Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Тоолохыг нь мэдсэн бол 10 түрүүлдэг байж”Уншсан69,045

Үндэсний бөхийн домогт аварга Бадамдоригийн Түвдэндорж нь бөхчүүд болон ард түмэнд хүндлэгдэж, хайрлагдсан гайхамшигтай бөх байсан юм.

 

Үндэсний бөхийн домогт аварга Бадамдоригийн Түвдэндорж нь бөхчүүд болон ард түмэнд хүндлэгдэж, хайрлагдсан гайхамшигтай бөх байсан юм. Тэрээр Түшээт хан аймгийн Ахай гүн Лувсанхайдавын хошуу буюу одоогийн Булган аймгийн Хангал суманд 1916 онд төрсөн. 14 настайдаа буюу 1930 онд нутгийнхаа “Эргэл хайрхан” уулын овоо тахилгын наадамд анх удаа зодоглон түрүүлж бөх болох гараагаа эхэлсэн түүхтэй.

Б.Түвдэндорж аварга улсын их баяр наадамд долоон удаа түрүүлж, гурван удаа үзүүрлэж, найман удаа шөвгөрсөн улам нэмэх, үнэн дэлгэрэх, бат нягт, үнэн хүчит өрнөн дэлгэрэх, улс даяар дуурсах, шалгарсан бат хүчит, улам баясуулагч, харилтгүй хүчит, олныг баясуулагч, түмнээс төгөлдөр, далай даян, дархан аварга юм. Монголчуудын хайртай аварга, домогт бөх Б.Түвдэндоржийн 100 жилийн ойг тохиолдуулан түүний туулж өнгөрүүлсэн амьдралын түүхийг хүргэе.

14 НАСТАЙДАА АНХ УДАА ЗОДОГЛОВ

Б.Түвдэндорж Лувсанхайдав хэмээх тайж хүний хүүхэд байжээ. Түүний аавыг эсэргүү хэмээн авч яваад хороосон гэдэг. Тиймээс хойд эцгээрээ овоглосон аж. Харин ээжийг нь “хайнаг” Сэрээнэн гэх бяртай, биерхүү, хайнагийн шар даахтай үгүйтэй модыг ганцаараа өргөж ачдаг хүн байжээ. Түвдэндорж ядуу тарчиг амьдралд өссөн учир ээж, дүү хоёроо хүний гар харуулахгүй хэмээн багаасаа хүнд хүчир ажил хийж сурчээ. Тэрээр айлд тариа тарьж, анжис чирч, мод түлээ бэлтгэнэ. 17 настайдаа Цагаан эргийн дамжлага баазад ажилд орж цэргийн албанд татагдах хүртлээ ачигч хийсэн байна. Тэр баазад Орос бараа их ирдэг байж. Эхлээд 70 кг-ын шуудайтай гурилыг хоёроор нь зөөхөд даадаггүй байсан бол яваандаа түүртэлгүй зөөдөг болжээ. Б.Түвдэндорж аварга 1930 онд нутгийнхаа “Эргэл хайрхан” уулын овоо тахилгын наадамд анх удаа зодоглон түрүүлж бөх гараагаа эхэлсэн байна. 1939 онд 23 настайдаа ардын цэргийн албанд татагдаж Төв аймгийн Заамар сумын агтан дээр томилогдсон үедээ эхнэр Даштайгаа танилцсан байна. Тэр жилийнхээ үндэсний баяр наадмаар барилдаж, цолгүй бөх арслан цол авч, залуу жанжин Ж.Лхагвасүрэн болон Х.Чойбалсангийн бөх хэмээн алдаршжээ.

Б.Түвдэндорж 1941 онд Өлзийсайхан арслангаар ес даван түрүүлж аварга, 1945 онд Цэвээнравдан заанаар ес даван түрүүлж даян аварга, 1946 онд Чимэд-Очир арслангаар арав даван түрүүлж дархан аварга цол хүртсэн байна. Мөн тэрээр Монголын тамирчдаас анх удаа “Спортын гавьяат мастер” цол хүртсэн болохоор ууган гавьяат тамирчин хэмээн алдаршсан юм. Домогт аварга маань гараа, дэвээ сайхан, бие бялдар тэгш бөх байжээ.

 

ДАРХАН АВАРГЫН ДАРХАН МЭХ

Түүний дархан мэх нь хөнтөрч суйлах, хөлд ороход нь дарна. Б.Түвдэндорж аварга нохой мордох мэх хийхийг цээрлэдэг, атаа жөтөө, уур уцаараас цэрвэж явдаг, даруу зантай нэгэн байжээ. 51 настайдаа наадмын дэвжээнээ өвдөг шороодолгүй тав давж, 512 хүчтэнээс уран мэхээрээ шалгарсан 16 шилдэг бөхийн нэг болж байсан аж. 1958 онд Спортын төв ордон баригдаж ашиглалтад ороход үндэсний бөхийн багш, дасгалжуулагчаар ажиллаж үндэсний бөх хөгжихөд өөрийн хувь нэмрээ оруулсан гавьяатан юм. Түүний шавь нараас арслан, аварга, дэлхийн хошой аварга, олимп, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай 10 гаруй бөх төрсөн байна. Тэрээр шавь нартаа “Хүн ажил хийснээрээ мууддаггүй юм. Ажилд нухлагдаж явсан минь ийм амжилтад хүргэсэн. Хөдөлмөрлө, битгий шантар. Тэгвэл та нар амжилтад хүрнэ шүү” хэмээн захиж хэлдэг байжээ.

 

“Тоолохыг нь мэдсэн бол 10 түрүүлдэг байж”

Төрийнхөө наадамд долоон удаа босоо түрүүлсэн энгүй хүчит аварга “Тоолохыг нь мэдсэн бол 10 түрүүлдэг байж” хэмээн ярьж байсныг охин нь ярьж байлаа. Арван жилийн сурагчдын дунд “Төв аймагт түймэр гарч гэнэ, Түвдэндорж аварга түй гээд унтраачихжээ” гэж хүүхдүүдийн амны уншлага хэлц үг ч гарч байж. Ухаандаа тийм л бяр тэнхээтэй хүн шүү гэдгийг нь хошин байдлаар зүйрлэсэн нь энэ аж.

Улсын арслан С.Самданжигмэд: АВАРГА ХӨНТРӨХ МЭХЭЭРЭЭ БҮХ УЧРААГАА ӨВДӨГ ШОРООДУУЛСАН

-Би Б.Түвдэндорж аваргатай 1941 онд наадмын бэлтгэлд цуг гарахдаа анх танилцсан юм. Тэр жил цэргийн бөхчүүд Хүүшийн аманд бэлтгэлд гарахад цэргийн халуун усны дарга байсан улсын заан Лувсанбалдан гуай Лхагвасүрэн жанжны даалгавраар бидэн дээр очиж мэх зааж бэлтгүүлсэн юм. Тэгэхэд Түвдэн, Ж.Цэвээнравдан, мундаг Н.Наваан, Э.Өлзийсайхан, Ө.Гарамдагва гэсэн бөх байлаа. О.Лувсанбалдан заан нэг өдөр "хөнтрөх" гэдэг мэх заасан. Энэ бол суганы хонхрын барьцнаас барьж, мөрнөөс барьсан гарыг нь нөгөө гараараа огцом татаж тавиулан урдуураа хөндлөн гүйлгэж хөл авч унагадаг мэх юм. Аргагүй л бяртай хүний мэх. Бөхчүүд бүгд сонирхлоо. Тэр дундаас Түвдэндорж бусдаас илүү анхаарч сурах гэж мэрийж эхэлсэн юм.

Эхэн үедээ эв дүйгээ олоогүй байхдаа хүний гараар хүзүү толгой руугаа цохиулчихаад ярвайж суудагсан. Тэгсэн хэрнээ шантралгүй өдөр болгон бидэнтэй барилдаж, энэ мэхээ давтсаар сүүлдээ гаргууд сайн хийдэг болсон. Тэр сорилго дээр О.Лувсанбалдан гуай биднийг халгайн дээр барилдуулж, халгайгаар ороолгодог байсан болохоор Түвдэндоржид унахгүй гэж хэрээрээ мэрийх боловч яаж ч чадахгүй хөнтрөх мэхэнд нь орчихдог болсон билээ. Ингээд бүгдээрээ наадамд барилдацгаалаа. Би ч нэг их шальсангүй. Харин мундаг Н.Наваан маань дөрөвт үлдэж, Э.Өлзийсайхан үзүүрлэн Түвдэндорж босоо түрүүлсэн юм. Түвдэндорж амныхаа бөхөөс эхлээд үзүүрийн бөх хүртэл бүх учраагаа хөнтрөх мэхээр өвдөг шороодуулсан юм. Ингэж аваргын гол дархан мэх болсон доо. Үүнээс хойш улсын наадамд хэд хэдэн удаа түрүүлэхдээ бүх хүчтэй учраагаа хөнтрөх мэхээр л орхидог байсан.

Үүнийг бидний үеийнхэн, тухайлбал, Ж.Цэвээнравдан, Г.Цоодол, Ч.Нямжав, Бадамсэрээжид нарын ахмад бөх андахгүй мэднэ. Ер нь хүчтэй хүн өөртөө тохирсон даацтай мэх сурчихвал тун ч дийлдэхгүй болдог нь Түвдэндоржийн барилдаанаас харагддаг байсан юм.

”Намайг 25 жилийн ойгоор дөрөвт үлдээд байтал Түвдэндорж амлаад авчихлаа. Жаахан шар хөдлөөд "Чи намайг амлаа юу, тэнгэр харуулна" гэж аархвал аварга нэг инээмсэглэчихээд яваад өглөө. Би хөнтрөх мэхийг нь хийлгэхгүй юмсан гэж бодон мэх төлөвлөж гарсан юм. Тэгээд өрж бужигнуулж байгаад гүйлээ. Хоёр гар, бүдүүн гуянд нь сайн хүрсэн боловч үнэхээр өргөж дийлээгүй даруулчихсан юм. Илүү хүн гэдэг аргагүй л илүү байдаг юм билээ. Ер нь Түвдэндоржийг бяртай гэдгийг би мэддэг байсан. Цэрэгт түгээгч байхдаа торхтой 100 кг-ын шар тосыг биедээ хүргэхгүй тэргэн дээр өргөөд тавьж байхыг нь харсан. Энэ бүхнээс бодоход биднээс хол тасархай бөх байсан юм билээ. Аварга манай хоёрынх сүүлдээ айл саахалт амьдарч, бид чамгүй сайхан үерхэж явлаа. Бяр ихтэйдээ ч тэр юм уу, жаахан аархуу, бүдүүн баараг зантай, гүндүүгүй сайхан эр байсан.

Улсын аварга Ж.Цэвээнравдан: БИДНЭЭС ИЛҮҮ БӨХ ГЭДГИЙГ НЬ МЭДЭВ

-Б.Түвдэндорж аварга бид нас ойролцоо, наадамд нэгэн үед барилдаж явсан найз бөхчүүд. Аварга маань бие арлаар ч, бяр тэнхээгээр ч биднээс хол илүү бөх байлаа. Барилдаж байхад бяр илүүтэй нь мэдрэгдээд байх боловч чухам аль хэр бяртай хүн байсан бэ гэдэгт тодорхой хариулахад хэцүү юм. Тэр үед хүний бяр чадлыг хэмждэг одоогийнх шиг багаж хэрэгсэл байгаагүй болохоор бөхчүүд гол төлөв чулуу өргөж, чулуугаар бяраа тэмдэглэж орхидог зуршилтай байсан. Харин Түвдэндорж аваргыг тийм, ийм чулуу өргөж гэнэ гэж дуулддаггүй юм. Ер нь өргөөгүй ч байх. Бөхчүүдийн ярьдгаар Сэлэнгийн бирваазад ачигч байхдаа /нас нь 21-22-той л байсан байх /70 кг-ын шуудайтай гурилыг хоёроор нь давхарлан өргөж ачдаг байсан гэдэг юм. Энэ ч бас л багагүй бяр. Гэтэл аваргыг үүнээс хавьгүй илүү бяртай, үнэн хүчтэй хүн болохыг би нэг удаа нүдээр үзэх завшаан тохиолдсон юм.

Намайг Сөгнөгөрийн амралтад ажиллаж байхад аваргынх тэнд үнээ сааж, сүү цагаан идээгээ амралтад өгдөг байлаа. Нэг удаа бидний хэдэн бөхчүүд аваргынд цуглаж, энэ тэрийг ярьж наадаан цэнгээн болж байгаад оройтсныг мэдсэнгүй. Нэг мэдэхэд үхэр нь ирэх цаг болчихсон байж. Гэтэл эхнэр нь цухалдаж "Хашаа хороо цэвэрлээгүй, нойтон баасан дээр хальтирч унаад хэмхрэх байлгүй, би. Энэ хүн яахав, ингээд сууж байхаараа болдог хүн" гэж үглэх маягтай болов. Түвдэндорж эхнэр рүүгээ нэг харснаа уцаарлав бололтой "Гараад, овоолоод хаячихъя" гэхээр нь бүгдээрээ гарч үхрийн ширэн дээр нойтон ялгадсыг тал талаас нь овоолоод тэргэнд хөллөдөг бүдүүн хар хайнаг /шар/ авчирч, олсоор оосорлон хүзүүнээс нь зүүгээд зүтгүүллээ.

Гэтэл нөгөө хайнаг маань сөхөрч унаад хөдөлж чаддаггүй юм байна. Аварга уурлаж "Шар болохоо алдсан турсага байна" гэсээр хайнагаа гаргаад өөрөө хоёр мөрөөрөө оосорлоод явдаг юм байна. Яаж барах вэ л гэж бодож байлаа. Гэтэл аварга огцом зүтгэхдээ хальтирмаар болсноо тэр чигээр нь чирээд явчихлаа шүү.

100-гаад метр газар аваачиж асгачихаад жишим ч үгүй эргээд ирэхэд нь "Хүнд байна уу" гэхэд "Хүнд юм мөр тасалчихаа шахлаа, уурандаа л дийллээ" гэж байж билээ. Ийм л хүчтэй аварга байсан. Тэр ачааг бидний хэн нь ч хөдөлгөхгүй байсан даа. Ингэхээр биднээс илүү бөх байсан нь мэдэгдэж байгаа биз дээ. Ер нь аварга өөрийгөө бусдад унана гэж итгэдэггүй бөх байсан юм. Ардын хувьсгалын ойгоор бид хоёр барилдаж, нэг удаад нь би мэх хариулж дээр нь тусахад аварга шууд босоод дэвэх гэж байсан. Булхайцсандаа биш унана гэж санаанд нь багтахгүй байхгүй юу даа.

Зууны мэдээ, Өдрийн сониноос эмхэтгэв.

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 1 сар 24. 12:38
РАВДАН

мөрийтэй тоглоомд донтож шоронд олон жил суусан хүн шүү . тэгээгүй бол олон түрүүлэх байжээ л гэсэн болов уу. бүтэн намтаар нь бичихгүй бол одоогийн залуучууд буруу ойлголт авахаар бичиж

2019, 4 сар 6. 18:36
Залуу хүн

Бөх болоод /жинхэнэ/ сайн эрчүүдийн тухай олон нийтлэл уншилаа сайхан бичсэн байна. Харин Монголчуудыг бахархалгүй болгох гэсэн санаа юм уу хашаа юм. Гэвч Монголчууд хэзээд бахархал дүүрэн байх болно. Хужаагийн эрлийз, хөлсний бичээчид үхэж далд орог.

2019, 2 сар 10. 1:44
Зочин

заан о.лувсанбалдан нь гулиа лувсанбалдан юм болов уу..галшар суманд бсан. яг угуул нутаг нь биш бхаа.. их том янхир биетэй хүн бсан.хул алаг морьтой хуучин бүрх малгайтай.их ѳтгѳн цай уудаг. хүн бсан. сүүлд хүмүүс архи их уудаг бсан гэж ярьдаг.зайлуул шоронд удсан. цуурсан хэрэгээр ялаа олон нэмүүлсэн гэдэг. ж: вагоноор орос руу бараа зѳѳдѳг...урд уулын энгэр тоо бичсэн.. гулиагийн цагаан далт гм домог болсон яриа бий .1968 оны үед уб хүн уулзсан гэдэг юм. ѳѳр заан о.лувсанбалдан гэж бараг сонсоогүй.

2019, 10 сар 15. 13:56
Зочин

Ам цуурсан хэрэгтэй шоронд орж байсан гулиа Лувсанбалдан мөн байх.Улсын заан цолтой хүн байсан гэдэг.Энэ хүний тухай үлгэр домог шиг хууч яриа их байдаг.

2019, 1 сар 28. 12:27
Arthemis97

Ter tuhaid bol Marshaliin tushaalaar hytaduudiig hoosolson geh yria bdag

2020, 11 сар 10. 16:34
Зочин

Булган аймгийн Сайхан сумын их аварга Намхайн удамын улсын заан цолтой цэргийн газар насаараа ажилласан хүн юм.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]