Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

FREEDOM!     Уншсан1,085

Ямарч үед, ямарч нийгэмд хүмүүсийн хамгийн их хүсдэг зүйл бол эрх чөлөө байдгийг энэ хэрэг явдал илэрхийлж л байж дээ гэж боддог юм.

МУСГЗ, доктор Я.Ганбаатар бичиж байна.                                                           

1973 он шиг санагдана. 7 дугаар ангид байсан байх. Бидний хэдэн нийлдэг хүүхэд үе үе орой ангидаа очиж бага ангийн хичээл тарсны дараа ангиа цэвэрлэнэ. Хэдүүлээ тоглож наадаж байгаад ангиа угаахад ядах юмгүй, гялалзуулчихна. Тэгээд өвлийн орой харанхуй болсон хойно гэр рүүгээ харьцгаана. Бүгд нэг зүгт явах тул сургуулиасаа гарч туннель дээр ирээд байр байр руугаа тарцгаана.

Зоригоо замын цаадтайх 31 дүгээр байр руу, Цогоо хамгийн дээд есөн давхар руу, би доошоо дундахь руу нь гэхчилэн. Сансар хорооллын хэдэн байрнуудыг бид андахгүй. Аль байрны хэддүгээр орцны, хэдэн тоотод манай ангийн хэнийх байдаг, эсвэл манай сургуулийн хэнийх байдгийг сайн мэднэ. 

Тэр орой хар Батсүх гэж 15 дугаар хороололд гэртэй хүү бид дөрөв хамт явж байлаа. Хүүхдүүд л болсон хойно гараад цасаар байлдан, хөөцөлдөж гүйлдсээр туннель дээр гарч ирлээ. Туннелийн өндөр чийдэн гэрэлтүүлэг ногоон цайвар гэрэл тусган өдөр шиг тод гэрэлтэй. Цаг орой болсон тул Үйлчилгээний төв, туннель хавиар хүн цөөн, хаа нэг харих гэж яарсан хүн түргэн түргэн алхлан өнгөрнө.

Тэр үед хүүхдүүд тагнай ташина гэж сурамгай. Олон байшингуудын дунд тэгж тагнай ташихаар цуурайтна гэж жигтэйхэн чанга. Тас тас гээд л тээр тэнд цуурайтна гээч. Өндөр уулан дээр гараад хашгирхаар тэртээ ууланд хадан цуурайтдаг даа. Яг л тийм. Гадаанаас гэртээ байгаа нэгнийгээ дуудахдаа тагнай ташихад л болчихно.

Хэдүүлээ нийлээд тагнай ташихаар бүр аянга ниргэлж байгаа шиг л юм болж, түүндээ бид хэд бүр хөөрчихсөн улам л чанга дуугаргах гэж тачигнуулсаар туннель дээр хэсэг саатав. Тэгснээ бүр хөөрч орилолдож эхэллээ. Янз янзын юм хэлэн хашгиралдаж түүндээ бүр баясан хөөрч эргэн тойрноо үл анзааран хөгжилдөж байлаа.

Би зэргэлдээ ангийн найзаасаа Дийп Пөрплийн “Fireball“ нэртэй том пянзыг сонсохоор авч пальтоныхоо энгэрт хийчихсэн тэврээд явж байсан юм. Тийм пянзыг гигант диск гэнэ. Найз нартайгаа тийн амны уншлага болсон элдвийн үг хашгирч байгаад “Freedom!“ гэдэг дууны нэр нь санаанд ороход бас л хашгирч орхив. Нөгөөдүүл маань ч бас давтан хашгиралдлаа. “Freedom!, Freedom! Freedom!...“

Тэгж хөгжилдөж байтал гэнэт цагдаа гараад ирэх нь тэр! Сансарын үйлчилгээний төвийн баруун урд үзүүрт Хэсгийн сэргийлэх байдаг байсан юм. Хэдхэн алхмын цаана байх тэндээс дорхноо хүрээд ирсэн байж таарна. “Больцгоо!, Зогсоцгоо!” гэж хашгирах дуунаар бид сая ухаан орж харсан ч зугтахад даанч оройтсон байлаа.

-Яасан танхай амьтад вэ, та нар! Энэ орой болсон хойно юу гэж орилж хашгиралдаад байгаа юм? Наашаа зогсоцгоо!. Эгнээд зогс! гэж өнөөх цагдаа чанга зандран хэлснээ биднийг ээлжлэн нэгжиж гарлаа. Нөгөөдүүлийн хармаа хотыг нэгжин эргүүлж явсаар над руу ирж энгэрийн товчийг тайлан задгайлаад өвөрт явсан пянзыг гаргаад ирэх нь тэр. Тэгснээ:

-Алив, танхай хүүхдүүд намайг дагаад явцгаа! Бушуул! гээд цаашаа эргэв. Бид ч “Баларсаан!” гэлцэн бие бие рүүгээ харж нудралцсаар араас нь дуртай дургүй дагав. Сэргийлэхийн байранд ирж хоёр давхарт гарч өрөөнд нь орцгоолоо. Замдаа дотор харлаад болдоггүй. “Хайран пянз! Хүний пянз алга болгочих вий гэж харамлаж харамлаж өгсөн дөө! Одоо яаж авч буцааж өгнө өө!” гэж бодсоор явлаа.

Английн алдарт хард-рок хамтлаг Дийп Пөрплийн тэр пянз ёстой нүдний гэм байв. Хүүхэд залуучууд Дийп Пөрплийг шүтнэ гэж жигтэйхэн. Ах нар энэ пянзыг тавиад ёстой галзуурах дөхнө. Тэгээд л тэгж хашгиралдаж байдаг сан. Ямар утгатайг нь мэдэхгүй, дэмий л цээжилчихсэн байсан нь тэгж гай болно гэж хэн мэдэх билээ.

-Хулигаанууд ийшээ эгнээд зогсоцгоо! Та нар яасан сахилгагүй хүүхдүүд вэ? Аль сургуулийн хэддүгээр анги вэ? Ангийн багш нь хэн бэ? Аав ээж нь хэн хэн, хаана ямар ажил хийдэг вэ? гээд бөөн юм болов. Тэгээд нэг нэгээр нь бичиж аван баахан үглэж загналаа.

Зоригоогийн аав Чулуун гуай Кино үйлдвэрт, ээж нь Ус, цаг уурын газарт, Наранцогтын аав Халзхүү гуай Сайд нарын зөвлөлд буюу одоогийнхоор Засгийн газарт, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Майдарын референт буюу туслахаар ажилладаг байсан. Ээж нь телевизийн нэвтрүүлэгч Цэенханд гуай шүү дээ. Орой болгон айл бүрийн гэрт цэнхэр дэлгэцээр зочилдог Цэенханд гуайг тэр үед танихгүй хүн байхгүй. Батсүх маань харин ажилчин айлын хүүхэд байсан.

Өнөөх цагдаа миний өвөртөлж явсан пянзыг барьж:

-Энэ юу юм? Хэнийх юм? Та нар ийм багаасаа хөрөнгөтний дуу хөгжим сонсч байдаг юм биз дээ? Хэн зөвшөөрсөн юм? Сургуулийн захиргаанд чинь хэлнэ! Та нарт хатуу арга хэмжээ авахуулна! гээд л бууж гарлаа. Бид ч дуугүй тонгойн шилээ маажин газар ширтэн зогссоор байлаа. Тэр үед хүүхдүүд буруугаа хүлээн гэмшиж байгаагаа ойлгуулах гэхдээ тэгж доош харан шилээ мааждаг байсан юм. 

-Ийм орой болсон хойно юу хийж яваан, аан?

 -Бид нар ангиа угаагаад...

-Тийм үү? Тэгвэл тэр хувин даавуу аваад шал угаа. Хурдал!...

Бид нар ухасхийн өнөөх заасан хувин, алчуур руу ухасхийсэн ч ганцхан тул Батсүх маань авч сэргийлэхийн өрөөний шалыг угааж эхлэв. Тэгсэн ч өнөөх цагдаа тайвшрах янзгүй:

-Та нар сая гадаа юу юу гэж орилж хашгараад байсан? Аан? Хэлцгээ! Бушуу хэл! Юу гэж хашгарсан? гэсээр босоод ирлээ. Гайгүй болох янз алга аа. Бид ч дуугарахгүй л, доош харан шилээ маажин зогссоор байлаа.

-Цагдаа миний өмнө ирж:

-Хэл чи! Сая гадаа юу гэж хашгираад байсан? Ямар утгатай юм? Бушуу хэл! гэлээ. Би шилээ маажсан хэвээрээ:

-Ах аа, Миний буруу! Дахиж тэгэхгүй!...

-Юу гэж хашгираад байснаа хэл гэж байна шүү! Юу гэж байгаа юм бэ?

-Зүгээр л... “Хүүш Дамдиан!” гэж байгаа юм аа...

“Соёл эрдэнэ” хамтлагийн ийм нэртэй дуу тэр үед ихэд дуулагдаж амны уншлага шиг болсон байлаа. Өнөөх цагдаа эхлээд итгэх аядсанаа, удалгүй уурсан хашгичив. Учир нь намайг тэгж хэлэнгүүт нөгөөдүүл маань түсхийтэл инээлдчихсэн юм.

-Аан, та нар намайг хуурчихна гэж бодоо юу? Намайг тэнэг гэж бодоо юу? гээд бүр бууж гарлаа. Тэгснээ өнөөх пянзыг шүүрэн авч:

Муусайн пацаанууд, та нар төрийн цагдааг хуурна гэнэ ээ? Ингээд хуураарай, за юу? гээд пянзыг маань хага шидэх гэж өргөн далайв.

-Хүүе, ах аа? Би тэгээд ахдаа юу гэж хэлэх юм бэ? Ах намайг ёстой ална шдээ... хэмээн би амжиж дуугарлаа.

 -Яадгийн? Чиний ах яадгийн? Ингэхэд хэн юм чиний ах? гэсээр дахин ойртон ирлээ.

-Тамираа...

Энэ нэрийг сонссон цагдаа дороо зогтусч хөдөлгөөнгүй болчихов.

 -Хэн гэнэ ээ? Чиний ах хэн гэв ээ? хэмээн илт зөөлөрсөн дуугаар дахин асуулаа.

-Наадхын чинь ах нь атаман Тамираа. Яагаав, хагархай Тамираа... гэж Цогоо тэндээс ам нээлээ. Худлаа хэлж байгаа нь тэр. Гэвч энэ удаа бид инээлдсэнгүй. Тоглоом маань шоглоом болчихоод байхад юун инээлдэх манатай.

Цагдаа сая пянз атгасан гараа доош буулгав. Хэсэг зуур дуу нь гарсангүй, буцаж суудалдаа суулаа.

-Ёстой нэг сахилгагүй амьтад шүү! Та нарыг нээрээ яая даа байз? Дандаа чих халууцуулж явах юм аа... Май энэ пянзаа ав! Тэгээд зайлцгаа! Дахиж нүдэнд бүү үзэгд! гэж хашгирав. Тэр цагдаа өөр яаж ч чадахгүй байлаа. Яаж ч чадахгүйгээ мэдээд бүр шатаж байгаа бололтой ч, биеэ асар их барьж байгаа нь харваас илт. Биднийг бушуухан гаргахын түүс болж байх шиг байв. Бид ч хаалгаар чихэлдэн гүйлдэн гарцгаав.

Гарсан хойноо бие биенээ харж чадахгүй хэсэг болсноо сая өөд өөдөөсөө харж дахин түсхийтэл инээлдэцгээлээ.

-Галаа, чи яаж тэгж хэлэх санаа төрөв өө?

- Ёстой зөв болсон шүү! Энэ нээрээ Тамираагийн пянз юм уу?

-Хагархай Тамираа гэхээр Микрийнхэн ёстой нам болох юм аа, тээ? гэлцэв.

-Үгүй ээ, гэхдээ л өөр атаманых. Пянзыг нь хагалчихвал яахын? гэж намайг хэлэхэд:

-Хэний гэж? Хэнийх юм бэ? гэж нөгөө хэд хэрэгт дурлав. 

-Гангаагийнх аа. Хэд хоног сонсоод өгөөрэй гэсэн юм аа гэж би хариулав. Гэхдээ оронд нь надаас жинсэн якыг минь хэд хоног өмсөхөөр авсныг би тэдэнд хэлсэнгүй.

Тийм ээ, дал, наяад оны үед манай Сансарт Микрийн атаманууд гэгддэг хэдэн сайн эр байсаан. Тэдний тухай бүр шүлэг ч хэлэгддэг байв:

Гахай Хашаа,

Хар Бороо,

Хагархай Тамираа,

Хайч Гангаа,

Сарлаг Пүрвээ, 

Бацаан Пүрвээ,   

Галзуу Энхтайван,     

Бөгс Энхтайван,...  

гээд уртаа үргэлжилнэ. Үнэндээ зарим нь атаман биш л дээ. Хүүхдүүд том ах нарыг дандаа л атаман гэдэг байсан шүү дээ.  Харин хагархай Тамираа гэж тэр үед Микрт байтугай нийслэл хотод нэртэй атаман байсан юм. Манай зэргэлдээ байрных. Биднээс нэлээн ах л даа. Аав нь Н.Сэр-Оджав гэж манай нэртэй түүхч, археологич. Мань хүн Ардын жүжигчин Гомбосүрэн гуайн хүргэн болсон.

Ямарч үед, ямарч нийгэмд хүмүүсийн хамгийн их хүсдэг зүйл бол эрх чөлөө байдгийг энэ хэрэг явдал илэрхийлж л байж дээ гэж боддог юм. Бидний тэгж орилж хашгиралдах ч яахав, харин томчуулын тэгж хашгирч явсанд л эрх чөлөөг хүсч мөрөөдсөн жинхэнэ утга учир нь оршиж байсан биз ээ.

За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийнхээ тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.                                

Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар.

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 12 сар 24. 11:52
Зочин

Хагархай тамир гэж хэн ч байдгийн. Тухай үеийн атмаан нэр зүүсэн гарууд яг бодитоороо бол хармааны хулгайч нар л байдаг юм билээ

2021, 12 сар 21. 13:44
Зочин Цогоо

Deep Purple хамтлагийн Smoke on the water, Stormbringer, Woman from Tokyo, Rat Bat Blue, Fireball, Speed King гээл аймаар дуунуудыг хар багаасаа сонсож өссөн дөө, манайд In Rock, Fireball, The house of blue light, Made in Japan нтр гээл пянз нь байсан, мөн Led Zeppelin, Pink Floyd, The Doors , Eagles гээл явж өгнө дөө

2021, 12 сар 16. 19:47
Зочин

Санхсарт тийм атаманууд байгаагүй зүгээр л хармааны хулгайчууд л их байсан.

2021, 12 сар 16. 13:14
Зочин

тайхай балмад этгээдүүд нь улс нийгэм хортой гэмт үйлдэлтэй этгээдүүд юм.гэмт этгээдүүд нь нийгэмийн дайсанууд,нийгэм гэдэг бол улс эх орон. тэгэхээр тэд бол улсын дайсанууд.тэд бол улсыг дотороос нь бутарган доройтуулах гэсэн гадны хүчиний гар хөл бологчид

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]