Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

С.Дамдин: Бас л мангар байгаа биз, малтай мөргөлдөнө гэдэг чинь...Уншсан13,060

Манайх нэг морь, нохой, 30 орчим бог малтай байлаа. Тэр үед манайд тэрэгний үхэр байдаггүй байлаа. Уулнаас мод буулгахад ээж миний хоёр мөрнөөс тус бүр таван мод бэхэлж зүүгээд явуулна. Харин өөрөө арав арваар нь чирээд буулгадаг байсан.

"Их замын эхэнд" киноны "Хөх чоно"-ын дүрээр төдийгүй олон сайхан тайз, дэлгэцийн дүрээр ард түмний сэтгэлд мөнхөрсөн Монгол Улсын Гавьяат жүжигчин Совдын Дамдин гуайн яриа, дурсамжуудаас толилуулж байна. Тэрбээр 1943 онд Булган аймгийн Бугат сумын Хорхойт гэдэг газар төржээ. 

Улсын драмын эрдмийн театрт 50 шахам жил ажилласан тэрбээр дэлгэцийн урлагийн нэрт мастер билээ. Б.Сумхүүгийн “Их замын эхэнд” киноны Хөх чоно, Г.Жигжидсүрэнгийн “Их хааны удам” киноны Дагвадоной, Р.Доржпаламын “Өндөр ээж” киноны Гомбожав, Х.Дамдины “Улаан дарцаг” киноны Жамхүү, Б.Чимэддоржийн “Хүлээх газар” киноны Цог, Ч.Гомбын “Хэцүү ван Тогтохтөр” киноны То ван, Л.Эрдэнэбулганы “Чин ван Ханддорж” киноны Хайсан гүн зэрэг дүрүүдээрээ үзэгч түмний сэтгэлд хоногшин үлдсэн юм.

“Ядруухан амьдралтай байсан ч ээж минь намайг хайраар дутаалгүй өсгөсөн”

Би ээжтэйгээ хоёулхнаа ууланд өссөн. Би өвөөгөө харж байгаагүй ч ээж маань намайг ааваараа овоглосон. Өвөө маань шонхор цолтой Совд гэдэг хүн байсан гэдэг. Даншгийн наадамд барилддаг байсан шиг байгаа юм. Ядруухан амьдралтай байсан ч ээж минь намайг хайраар дутаалгүй өсгөсөн. Бид хэн хэнийхээ төлөө явсаар байгаад хагацсан. Ээжийг маань С.Баасанжав гэдэг, их эршүүд хүн байсан. Манайх нэг морь, нохой, 30 орчим бог малтай байлаа. Тэр үед манайд тэрэгний үхэр байдаггүй. Уулнаас мод буулгахад ээж миний хоёр мөрнөөс тус бүр таван мод бэхэлж зүүгээд явуулна. Харин өөрөө арав арваар нь чирээд буулгадаг байсан. Том ч биетэй, бяртай хүн байлаа. Тэр л миний санаанаас гардаггүй юм. Ээж минь амьдралдаа аравхан жил хүнтэй ханилсан. Гэхдээ их сайхан сэтгэлтэй хүнтэй таарсан юм.

Намайг дунд сургуульд ордог жил ээж Доржсүрэн гэдэг хүнтэй ханилсан. Тэр хүн их сайн хүн байлаа. Надад ахуй амьдралын бүх ухааныг зааж, сургаж, хөлийг минь дөрөөнд хүргэж өгсөн ачтай ах. Би заримдаа аав гэж хэлдэг. Эвгүй санагдаад агаа л гэж дууддаг байлаа. Үхэр тэргээр модонд явдаг. Мод яаж унагаадаг, хонь хэрхэн гаргадаг, монгол гэр барих ухаан гээд нэг бүрчлэн бүгдийг зааж өгч байсан. Арав гаруйхан настайдаа гэрээ ганцаараа барьчихдаг байж билээ. Ээж агаатай ханилаад нэгдлийн малчин болж, манай амьдрал арай дээрдсэн. Аравдугаар анги төгстөл сургуульд минь сумын төвөөс зөөдөг байсан Доржсүрэн ах маань намайг оюутны цалинтай золгох үед өвчнөөр өөд болсон юм.

 

“Хэн мэдэх вэ золиг гэж, тэр мөлгөр цагаан онгоцны дээр яаж гардаг юм билээ"

Намайг оюутан байхад сумынхаа төв рүү ч ховорхон орж үзсэн ээж минь надтай уулзахаар ганцаараа Улаанбаатарт ирсэн. Нутгаас замын унаанд дайгдаж, тээврийн товчоон дээр буух үед нь морин тэрэгтэй нэг өвгөн таарсан гэсэн. Түүнд “Улсын багшийн дээд сургууль орж хүүтэйгээ уулзах гэсэн юм. Та тэр сургуулийг олоод өг” гээд таван төгрөгөөр хөлсөлж манай сургуулийн өмнө хоёр шуудай мах сугавчилчихсан буусан байгаа юм. Намайг хичээлээ завсарлаад гараад ирэхэд нэг их танил дээл, лоовуузан малгайтай хүн ханын зураг үзээд буруу хараад зогсож байв. Би ч ээжийгээ маш их санаж байсныг хэлэх үү гүйж очоод тэврээд уйлсан.

Дараагийн хичээл орох багшид учраа хэлж, чөлөө авч оюутны байр руугаа явахаар автобусанд суусан чинь ээж шалан дээр нь хөлөө жийгээд суучихсан. Кондуктор “Та энд сууж болохгүй. Сандал байна шүү дээ” гэхэд “Эгчид нь энд суухад амар байна аа” гээд хөдөлдөггүй. Тэгэхээр нь би тэр кондукторын хамт “Хүмүүс орж, гарахад хэцүү байна шүү дээ” гэж байж босгосон. Тэр үед ээж маань автобус, машин, байшин, гэрэл мэтийг их гайхаж байсан.

 Онгоц яг хөөрөх гэж байхад бид хоёр арай гэж амжиж очсон юм. Тэр үед би “Ээж минь та хоцрох нь, түргэхэн яваад онгоцондоо суу” гээд дах, дэгтийг нь бугуйн дээр нь тохоод явуулсан. Гэтэл онгоцныхоо наахан очоод дах, дэгтийгээ өмсөх гээд суучихдаг юм байна. Тэр үед онгоцны үйлчлэгч бүсгүй цонхоороо дуудаад ч нэмэргүй. Арга ядахдаа бууж ирээд сугадаад онгоц руу орж байгаа харагдсан. Тэрийг нь сүүлд асуухад өөдөөс “Хэн мэдэх вэ золиг гэж. Тэр мөлгөр цагаан онгоцны дээр яаж гардаг юм билээ. Ямартай ч дээр нь сууж явах байх гэж бодоод дах, дэгтийгээ өмсөхөөр суусан юм. Гэтэл нэг охин гарч ирээд хөтлөөд оруулчихсан. Тэгсэн тэнд хүн байж суухын аргагүй халуун байсан шүү” гэдэг байгаа.

Халзаадай ухарч цоройсноо магнай дээр тас

Сургуульд ороогvй байсан гэхээр долоо, найман настай л байсан хэрэг. Би нэг хурга эрхлvvлдэг байлаа. Эх нь үхчихсэн өнчин амьтан. Халзаадайг мал болгох гэж их ч зүтгэсэн дээ. Хонь, ямаанд хөхүүлнэ, үхрийн сүүгээр угжина, өвөртөлж унтана. Сүүлдээ өнөөх чинь малаар явахгүй, намайг л хаана байна, тэнд дагаад тууж явдаг боллоо. Хонины бэлчээрт ч, хотон дотор ч бид хоёр үргэлж хамт.

Намаршаад ирэхэд эвэр ургаж, унахад намайг даадаг боллоо. Нэг үдэш хонио хотлуулчихаад түүнтэй мөргөлдмөөр санагдав. Хашааны гадаа хоёул хүч үзэхээр шийдлээ. Халзаадай ухарч байснаа учиргvй цоройсноо магнай дээр тасхийтэл буулгачихав. Би ч арай л ухаан алдаагvй бололтой. Хөмсөг тасарч цус гоожоод. Бас л мангар байсан байгаа биз. Малтай мөргөлдөнө гэдэг чинь юу гэсэн үг вэ.

 

Амьдралын эрхээр 12 насандаа буу барьж, анхны ангаа оночихож билээ

Өвөл нь хэдэн малаасаа идэш болгож идээд, зунд нь цагаан идээгээр амьдарна. Хүүхэд юм болохоор зун мах идмээр санагдаж тарвага агнасан айлд орой нар жаргахын өмнө ороод л баруун хатавчинд нь суучихна. Тэгээд нөгөө айл чинь махаа чанаад л байна. Тэгсэн хэрнээ надад юм өгөхгүй. Хүмүүс ирээд тарваганы мах идчихээд яваад өгнө.

Би суугаад л байна, бүр унтахын хэрд надад хэнхэлдэг, толгой мэтхнийг л өгдөг байсан. Гэр рүүгээ явах замдаа талыг нь идчихээд, талыг нь ээждээ аваачиж өгнө. Ээж “Миний хүү юунд ингэж байдаг юм бэ. Өлсөөд байвал ээж нь нэг хонь гаргаж өгөх үү" гэдэгсэн. Би "Хэрэггүй ээ ээжээ, надад тэр айл зөндөө их мах өгсөн" гэж худлаа хэлдэг байлаа. Гэхдээ миний ходоод хонхолзоод л хоосон гэдэс хүржигнэдэг байж билээ.

Би ээжээсээ гуйж байгаад ганц хоёр хониор буу авахуулж, тарвага, зурам алж сурсан юм. Ээж идэшний ганц шараа зараад надад буу авч өгч байлаа. Ээжийн төрсөн ах надад ан хийхийг зааж өгч буугаар яаж буудахыг сургаж байсан. Анх удаа тарвага буудаад оночихож билээ. Тэгсэн хутга авч явахаа мартчихсан. Хутга авч явсан бол гэдсийг нь гаргаж хаяхгүй юу. Намрын тарвага хөөгөөд л даагдахгүй, хүүхэд шиг тэврээд л гэр рүүгээ гүйлээ. Тэгсэн ээж гэрийн гадаа гараад ирлээ. Бөөн баяр ээжээ гээд л анхны ангаа тэвэрчихээд уйлаад л гүйгээд очлоо. Тэгэхэд ээж минь “Ямар сайн хүү вэ. Ижийгээ ангийн махаар тэжээх нь дээ" гэж хэлээд уйлаад л духыг минь үнсэж билээ.

Ингэж 12 настайгаасаа л буудаж эхэлсэн. Хүмүүс дагаж анд явж сураад тарвага их агнадаг байлаа. Найз маань нэгдлийн адуу малладаг байсан юм. Тэр найзтайгаа хоёулаа уул хадаар адуугаа маллахын зэрэгцээ ан хийж, нэгдлийн адууны хангал догшныг нь сургадаг байв.

 

Айлыг яаж шоглохоо сайн мэднэ

Би багадаа их  дүрсгүй байсан. Айлд ороод ямар нэгэн юм өгөхгүй намайг тоохгүй бол тогоонд загсаасан өрмийг нь хөмөрч хаяад л гараад зугтчихна. Сүүлдээ айлууд “Өө Дамдин ирлээ” гээд хэд гурван боорцог өгнө, эсвэл хусам долоолгоно. Барагтай хусам олдохгүй шүү. Ямар нэгэн юм өгөхгүй л бол айлыг яаж шоглохоо сайн мэднэ. Нөгөө саахалт айлын улс ижийд минь ирээд ховлоно. Тэгэхээр намайг ээж гөвнө дөө. Нэг удаа Харганы голоос загас бариад сумын төв дээр байдаг гаргүй хужаад аваачиж өглөө. Нөгөө луухаан их баярлана. Загас өгсний хариуд өврөөрөө дүүрэн мантуутай буцдаг байлаа. Ээждээ хэлж болохгүй л дээ. Ээж сүүлд мэдээд урт настай лусын амьтны амь тасаллаа гээд сайн гөвүүлсэн дээ.

 

Бүдүүн паржигнасан дуу маань надад зохидог юм

Булганаас Багшийн дээд сургуулийн зургийн ангид орсон юм. Зурдаг байлаа. Зургийн ангидаа шалгуулж явтал олон хүн дугаарлаад зогссон байна. Очоод юунд дугаарласныг нь асуухад кино драмын ангийн элсэлт явж байна гэнэ. Юу шалгах юм гэсэн бүжиглүүлж, дуулуулж, шүлэг уншуулж байна л гэлээ. Дунд сургуульдаа хошин шүлэг уншдаг байсан болохоор шалгуулаад үзэхээр шийдсэн хэрэг. Би чинь залуудаа сайхан дуулдаг байсан. Хэдэн жилийн өмнө даанч цагдаа нартай зодолдож яваад хоолойгоо шахуулаад, дээд өнгө маань тасраад бүдүүн паржигнасан дуутай болчихсон л болохоос биш. Гэхдээ энэ маань надад зохидог юм л даа. Ингээд шалгуулах гээд орлоо. Тэгсэн урдаас буржгар үстэй, том алаг нүдтэй хүн хараад сууж байна. Балетмистер Раднаа байсан юм билээ. Намайг дуу дуул гэлээ. Дуу дууллаа. Шүлэг уншлаа. Би жаахан бөгтгөр байхгүй юу. Одоо ч гэсэн. Тайзан дээр гарахаараа жаахан тэгшилчихдэг л болохоос. Тэгсэн надаас “Чи бүжиг хийдэг үү” л гэж байна. Хийдэг гэсэн чинь “Ямар” гэж байна. Тэгэхээр нь нийтийн бүжиг гээд хэлсэн чинь “За тэгвэл амаараа аялаад бүжиглэ” гэлээ. Урдаас нь хос алга байна гээд хэлчихсэн чинь “Наад сандлаа аваад бүжиглэ” гэдэг юм байна. Нөгөө модон сандлыг нь тэврээд, амаараа вальс аялаад бүжиглэж өглөө шүү.

 

Дарьбазар шиг болох хүсэл хийгээд жүжигчний гараа

Тэгээд зургаа ч зурж хажуугаар нь драмын ангид шалгалт өгөөд хоёуланд нь тэнцсэн. Тэр үед би “Ардын элч" киноны Дарьбазар буюу Занабазарыг их шүтдэг байсан. Хөдөө явж байхдаа манай гадаа мотоциклоо засаж, тэр үеэс л фен нь болсон гэхүү дээ. Тэгээд Дарьбазар шиг болмоор санагдаад жүжигчний ангид орж, дөрвөн жил сураад мэргэжлийн жүжигчнээр төгссөн. Драмын театрт 1967 онд орж байлаа.

 

Жанжин мүглэнд орсон нь

Нэг өдөр жүжгийн сургуулилт хийж байгаад хэсэг завсарлах болов. Тэгсэн тайзны хавьцаа нэг ч хүн алга. Тайзны хажууд мүглэн байна. Жанжин хувцастайгаа мүглэнд орж үзий гэж санаад толгойгоо мөглөнт хийтэл нэг хүн үзэгчдийн суудлаас “Хөөе чи яаж байгаа золиг вэ” гээд л хангинаад явчихлаа. Ардын жүжигчин Д.Ичинхорлоо гуай загнаж гарлаа даа. “Төрийн удирдагч их жанжны дүрд тоглож байж, жанжин хувцастайгаа мүглэнд орж болдог юм уу. Миний өрөөнд ороод ирээрэй" гээд загнав. Би “Ээжтэйгээ өссөн ёс жудаг мэдэхгүй ээ. Мэдэхгүй л толгойгоо хийж л үзэх гэж байсан юм” гэлээ. Тэгтэл “Ээж чинь хаа байдаг юм. Хотод таньдаг хүн байна уу. Ээжийгээ санаж байна уу. Надаас мөнгө төгрөг хэрэг болбол авч байгаарай. Ижийгээсээ хол яваа, миний үрээс ялгаа юу байх вэ” гэж билээ.

Дэлгэцнээ амилуулсан анхны дүр

1967 онд “Өндөр ээж” киноны зураг авалтаар Дундговь аймгийн Дэрэн суманд очиж Гомбожавын дүрд тоглож байв. Гавьяат жүжигчин Сэлэнгэ миний эхнэрийн дүрд тоглосон. 1970 онд “Улаан дарцаг” киноны шархтай цэргийн дүрийг бүтээж байв.

 

Хөх чоноор овоглосон нь

“Их замын эхэнд”кинонд тоглуулах гэж их олон хүн пробод оруулсан гэдэг. Харин намайг пробод оруулалгүй шууд л "за Дамдин, бид чамаас өөр хүн зөндөө хайж байсан ч дотроо чамайг товлочихсон байлаа. Чамаас өөр хэн ч энэ дүрд тохирохгүй юм байна” гээд найруулагч Сумхүү гуай энэ дүрийг надад өгсөн. Энэ кинонд тоглосны дүнд Монголын ард түмэн, үзэгчид намайг нэрээр минь биш Хөх чоно гээд дуудаад сурчихаж. Гудамжинд явж байсан ч "хөөе Хөх чоно" гэж дуудахаас биш Дамдин гэж дуудах хүн цөөхөн. Зарим нь бүр "Хөх чоно гуай Таны нэр чинь хэн билээ" гэж асуудаг. Хөдөөний амьдрал мэддэг, морь унахдаа сайн, ан гөрөө хийж уул хадаар явдаг байсан нь Хөх чонын дүрийг бүтээхэд ойр байсан байх. Сумхүү гуай надад "Чи өөрийнхөөрөө л бай" гэж хэлснээр нь бараг жүжиглэлгүйгээр тэр дүрийг бүтээсэн. Хөдөө явж байгаад айлд хонолоо гэхэд Дамдинд нэг аяга хоол өгөх бол, Хөх чононд цадталаа ид гэж хэлтэл миний нэр хүндийг өсгөж өгсөн дүр бол яах аргагүй энэ дүр. Энэ киноноос гадна нэлээн хэдэн кинонд тоглосон байдаг. “Хүлээх газар" кинонд бүтээсэн дүрийг маань хүмүүс нэг их тоодоггүй. Хөх чоно л сайн дүр болсон гэцгээдэг юм.

 

Цахиур Төмөрийн дүрээс хасагдсан нь

“Тунгалаг тамир” киноны пробод ороод Цахиур төмөрийн дүрд тэнцсэн юм. Тэгсэн казак найруулагч Монголхааны жүжигт тоглоод. Жүжгийн угаалгад ороод архи балгачихсан. Зураач сахал Сүхбаатар, Монголхаан бид гурав зодоон хийгээд. Тэгсэн байхгүй миний уруулыг чулуугаар цоортол цохьчихсон. Тэгээд Соёлын яамны хурлаар ороод дүрээсээ хасагдаж байлаа.

 

Сэтгэлээсээ хайрлаж явсан эмэгтэй минь миний мэргэжлийг хүлээн зөвшөөрөөгүй

Тэрбээр анхны хайрынхаа тухай ийн өгүүлжээ. “Тэднийх үхэр тэрэгтэй нүүж явсан юм. Охиноо дагуулсан хоёр хөгшин явж байлаа. Би арван долоон настай байлаа. Тэгсэн томоо алаг нүдтэй цагаан царайтай хөөрхөн охин манайд ээж аавтайгаа орж ирсэн. Би тэр царайг мартдаггүй юм. Маргааш өглөө нь чөдөртэй мориндоо явахаар бостол нөгөө охин тэрэгний шараа тууж ирэхээр гарсан юм. Тэр үед л анхны хайртайгаа учирч байлаа. Долоон жил захиагаар харилцаад хотод уулзах болов. Хотод уулзахад хачин сайхан хүүхэн болжээ. Би ч гэсэн цэл залуухан явлаа. Тэвхийсэн өндөр залуу байлаа. Тэгээд л намайг жүжигчин болсон гэтэл тун тоогүй хүлээж аваад би ч хүүхэдтэй болчихлоо гэж хэлэхийг нь таагүй хүлээж аваад хоёр тийш болсон доо. Нэг гэрт ч орж амжаагүй шүү дээ. Гэхдээ одоо бидний хайрын баталгаа болсон сайхан хүү бий.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]