Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Америкийн явган цэргийн сургалтад гарч буй өөрчлөлтүүдУншсан11,170

2017 онд Нигерид АНУ-ын 12 хүний бүрэлдэхүүнтэй тусгай хүчний бүлэг, 30 гаруй Нигерийн цэргүүдийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад 50 орчим дайснуудын отолтод өртсөн байдаг.

Дэд хурандаа Р.Энхболд бичиж байна.


 

2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нигери Улсын "Тонго Тонго" нэртэй газар АНУ-ын 12 хүний бүрэлдэхүүнтэй тусгай хүчний бүлэг, 30 гаруй Нигерийн цэргүүдийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад 50 орчим дайснуудын отолтод өртсөн байдаг. Тулаан гэнэтийн бөгөөд богино хугацаанд явагдаж америкийн 4, Нигерийн 5 цэрэг алагдсанаар дууссан юм. Энэ хэрэг Америкийн нийгэм, иргэдийн дунд маш том шуугиан дэгдээж амжсан юм. Ялангуяа нэг алагдсан цэргийн цогцос нь тухайн үед олдохгүй байж байгаад сүүлд олдсон нь олны дургүйцлийг хүргэсэн байдаг. Энэхүү явдал нь Америкийн иргэдэд өөрсдийн цэргүүдийн бэлтгэл сургуулилалт таруу, тэд дандаа өөрсдөөсөө давуу хүчтэй дайсантай тулалддаг гэсэн буруу ойлголтыг төрүүлэх шахсан юм.

Зөвхөн Нигерит гэлтгүй, дэлхийн өнцөг булан бүрт байлдааны ажиллагаанд оролцож буй явган цэргийн жижиг бүлгүүдийн байлдааны сургалт, дадлагыг сайжруулах зорилготой тусгай сургалтын хөтөлбөрийг АНУ-ын Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайдын боловсон хүчин, бэлэн байдал хариуцсан туслах Роберт Виллке болон хуучин Америкийн "Дайны коллеж"-ын захирал асан, бэлтгэл хошууч генерал Роберт Скайлес нар дараах сонирхолтой зүйлийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Мэдээж Батлан хамгаалахын сайд Жамес Маттис нь Арми, Тэнгисийн явган цэрэг, тусгай хүчний ангиудын жижиг явган цэргийн бүлгүүдийн дайсныг устгаж буй боломжийг нэмэгдүүлэх, тэдний үзэж буй хохирлыг аль болох багасгах бодлого барьж байгаа нь тодорхой.

Р.Скайлесын үзэж буйгаар бол хохирлын шалтгааныг дараах гурван тоогоор илэрхийлж байна. Энэ нь "90-4-1" гэсэн тоонууд юм. 90 гэдэг нь тулааны талбарт амь үрэгдэж буй Америкчуудын 90 хувь нь явган цэргүүд байдаг ба тэд нийт дүрэмт хувцаст өмсдөг хүмүүсийн дөнгөж 4 хувийг бүрдүүлдэг мөртлөө тэдний сургалт, зэвсэг техникт нь зориулж Батлан хамгаалах салбарын төсвийн дөнгөж 1 хувийг зарцуулдаг гэлээ.
Р.Скайлес цааш нь хэлэхдээ "АНУ нь ямар ч байлдааны талбарт тухайлбал агаарт, далайд, сансарт дайсны цэргээс давуу хүчтэй байдлаа үргэлж хадгалж чадаж байгаа. Гэхдээ явган цэргийн жижиг бүлгүүдийн хувьд дайсны гэнэтийн гал, отолтод үргэлж өртдөг, тэдэнд дайсантайгаа шударгаар тулалдах боломж тэр бүр олддоггүй" гэв.

Мэдээж газрын тулаанд амжилт олохын тулд зөвхөн техник, технологийн давуу байдал хангалтгүй бөгөөд энд хүний хүчин зүйл их хамааралтай. Тийм учраас Америкийн цэргийнхэн шинэ эрч хүчээр урагшлаж, нэн түрүүнд хийх ёстой зүйлсийг соргогоор мэдэрч фронтын шугамд тулалдаж буй арми болон тэнгисийн явган цэргүүдийг үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай үзэж байна.

Ийм байдлаас гарах цорын ганц арга бол байлдааны дадлага, сургуулийг олон дахин давтан гүйцэтгэх, сургалтыг эрчимжүүлэх явдал тул энэ чиглэлд онцгой анхаарч бүр хөтөлбөр хүртэл боловсруулсан ажээ. Батлан хамгаалахын сайдын туслах Р.Виллке хэлэхдээ "Армийн боловсон хүчний систем нь тухайн анги, салбарын бие бүрэлдэхүүнийг аль болох хамтад нь байлгах, улмаар нэгдмэл цул, нэгэн баг болж дасгал сургуулилт хийх тал дээр анхаарч ажиллах ёстой" гэж үзэж байгаа юм.

Америкчуудын хувьд шинээр бүтээгдэн зэвсэглэлд авч буй нисэх онгоц, хөлөг онгоцыг дагалдаад түүн дээр ажиллах бүрэлдэхүүнийг сургах зориулалттай хамгийн сүүлийн үеийн дуурайлган үзүүлэх хэрэгслийг авч сургалтад ашиглаж чадаж байгаа бол явган цэргүүдийн хувьд иймэрхүү боломж тэр бүр олддоггүй гэнэ. Иймэрхүү төрлийн шинэ сургалтын хөтөлбөрийг Порт Ирвин дэхь "Үндэсний сургалтын төв", Калифорни дахь тэнгисийн явган цэргийн "Агаар, газрын байлдааны сургалтын төв", Люзиана муж дахь "Бэлэн байдлын нэгдсэн сургалтын төв"-д туршиж байна. Батлан хамгаалах яам нь сургалтаас гадна явган цэргийн зэвсэглэл, хамгаалалтын системүүд, холбооны хэрэгсэл, хүнгүй тактикийн системүүд/жолоочгүй робот, нисгэгчгүй нисэх хэрэгсэл, дрон гэх мэтчлэн/, цэргийн номлол, туршлага сургамж болон бусад зүйлсэд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жамес Маттис одоогийн явган цэргийн сургалтад үнэлгээ хийж сул талыг нь олж тогтоох, илүү чөлөөтэй сэтгэж, хэв маягт баригдалгүй сургалтыг явуулах замаар үр нөлөөг дээшлүүлэх, явган цэргүүдийн зэвсэглэл, хамгаалалтын хувцас, хэрэглэлийг сайжруулах зорилготой "Ойрын зайн тулаанд дайсныг гарцаагүй ялах томилгоот хүчин" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаар дурдсан.

Энд зөвхөн сургалтын тухай асуудал яригдаад өнгөрөх бус хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын явган цэргүүдэд зориулсан шинэ зэвсэглэл, эд хэрэгсэлд зориулж 2,4 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөөд байна. 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Төлөөлөгчдийн танхимын "Зэвсэгт хүчний хороо"-ны гишүүдийн өмнө тус улсын батлан хамгаалахын сайд, штабуудын нэгдсэн хорооны дарга хоёр 2019 оны Батлан хамгаалах салбарын төсвөө хамгаалан мэдүүлэг өгч байх үедээ энэ талаар дурдаж байв. Дашрамд энэ шууд нэвтрүүлгийг манай армийн хурандаа Баку, хилийн цэргийн дэд хурандаа Ж.Жамсранжав, сургуулийн хошууч Цогтгэрэл нар надтай хамт үзэж байсан байна лээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын боловсон хүчин, бэлэн байдал хариуцсан туслах Роберт Виллкийн үзэж буйгаар бол одоо явагдаж буй сургалтад тохиолдож буй дараах 6 асуудлыг хамгийн түрүүнд засах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

1. "PowerPoint" буюу бидний байнга үздэг дэлгэц ашиглан үзүүлдэг танилцуулга нь сургалтын ихэнх цагийг бардаг болжээ. Олон жил үргэлжилсэн ийм сургалтын арга барил нь "слайд"-ан танилцуулгад шилжиж үүндээ хурдны замын аюулгүй байдлаас эхлээд хувийн ариун цэврийг хэрхэн сахих хүртэл бүхий л асуудал багтаах болсон. Америкт жил бүр явагддаг бэлтгэл нөөц хүчнийг бэлтгэх зорилготой 14 хоногийн сургалтын 4,5 хоног нь зөвхөн танилцуулга үзэхэд зарцуулдаг гэсэн тооцоог хийсэн байдаг. Харин одоо Арми, Нисэх хүчин, Тэнгисийн цэрэг/тэнгисийн явган цэрэг багтана/-ийн нарийн бичгийн дарга нь иймэрхүү төрлийн заавал суусан байх ёстой сургалтыг хасч, танах талаар санал нэгдээд байгаа ажээ.
2.Цэргүүдийн төмс арилгахыг зогсоох: Ямар ч дарга баазын үүд хамгаалах, заал ажиллуулах болон өөр бусад ажил хийлгэх шаардлагатай бол дандаа явган цэргүүдийг дайчилдаг гэнэ. Хэрвээ хэн нэгэн хуягтын механикийг ажлын байрнаас нь холдуулбал удахгүй нөгөө хуягт техник нь эвдэрдэгтэй яг адилхан явган цэргүүд ч гэсэн өөрсдийн гүйцэтгэх үүрэгтэй нийцсэн дасгал, сургуулийг байнга, тасралтгүй хийх ёстой. Хөтөлбөрийн хүрээнд цэргүүдийн гүйцэтгэж буй цэргийн ангийн өдөр тутмын ажлыг энгийн хүмүүс, компаниар хийлгэх, тэдэнд шилжүүлэх асуудлыг судлаж байгаа ба ингэснээр явган цэргүүд/тэнгисийн явган цэргүүд зөвхөн байлдааны дасгал сургуульдаа анхаарал хандуулах боломжтой болох юм.
3. Сургалт дадлагад яг мэргэжлийн тамирчин шиг хандах тухай: Одоогийн батлан хамгаалахын сайд Маттис бол тэнгисийн явган цэргийн генерал хүн юм. Түүний үзэж буйгаар бол америкийн явган цэргийн сургалт нь дэлхийн хоёрдугаар дайны үеийнхээс ялгарах зүйлгүй байгаа ажээ. Яахав тусгай хүчний дайчид америкийн мэргэжлийн тамирчдаас хувийн дасгалжуулагч, шинжлэх ухааны үндэслэлтэй уурагжуулалт/витаминжуулалт зэрэг зарим нэг арга техникийг авч эхлэж байгаа. Иймэрхүү мэргэжлийн тамирчин шиг өндөр давтамж, бэлтгэлтэй дасгал сургуулилт хийж биеийн хүчний болоод сэтгэл зүйн хөгжилд нарийн хяналт тавьснаар илүү амжилтад хүрэх боломжтой гэж үздэг. Мэдээж хүн бүр тусгай хүчний дайчин болж чадахгүй хэдий ч арми/тэнгисийн явган цэргийн жирийн цэргүүд иймэрхүү төрлийн өндөр давтамж, хурдтай гэхдээ шинжлэх ухаанч дасгал сургуулилалт хийх боломжтой болох ажээ.
4. Дуурайлган үзүүлэх техник, технологийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр: Дэлгэц дээр гарч буй танилцуулгыг уншиж, төмс арилгаж суухын оронд цэргүүд бодит байдалд арай ойртсон сургалт, дадлага хийж байвал зүгээр юм. Гэхдээ хээрийн сургууль явуулах нь зардал ихтэй, үүнд бэлтгэхэд цаг их зарцуулдаг, баазын эргэн тойрны орчин хязгаарлагдмал гэх мэтчлэн хүндрэл их тохиолддог. Байлдааны нисгэгч нар болон танкийн механик жолооч нар хамгийн сүүлийн үеийн дуурайлган үзүүлэх систем ашиглаж сургалт явуулдаг байхад явган цэргүүдэд энэ асуудал хангалтгүй байв. Харин одоо батлан хамгаалах яам нь явган цэргүүдэд зориулж байлдааны талбарт ойртуулж болох хамгийн бодит цагийн байдлыг үүсгэж түүнд хариу үзүүлэх боломжтой технологи бүтээхэд анхаарал хандуулж байна. Бүр Маттис хэлэхдээ жирийн явган цэргийг ийм төрлийн "Дуурайлган үзүүлэх 25 удаагийн цусгүй дайн"-д оролцуулж давсаны дараа л "үхэл эсвэл амьдрал"-тай нүүр тулах жинхэнэ байлдааны талбар руу илгээх асуудлыг хөндөж ярьжээ.

5. Өнөөдөр Америкийн армид хэдэн цэрэг, хэдэн зэвсэг, техник, хангалт байгаа асуудлыг зөвхөн тооны хэмжээнд ярьдаг гэнэ. Ингэхдээ тухайн анги, салбарыг жинхэнэ байлдаанд оролцох бэлэн байдлын асуудал анхаарлын төвд байна. Америкийн "Дайны коллеж"-ын захирал асан, бэлтгэл хошууч генерал Роберт Скайлес хэлэхдээ "Манай жижиг анги, салбарууд байлдааны оролцоход бэлэн эсэхийг илтгэх ёстой шат дараалсан систем ажиллахгүй байгаа нь тодорхой" гээд бид энэ асуудлыг засах талаар судалгаа хийж байгаа гэв. Түүний удирдаж буй бүлгүүд дурын анги, салбарыг байлдаанд оруулах бэлэн байдлыг хангахын тулд бодит байдалд аль болох дөхүүлсэн сургалтад хичнээн цаг хамруулах, заавал мэдсэн байх ёстой ур чадварыг сурахын тулд ямар сургалт шаардлагатайг нарийвчлан тодорхойлохоор ажиллаж байна.
6. Цэргүүдийг хамтад нь байлгах талаар: Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш цэргүүдийг нэг ангиас, нөгөө ангид, нэг баазаас нөгөө баазад шилжүүлж ажиллуулах явдал өнөө болтол тасралтгүй үргэлжилж байна. Харин эсрэгээрээ сайн ажилладаг офицер, ахлагч нарыг аль нэг дарга нь нэг албан тушаалдаа маш удаан хугацаагаар "барьж" ажиллуулдаг нь тодорхой болсон. Мөн армид жил бүр хэдэн мянган гэрлээгүй, эхнэргүй цэргүүд ирдэг нь энд тогтвор суурьшилтай, удаан хугацаагаар ажиллах боломжийг тэр бүр олгодоггүй нэг хүчин зүйл болж байгаа ажээ. Цэргүүдийг өөрсдийнх нь анги, салбар, гэр бүлд нь ойрхон байлгавал амжилт үзүүлэх магадлал нь өсөх боломжтой гэж үзэж байна.

Мэдээж дээр дурдсан бүхнийг хийж гүйцэтгэхэд маш олон саад, бэрхшээл, хүндрэл тулгарах болно. Гэхдээ батлан хамгаалах яамны удирдлага энэхүү ажлын ач холбогдлыг конгрессын гишүүдэд ойлгуулах талаар эрчимтэй ажил зохиож, тэдний дэмжлэгийг авахаар хичээж байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр Америкийн цэргүүд зөвхөн шинэ зэвсэг, техник хүлээн аваад зогсохгүй тактикийн түвшинд тулааны талаар хамаагүй өөр, цоо шинэ түвшинд сэтгэдэг болсон байх зорилт тавьжээ.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 8 сар 31. 17:10
Enkh

Tehnologi in hugjild tulguurlaj dandaa Sul doroi hvchintei tulalddag. neg bol alsiin zainaas fuujingaar dobtolj hvchin sulruulj bgaad dairdag uls shv dee. gardan jijig bvliin tulaand hunii hvch ih heregtei. Frontiin bolon gardan tulaand Oros tsergvvd tsaanaasaa zorig zvrhtei gj bgaa. Amerik uud bol zebseg tehnikiin chadaj muudanguut davuu taldaa amarhan aldana. Urgun dalaitstai frontolj barildah tal dr orosiig gvitseeh oron bhgui bhaa

2018, 6 сар 15. 9:57
Зочин

Зэр зэвсэг муутай ч дайчин вьетнамчуудыг ялж чадаагүй шаарнууд шүү дээ. Харин Чингисийн үед хядуулж байсан урвагч хулчгар Арабуудаа дотроос нь хаглан бутаргаж байж нэг юм эзэлж байж байгалийн баялгийг нь цөлмөж байгаа байх шүү

2021, 10 сар 31. 15:33
Зочин

Чи наад Чингистэйгээ там руу тонил.

2018, 7 сар 30. 3:42
Зочинz

Mongolchuud vietnamluu 3 dairaad 3-uuland ni yalagdsan

2018, 5 сар 29. 9:52
Зочин

дандаа зэр зэвсэг муутай өөрөөсөө сул дорой хүчинтэй тулалдаг байван байхнээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]