Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Урвагчдын төгсгөлУншсан22,899

Тулалдаанаас амьд үлдсэн монгол гэж бараг үлдсэнгүй. Золоор амь гарсан хэд нь Дамаск, Хам, Баалбекийн зүг зугтаав.

 Уншигчдадаа зориулж "Айн Жалудын домог" түүхэн найрууллыг цувралаар хүргэж байгаа бөгөөд энэ удаа төгсгөлийн хэсгийг сонордуулж байна. Энэ дашрамд түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.

Цувралын Нэгдүгээр хэсгийг энд дарж уншаарай: Айн Жалудын домог буюу лалын тэнгэрт аянгын үүл хуралдав

Хоёрдугаар хэсэг: Увайгүй баронуудын урвалт ба мамлюк-түргүүдийн эцсийн эрс шийдвэр

Гуравдугаар хэсэг: Амь өрссөн тулаан, Хит Буха ноёны омог бардам төгсгөл


 
 Урвагчдын төгсгөл

 

Тулалдаанаас амьд үлдсэн Монгол гэж бараг үлдсэнгүй. Золоор амь гарсан хэд нь Дамаск, Хам, Баалбекийн зүг зугтаав. Сирийн олон хотуудад захирагчаар сууж байсан цөөн тооны Монголчууд хамгаалалтгүй болж, бужигнаж эхлэв. Хүлэг хааны цэргийн хүч Хойт Армени болон Иранд төвлөрөөд байжээ. Айн-Жалудын тулалдаанаас зугтагсдыг шил даран мөшгөсөн Бибарс ачаа хөсөг, гэр бүлээ аван ухарч байсан Монголын хэсэг бүлэг дүрвэгчдийг ээлж дараалан хядсаар бүр Алеппо хүрсэн байна. Хамад байсан Хит Бухагийн эхнэр хүүхэд, өргөө гэрийг олзолж Күтүзд хүргэсэнд тэрбээр өчүүхэн ч эргэлзээгүйгээр дуусгаж орхив. Мөн Монголчуудын талд орсон орон нутгийн ихэс ноёдыг ч баривчлан авчирч эртний сурвалж гарвалыг нь ч үл харгалзан олноор нь цаазалжээ.

Хамгийн ихээр хядуулсан нь Дамаскийн христос шүтлэгтнүүд. Күтүз ялалтын цуваагаар Дамаскт орж ирээд тэнд Монголчуудын ивээлээр байр сууриа бэхжүүлээд байсан христ мөргөлтнүүдийг толгой дараалан устгаж, Арабын улайрсан лал шүтлэгт Омейядууд болон Фатимид Эйюбидын зэрлэг күрдүүд хүртэл хайрлаад гар хүрч зүрхлээгүй асан Сирийн загалмайтнуудын бүтээсэн соёлын их өвийг үнсэн товрог болгон ялалтынхаа баярыг тэмдэглэжээ. Тэгээд зогссонгүй, Сири даяар загалмайтнуудыг хоморголох аян өрнөж, “загалмайтнуудын цус Хүлэг хааны довтолгооны үед хөнөөгдсөн Лал шүтлэгтнүүдийнхээс хувь илүү урссан” хэмээн үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүс бичиж үлдээжээ. Ийнхүү Акра, Тур, Сидоны загалмайтнуудын ашиг харсан урвалтын төлөөсийг тэр даруйдаа Сирийн загалмайтнууд өршөөлгүй асгарсан цус болон олон арван жил бүтээн босгож ирсэн соёлын өвөөрөө төлсөн төдийгүй ерөөс төд удалгүй Сири орны баруун умард эрэг орчимд бэхжээд байсан түшиц газраа Загалмайтнууд үүрд алдсан байна.

Айн-Жалудын тулалдаанд оролцсон султануудаа Күтүз толгой дараалан шагнаж, Сири оронд газар бүр эзэмшил олгожээ. Мөн эгзэгтэй цагт урван, Монгол цэргийн зүүн жигүүрийг орхин одож, тулалдааны үр дүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Муса султаныг Монголчуудын Сирид орж ирэхэд бууж өгөн дагалдсанаар эрх мэдлээ хэвээр нь хадгалж байсан хуучин эзэмшил газраа үргэлжлүүлэн захирах эрхийг өгчээ. Урвагчид бол олдохуйяа том шан шүү.

Харин тулалдаанд голлох үүрэгтэй оролцсон төдийгүй Алеппо хүртэл Сириг нэвт амжилттай давшиж, олон хотуудад Монголчуудын засаглалыг унагасан гол хүн Бибарсад Күтүз төдийлөн таатай хандсангүй. Угаас тэр хоёрын дунд өнө эртний өш зангидаатай байжээ. Учир нь Сири дахь Бахричуудын эзэн захирагч Актайн аллагад Күтүз оролцсон бөгөөд Бибарс нь Актайн дотнын хүн байсан гэх. Энэ хоёр эр Монголчуудын эсрэг энэхүү өс хорслоо түр хойш тавьж нэгдсэн байжээ.

Алдар гавьяаных нь төлөө Күтүз өөрийг нь Алеппогийн султанаар тавих болов уу хэмээн Бибарс харж байсан нь талаар болсонд тэдний хоорондох хуучны хонзон дахин хэзээ ч эвлэхгүйгээр босч ирсэн хэмээн бичсэн нь ч бий. Эрх мэдэлд дуртай, хүчтэй Бибарсад эрх мэдэл өгч, боломж олгох нь Күтүзэд аюултай байсан биз.

Күтүз Сири дахинд хийсэн амжилттай аянаа өндөрлөөд буцах замдаа ан хийжээ. Туулай /үнэг/ харвасанд Бибарс урьдаас бэлтгэсэн нэгэн хүнийг Күтүз рүү гүйлгэжээ. Тэр хүн өмнө нь алах ялд унасан байсан ч Күтүзийн өршөөлөөр амь хэлтэрсэн нэгэн байж. Тэр этгээд Күтүзийг алсан ангийнхаа дэргэд мориноосоо буух үед гүйн очиж өмнө нь сөхрөн унаад, амь хэлтрүүлсэнд талархаж, үүнээс хойш үүрд өөрт нь үнэнч байхаа тангараглан, баруун гараараа биед нь хүрч адислахыг хүсчээ.

Хар сэр аваагүй Күтүз гараа сунгах агшинд өнөөх этгээд гараас нь зууран барьж, дэргэд нь явсан Бибарс цавчин хороосонд Күтүзийн ойр дотнын бүх хүмүүс гэлмэн цочиж, улмаар Бибарсыг хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү Монголчуудыг ялсан их ялалтын алдрыг Күтүз биш Бибарс хүртэж, Каирын гудамжинд хөөрсөн олноор тосуулжээ.

Өөрийг нь өсгөн Мамлюкийн армийн командлагчийн зэрэг дэвд буюу Мисирийн хоёрдугаар хүний суудалд гаргаж ирсэн Айбег султанаасаа урваж, хүүг нь хороон, хаан суурийг нь булаан авсан Күтүз тийнхүү бас нэгэн урвагчийн гарт нохойн үхлээр үхжээ. Айбег султан ч мөн Мисирийн хууль ёсны эзэн султаныг алж цэргийн эргэлтээр 1250 онд хаан суудалд заларч байсан ажээ.

Хит Буха ноёнтон Күтүз болон түүний эзнийг урвагч хэмээн яллан донгодож байсан нь урвагчдын хувь заяа Тэнгэрийн зургаар болохыг зөгнөсөн хэрэг байлаа.


Хүлэг хаан жанжныхаа өшөөг авч чадаагүйн учир

 

Хит Бухагийн үхлийн талаархи мэдээ Хүлэг хааны сонорт хүрэхэд хаантан ихэд харамсан гуниглажээ. Гэвч баатар дайчныхаа өшийг авч чадсангүй.

Мөнх хааныг нас барсны дараа /1259 онд/ Хүлэгийн төрсөн ах, дүү нь болох Хубилай, Аригбөх нар хаан ширээ булаалдан тэмцэлдэж, Монголын төв нутагт иргэний дайны гал дүрэлзэн асч, ах дүүс биесээ өшлөн, алалдах болоод байв. Энэ иргэний дайн дөрвөн жилийн туршид үргэлжилсэн төдийгүй, Хубилайн хятад төвтэй бодлогыг эсэргүүцсэн Өгэдэйн удмын хаан Хайду, Хубилайн хоёрын дунд өрнөж цааш 40 жил үргэлжилжээ.

Хүлэгийн хүү Жүмхүүр Аригбөхийн талд өөрийн армиа аван тулалдаж байсан бол Хүлэг өөрөө Хубилайг дэмжиж байжээ.

Мөн нэгд, лалын Багдадыг унагаж, лалын шашны дээд эрх баригч халифыг алсан, мөн лалын орнуудыг байлдан дагуулж буйд лалын шашинд гүн сүсэгтэй Бэрх ихэд дургүйцэн занаж байсан, хоёрт Кавказын завсар дахь баялаг газар нутгийг булаацалдсан, гуравт Хүлэгийн армид байсан Алтан ордны хаадын угсааны нэг бус хан хөвүүд учир битүүлэг шалтгаанаар алагдсан зэрэг хэд хэдэн шалтгаанаар Алтан ордны хаан лалын үнэн сүсэгт Бэрхтэй муудалцаад байв. Хоёр талын их цэрэг 1260-аад оны сүүлчээр Дербент хавьд учран, Монгол ах дүүс нэг нэгнийхээ цусыг хайр гамгүй урсгав. Энд хоёр талаас нийтдээ хагас сая гаруй цэргийн хүч тулсан нь чухам Чингис хааны үед ч дараа нь ч 1260 оныг хүртэл болсон бүхий л дайн тулаанд болж байгаагүй том тулгаралт болсон бөгөөд Монголчуудын цус энд хэдхэн хоногт өмнөх бүтэн жаран жилд урссанаасаа хавьгүй их урсжээ. Тэр ч бүү хэл Алтан ордны Бэрх Хүлэгийн Ил хаант улсын эсрэг Мамлюк Бибарстай хэлэлцээ хийж, олонтаа элч солилцож, хамтран нэгдэж Ил хаадыг дайлах тухай ч зөвшилдөж байв.

Мөн Цагаадайн угсааны хаад өөрсдийн эзэмшил газраа бага хэмээн голж, Алтан орд, Ил хаадын газар нутаг руу өнгөлзөх болсноос энэ гурван улсын хил орчим, Дундад Азид гурвалжилж дөрвөлжилсөн иргэний дайн ч гарав. Энэ мэт шалтгаануудаас үүдэн Хүлэг хаан Сири, Мисир тийш цэргийнхээ гол хэсгийг шидэж чадаагүй бөгөөд энэ нь Сирид мамлюкүүд бэхжиж, улмаар 1281 онд Хомст дахин Монголын томоохон хүчийг цохих боломж олгосон байна.

Монголчуудын сэлмийн үзүүр Айн-Жалудад мохсон энэ мөчлөгөөс эхлэн Монголын эзэнт гүрний газар бүрд салан тусгаарлах үзэл санаа хүчтэй өрнөж, төд удалгүй Монголын эзэнт гүрэн Хятадад төвлөсөн Азийн хэт их гүрэн Юань буюу Монголын Хөх гүрэн, Дундад Азид Цагаадайн улс, Иран, Араб, Ойрхи Дорнодод Ил хаант улс, Кипчакийн уудам талын зүүн хязгаараас Денистр хүртэл үргэлжилсэн Алтан ордны улс хэмээн хэдэн хэсэг болон задарсан билээ.

Хэрвээ Монголчууд өөр хоорондоо алалцан, зөрчилдөөгүй бол Хит Бухагийн хэлснээр Хүлэг хааны морьт цэргийн туурай Сири, Мисирийг газрын хөрстэй тэгшлэхэд Бибарсын жанжны чадвар, хичээл чармайлт, мамлюк-түрэг дайчдын баатар зориг нэг их саад болж чадахгүй байсан биз. Үүнийг Арабын түүхчид ч хүртэл хүлээн зөвшөөрдөг.

Тухайн цаг үед Монголчуудын хүчний хэтийдэлт нь зөвхөн Монголчууд өөрсдөө л хорьж дийлэх оргил хэмжээнд нэгэнт хүрээд байсан бөгөөд Хятад, Орос, Европ хийгээд Мисирийн аль ч фронт дээр Монголчуудын түрэлтийг зогсоох боломж өөр бусад ямар ч үндэстэнд байсангүй. Аливаа түүхэн их үйл явдалд эцсийн тулах цэг, оргил цаг гэж буй агаад нэгэнт оргил цагтаа хүрснээс хойш уруудан буух түүхэн эргэлт болдог нь ч ёс аж. Чухам XIII зууны Монголчуудын үйлс нь тийм хэмжээ хязгаарт хүрээд нэгэнт эргэх ёстой болсон тэр мөчид Мамлюкүүдэд боломж тохиосон байна.

Тухайн үед Монголчуудын эзэнт гүрэн нь мэдэгдэж байсан хуурай газар нутгийн аравны есийг буюу 33 сая кв.км газар нутгийг хамарч байжээ. Өөр ямар ч улс үндэстэн ийм хэт их гүрэнг байгуулж чадаагүй бөгөөд өдийг хүртэлх нэн олон түүхчид XIII зуунд Монголчууд яагаад тийм ялагдашгүй мэт хүчирхэг байсан бэ, энэ бүхэн яаж, ямар хүчээр бий болов оо хэмээн гайхан дуу алдсан нь бий. /18-19 дүгээр зуунд Их Британы колончлолын оргил үед тэдний эзэлсэн газар нутаг 33,7 сая кв.км байсан хэдий ч тухайн үед дэлхийн хуурай газар бүхэлдээ нээгдсэн байсан бөгөөд энэ нь нээгдсэн нийт газар нутгийн гуравны нэгд ч хүрэхгүй байв./

Энд нэгэн зүйл ажиглагддаг нь Монголчууд аль Чингис хааны үеэс л ганц үндэстэнд бусдаас илүүгээр нэхэл хатуу байж, бүхий л боломжоороо дарж устгахыг хичээж ирсэн байдаг. Энэ нь Монголчуудтай угсаа гарвал хийгээд дайнч чадвараараа нэн ойрхон байж мэдэх кипчак-түрэгүүд бөгөөд Днеперээс Алтайн нуруу хүртэлх асар уудам зайд нүүдэллэн аж төрж асан энэ үндэстэнтэй чухам яагаад тийм нэхэл хатуу тооцоо хийсний учир чухам тэд л Монголчуудтай эн тэнцүү тэмцэлдэж чадах чадвартайд байсан байж болох юм. Анх Сүбээдэй Мэргидийн үлдэгдлийг дарахаар Чүй мөрөнд ирэхдээ л кипчакуудтай тулгарснаас хойш тэднийг цаг үргэлжид мөшгөсөөр бүр Мажарыг гэтэлгэн хөөж орхисон юм.

Мамлюкүүд бол чухам тэдгээр кипчакуудын үлдэгдлүүд бөгөөд Күтүз нь Хорезмд, Бибарс нь нэг бол Крымд, эсвэл өнөөгийн Казахстаны Караханд төрсөн хүн юм. Казахууд ч Бибарсыг Казахын ард түмний баатар хэмээн нэрлэж, үндэстнийхээ нэгэн бахархал болгодог бөгөөд хөшөө дурсгалыг нь босгож, олон ангит кино ч хүртэл хийжээ. Мөн Кайрт буй Бибарсын мөргөлийн сүм, Сирид буй бунхныг нь Казахууд 3 сая ам.доллараар сэргээн засварласан байна. (Харин Казахстанд буй Зүчи хааны бунхныг бид засах нь бүү хэл, Монголын төрийг төлөөлж хэн ч албан ёсоор нэг ч удаа эргээгүй, ер тэнд тийм бунхан байдгийг ч тэр бүр мэддэггүй нь харамсалтай)

Айн-Жалудад Монголын нэг түмтийг ялсан ялалт нь 1187 онд Хаттинд (Энэ түүхт газар Айн-Жалудаас тун холгүй 60 гаруйхан км зайд бий) аугаа Султан Саладин Загалмайтнуудын нэгдсэн армийг хиар цохисноос огтхон ч дутахааргүй алдрыг Бибарсад авчирчээ. Исламын түүхчид Бибарсыг “Исламын Арслан” гэж бичих дуртай байдаг.

Чингис хааныг Хорезмийг эзлэх үеэр Мерв хотын умардад амьдарч байсан түрэгийн нэг багашиг овог баруун тийш нүүдэллэн, Арменд түр толгой хорогдож байгаад Ойрхи дорнодыг дайлж явсан Монгол жанжин Чормаган, Байчу хоёроос зугтаан Анадолу руу нүүсэн нь хожим Европын хагасыг эрхшээж, Ази, Европ тивийг дамнасан хүчирхэг Оттоманы их гүрнийг үндэслэгчид болон Ертөнцийг эзэлж асан Монголчуудын ул мөр, балгасан дундаас өндийн боссон билээ.

 
Эпилог

 

Нэгэн жарны туршид асар эрчтэй урагшилсан Монголын эрч хүчний оргилолт Синайн цөлийн их элсэнд шингэх үерийн ус мэт саарч, Монгол дайчдын уухайн түрлэг Айн-Жалудын толгодод сарниж, Монголчууд ялагдашгүй, тэд бол бурханы хүсэл зоригийг гүйцэлдүүлэгчид гэсэн өрнө, дорнодод нэгэнт түгэж, хууль болон тогтнож байсан ойлголт замхарч, зөвхөн домог болон үлдэх хувь заяатай болов. Монголчуудыг ялж бас болдог юм байна гэдгийг Араб, Лалын ертөнц даяар мэдэрч, Монголчууд бол бидний л нэгэн адил мах цусанд төрсөн, ялагдал, ялалт хоёрын торгон ирэн дээр бусдын л адил дэнжигнэж байдаг юм байна гэдгийг ертөнц дахин ойлгож эхлэв.

Хэдийгээр Айн-Жалудад тулалдсан Монголчууд нь Монголын Их эзэнт гүрний нэг өчүүхэн хэсэг, дөнгөж ганцхан түмт байсан ч, Айн-Жалудын тулалдаан нь Монголчуудын хийж байсан хэдэн зуун тулалдаануудын нэг бяцхан хэсэг нь төдийхөн ч, Айн-Жалудад Монголчууд ялагдсанаар Ил хаант улсын ул суурь өчүүхэн төдий ганхаагүй ч агуулгаараа Монголын эзэнт гүрний ертөнцийг ноёрхох үзэл санааны ялагдлын эхэн болсон байна.

Чингис хаан хүмүүсийг хоёр ангилж үздэг байсан бөгөөд энэ нь ихэс дээдэс - харц боол хоёр бус, баян - ядуу хоёр ч бус, харин үзэл санаа, үнэнч тууштай чин шударгуу чанараар нь ангилан үздэг байжээ. Зарим хүмүүс эхнэр хүүхэн, элбэг тансаг байдал, нэгэн олдох бие, нэхэн олдохгүй амь насыг эрхэмлэн дээдэлж, өөрөөр хэлбэл alter ago-хэт шүтэж, хувиа бодож, нэр төр, алдар гавьяа, нийтлэг эрх ашгийг ямагт хоёрдугаарт тавьдаг байна. Тийм хүмүүс ямагт нэгэн хүчирхэг эзэн, даргыг дагаж, түүний эрх, сүрэнд захирагдаж, тэднээс айн чичирч байдаг агаад тэд эгзэг таарвал ивээн тэтгэсэн эздээсээ хэзээ ч урван, араас нь адгийн муухайгаар хутга шаахад, хаашаа ч холбироход бэлэн байдаг байна. Тийм хүмүүс ашиг харж, нийгмийн нийтлэг хэв ёсыг уландаа гишгэхдээ ер сэтгэл төвддөггүй төдийгүй зарим тохиолдолд түүнээ бах тав болгон цэнгэх нь ч бий.

Тийм хүмүүс хүн төрөлхтний түүхэнд үеийн үед гай гамшиг, зовлон, ичгүүр сонжуургүй бүхнийг таригчид байсан бөгөөд Чингис хаан тийм хүмүүсийг адгын боол хэмээн үзэж, хаа таарсан газар бүхэндээ өт хорхой мэт няц даран цээрлүүлж байлаа. Жамухыг барьж ирсэн түүний нөхдөд Чингис хаан нохойн үхэл оноосон. Харин Тайчуудын Таргудай эзнээ алалгүй тавьж явуулаад ирж нийлсэн Наяад итгэл үзүүлэн их хэрэг даалгаж байсан бөгөөд тэр хэзээ ч Чингис хааныхаа итгэлийг хөсөрдүүлж яваагүй билээ. Тайчуудын Зургаадай хэдийгээр өштөн дайсан нь ч түүний эрэлхэг эрэмгий, үнэнч шударгыг нь Чингис хаан үнэлж, чухам энэ үнэнч шударга, итгэлтэй, нийтлэг эрх ашгийн төлөө өөрийгөө өчүүхэн ч эргэлзээгүй золиосолж чаддаг чанар л тэдний төдийгүй Чингис хааны бусад олон өрлөгүүд, нөхөд сэлтийн өөр хоорондын нөхөрлөлийг үүрд салшгүйгээр гагнасан байна.

Зэв мэт, Наяа мэт, Мухулай мэт, бас Хит Буха ноён мэт эрхэм нэрээ амь наснаасаа дээгүүрт тавьдаг, сэтгэл зүрхэндээ дээд хөх тэнгэрийн дуудлагыг мэдрэх мэдрэмжтэй, нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, эд хөрөнгө, элдэв цэнгэл, нэгэн биеийн өчүүхэн шуналыг огоорч чаддаг тийм хүмүүсийг Чингис хаан хөх тэнгэрийн харьяат иргэн хэмээн өндрөөр үнэлэн тэтгэж, тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, чухам тийм хүмүүсээр улс гүрнээ бүрдүүлж байлаа.

Чингис хааны аугаа ялалтын, Монголын эзэнт их гүрний ялагдашгүйн нууц нь чухам энд байсан бөгөөд Л.Гумилев тийм хүмүүсийг “урт дурынхан” хэмээн томьёолсон. Тийм хүмүүс бол чин үнэнч сэтгэл, зүтгэл, эрэлхэг бардам, омог төгс чанараараа онцгой содон ялгардаг бөгөөд энэ нь XIII зууны Монголчуудын нийтлэг хэв шинж байв. Айн-Жалудад эрсэдсэн Хит Буха жанжин хийгээд бусад Монгол баатрууд ч тийм л хэв шинжийн сонгодог сүүлчийн төлөөлөл нь байлаа. Учир нь чухам тэр цагаас хойш Монголчуудын тэрхүү гайхамшигтай онцлог шинж бүдэгрэн, аажим аажмаар замхарч, газар сайгүй урвалт, хувиа бодох, явцуу эрх ашгаа дээдлэх үзэл хогийн ургамал мэт үржиж, эзэнт гүрний эрч хүчийг сульдуулан, сүр сүлдийг гутаасан юм. Ялангуяа Монголын бага хаадын үед энэ бүр хэмжээ хязгааргүй болж билээ.

Чингис хааны яруу алдарт Их Монгол гүрэн нь Чингис хааны өөрийнх нь үзэл санааг дагасан “урт дурын” хүмүүсийн гүрэн байсан бол бага хаадын үеийн Монгол нь явцуу эрх ашгийн төлөө үхэлдэн тэмцэлдсэн өчүүхэн урваач шарваачдын орон болсон байв. Тэд Чингис хааны Их засаг хуулийг аль хэдийнэ умартаж, Хөх тэнгэрийн эрх хүчийг мэдрэх мэдрэмжээ аль хэдийнэ гээж, хүний амьдралыг орчлонгийн бүхэл оршихуйн утгаар нь бус энэ нэгэн махан биеийн үхэх төрөхийн хоорондох хязгаараар хардаг болсон үе байлаа.

Өнөө цаг үе ч мөн түүнээс ялгаа алга. Өнөө цагийн Монгол хүмүүнд Чингис хааны Монголчуудын үр хойч гэн нүүр бардам хэлэх ёс суртахууны эрх бий эсэхэд эргэлзэн эмзэглэх мөч мөн ч их болж, Чингис хааны үедсэн бол хэзээ ч өөд нар харахгүй байсан тийм урвагчид, амин хувиа хичээгчид өнөө өт хорхой, жоом бясаа мэт асар их үржсэн төдийгүй, эрх мэдэлтэй болцгоож, улс орны, ард түмний хувь заяаг шийдэцгээж байх юм даа. Чухам тийм дээ л бид өнөө хүчгүй сул дорой байж, хүчтний өмнө бөхөлзөн шарвалзаж, гуйн царайчилж байна. Ард түмэн “Дээрээ суудлаа олохгүй бол доороо хөлөө олохгүй” хэмээн зүгээр нэг цэцлээгүй аж. Чингис хааны үл тэвчдэг байсан тийм хүмүүсээр удирдуулсан улс орон, хулгай, гуйранч, янхны орон болох нь ч аргагүй юм.

“Дайсанд ар нуруугаа харуулан амь зулбан зугтсан юм хэмээн хойч үе минь бүү хэлтүгэй, бүү ичтүгэй” хэмээн хойч үеийнхээ өмнөөс ичиж, тэднийхээ өмнө хэдэн зууны турш, магадгүй өнө мөнхөд нүүр баатар, омог төгөлдөр байсан Хит Буха жанжны тэр сүүлийн эмгэнэлт мөчөөс харин хойч үеийн бид ичиж үхэх мэт болсон байна.

Хит Бухагийн омог төгөлдөр төгсгөл нь XIII зууны Монголын ялагдашгүй яруу алдрын сүүлчийн дуун байж. Тэр дуун өнөө бидний унтарсан урам зориг, замхарсан оюун санаа, алдагдсан итгэл үнэмшил, нойрмоглосон хүч чадлыг сэргээн дуудах дуудлага болон эргэн дуурсах болтугай.*

Б.Номинчимэд

2010 оны 9 сарын 3. Хүн чулууны хонхор

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 1 сар 11. 0:49
Одгийв

Ая аа эмгэнэлт төгсгөл арай эрт ирсэн мэт байх чинь!!! Бат хааны дүү Бэрх хаан, Мөнх хааны дүү Хубилай хаан 2 сөрөг бүхний төлөөлөл байжээ. Та 2ын алдар суу үеийн үед замхран арилаг!!!

2020, 12 сар 30. 13:14
Зочин

Үнэхээр сайхан бичсэн байна.. тиймээ яг үнэндээ бол Монголчууд тухайн үед яагаад тийм агуу байсан яагаад ертөнцөд эхний бөгөөд эцсийн эзэнт гүрнийг бүтээж чадсан бэ гэхээр ийм л ёс хуртахууны өндөр хэм хэмжээтэй, хэзээ я хаана ч хүн төрөлхтөний хамгийн эрхэм чанаруудыг гүн бат цогцлоож чадсан учраас өөрсдийгөө дэлхийд ноёлох хэмжээний шилдэг үндэстэн гэж 1000 хувь мигэлтэй байсан учраас ялсан ноёрхсон юмаа...

2019, 2 сар 16. 6:51
Зочин

Сайтар дэлгэрэнгvй бичлэг бна

2020, 12 сар 6. 10:48
Зочинуншигч

Тийм ээ. Ѳнѳѳ цагийн бялдууч худалч хулгаайч муу угсаатанууд ѳсѳн үржисэн энэ цаг үеийг тэд хүсээгүй. Яагаад 1600 - ад оны үеэс дайсандаа урваж эх орончид оо дайсаныхаа даалгавараар хѳнѳѳн устгах хүсэл эрмэлзэл харгис тачаал монгол хүний генд нѳлѳѳлѳх болсон нь туйлын харамсалтай.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]