Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Монголчууд Сүн улсыг эзэлсэн нь: Хубилайн довтолгооУншсан17,894

Алихай, Ажу зэрэг жанждын довтолгооны үр дүнд Шаси, Жянлин, Юэжоу, Фужоу, Гүйжоу зэрэг 20 орчим хот эзлэгджээ.

Түүхийн чиглэлээр сонирхон судалдаг Б.Батмөнх хэмээх залуугийн "Монголчууд Сүн улсыг байлдан эзэлсэн нь" хэмээх сонирхолтой нийтлэлийг өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр уншигчдадаа хүргэж байгаа. Гурван цуврал нийтлэлийн төгсгөлийн хэсгийг уншина уу. 

Өмнөх нь:

Монголчууд Сүн улсыг эзэлсэн нь-1

Монголчууд Сүн улсыг эзэлсэн нь-2: Мөнх хааны довтолгоо


Хубилай Сүн улсад довтолсон нь...

Монголын их цэрэг Умард Хятадад довтлон Алтан улсыг эзлэн авах үед Хятадын өмнө зүгт Сүн улс ноёрхож байсныг өмнөх бүлэгт өгүүлсэн. Алтан улсад газар нутгаасаа алдсан Сүн улс Монголчуудтай холбоотон болсон ч гэсэн Алтан улсын довтолгоонд өртсөөр л байсан юм. Алтан улсыг хамтран мөхөөсний дараа Хэнанийг Сүн улсын мэдэлд өгөхөөр Монголчууд Сүн улстай гэрээ хийсэн байна. Сүн улсын зүгээс Цайжог эзлэх Монгол цэрэгт 20000 цэрэг, 300000 дань хоол хүнсний тусламж илгээжээ. 1234 онд Сүн улсын цэргүүд Цайжоуг урдаас нь эзлэн авч ар талаас нь Монгол цэргүүд оржээ. Алтан улсын Айзун хаан амиа хорлож, улс нь мөхөв. Үүний дараа Сүн улсын зүгээс Кайпин хотыг эзлэхийн тулд, мөн Хэнань, Интянийг эзлэхээр цэрэг хөдөлгөжээ. Тэдний өөдөөс Монголчууд Сүнгийн цэргийг живүүлэхээр Хуанхэгийн даланг сэтэлсэнээр Сүнгийн цэрэг буцахаас өөр аргагүй болжээ. Энэ үйл явдал чухамхүү байлдааны ажиллагааг эхлүүлжээ.

 

Сүн улстай хийсэн дайн байлдааныг

  1. Өгөөдэй хаан дайлсан нь /1235-1237/
  2. Мөнх хаан дайлсан нь /1252-1259/
  3. Хубилай хаан дайлсан нь /1273-1279/ гэсэн 3 хэсэгт авч үздэг.

Сүн улс руу хийсэн 2 дахь довтолгооныг Мөнх хаан удирдсан бөгөөд амжилтгүй болсон юм. Хаан өөрөө нас барсан нь байлдааны ажиллагааг зогсоох хамгийн гол шалтгаан байжээ. Мөнх хааныг нас барж байх үед Хубилай өөрийн цэргийн хамт Хуай мөрнийг гатлах гэж байв. Хубилайн цэрэг Сүн улсын нутагт 250 км гүн цөмрөлт хийчихээд байжээ. Мөнх хаантай уулзах цэгээс 400 орчим км зайтай байсан гэдэг. Хубилайн өмнө Сүнгийн цэргүүд тосч байлдахаар хүлээж байв. Мөнх хааны цэргийг ухрааж чадсан Сүнгийн удирдлага, ард иргэд омогшиж, улам эрчээ авсан гэдэг. Хубилай хүнд сорилтой тулгарав. Цаашдаа яах вэ? Ухрах уу? Эсвэл Сүн улсын цэрэгтэй тулах уу? Хубилай Мөнх хааныг нас барсан нь цуу хэмээн зарлаж, давшилтаа үргэлжлүүлсэн байна.

Хубилайн цэрэг Учань цайзыг бүсэлсэн бөгөөд Юньнанаас ирэх Урианхадай жанжны 20000 цэргийн нэмэлт хүчийг хүлээж байв. Урианхадай жанжин ч өөрийн асуудалтай байв: тэрээр 5000 орчим Монгол цэргээ өвчин, тахал, тулалдаанд алджээ.

Учань хот бууж өгдгийн даваан дээр Мөнх хаантай тулалдаж байсан Сүн улсын цэргийн толгой анги дөхөж ирж буй мэдээг Хубилай авчээ. Мөн Мөнх хаан нас барсны дараа дүү Аригбөх нь хаан болох гэж байгааг олж мэдсэн учраас Учань цайзыг бүсэлсэн бүслэлтээ зогсоон Монгол руу цэргээ аван ухарчээ. Сүн улс Монголчуудад алдаад байсан нутгаа эргүүлэн авсан байна. Энэ бол Монголчуудын Сүнгийн эсрэг хийсэн Мөнх хааны довтолгоон байсан юм.

Хубилай хаан 1260 онд Кайпин хотноо хаан ширээг авсны дараа гадаад болон дотоод байдлаа бэхжүүлэх, дайнд бэлдэж эхэлжээ. Хубилай тариалан эрхлэх цэргийн тоог нэмж, хил дагуух нутгуудаар цөөнгүй хүмүүсийг шилжүүлэх суулгаж, цэргийн хүнсэнд хэрэглэх амуу буудай тариалах болов. Цэргийн хүнснээс гадна Юань улсын зүгээс уран дархчуудыг цуглуулан байлдааны онгоц, их бу зэрэг овор хэмжээ ихтэй зэр зэвсэг хийлгэж байсан бөгөөд нум сум, хуяг дуулга зэр зэвсэг хийлгэж байлаа. Сүн улсад цэргийн агт нууцаар худалдаалах явдлыг чандлан хорив. Усч цэргийг сурган бэлтгэв. Усч цэргийн хувьд бүр Өгөөдэй хааны үед Алтан улсыг эзлэхэд бэлтгэгдэж ашиглагдаж байжээ. Сүн улсыг ялья гэвэл заавал хүчирхэг усч цэрэгтэй байх хэрэгтэй байжээ. Мөнх хааны үед цэргийн шинэчилсэн бүртгэл хийсний дараа цөөнгүй цэргийн өрхүүд ядуу байдал болон цэрэгт алба хаах хүсэлгүйн улмаас цэргийн албанаас зугатах, цэргийн дансанд орохгүй үлдэх тохиолдлууд байжээ. Хубилай хаан 1262 онд цэргийн бүртгэлийн тогтолцоог чангатгажээ. 1267 онд Монгол цэрэг бүртгэлд хамрагдаж, нэг айлд 2-3 эр хүн байвал 1 нь, 4-5 хүн байвал 2 нь, 6 эр хүн байвал 3 нь цэрэг болно гэж заажээ.

Мөн Солонгос, Вьетнамыг цэргээ бэлэн байлгахыг тушаасан нь Сүн улсыг ганцаардуулах, хавсран цохих тактик байв. Солонгосоор дамжуулан Японтой харилцаж, Сүн улстай хийх худалдааг нь таслахыг эрмэлзэж байлаа.

Энэ үед Сүн улсын байдал ямар байваа? Сүн улсын Лизун хаан өнгө мөнгө, архи дарсанд шунасны хар гайгаар төр, цэргийн үйл цалгардаж, чөлөө л гарвал найр наадам хийж, охид эмсийг ордондоо цуглуулж цэнгэх болов. Сүн улсын ноёрхогч бүлгийн олонхи нь их хэмжээний газар нутаг эзэмшиж, эд хөрөнгө хуримтлуулсан байв. Ийнхүү чинээлэг газрын эзэд төрийн албанд их хэмжээгээр орсоноор татварын мөнгөнөөс шамшигдуулах, татвараас зугатаах, чөлөөлөгдөх үзэгдэл газар авч санхүү улам даамжирч байлаа. Шунахай зальжин нөхөд төрийн алба татвараас гадна бас өөр олон аргаар ард олныг шулан мөлжиж байв.

Сүн улсын цэрэг 70 түм орчим байсан бөгөөд 5-6 түм нь Сычуаньд тариалан эрхэлж байжээ. Жинсянд 12-13 түм гэх мэт таран байрласан байжээ. Тиймээс Сянян, Фанчень 2 цайз нь стратегийн чухал хамгаалалт болж байв. Тиймээс энэ хотуудыг эзлэн авбал өмнөдийн үүд хаалга нээлттэй болох байв. 2 хотод хүнд үе тулгарвал харилцан бие биедээ тусламж үзүүлэх ёстой байлаа. Сүн улс усч цэргээ Хөх мөрний дунд хэсэгт байрлуулж Ханшуй, Хуайшугийн хамгаалалт сэтэрвэл их мөрнийг түшиглэн Монголын довтолгооныг зогсоохоор төлөвлөжээ. Сүн улсын цэргийн эрхтнүүд Монголчуудыг өмнө Мөнх хааны чиглэлээр буюу Сычуаны хуурай замаар овтолж орж ирэх байх хэмээн сэргийлсээр байжээ. Тиймээс хамгаалалтыг бэхжүүлж, Монгол цэргүүдийн хамгаалж байсан байрлал руу довтолж байв. Сычуань бартаа саад ихтэй учраас Хубилай хаан Мөнх хааны төлөвлөгөөг өөрчилж, цэргийн нэгдсэн хүчээр Сүн улсын цэргийн хамгаалалтын дунд хэсэгт цохилт өгч, хамгаалалтын шугамыг сэтлэн 2 хуваагаад улмаар Ханжоуг бүслэн авахыг зорьжээ.

Хубилай хаан болсныхоо дараа буюу 1268 онд Сүн улсыг эзлэх ажилдаа оржээ. Амаргүй ажил байлаа. Сүн улс баян чинээлэг, байгалийн бартаа ихтэй, халуун чийглэг уур амьсгалтай. Дээрээс нь Сүн улстай байлдахад Монголчууд тактик, хот балгадыг эзлэх аргаа өөрчлөх хэрэгтэй гэдгийг өмнөх бүтэлгүйтлээсээ ойлгосон юм. Сүн улсын цэргүүд худалдаанд ашигладаг усан замаа цэрэг дайны зориулалтаар ашиглаж чадаад байв. Монголчуудад энэ чадвар байсангүй. Тиймээс энэ бол өөр дайн байсан юм.

Байгалийн хамгийн том бартаа нь мэдээж хэрэг Хөх Мөрөн байв. Сүн улсын нийслэл нь Ханьжоу хот бөгөөд хүчирхэг цайзад тооцогдоно. Хөх Мөрний дагуу хэд хэдэн хүчирхэг бэхлэлтүүд байсан. Тэдгээрийн нэг нь Сианянг бөгөөд худалдааны чухал зам дагуу байрладаг, стратегийн асар их ач холбогдолтой цайз юм. 200000 хүнтэй энэхүү цайзыг Алтан улсын цэрэг 1206-1207 онд хэд хэдэн удаа эзлэх гэж оролдоод бүтэлгүйтэж байжээ. Өгөөдэй хаан энэхүү цайзыг эзлэх гэж бас оролдсон. Энэ үйл явдал 1235-1241 оны хооронд болсон. 1236 онд Монголчууд эзлэн авч чадсан боловч удаа тогтоон барьж чадаагүй юм. Тэгэхээд Сянян цайз нь “зовлон үзсэн” цайз учраас яаж хамгаалах, дайсны довтолгооныг хэрхэн тогтоох тал дээр туршлагатай байжээ. Дээрээс нь Хятад цэрэг усан замын байлдаанд Монгол цэргээс давуу, туршлагатай, бартаа ихтэй газруудыг чадамгай хамгаалж байв.

Сянян цайзын хэрэм нийтдээ 6км урт, 7-8м өндөр, 6 хаалганы 3 нь Хөх мөрөн рүү харсан байх бөгөөд энэ нь усан замаар хүнс авах, цэргээ сэлбэх, зугатах боломжтой ажээ. 1268 оны эхэнд алдарт жанжин Ажугаар удирдуулсан Монгол цэрэг Сянян цайзад тулж ирэв.

Ажу жанжин бол Сүбээдэй баатрын ач, Урианхадай жанжны хүү юм. Ажу жанжин хотын хэрэмд тулж ирмэгцээ тусламж шаардлагатай болов. Сянян цайзын дотор байрласан иргэд ч зүгээр суусангүй. Түрэмгийлэгчдийн эрсэг идэвхитэй бэлдэж эхэлжээ. Хотын ойр орчимдбайх хүнсний нөөцийг хотод оруулж, өвс ургамалыг шатаажээ. Эрчүүд нь цэргийн эгнээнд элсэж, эмэгтэйчүүд нь хувцас оёх, цэргүүдийн хоол хийх гэх мэт ажлуудыг хуваарилан авсан байна.

Бүслэлт эхлэхээс өмнө Сянян хотын иргэд эргэн тойрны уулнаас чулуу, мод цуглуулжээ. Мэдээж чулуу шидэгч оньст багажуудад хэрэглэх гэж тэр чулуунуудыг цуглуулсан байна. Чулуу шиддэг оньсны нэг дутагдалтай тал бий: тэрхүү багажны сум нь буюу чулуу нь хамгийн өртөг багатай, амархан олдох сум боловч дайсан руугаа чулуу харвасны дараа эсрэг талдаа “үнэгүйгээр” сум өгдөг байна. Тиймээс дайтаж буй 2 тал нэг чулууг харилцан шидэлцэх тал их байдаг ажээ. Нэгэн судлаачийн үзэж буйгаар Сянян цайз нийтдээ 100 чулуу шидэгч байсан бөгөөд тэдгээр багажууд нь 1 цагт 12000 орчим чулуу шидэх чадалтай гэсэн тооцоог гаргажээ.

Энэхүү цайзыг хэрхэн эзлэх вэ гэдэх асуулт Ажу жанжинд тулгарчээ. Монголчууд энэхүү цайзад 1268 онд тулж ирсэн бол олон удаагийн оролдлогын дараа буюу 5 жилийн дараа л буулган авчээ. Умард Хятадуудын тусламжтайгаар Монголчууд Хөх мөрнөөр цэрэг, хүнс зөөх 500 орчим усан онгоц барьжээ. Энэ ажлыг Лиу Жэн хэмээх хятад удирдан зохион байгуулсан байна. Сянян цайзын эсрэг талд Монголчууд чулуу шидэгч төхөөрөмжүүдээ байрлуулжээ. Эдгээр багажнуудын үүрэг нь Хотын хэрмийг нураахаас гадна Сүнгийн хөлөг онгоцнуудыг устгах байв.

Сянян хотын төлөөх тулалдаан 1268 оны дундуур эхлэв. Бүслэлтийг сэтлэх гэсэн оролдлого бүтэлгүйтэж, олзлон авсан цэргүүдийг Монголчууд цаазлан хороожээ. 1269 онд Ажу жанжин Хубилай хаанаас 20000 цэргээр хүчээ сэлбэжээ. Хөх мөрний хөвөөнд болсон ширүүн тулалдаанд Монголчууд ялсан боловч асар их хохирол амсжээ. Сүн улсын зүгээс цувраа маягаар олон завь болон усан онгоц ирсэн боловч нэмэр болж чадаагүй байна. Тулалдааны дараа Ажу жанжин Хубилай хаанд элч зарж 70000 цэргээр хүч сэлбэх шаардлагатай гэж мэдэгдэж байжээ.

Хубилайн жанжин Алихай Сяняныг буулган авахын тулд Фанчень руу бас довтлох хэрэгтэй гэдгийг анхааруулж байв. Учир нь 2 хот бие биедээ тусламж үзүүлсэр байсан юм.

Сяняныг бүсэлж байхдаа Монголчуудын хэрэглэсэн чулуу шидэгч багажууд нь ихэнхдээ 1215 онд Бээжинг довтолж байхад ашиглагдаж байжээ. Сянян цайзын хэрмийг нураахын тулд илүү холын тусгалтай чулуу шидэгч багаж хэрэгтэй байв. Энэ талаар мэдэж байсан Хубилай хаан чулуу шидэгч оньсон зэвсгүүдийг Персээс авахаар болжээ. Хүлэгү хаан Перс, Багдадын цайзуудыг авахдаа чулуу шидэгч оньс ажиглаж байсан ба тэд нар нь тусгалын хувьд, даацын хувьд Хятадад байдаг оньсон техникээс хол илүү байв. Өөрөөр хэлбэл илүү холын тусгалтай, илүү хүнд чулуу шидэх боломжтой, тухайн үедээ хамгийн сайн гэж хэлж болох оньсон зэвсгүүдийг Монголчууд Перс, Багдадын халифын эсрэг дайтаж байхдаа ашиглажээ. Монголчууд Багдадын эсрэг дайтаж байхдаа ашиглаж байсан оньсон зэвсгийг Ираны нутгаас олсон бөгөөд 40 орчим тонн жинтэй энэхүү аварга оньсны чадавхийг төсөөлөөд үзэхэд ойлгомжтой. Бүтэц нь энгийн: мод, чулуу, төмөр, олс+газрын татах хүч.

Персээс буюу Илхаадын улсаас авсан оньсон зэвсгүүдээ Хубилай хаан Сүн улсыг эзлэх цаашдын аян дайнд ашиглажээ. “Эзэнт гүрнийг ах дүүсээрээ эзэмшихийн давуу тал энэ хэмээн” Английн түүхч Жон Ман бичсэн байна. Хубилай хаан Абаха хаанд элч илгээж 6000 км-ийн алсаас оньсон зэвсгүүд болон мэргэжилтнүүд Юань гүрний дээд нийслэл Шаньдуд иржээ. Мэргэжилтнүүдийг Исмайл хэмээх Перс хүн ахалж байсан ба түүний оньс нь 40 орчим тонн жинтэй, 20м өндөр аж. Дунджаар 100-120кг чулууг хэрмийн хана руу шидэж байсан, мөн хамаагүй холын тусгалтай байсан нь үр дүнгээ өгч эхэлсэн байна. 1268 онд Сянян цайзыг бүсэлж, 1271 онд Персээс авчирсан оньсон зэвсгийг ашиглаж эхэлсэнээр довтлогооны цар хүрээ өргөжсөн бөгөөд 1273 оны 3-р сарын 17-нд цайзын захирагч бууж өгчээ. Цайзын захирагчийг Лиу гэх ба Хятадууд түүнийг урвагч хэмээн цоллодог. Лю Хубилай хаанд зүтгэж эхэлсэн бөгөөд цаашдын байлдааны ажиллагаанд идэвхитэй оролцож их хааны итгэлийг олжээ. Сянян цайзыг эзлэн авсан нь Монголчуудад асар их ач холбогдолтой үйл явдал болсон.

Сүн улсын гүнд Монголчууд цэргийн цохилт өгөх боломжтой болов. Мөн Сүн улсын гол цайзыг эзэлсэнээр худалдааг нь тасалдуулах бололцоотой болжээ. Хубилай хаан Исмайл тэргүүтэй оньсон техникийн мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулсан байна. Исмайлд 9 кг орчим мөнгө өгсөн байна. Исмайл жилийн дараа өвчний улмаас нас барсан юм. гэхдээ түүний хийсэн бүтээсэн нь Эзэнт гүрэнд ач тусаа өгсөөр байсан.

Сянян цайз эзлэгдсэний дараа Ханжоуд үймээн самуун газар авч эхлэв. Нэвтэршгүй хэмээн үзэж байсан цайзыг нь Монголчууд эзлэн авч өмнө зүг давшсаар байлаа. Хятадуудын хувьд энэ нь жинхэнэ хар дарсан зүүд байсан. Учир нь тэдний хувьд умард нутгийн зэрлэгүүд өмнөд Хятадад хэзээ ч цөмөрч байгаагүй ажээ. Тухайн үед Өмнөд Сүн улсын хаан 34 настайдаа өвчнөөр нас барсан байна. Сүн улсын хаалга Монголчуудын хувьд цэлийтэл нээгдэж, Сүнгийн төр мөхөх нь цаг хугацааны асуудал болов. Юань улс ийнхүү Сүн улсыг зогсоо зайгүй довтолж байх үед 1274 оны 7-р сард Сүн улсын Дузун хаан нас барж түүний 4 настай нялх хүү Жао Сян хаан суув. Тэр бол даруй Гунзун хаан болно.

Монгол болон Сүн улсын цэрэг зөвхөн 2 цайзад зууралдаад байлдаад байсангүй. Сянян, Фанчень цайзууд Монголын довтлогооныг 5 жилийн турш хориглож байх энэ үед Шаньдун, Сычуаньд байлдааны ажиллагаа явагдсаар л байв. Мөнх хааны үед Монгол цэрэг Сычуаны ойролцоо хамгаалалт, бэхлэлт барьж байсан нь үр дүнгээ өгч, санаачлагыг Сүн улсад алдахгүй байв. Сүн улсын цэрэг байрлаж байсан Панлун уулын бэхлэлт нь 4 талаараа хадархаг уулаар хүрээлэгдсэн хамгаалахад тохиромжтой, стратегийн чухал газар байв. Сычуаны орчим болсон тулалдаанууд өгөө аваатай болж байв.

Нэгэнт цөмрөлт хийж чадсан Хубилай хаан алдаа гаргахыг хүссэнгүй. Өмнөд Сүн улсын эсрэг дайн Монголчуудад ашигтайгаар өрнөж байв. Монгол цэргийг үндсэнд нь домогт жанжин Баян удирдаж байв. Баян жанжны аав нь 1256 онд Хүлэгү хааныг дагаж баруун зүгт аян дайнд явсан ба тулалдааны талбарт амь үрэгджээ. Баян жанжин хятад хэлийг маш сайн эзэмшсэн, нөхцөл байдалд голыг нь олж, цаг үе олсон шийдвэр гаргадаг хүн байжээ. 1274 онд Баян жанжингийн удирдсан 200000 цэрэг 800 усан онгоц, 70000 далайчны хамтаар өмнө зүг хөдөлжээ. Өмнөд Сүн улс Баян жанжны эсрэг 700000 цэрэг, 1000 хөлөг онгоц дайчилж Хөх мөрний дагуу тулалдаанууд өрнөв. Дали улсыг эзлэхдээ ашигласан тактикаа Хубилай хаан ашиглахаар шийджээ.

Өөрөөр хэлбэл энэхүү дайн нь Сүн улсын ард иргэдийн эсрэг хийж буй дайн биш харин хаад ноёдынх нь эсрэг хийж буй дайн хэмээн иргэдэд ойлгуулах шаардлагатай байсан. Энэ тал дээр Хубилай хаан хятад түшмэдэд илүү найдахаас өөр сонголт байгаагүй юм. Хубилай хаан цэргийн хүч хэрэглэхэс гадна эд мөнгө, хээл хахуулиар урвагч ноёд, гэнэхэн этгээдүүдийг урхидан татах зэргээр аргуудыг хослуулан хэрэглэж Сүн улсыг дотроос нь задлах тактикийг бас барьж байв.

1-р сарын 15-нд Юань улсын цэрэг Өжоуг байлдалгүй аваад Сүн улсын 3000 байлдааны онгоцыг галдан шатааж, тэр хавийн хотууд ээлж дараалан бууж өгчээ. Юань улсын их цэргийн довтолгооны хажугаар Юаний Янь Вэй жанжин бие даан довтолгоо хийж ялалт байгуулж байв. Тэрээр 1274-1275 онд Кайжоу, Дажоуг эзэлж, цэргийн ялалтанд ихээхэн хувь нэмэр болов.

Баян жанжны анхны тушаал нь 1274 онд Хөх мөрний доод урсгалд хүрч, 250 км давшин, Хан цайзыг авах байв. Хан цайзыг 100000 хүн хамгаалж байсан. Баян жанжин цайз бүсэлж хүч болон цаг гарздахын оронд завьнуудаа хуурай газраар зөөлгөн 1275 оны хавар гэхэд Хөх мөрний доод урсгалд хүрсэнээр Ханжоу орох зам нээгдэв. Ханжоу хотод үймээн үүсэв. Хятадууд Баян жанжныг “100 нүдтэй жанжин” хэмээн нэрлэдэг. Учир нь Баян жанжныг Хятадууд “百眼” буюу “100 нүд” гэсэн ханзаар тэмдэглэдэг байжээ. Харин Рене Груссегийн номыг хятад хэл рүү орчуулахдаа Баян жанжныг “伯颜” гэсэн ханзаар тэмдэглэжээ. Сүн улсын цэрэг Баян жанжныг тосч байлдахаар хөдөлжээ. Харин Ханжоу хотоо хамгаалалтгүй орхисон байна. 1275 оны 3-р сард Ханжоу хотын 200000 орчим иргэд зэвсэг барин Монголчуудын эсрэг тэмцэхээр болжээ. Өмнөд Сүн улсын жанжин Жиа 2500 орчим хөлөг онгоцны хамтаар 2,6 км өргөн Хөх мөрний далайд цутгадаг хэсэгт Баян жанжныг тосч байлдахаар хүлээсэн байна. Тулалдаан Хөх мөрний адагт өрнөж Монголчууд ялсанаар асуудал үндсэндээ шийдэгдэв. Баян жанжин давшилтаа үргэлжлүүлсээр Увей, Нанжин, Хесяныг эзлэн авчээ. Баян жанжин Хөх мөрний дагуух хотуудыг авсны дараа 4 сар саатаж, шинэ захирагч нарыг томилох, татварын системийг цэгцлэх ажлыг зохион байгуулав. 1275 оны зун давшилтаа зогсоосон нь хэт халуунд Монгол болон умард Хятадын цэргүүдийг давшуулахгүй амраах зорилгыг бас давхар агуулж байжээ.

Ажу жанжны цэрэг Ханжоу руу цэргийнхээ хамтаар иржээ. 225 км давшаад Ханжоуг эзлэх боломжтой болов. 1275 оны намар Баян жанжин Ажу жанжны хамтаар Ханжоуг 3 чиглэлээр, хуурай болон усан замаар зэрэг довтлохоор болсон байна. гэтэл Чанжоуд Сүн улсын цэргүүд сүрхий эсэргүүцэл үзүүлж Ханжоу руу хийх довтолгоог тасалдуулсанаар байлдааны ажиллагаа сунжирчээ. Баян жанжин тэдгээр эсэргүүцэгчдийг дарж, 10000 орчим хүнийг цаазалсан гэдэг. Ханжоуд үймээн дэгдэж, цэргүүд нь эмх замбараа, зохион байгуулалтаа алджээ. Баян жанжин Ханжоу хотыг бууж өгөхийг шаардсан. Ханжоуг хэдэн сард бүсэлсэний эцэст 1276 оны 1-р сарын 26-нд буулган авчээ. Ханжоу бууж өгсөн учраас Баян жанжин хотын иргэд, язгууртнуудыг цээрлүүлсэнгүй. Өмнөд Сүн улсын бэлэвсэн хатан, ханхүүг Монголчууд Бээжинд хүргүүлжээ. Хубилай хааны хатан Чибуй Өмнөд Сүн улсын хатан болон ханхүүд өөрөө санаа тавьж байсан гэдэг. Өмнөд Сүн улсын хатан 6 жил Бээжинд амьдарсны дараа нас барсан бол Өмнөд Сүн улсын ханхүү Түвдэд очиж лам болжээ.

Ханжоуг эзэлсэнээр Өмнөд Сүн улс албан ёсоор эзлэгдсэн гэх боловч дайн дуусаагүй байв. Өмнө зүгийн Гуандун, Гуансид Хятадууд жанжин Чжаны удирдлаган дор хэдэн жилийн турш эсэргүүцэл үзүүлжээ. 1276 оны 1-р сард Чаншад Монголчууд эсэргүүцэлтэй тулгарав. Чаншаг тухайн үед Танжоу гэж нэрлэдэг байсан. Чаншагийн эсэргүүцэл мэдээж дайныг өөрчлөх хэмжээнд байгаагүй. Чаншагийн хамгаалагч нар бүгд амиа хорлосон гэдэг. Монголчуудын Сүн улсын эсрэг хийсэн аян дайны үр дүнд асар олон Хятадууд хуурай болон усан замаар одоогийн Лаос, Вьетнамын нутаг руу гарчээ. Монголчууд давшилтаа үргэлжлүүлэн, Гуанжоу хотыг эзлэн авчээ. 1279 онд Сүн улсын сүүлчийн хүч болон 200000 хүнтэй, 1000 орчим хөлөг онгоц Монголчуудтай тулалджээ. Монголчууд 300 орчим хөлөг онгоцтой байсан бөгөөд Хөх мөрний адгаас давшжээ. Гэхдээ хөлөг онгоцны тооны хувьд цөөхөн байса учраас Монголчууд тулалдах гэж яарахгүй байв. Сүн улсын хөлөг онгоцуудын гадна талыг шавраар бүрхсэн байсан нь галтай сум тусаж гал алдахаас сэргийлсэн явдал байв. хамгийн гол нь Монголын хөлөг онгоцууд эрэг дагуух нутгийг хяналтандаа авсан байсан учраас Сүн улсын хөлөг онгоц тулалдахгүй удах тусам хүнсний нөөц, нэн ялангяа ундны усаар гачигдаж байв. 1279 оны 3-р сарын 9-нд тулалдаан өрнөж Сүн улсын хувь гамшигтайгаар дуусжээ. Сүн улсын талаас 30000-40000 цэрэг, зарим эх сурвалжид 100000 цэрэг амь үрэгдсэн гэж бичжээ. Сүн улстай 30 гаруй жил байлдах явцдаа цэргийн сахилга бат алдагдах явдал багагүй гарч энэ нь Сүнг нэгтгэн авах дайнд саад болж байсан.

Алихай, Ажу зэрэг жанждын довтолгооны үр дүнд Шаси, Жянлин, Юэжоу, Фужоу, Гүйжоу зэрэг 20 орчим хот эзлэгджээ. Сүн улсын жанжин Жан Ши Же 3 замаар сөрөг довтолгоон хийж, Чанжоуг чөлөөлөн, Жансугийн ихэнх газрыг буцаан авсан боловч 11 сард Монгол цэрэгт ялагджээ.

Сүн улс мөхсөн нь дараах хэдэн шалтгаантай:

  1. Хөх мөрнийг Монголын эсрэг хаалт болно хэмээн тооцсоноос зам болно гэж тооцоолоогүй.
  2. Сүн улсын дээдэс урьд ялагдлаасаа сургамж аваагүй. Зугаа цэнгэл, найр наадам хэрээс хэтэрсэн.
  3. Сүн улсын төрд зальт этгээдүүд их болж, шударга, авьяслаг хүмүүсийг хавчин гадуурхаж, тэдний оронд зусарч бялдууч хүмүүсийг томилж байсан.
  4. Сүн гүрний язгууртнуудын дунд хагарал бий болсон.
  5. Монгол цэргийн довтолгооныг алдаж тооцоолсон: Монгол морьт цэрэг Ханшуй болон Хөх мөрний заагаар орж ирэх нь гарцаагүй хэмээн тооцож гол хүчээ тэнд төвлөрүүлсэн байсан. Гэтэл Монгол цэрэг 2 мөрний дундуур дайран орж, Хөх мөрнийг даган урсан орж ирсэн нь Сүнгийн хамгаалалтанд том цохилт болсон.
  6. Монголын довтолгооныг Баян, Ажу, Алихай зэрэг чадварлаг жанжид удирдаж байсан. Баян жанжин бол байлдах бодлогыг зөв тодорхойлж, усан цэрэг, хуурай замын цэрэг, морин цэргийн довтолгооныг хослуулж, инженер, их буучдыг цагийг нь олж хөдөлгөж чаддаг гарамгай жанжин байв.

Ийнхүү Хубилай хаан Өмнөд Сүн улсыг мөхөөсний дараа Тан улсаас нааш нэгдээгүй байсан Хятадыг нэгтгэжээ. Суурин иргэншлийг нүүдэлчид жолоодож, усан болон хуурай замын хосолсон зам харилцааны сүлжээ өргөжин хөгжжээ.

Судлаач Б.Батмөнх

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 11 сар 11. 22:56
Зочин

A

2020, 1 сар 15. 21:56
Зочин

Saihan bn

2020, 1 сар 19. 23:09
Saihna

Gaihaltai

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]