Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цагаан оймсУншсан4,752

Сүүлд Брежнев, Черненко, Андроповыг нас барахад Монголд бас л сүртэй салах ёс хийж байсан. Ах дүүгийн ган бат найрамдалт Зөвлөлтийн удирдагчид болохоор тэр шүү дээ.

МУСГЗ,  доктор Я.Ганбаатар бичиж байна.                         

1972 оны 4 дүгээр сард байх. 5 дугаар ангид сурч байсан тэр жилийн хавар. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуай нас барав. Ард түмний дунд маш их нэр хүндтэй, насаараа төр засгийн удирдах албанд ажилласан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа. Улс түмнүүдийн найрамдлын төлөө Лениний шагналаар шагнуулсан мөнгөөрөө Хүүхдийн паркийн байгуулсан тул ялангуяа хүүхдүүд түүнд их дотно байсан байж таарна. Хүүхдийн парк бол тэр үеийн хүүхэд багачуудын ганц очдог газар нь байсан даа.

Ингээд улс орон даяар гашуудал зарлалаа. Хэд хоног гашуудал зарласан юм, бүү мэд. Одоо санахгүй нь. Тэгээд хотын бүх байгууллага, албан газар, их, дээд, дунд сургуулиудаас төлөөлөгчид зохион байгуулж, Самбуу даргын шарилыг байрлуулсан АИХ-ын нэг танхимд оруулж салах ёс гүйцэтгүүлж байв. Тэгж бодохоор хэдэн арван мянган хүн очсон байж таарна, хэд хоног үргэлжилсэн байж таарна.

Манай ангийн багш бидний хэдэн хүүхдийг нэр заан авч явах болов. Анги болгоноос хүүхдүүд явлаа. Хаврын зэвэргэн өдөр бөөнөөрөө Сансарын туннелийг уруудан алхацгаав. Хүүхдүүд л болсон хойно, шуугилдаж хөөцөлдөж явсан байх. Багш биднийг дуудаж “Аятайхан байцгаа! Томоотой, чимээгүй явцгаа!” гэж үглэнэ.

Тэгж явсаар Сүхбаатарын талбайд ирж, Засгийн газрын ордны урд хаалгаар дотогш орцгоов. Талбай дээр маш олон хүн цуглаж, тээр холоос жагсан цуварсаар ордонд орцгооно. Бид ч тэдний дунд орж чимээгүй цувралдан алхсаар нэлээд удаж байж сая бидний ээлж ирэв. Цэрэг, цагдаа эгнэн хүндэт харуулууд зогсоцгоожээ. Засгийн газрын ордны урд талд Сүхбаатар, Чойбалсан нарын бунхан байх. Эхлээд бид түүгээр орж, арынх нь хаалгаар гарч Их хурлын танхимд орцгоов.

Хүн болгон чив чимээгүй, толгой гудайлгаж, гунигтай царайлсан байх агаад ханцуйдаа улаан, хар даавуу хаджээ. Манай багш ч цүнхнээсээ жижигхэн улаан, хар даавуунууд гарган ирж бидний ханцуйны дээд талд зүүгээр хатгаж өгөв. Европ маягийн гашуудлын энэ ёс социализмын он жилүүдэд Зөвлөлтөөс орж ирсэн байж таарна.

Самбуу гуайн цогцсыг модон авсанд байрлуулж төрийн далбаагаар хучиж, нүүрийг нь ил гаргажээ. Хүмүүс хэсэг хэсгээрээ өлмий доор нь очиж хэдэн агшин толгой гудайлган чимээгүй зогсоод мэхийн ёсолж цааш эргэн явцгаана. Зарим хүн чимээгүйхэн мэгшиж харагдана. Танхимд нам гүм, гагцхүү гашуудлын хөгжим намуухан эгшиглэх авай.

Сталин, Чойбалсанг нас барахад яаж байсан бол? Ахмадууд янз бүрийн л юм ярьдаг. Сталиныг нас барахад Оросын хөдөө тосгоныхон үнэмшиж чадахгүй, үнэмшсэн хойноо эвлэрч чадахгүй, “Бид тэгээд одоо яаж амьдарна аа?” гэлцэн бөөн юм болж байсныг киноноос харсан. Чойбалсанг нас барахад Монголын цагаан сар таарч, тэр жил цагаан сарыг тэмдэглээгүй гэдэг.

Сүүлд Брежнев, Черненко, Андроповыг нас барахад Монголд бас л сүртэй салах ёс хийж байсан. Ах дүүгийн ган бат найрамдалт Зөвлөлтийн удирдагчид болохоор тэр шүү дээ.

Газар газрын, улс улсын ёс заншил өөр аж. Тахин шүтэгдэж асан Мао Зедун, Ким Ирсенийг яаж оршуулсныг киноноос үзсэн. 1997 онд Дэн Сяопинийг нас барахад Хятад даяар яаж гашуудаж байгааг зурагтаар харсан. Асар их уй гашуу, уйлаан хайлаан хэдэн өдөр туж үргэлжилсэн. Тэрбум хүнтэй улс даяараа тэгж эмгэнэх нь гайхалтай...

 Сургууль руугаа буцаж очоод ангидаа орж иртэл багш дуудлаа.

 -Галаа, нааш ир! Алив, оймсоо харуул! гэв. Би учрыг нь олсонгүй, гайхсан ч өмднийхөө шуумгийг татан оймсоо харуулав.

-Цагаан оймс! Цагаан оймс!...

-Тийм ээ, багш аа. Яасан бэ?

-Сая бид гашуудлын арга хэмжээнд оролцсон...

-Тийм.

-Чи явсан...       

-Тийм. Та бид хамт явсан ш дээ!

-Харин тийм, Галаа! Тэгэхэд бусад багш чиний цагаан оймсыг харжээ!...

-Тэгээд яасан гэж, багш аа?

-Чи үзэл суртлын хараанд өртжээ! Цагаан өнгө бол Хятадын оршуулгын өнгө! Үүнийг чинь хамт явсан багш хараад надад анхааруулсан! Энэ чинь дээшээ хүрвэл юу болохыг чи ойлгож байна уу?

Би сайн ойлгохгүй байсан ч, Хятадтай нэр холбогдоно гэдэг харин аюултайг мэдэх тул нэг тийм айх болгоомжлох мэдрэмж төрөөд явчихлаа. Монгол-Хятадын харилцаа туйлдаа хүртэл муудсан байсан цаг шүү дээ.

-Яана аа, багш аа? Би яах вэ? Сургуулийн захиргаа мэдчихсэн үү?

-Хм. Арай ч үгүй л дээ! Гэхдээ чи болгоомжтой бай! Би тэр багшаас гуйсан. Гайгүй байх! гээд яриа дууссаны дохио болгож “Суудалдаа суу!” гэв.

Үнэхээр багш маань тэр багшийг дуугай болгожээ. Тэр явдал тэгээд өнгөрсөн юм. Харин орой нь би Самбуу гуайтай салах ёс хийхэд оролцсоноо аав ээждээ ярьж, асуулаа:

-Аав аа, цагаан өнгө Хятадын оршуулгын өнгө юм уу? Монголчууд оршуулганд цагаан өнгийн хувцас өмсч болдоггүй юм уу? гэхэд аав маань:

-Ганц Хятадын ёс биш ээ. Азийн олон улс оронд оршуулганд цагаан өнгө хэрэглэдэг юм билээ. Харин Европ, Америкт бол өөр. Шашин соёл, ёс заншлаа дагаад хар өнгийн хувцас хэрэглэдэг. Кинон дээр ч тэгж гардаг шүү дээ. Манай Монголд уг нь ийм тийм гэсэн юм байхгүй. Одооны бидний энэ ёс бол европ ёс шүү дээ. Цагаан өнгө бол монголчуудын эрхэмлэдэг л өнгө. Ариун цагаан, хиргүй тунгалаг, хар муу санаагүйн илэрхийлэл гэж билээ.

Орой нь унтахаар хэвтсэн хойно багын нэг явдал бүүр түүрхэн санаанд оров. 1965 онд байх. Сургуульд ороогүй л байсан юм даг. Манайх тэр үед Хөгжим бүжгийн сургуулийн урд руу, Спортын төв ордны зүүн талд хашаанд байсан юм. Аав тэнд ажилладаг болохоор ажилдаа ойрхон гэж тэнд амьдардаг байсан хэрэг.

Нэг өглөө гадаа хачин их дуу чимээ гараад байхаар нь ах бид хоёр хэрэгт дурлан хашаанаасаа гүйн гарлаа. Тэгсэн чинь баахан цагаан хувцастай хятадууд цувралдан их орь дуу тавин уйлан хайлан явж байна аа. Чих дөжрөм тэр их хачин этгээд дуу чимээнээс айх ч шиг, сүрдэн зугтмаар ч шиг.

 -Ах аа, энэ юу болж байгаа юм бэ? гэж тэднийг харж гайхахдаа би ахаасаа асуулаа.

-Оршуулга, хятадын оршуулга явж байна!...

-Оршуулга аа? Юу гэж байгаан? Оршуулга гэж юу юм?

-Хятад хүн үхчихжээ! Тэгээд хөдөө аваачиж оршуулах гэж байгаа юм аа!

- Тэгвэл яагаад хөнжлийн даавуугаа нөмрөөд явж байгаа юм бэ? гэж шовгор оройтой цагаан малгай, цагаан хувцас өмссөн хятадуудыг хараад би бүр мэл гайхсан амьтан дахин шалгаав. Гэвч ах бас юугаа мэдэх билээ. Хятадууд хөнжлийн даавуугаа нөмөрчихсөн юм шиг л харагдсан нь ой тойнд бүдэгхэн үлджээ.

Тэд явсаар Арслантай гүүрийн тийшээ засмал зам дээр гарч машины хөдөлгөөн хаан аанай л их дуугаар орилж уйлалдсаар зүүн тийшээ явцгаасан юм. Газар газрын ёс өөр байдаг ажээ...

Өмдний шуумаг доогуур цухалзах төдий цагаан оймс гай тарих дөхсөн ийм жижигхэн явдал болсон юм аа. Харин өнөөдөр монголчууд европ ёсыг нь ч орхиж, ази ёсыг нь ч авсангүй. Зарим оршуулганд цагаан цув, цайвар хүрэм өмссөн хүн явж л харагддаг болсон байна лээ. Монголд үзэл суртал байхгүй болсон нь юу ч гэмээр юм бэ дээ. Уг нь үзэл суртал гэгч юм аль ч үед байх л ёстой зүйл дээ.

За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийнхээ тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.                                   

Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 2 сар 17. 12:19
Зочин

Ёстой сонин чухал дурсамжууд гарч байна даа. Өмнөхүүд нь ч бас гоё.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]