баруун зүгийн аян дайнд ахмад хан хөвүүд явалцсан бөгөөд дайнаа дуусаад нутаг нутгаа зорихын өмнө их хуримыг хийж Бат ахмад хан хөвүүний хувиар 2-3 хундага архи тэргүүлэн уусанд Бүри, Гүюг нар дургүйцэж хуримыг орхин хаяж Бат хааныг элдвээр доромжлон дайрсан байдаг (§275). Ахмад хан хөвүүдийн энэ хэрэг явдалд ганцхан Мөнх хааны нэр дурдагдаагүй байдаг.
Ерөөс Монголчууд эрд дээр үеэс ахмад хүнийг эрхэмлэн хүндэтгэдэг ёс байсныг Чингис хааны Алтан Хучар хоёрт хэлүүлсэн “Бардан баатрын ахмад үеийн хүмүүс болох тул Сача (Сэчэ-бэхи) Тачу (Тайчу) хоёрыг хан бол гэж ядав би” (§179) гэсэн өгүүлбэр харуулж байна. Тулгар төр улсыг байгуулсан Чингис хаан энэхүү өвөг дээдсээс уламжлан ирсэн заншлыг сохроор дагалгүй тухайн үед бий болсон улс төрийн нөхцөл байдлын эрхээр 4 хүүхдийн гуравдугаар хүү Өгэдэйд хаан ширээг залгамжлуулжээ. Ийм сонголт хийхэд Өгэдэйн хувийн зан чанар, олонтой нийцтэй байдал нь нөлөөлсөн бололтой.

Бидний бодож байгаагаар бол Нууц товчооны Өгэдэй Толуй хоёрын холбогдол бүхи газруудад, тухайлбал Өгэдэйн урагаас эрдэм чадалгүй нэгэн төрвөл гэж эргэлзсэн хэсэг, Чингис хааны миний ургаас сайн нэгэн нь төрөх биз гэсэн үгс, Толуйн ахын дэргэд байж мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж хамт байх амлалт, Толуйн Өгэдэй ахын оронд золиос болохдоо хэлсэн үгс, Өгэдэй хааны хожмын гэмшил үг энэ бүгд эцсийн эцэст Өгэдэйн хааны ширээ Толуйн удамд шилжих ёстой гэсэн үзлийг тусгаж, улс төрийн хувьд Толуйн удмаас хаан ширээнд суух ёстой гэдгийг зөвтгөх гэсэн оролдлого болно. Өгэдэй хааныг нас (1241 оны 12 дугаар сарын 11) барсны дараа Өгэдэй Толуйн удмын хооронд олон жилийн турш үргэлжилсэн хаан ширээний төлөө тэмцлийн явцад Өгэдэйн удам «Монголын нууц товчоон» хэмээх (1 дүгээр зүйлээс 268 дугаар зүйл, төгсгөл үгийн хамт) Чингис хааны албан ёсны (нууцлан хадгалах ёстой) бичгээ Толуйн удмын Мөнх хааны талд алдаж, хожим Мөнх хааныг суух үед уг түүхийн бичгийн 268 зүйлээс өмнөх Өгэдэй Толуйн холбогдолтой газруудад засвар оруулж, Өгэдэй хааны түүхийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн шинээр бичжээ гэж болохоор санагдана.

Хэрэв энэ чигийг баримталвал «Монголын нууц товчоон» нь 268 дугаар зүйлийн “qaqai jil Cinggis qahan tдnggдri-tьr garba” (“Гахай жил /1227/ жил Чингис хаан тэнгэрт гарав”) гэснээр дуусч, үүний араас төгсгөл үг байсан гэсэн И. де Рахевильзийн саналыг зөв гэж үзнэ (8, 195-196). Учир нь тэр үеийн Монголчуудад амьд хүнийг тахин шүтэх ёс байгаагүй тул хааны түүхийг амьд сэрүүнд нь бичдэггүй байжээ. Ийм ч учраас 1228 онд Чингис хааны түүх бичигдсэн байх бүрэн үндэстэй байхад, 1240 онд Өгэдэй хааны түүх бичигдсэн байх учиргүй мэт. Тэгвэл Өгэдэй хааны түүх хэзээ бичигдсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ.

Нууц товчоо хэзээ зохиогдсон гэдэг асуудлаар эрдэмтэд маш олон саналыг дэвшүүлж байжээ. И. де Рахевильз Дин Чянь (Ting Ch’ien)-ийн (9) саналыг дэмжиж төгсгөл үгийн хулгана жил бол 1228 онд тохирно гэжээ. 1240 оны хулгана жил бичигдсэн гэж Э.Хэниш, С.Козин, П.Пеллио, А.Мостарт нар тогтоосон байдаг. Р.Груссе 1252 онд гэсэн байхад В.Хун, Г.Ледъярд, А.Велли нар 1264 онд тохирно гэсэн саналуудыг дэвшүүлж байв.

Эрдэмтэн В.Хун «Монголын нууц товчоог» 1264 оноос хойш үед зохиогдсон гэдгийн үндэслэгээ баримт болгож хятадын зарим газар орны нэрийн солигдон өөрчлөгдөж ирсэн оноор жишихийг оролджээ. А.Мостарт үүнийг нягтлан үзээд “чухал өгүүлэл” гэж үнэлээд цааш нь “Мистер Хун уг өгүүлэлдээ түүний үзэл ёсоор Нууц товчооны зохиогч Өгэдэйн хаан суусны төгсгөлөөс эхлэн 1264 он хүртэл болж өнгөрсөн бүгдийг ийнхүү дуугүй өнгөрсөн учрыг илтгэж бичсэн бол уншигчид их л завшааныг эдлэх байжээ.

Энэ 25 жилийн дотор Өгэдэй хааны үхэл, хоёр удаа нэлээд удаан засгийн түр захиргаа үргэлжилсэн, хоёр ч удаа эзэн хааны засаг, мөн энэ удмын бага салбарын хүн болох Мөнх хааны засаглал, Перс уруу довтолсон довтолгооны төгсгөл, Сүн улстай хийсэн дайны шинэтгэсэн шинэтгэл, Хубилай засгийн эрхэнд гарсан, Ариг бөхийн бослого, түүний хаан ахад дагаж буусан зэргийг яагаад дуугүй өнгөрсөн бэ? Хэрэв Нууц товчооныг 1264 онд бичсэн нь үнэн гэвэл тэргүүн зэргийн ач холбогдол бүхий эдгээр хэрэг явдлын тухай дурсалгүй өнгөрсөнд хүмүүс гайхах бүрэн үндэстэй. Ойллогыг зохиогч энэ хэсгийг дув дуугай өнгөрсний учир сэдлийн талаар мистер Хунгийн саналыг бид мэдэхийг хүснэ” (9, 394-395) гэж бичжээ. В.Хун Мостарт гуайн энэ асуудалд хариулсан эсэхийг бид мэдэхгүй. Үнэхээр ч Өгэдэй хааны нас барснаас хойш 1264 он хүртэлх энэ олон үйл явдлууд “МНТ”-нд тусгалаа олоогүй явдал гайхал төрүүлж энэ хэрэг явдлыг түүхэндээ оруулахгүй үлдээх ямар шалтгаан байв гэдгийг эрэлхийлэн хайхад хүргэсэн юм.

Өгэдэй хаан нас барсан он сар өдрийг дурдаж чадаагүйн учир гэвэл бидний бодоход Толуйн удмынхан Өгэдэйн түүхийг гуйвуулан бичсэнээ нуун далдлах гэсэн оролдлогод байж магадгүй ээ. Нууц товчооноос зөвхөн Өгэдэй Толуй хоёрын дүр төрхийн бичигдсэн аяс өнгийг зэрэгцүүлэн авч үзэхэд дараах дүгнэлтийг гаргаж болмоор санагдана. Үүнд:

1.Бидэнд уламжлагдан ирсэн «Монголын нууц товчоо» нь хоёр хэсгээс бүрдэл болжээ. Эхний хэсэгт (§1-268) Чингис хааны түүх бичигджээ. Энэ хэсгийг 1228 онд зохиосон гэдэг нь ортой. Нөгөө нэмэлт хэсэг нь (§269-281) Өгэдэй хааны түүхийг товч бичжээ. Энэ хэсэг Өгэдэй хааныг нас барснаас хойш бичигджээ.

2.Энэ нэмэлт хэсгийг бичихдээ Өгэдэйн удмаас суух нь буруу, Толуйн удмаас хаан суух ёстой гэдгийг зөвтгөх чиглэл бодлогыг шургуулсан зүйлс Нууц товчоонд дайралдаж байгаагаас үзвэл Толуйн удмынхан энэ түүхийг бичжээ. Тэгэхдээ үнэн байдлыг гуйвуулан бичсэн учир түүнийгээ нуун далдлах арга хайж Өгэдэй хааны үед бичигдсэн болгох гэж Өгэдэй хааны нас барсныг хэргээр дурдалгүй орхижээ. 268 дугаар зүйлийн дараа байсан төгсгөл үгийг хойш нь зөөн 281 дүгээр зүйлийн ард оруулжээ.

3.Өгэдэй хааны дараа хаан суурийг Өгэдэйн удмаас биш Толуйн удмаас залгамжлах ёстой гэдгийг үндэс болгосон улс төрийн бодлогыг өмнөх Чингис хааны түүхийн хэсэгт (§255) Өгэдэй миний ураг удмаас хаан ширээг залгамжлах чадваргүй хүмүүс төрвөл яах билээ гэсэн Өгэдэйн эргэлзсэн мэт үгийг зориудаар Өгэдэйгээр хэлүүлж бичсэн, тэр үгийг нь Чингис хаан зөвшөөрч Өгэдэйн удмаас олиггүй хүмүүс төрвөл миний удмын дотроос нэгэн сайн хүн төрөх буй заа гэсэн үгийг зарлигт нь оруулан засвар хийн шургуулсан бололтой. Ингэж бодох үндэс нь Лувсанданзаны «Алтан товчид» энэ хэсэг (ө.х. «МНТ»-ы §254-255) ор байхгүй явдалд оршино. (10, II, 78)

4.«МНТ»-г засварлагчид “Өгэдэй хааны түүх Өгэдэйн үед” бичигдсэн гэдэг зорилгодоо хүрэхийн тулд Өгэдэй хаанаас хойш Монголын хаадын түүхийг бичилгүй орхисон болно.

1990.IV.10

Доктор, профессор Г.Билгүүдэй

АШИГЛАСАН НОМ ЗОХИОЛ
1. Дамдинсүрэн Ц. Монголын нууц товчоо. УБ., 1976.
2. P.Pelliot et Louis Hambis. Histoire des Campagnes de Gengis khan. T.1, Leiden, 1951.
3.P.Pelliot. Histoire secrиte des Mongols. Paris, 1949.
4. The Expression J`b ese Bolin the Secret History of the Mongols. Harward Journal of Asiatic Studies. Vol. 1.
5. Козин С.А. Сокровенное сказание … М.-Л., 1941.
6. Юань улсын судар. 115. Олон шастир II. Монгол орчуулгын 8а талд. (Хуучин Монгол бичгээр)
7.Renй Grousset. L’Empire Mongol I’re phase. Paris. 1941.
8.Igor de Rachewiltz. Some remarks on the dating of the secret history of the Mongols. Reprinted from “Monumenta serica” Vol.XXIV, 1965.
9.Antoine de Mostaert. Sur quelques passage de l’Histoire secrиte des Mongols. Cambridge.
10.Лувсанданзан. Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч хэмээх оршвой. Доорд дэвтэр, УБ., 1937. (Хуучин Монгол бичгээр)

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]