Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ОХУ баллистик болон далавчит пуужингийн сургуулилтыг хилийн бүх хязгааруудаар нэгэн зэрэг хийж эхэлжээУншсан7,179

Донецк хотын дарга нийтийн тээврийн үйлчилгээг зогсоож, тээврийн хэрэгслийг иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд ашиглахыг тушаажээ.

Украин, ОХУ-ын нөхцөл байдал улам хурцадмал байдалд цаг тутмаар орсоор байна. Хэдийгээр ОХУ-ын зүгээс цэргийн сургуулилт дуусаж, цэргийн анги нэгтгэлүүдээ байрлалд нь буцаан татаж байгааг зарласан ч АНУ-ын талаас энэ мэдээллийг бодит үнэн хэмээн тооцохгүй, Оросын цэрэг зэвсгийн аюул заналхийлэл улам нэмэгдсээр байна хэмээж буй. 

Итар Тасс агентлагийн мэдээлснээр ОХУ-ын Ростов мужид Украины хилээс нэг километрийн зайд сум дэлбэрсэн тухай хууль сахиулах байгууллагын эх сурвалж ТАСС агентлагт уламжилсан гэжээ. Тодруулбал Ростов мужийн Тарасовский дүүргийн нутаг дэвсгэрт миномётын сум дэлбэрсэн ба энэ нь өнөөдөр Москвагийн цагаар 4:00 цагт болжээ. Нутгийн иргэд энэ талаар хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн гэж эх сурвалж мэдээлжээ.

Өнгөрөгч дүрвээс баасанд шилжих шөнө нөхцөл байдал хурцдаж Украины зэвсэгт хүчин болон Донецк, Луганскийн салан тусгаарлагчдын цэргүүд харилцан хэд хэдэн удаа буудалцсан байна. Украины анги нэгтгэлүүд нэг шөнийн дотор Донбассын 10 гаруй суурин газрын обьектуудыг их буугаар буудсан гэнэ.

Түүнчлэн Донецк хотын төвд автомашин дэлбэрсэн бөгөөд энэ машин нь Донецкийн салан тусгаарлагчдын цэргийн албан тушаалтных байсан аж. Хэрэг явдал баасан гарагийн үүрээр гарчээ. 

Ийнхүү цагийн байдал эрс дордож, Донбасс дахь нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Донецк, Луганскийн Бүгд найрамдах улсууд хүн амаа Орос руу нүүлгэн шилжүүлэхээ мэдэгдлээ. Ингэснээр Донецк, Луганскаас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Одоогоор 100 мянга орчим иргэд энэ нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдаж байна. 

Мөн Донецкийн сургуулиудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. “Бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт нөхцөл байдал эрс муудаж, оюутнууд, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагын ажилчдын амь нас, эрүүл мэндэд заналхийлж байгаатай холбогдуулан бүх боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагуудын сургалтын үйл ажиллагааг 2022 оны хоёрдугаар сарын 19-ний өдрөөс түр зогсоолоо" хэмээн Донецкийн Боловсролын яамны цахим хуудаст нийтэлжээ.

Донецк хотын дарга нийтийн тээврийн үйлчилгээг зогсоож, тээврийн хэрэгслийг иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд ашиглахыг тушаажээ. Ингэснээр Украины зүүн хэсэг буюу Донецк, Луганск, Донбассаас ОХУ-ын Ростов мужийг зорьсон иргэд, автомашины урт цуваа үүссэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дүрвэгчдийг Ростов мужид саадгүй нэвтрүүлэх, түр хугацаагаар иргэдийг хоргодох байр байгуулахыг тушаасан байна. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус бүс нутагт ирж буй дүрвэгсдэд 10,000 рублийн нэг удаагийн тэтгэмж олгохыг тушаасан бөгөөд Оросын онцгой байдлын байгууллагын албан тушаалтнууд Ростов мужид ажиллаж эхэлжээ.

Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин цахим хуудастаа мэдэгдэл хийсэн байна. Тэрээр "Орос орон дайн хүсэхгүй байна. Ерөнхийлөгч Владимир Путин олон удаа үүнийг хэлсэн, одоо ч хэлсээр байна. Гэхдээ ямар ч байдалд Донецк, Луганскийн орос гаралтай иргэд эх орон нэгтнүүдийн маань амь насанд аюул заналхийлвэл манай улс тэднийг хамгаалах болно" хэмээжээ.

Украинаас салан тусгаарласан Донецк, Луганскийн БНУ-уудын дарга нар болох Леонид Пасечник, Денис Пушилин нар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский удахгүй цэргийн ангиудаа довтолгоонд оруулах тушаал өгнө гэсэн мэдээлэл ирсэн хэмээжээ. Түүнтэй холбоотойгоор тус Бүгд найрамдах улсууд хүн амынхаа дунд бүх нийтийн дайчилгааны тушаал гаргаж, түрэмгийллийг няцаах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 18-55 насны эрэгтэйчүүдийг бүс нутгаас гарахыг хориглосон байна.

 

Ростов мужийн захирагч Василий Голубев Донбассаас ирж байгаа дүрвэгсдийн тоо өсөх хандлагатай байгаа тул хоёрдугаар сарын 19-ний 10:00 цагаас онцгой байдлын дэглэм тогтоосон байна.

Өнөөдөр ОХУ болон Беларуссийн зэвсэгт хүчний баллистик болон далавчит пуужингийн сургуулилтыг эхлүүлж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Беларуссийн Ерөнхийлөгч А.Лукашенко Кремлээс сургуулилтыг ажиглажээ. Кремлийн хэвлэлийн албанаас баллистик болон далавчит пуужингийн сургуулилтыг Оросын өмнөд, хойд, баруун, зүүн бүс нутгууд дахь хилийн хязгаар нутгуудад нэгэн зэрэг явуулсан бөгөөд ямар ямар пуужингийн дайралтыг хаанаас хэрхэн хийсэн болох талаар дараах байдлаар мэдэгдэл хийсэн байна. 

  • ОХУ-ын Агаарын сансрын хүчин “Кинжал” хэт авианы пуужинг хөөргөсөн.
  • Хойд болон Хар тэнгисийн флотын хөлөг онгоцууд болон шумбагч онгоцуудаас Калибр далавчит пуужин, Циркон хэт авианы пуужингуудыг далай болон газрын бай руу харвав.
  • Оросын өмнөд хэсгийн Астрахань муж дахь Капустин Яр туршилтын талбайгаас “Искандер” далавчит пуужинг хөөргөв.
  • ОХУ-ын хойд бүс нутагт орших Плесецкийн сансрын буудлаас Алс Дорнодын Камчаткийн хойг дахь Кура туршилтын талбай руу чиглүүлэн Ярс тив алгасах баллистик пуужинг хөөргөв.
  • ТУ-95М стратегийн бөмбөгдөгч онгоцууд Пембой, Кура нурууны орчмын бай руу агаараас далавчит пуужин харвасан.
  • Оросын Умард флотын стратегийн цөмийн шумбагч “Карелия” баллистик пуужинг Баренцын тэнгисийн хойд хэсгээс Кура нуруунд хөөргөсөн байна.

Беларуссийн Ерөнхийлөгч А.Лукашенко өчигдөр Москвад ирсэн юм. Хоёр Ерөнхийлөгч уулзалтын дараа хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр В.Путин "АНУ тэргүүтэй барууны орнууд ямар ч тохиолдолд бидний эсрэг хориг арга хэмжээ авах болно. Москва, Минск хоёр олон жилийн турш ийм парадигмаар амьдарч байгаад харамсаж байна. Барууны эрх баригчид өөрсдийгөө энэ цаг үеийн эзэд гэж үзэж бүх зүйлийг зөвхөн өөрсдийнхөө талд тайлбарлаж, бусад улс орнуудын ашиг сонирхлыг үл тоомсорлодог. Ийм байдлыг даван туулах ганц л арга зам бий. Тэр бол мэдээж эдийн засгаа хүчирхэгжүүлэх. Сүүлийн найман жилийн хугацаанд Орос улс импортыг орлох чиглэлээр их зүйл хийсэн. Бид төлөвлөсөн бүх зүйлээ хийж чадаагүй ч ерөнхийдөө бидний өмнөө тавьсан зорилтуудын 90 гаруй хувь нь шийдэгдсэн гэж хэлж болно. Гэсэн хэдий ч эдийн засгийн бүрэн эрхт байдлын түвшинг нэмэгдүүлэхийн тулд энэ чиглэлээр маш их зүйл хийх шаардлагатай байна." хэмээн Путин ярьсан байна.

Путин ОХУ, Беларусс улсууд барууны хориг арга хэмжээг хэрхэн сөрөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч "Шийдлийн гарц үргэлж байдаг" гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]