Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чимэд-Очир аваргатай зургаан цаг барилдсан "Дэрэн Бор"Уншсан24,681

Багшийнхаа заасан олон мэхнээс барьцгүй гүйх, сугадаж тонгорох, мурьж зайлах, дэгээдүүлсэн хөлөөрөө цаад хөлийг нь чагтлах мэхийг өөрийнхөө дархан мэх болгож авсандаа олзуурхаж баярладаг юм.

Бөхчүүдийн намтар түүх, барилдааны арга барилыг сонирхож судлах хообийтой би бээр 30 гаруй жилийн өмнө “Оргил” рашаан сувилалд сувилуулж байхдаа намхан нуруутай, лагс зузаан биетэй, сайхан яриа хөөрөөтэй бор өвгөнтэй санамсаргүй танилцсан маань “Дэрэн бор” хэмээн орон даяар алдаршсан улсын арслан С.Самданжигмэд гуай байлаа. Эцэг нь түүнийг номтой сайн лам болгох гэж Үйзэн гүнгийн хүрээнд суулгаж, ой сайтай сэргэлэн хөвгүүн хэдэн жил бурхны ном үзсэн юмсанж. Үйзэн гүнгийн хүрээний барилдах дуртай банди нар болон идэрхэн лам нар хурал номынхоо зав чөлөөнд хоорондоо ноцолдож, бие биенээсээ шинэ мэх сурч, барилдах хорхойтой болдог байжээ.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэн улсын арслан Банди гуай Үйзэн гүнгийн хүрээний барилдах дуртай банди нарыг цуглуулж барилдуулан эрт эдүгээгийн алдарт бөхчүүдийн тухай ярьж, барилдах арга барил, олон янзын угсраа мэх хэрхэн яаж хийхийг уйгагүй зааж сургадаг багш нь байсан ажээ. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотын хойт талд байдаг ардаа уужим жалгатай тугийн овоо гэдэг газар жил бүрийн цагаан сарын шинийн 1-нд барилдах дуртай залуу лам нар цугларч, тугийн овоонд залбирч мөргөөд зодог шуудгаа өмсөцгөөж Банди арслан дохио өгмөгц цасан дээр барилддаг байсан ажээ.

Цагаан сарын шинийн 1-нд сайхан дэлж дэвж, биеэ халтал сүр жавхлантай сайхан барилдвал хийморь сэргэж, тэр жилийн наадамд сайн барилддаг юм хэмээн Банди арслан зөвлөөд шавь нарынхаа биеийг халтал ахин дахин барилдуулж, биеийг нь чийрэгжүүлж, бөхийн гараа, дэвээ, шаваа ямар байх ёстойг биеэрээ үзүүлэхийн сацуу шавь нартайгаа барилдаж, шинэ мэх зааж өгнө.

С.Самданжигмэд тэр барилдааныг сонирхож хардаг байснаа аав, ээждээ хэлж зодог шуудаг хийлгэж аваад 1930-аад оны эхээр хоёр жил тэр барилдаанд оролцож барилддаг болж, Банди арслангийн заасан олон сайхан мэхийг гарамгай сурч, хурдан шаламгай, уран барилдаантай болж, 1932 онд 17 настайдаа Онгийн овооны наадамд барилдан түрүүлсэндээ урамшин баярлаж, барилдах дон тусаж билээ хэмээн С.Самданжигмэд арслан хуучилж суусан нь санаанд тодхон байна. Алдарт арслантай хөөрөлдөж байснаа сийрүүлж уншигч абугай нартаа толилуулсу.

-Танайх мал малын захтай, олон адуутай айл байж. Та эмнэг хангал адуутай их ноцолдож байв уу?

-Хэдэн жил эмнэг догшин адуутай ноцолдож, олон хангал морь сургасан минь шандас шөрмөс чангарч, бие няцарч, бяр суухад юутай ч зүйрлэшгүй тус болсон юм. Сайн бөх болъё гэвэл эмнэг хангал адуутай ноцолдож байх хэрэгтэй гэж залууст зөвлөе. Зуны цагт Үйзэн гүнгийн хүрээнд хамт шавилан сууж байсан багын найз хожим улсын арслан болсон Гялдангийн Цоодол бид хоёр шавиагаа ханатал барилддагсан. Энэ нь нэг ёсондоо бөхийн дасгал сургууль байлаа. Би Г.Цоодолыг бөх болгосон юм. Цоодол ч намайг бөх болгосон ачтан. Банди багшийнх манайхтай ойрхон зусдаг, бид хоёрт “Сайн барилдаад бай. Хэчнээн олон барилдана төдий чинээ бяр сууж, уран гоё мэх сурч дархан мэхтэй болдог юм” гэж зөвлөөд аанай л барилдах эв дүй, арга барил, сонин содон мэх зааж, бид хоёртой ээлжлэн барилддагсан.

-Та Банди арслангийн заасан мэхүүдийг сайн сурсан биз дээ?

-Багшийнхаа заасан олон мэхнээс барьцгүй гүйх, сугадаж тонгорох, мурьж зайлах, дэгээдүүлсэн хөлөөрөө цаад хөлийг нь чагтлах мэхийг өөрийнхөө дархан мэх болгож авсандаа олзуурхаж баярладаг юм. Улсын арслан цолтой гайгүй бөх болсон маань Банди багшийн ач буян. Ах нь олон жил барилдахдаа баруун, солгойгүй тонгордог, сугадаж тонгордог, дагаж ордог, суйлдаг, ачдаг, хавирдаг, өхийлдөж татдаг, халз дайрдаг, дагуулж мэх хийдэг, дэгээдүүлсэн хөлөөрөө цаад хөлийг нь цохидог, тонгороход нь гараа давуулдаг мэхтэй бөх явлаа. Барилдах тусам нэмэгддэг бяр, дархан мэх, бөхийн ухаан гурав нийлж байж бөх болдог юм. Олон хувилбар дархан мэхгүй, бяр муутай бөх яаж сайн барилдах вэ.

-Та улсын наадамд хэдэн настайдаа эхэлж барилдсан бэ?

-Ардын хувьсгалын 15 жилийн ойн баяр наадам дөхөж байлаа. Нэг өдөр миний авга ах овооны наадамд дээгүүр барилддаг Тулгат цолтой Шадавтүндэв “Хоёулаа маргааш Хүрэмтийн халуун рашаан луу явна шүү. Дараа нь Борхообүргэдийн цохионд очно. Зодог шуудгаа аваарай” гэдэг юм байна. Маргааш өглөө нь явах болоход “Хүү минь шинэ дээлээ өмсөөд наадамд унадаг нарийн шар хээрээ унаад яваарай” гэж аав хэлэв ээ. Би наадамд явах гэж байгаа юм шиг баярлаж, шинэ дээл, гоё морио унаад гарч өглөө. Авга ах ч зодог, шуудгаа авсан харагдана. Бид хоёр дөрөө харшуулан ергүүлсээр Хүрэмтийн халуун рашаанд хүрч, биеэ мөлчийтэл угааж цэвэр цэмцгэр болоод хол явалгүй уулын бэлд байгаа хүрэн цохионд хүрлээ. Хүн даах аргагүй том цохио байлаа. Авга ахын хэлснээр морио чөдөрлөж уяад зодог шуудгаа өмслөө. Авга ч зодог шуудгаа өмсөөд “Чи намайг дагаж дуурайгаад байгаарай” гэснээ нөгөөг цохиог тойрч дэвж дэлж, шавсанаа өнөө цохиог тэвэрч мөргөлөө. Би ч авга ахын хийсэн бүхнийг дуурайж хийлээ.

-Энэ цохионд мөргөдөг нь ямар учиртай юм бол?

-Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг Шандат хайрханы бэлд Борхообүргэд гэдэг асар их бяртай бөх өнхрүүлж ирж тавьсан юм гэх домогт нэг том цохио байдаг юм. Борхообүргэд тэр цохиог булга татаy түлхэж унаган өнхрүүлэхэд дороос их ус бургилан гарч гантай жил ангаж цангасан хүн амьтан, мал сүрэг ханатлаа ууж, цангаагаа тайлж байсан юм гэнэ билээ. Манай нутгийн бөхчүүд наадамд явахаас өмнө тэр цохионд очиж мөргөдөг, түүнийг тэврэхээр тэнхээ нэмэгдэж, бяр суудаг гэж шүтэж биширч байсан юм. Би 1936 онд анх Борхообүргэдийн цохионд авга ахыгаа дагаж очиж мөргөсөн минь энэ. Хүний санаанд багтамгүй асар их бяртай Борхообүргэдийн цохионд миний удмын бөхчүүд цөм мөргөж байсан юм. Би 1991 оны зун Өвөрхангай аймгийн музейд зодог шуудгаа өгөнгөө тэр цохионд очиж сүүлчийн удаа мөргөсөн юм даг.

-Анх зодоглосон улсын баяр наадамдаа хэд давж байв даа?

-1936 онд болсон энэ наадамд машинаар гурав хоног явж ирж билээ. Холын замд Банди арслан гуай “Хүй мандал”-д болдог Долоон хошуу даншиг наадамд аав, ээждээ хэлэлгүй очиж барилдаж түрүүлэхдээ ч, Их хүрээнд болсон уул тайх наадамд түрүү авахдаа ч мориор л явдаг байлаа. Одоо цаг сайхан болжээ. Машинаар хэдхэн хоног давхиад бие амар ирлээ гэж ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Гэтэл одоо алс холын аймгийн бөхчүүд онгоцоор нисээд ирдэг боллоо. Цаг өөр болох сайхан юм аа. Тэр үед улсын наадам Яармагийн дэнжид болдог байлаа. Анх улсын наадамд барилдах гэж хот орж ирж байгааг хэлэх үү Яармагийн дэнж гоё хийцтэй эрээн майхнаар дүүрч түм түжигнэж, бум бужигнаад харж ханамгүй сайхан байлаа. Нэрийг нь дуулах төдий байсан нам, засгийн удирдагч Амар, Лосол, Гэндэн, Догсом, Чойбалсан нарыг ойртоод ирэхэд хүнээр заалгаж, сайн харж авч билээ. Тэд цөм монгол дээлтэй, сайхан инээмсэглэж, наадамчидтай гар барин мэндэлж байсан нь сайхан санагдаж билээ.

Наадам эхэлж нэгийн даваанд говь нутгийн Гэндэнпил гэдэг лам бөхтэй оноолт таарлаа. Гарахаар майхныхаа үүдэнд зогсож байтал нэг хүн хүрч ирээд “Самданжигмэд гэж чи юу? Чамайг Гомбо заан засна. Таних уу” гэж байна. Танихгүй гэтэл наадмын талбайд зогсож байгаа том хүнийг дээлийнх нь өнгөөр зааж өглөө. Банди багшийнхаа заасны дагуу намбатайхан дэвсээр Гомбо засуул дээрээ очтол “Цаад бөх чинь их л бараа сүртэй хүн юм. Чи ямар мэхтэй вэ” гэж асуулаа. “Аль нэг хөлд нь гүйнэ дээ” гэлээ. “За тэгвэл ханцуйгаа шамлаж байгаа юм шиг хоёр гарынхаа арыг үе үе илж сөргөөд тойроод бай. Бариулж тун болохгүй шүү. Ая таараад ирмэгц би чамд барилд гэж хэлнэ “ гээд малгай аваад гаргалаа. Засуулчийнхаа зөвлөснөөр баахан тойрч гүйлээ. Гэндэнпил гуай тун ширүүн, ширүүн эргээд байна. Хоёр ч удаа гүйчихмээр санагдсан боловч засуул дохио өгдөггүй ээ. Арай мартчихсан юм биш байгаа гэж бодохоос бачимдаж эхэллээ. Нар зөв тойрлоо. Буруу ч тойрлоо. Учраа бөхийн эргээ удаашраад ирмэгц засуулч маань явж барилдана хө гээд хонго хорстол алгадаад авлаа. Би ч ухасхийн барьцгүй гүйж давлаа. Барьцгүй гүйхэд ямар ч бөх хариу хийж чаддаггүй сайхан мэх. Ямар ч бөх барьцгүй гүйдэг бөхөөс айдаг юм. Бөх шинжиж мэддэг, сайн засуулын ачийг би ингэж анх үзэж мэдсэн юм даг.

Хоёр, гурвын даваанд намайг өөр хүн заслаа. Би ёстой гал цогтой барилдаж хоёр, гурав даваад иртэл дөрвийн даваанд Архангайн Лувсандорж гэдэг өндөр, том биетэй мундаг бөх намайг амлав аа. Банди багш дээрээ гүйж очоод “би тэр бөхөөс жаахан бэргээд байна. Яаж барилдах вэ” гэж асуух сацуу “Чи халхын сайн бөхтэй гар зөрүүлэхгүй юм бол яаж бөх болох юм бэ. Сайн бөхийн аманд очсондоо баярлаж, яаж барилдахаа дотроо товлох ёстой атал ингэж хулчиганаж явна гэнэ ээ. Айгаад байгаа юм бол нутаг буц,буц! Би чамд хөл дүүжлээх унаа олоод өгье” гэж загналаа. Миний ичсэн гэдэг жигтэйхэн. Дэвэн дэвсээр гарч засуул дээрээ очиход “Чи сүрхий гүйгээд байх шиг харагдсан. Ийм том бөхтэй барилдахад тэр чинь л хэрэг болно доо. Холоос өрөхөө мэднэ биз дээ” гэж зөвлөлөө. Сэтгэл уужраад явчихлаа. Өнөө бөхтэй өрснөө ширүүхэн тойрлоо. Сиймхийг нь харж байгаад барьцгүй гүйлээ. Лут бөхийг аваад явчихлаа. Туг тойроод идээгээ авч цацсаар майхандаа ирэхэд Банди багш баяртай мишээж, ингэж барилдаж байж л бөх болдог юм гэж урам хайрлаж билээ. Тэгээд тавын даваанд “Нэвсгэр” Сүрэнжав гэдэт лут бөхөд өвдөг шороодож хойтон жилийн наадам хүлээх боллоо. Би ингэж анх улсын наадамд ирээд дөрөв давж, халхын сайчуудтай барилдаж эхэлсэн юм даа.

-Та улсын наадамд хэдэн удаа барилдаж, хэчнээн шөвгөрсөн бэ?

-Ах нь 30 гаруй наадамд барилдаж, нэг удаа үзүүрлэж, гурван удаа дөрөвт, нэг удаа наймд, долоон удаа 16-д үлдэж, 12 удаа шөвгөрсөн юм. Халхын нэр зартай том бөхчүүдийг хаяж бас унаж явлаа даа. Нас дээр гарлаа. Бөх болмоор хэдэн хүүхдэд дархан мэхнүүдээ зааж сайн барилддаг болгочих санаатай мэрийж явна даа.

-Таны шавь нараас ямар шилдэг бөхчүүд төрсөн бэ?

-Манайх тавиад оны дунд үеэс Туулын хөндийд зусаж хэдэн гүү уяж, часхийсэн айраг хийж уудаг болсон юм. Наадам дөхөөд ирэхэд манайд бөхчүүд цугларч гадаа барилдацгаан амьсгаагаа задалж, манайх бөхчүүдийн хөлд дарагддаг байлаа. Халхын хүчтэнүүдийг сэнгэнэсэн сайхан айраг, хоол ундаараа харамгүй дайлж, цадтал нь хоол унд өгч, тэдэнтэйгээ ээлжлэн барилдаж наадмын бэлтгэл хийдэгсэн. Өлзийсайхан арслан бид хоёр сайн танил, дотно үерхдэг байлаа. Наадам дөхөж байтал арал сайтай булчин шөрмөс нь товойж зангирсан ханхар залуу дагуулж ирээд “Энэ миний хүү байгаа юм. Дэрэнбор оо чи энүүнд бөхийн эрдмээ заагаач. Овоо бяртай шүү. Энэ наадмаар начин цолонд хүргэхийг бодоорой. Наадам болтол нилээд зай байна. Чамайг зөвшөөрвөл танайд орхиод явъя” гээд Эрдэнэ-Очироо үлдээгээд явлаа. Би Ө.Эрдэнэ-Очирт бөх болсон түүх намтраа баахан ярьж, олон сайн бөхтэй уйгагүй барилдаж байхыг зөвлөлөө. За тэгээд бөхийн гараа, дэвээ, шаваа ямар байх ёстойг ахин дахин хийж үзүүлээд өдөр бүр олонтаа барилдаж хэд хонолоо. Ө.Эрдэнэочир ганцаардаад байх шиг болохоор нь “хүүхээ чиний найз энэ жилийн наадамд барилдах бэлтгэл хийж байгаа бөх залуус бий юу” гэж асуутал Эрдэнэ-Очир бий, бий гэснээ хот руу явж Бээжин, Адъяа гэдэг хоёр залуу дагуулаад ирлээ. Би тэдэнд майхнаа шааж өглөө. Тэд хөнжил дэвсгэрээ авчирцгаалаа. Цээж, өвдөг мөвдгий нь харахад цөм л сайхан бие хаатай барилдмаар залуус байна. Өглөө эрт босгоод барилдуулна. Мэх, бөхийн гараа, дэвээ, шаваа зааж дархан мэхнүүдээ хийж үзүүлнэ. Тэр бөхийн тийм мэхийг сурцгаа. Ямар бөхийн дархан мэхийг яаж хариулахыг тэдэнтэй барилдангаа зааж өгнө. Хааяа Ш.Батсуурь аварга манайхаар ирнэ. Г.Цоодол арслан ч шогшоод ирнэ. Энэ хоёрыг нөгөө хэдтэйгээ барилдуулж, өөрөө ч бүгдтэй нь барилдана. Бэлтгэлээ базааж дуусаад ардын хувьсгалын 36 жилийн ойн наадамд очиж барилдацгаалаа. Тэр баяраар Ч.Бээжин, Ө.Эрдэнэ-Очир хоёр начин болж, Адъяа дөрөв давж цөм л баярлаж билээ. Хожим Ч. Бээжмн аварга, Ө. Эрдэнэ-Очир арслан, Адъяа заан болж, намайг их баярлуулсан даа. Миний шавь нараас улсын цолтой бөх олон бий дээ.

-Та “Дэрэн бор” нэрээрээ алдаршсан алдартай бөх. Энэ нэрнийхээ түүхийг ярьж өгөхгүй юу?

-Ах маань Үйзэн гүнгийн хүрээний мяндагтай том лам, би ч тэнд шавилж сууж байсан болохоор намайг цэрэгт татдаггүй байсан юм. 25 хүрч байж 1940 онд цэрэгт татагдлаа. Хотод ирсэн шинэ цэргүүдийг улаан хуаранд түр байрлууллаа. Хэд хоногийн дараа Байшинтад алба хаах хуваарь гарав аа. Хоёр гурав хоногоос явна гэж байтал нэг өдөр аймаг аймгаас ирсэн шинэ цэргүүдийг барилдуулах юм болж, сайн барилдсан цэргүүдийг хотод алба хаалгана гэж зарлалаа. Хүчээ үздэг хэрэг гэж бодлоо. Надтай адилхан зодог шуудгаа аваад ирсэн цэргүүд цөөнгүй байна. Бага цэнгэлдэхэд биднийг аваачиж барилдуулахад би түрүүлчихлээ. Сайн барилдсан дөрвөн цэргийг хотод үлдээж би автын салаанд хуваарилагдаж, жолооны курсэд сууж жолооч боллоо. Цэргээс халагдсан хойноо ч тэтгэвэрт гартлаа жолоочоор ажилласан даа. Голын цэнгэлдэхэд сайн өдөр бүр бөх барилдуулдаг байлаа. Би хэдэн удаа гайгүй барилдаж, амьсгаагаа задаллаа. Улсын наадам хаяанд ирлээ. Нэг өдөр барилдахаар сайн барилддаг хэдэн цэрэгтэйгээ хамт явж байтал Дэрэн бор гэж сүрхий бяртай цэрэг хөдөөнөөс иржээ. Тэр хүү хол явна даа гэж бөх сонирхогчид хоорондоо ярилцаж байгаа нь чих дэлслээ. Аль ангийн цэрэг юм бол? Лав л манай автын ангид байхгүй. Тэр цэрэгтэй барилдаж үзэх юмсан гэж бодлоо. Тэр өдрийн барилдаанд одтой барилдаад түрүүлчихлээ. Хамт ирсэн цэргүүдтэйгээ голын цэнгэлдэхийн хашаанаас гарч явтал бидний өөдөөс ирж явсан хэдэн хүн хэн түрүүлэв хэмээн ам амандаа асуух сацуу бидний өмнө явсан хүмүүсийн нэг нь Дэрэн бор түрүүллээ. Тэр цэрэг бидний ард явж байна гээд над руу зааж харагдахад үзэгчид намайг Дэрэн бор гээд байгаа юм байна шүү дээ. Надад Дэрэн бор нэр хайрлаж байдаг сонин юм аа гэж бодоод ийм нэртэй болсноо анх мэдсэн юм. Энэ нэр одоо болтол намайг дагаж, аав, ээжийн хайрласан Самданжигмэд нэр маань мартагдах шахлаа. Энэ нэр маань бөх будлиулж байсан удаатай. 1940 онд ардын хувьсгалын 19 жилийн ойгоор дөрөв давчихаад байтал хожим арслан болсон Ванчинхүү заан бөхийн комисс дээр очиж нэр харж байгаад жолоочийн сургуулийн Самданжигмэд гэсэн нэр байхаар нь амлаж авч л дээ. Мань хүн гарчихаад өрөхгүй зогсоод л байх юм. Яагаад барилдахгүй байгаа юм бол доо гэж гайхасхийн хажууд нь зогсож байтал Дэрэн бор оо чи хэнтэй барилдах юм бэ гэж Ванчинхүү заан асуулаа. Та намайг амлаж авсан шүү дээ гэхэд үгүй ээ. Би чамайг амлаагүй. Самданжигмэдтэй барилдана гэж байна. Тэр Самданжигмэд гэдэг чинь би шүү дээ. Бөхчүүд, бөхийн хорхойтнууд надад тийм нэр хайрлачихаад байгаа юм гэж хэлэхэд хашир заан сая учрыг нь олж байлаа шүү дээ. Тэр барилдаанд миний эн хүрэлгүй Ванчинхүү гуайд унасан юм. Энэ нэр маань бас нэг наадамд Булганы Нямжавыг будлиулсан шүү. Нямжав заан талбайд гарч ирчихээд Дэрэн бор оо Самданжигмэд гэж ямар бөх байна аа. Гарч ирдэггүй шүү гээд намайг хайгаад явж байж билээ.

Ванчинхүүтэй тавын даваанд барилдаж унадаг тэр жил Банди арслан хүрч ирээд энэ жил түрүүлэх бөх чамайг амлаж дээ. Түрүүлэх бөхтэй барилдана гэдэг ховорхон аз. Ярьж явахад ч сайхан байдаг юм. Чи Ванчинхүүгийн өнгийг хараач гэж байсансан. Багш маань түрүүлэх бөхийг анддаггүй лут бөх шинжээч байж дээ. Цэрэгт ирдэг жилээ улсын наадмын шигшээд түрүүллээ. Тэр шигшээ барилдаанд даян аварга буур Жамъян гуайг би давхар хамаад хаяж билээ. Надад уначихаад Банди багштай уулзаж Дэрэн бор ч гэв үү хэн ч гэв дээ нэг банди золтой л хүзүүг минь булгалчихсангүй гэж ярьсан байдаг. Тэр их аварга ингэж ярьсныг бодоход би сүрхий бяртай байсан хэрэг л дээ. Би барагтай бол хүнд бярдуулдаггүй, бярдаж хаях гэж аархдаггүй, аль болохоор хурдан барилдаж, уран гоё мэхээр учраа бөхөө хаяхыг хичээдэг байлаа. Бөхчүүд, үзэгчид ч тэгж ярьдаг байсан. Би улсын 30 гаруй наадамд барилдахдаа нэг л бөхтэй их удаан барилдсан юм даг. 1950 онд ардын хувьсгалын 29 жилийн ойн наадмаар юмсан. Наймын даваанд Чимэд-Очир аварга намайг амлаж бид хоёр дээр нартай барилдаж эхлэв ээ. Хэн хэнийгээ хаяж чадалгүй ач тач барилдсаар харанхуй болгоод прожекторын гэрэлд барилдаж байтал бөхийн комиссын дарга ирж барьц тавиулаад “Чойбалсан та хоёрыг таван минут л барилдуул гэж байна. Самданжигмэд чи олигтой хөдөлж барилдахгүй байна шүү” гэж зэмлэв ээ. Харин хамаг мэхээ шавхаж хийгээд хаяж дийлэхгүй байхад хачин юм аа гэсэн шүү юм бодогдлоо. Бид хоёр маш их хөлөрч амьсгаадаж байсан боловч хэн хэний маань бяр барагдах яагаа ч үгүй байлаа. Хөлсөө сэвхийлгээд дахиад барилцаад авлаа. Бөхийн комиссын дарга цагаа барьж минут тоолж эхэлснээ Самданжигмэд арслан мэх хийх боломжтой байна. Яагаад даацтай мэх хийхгүй байна. Явж барилдаач гэж хашгачлаа. Байдаг чадлаараа барилдаж байхад худлаа дарамтлаад байгаа нь намайг буулгуулах гээд байгаа юм байна л даа гэж бодонгуутаа за би буулаа. Дараа барилдах ая таарвал хүч үзэцгээе дээ гэж чихэнд нь шивнээд бууж өгсөн юм. Тэгэхэд бид хоёр зургаан цаг гаруй барилдсан байна лээ.

-Тантай Чимэд-Очир аваргаас өөр асар их бяртай бөх таарч байв уу?

-Би улсын 30 гаруй наадамд барилдахдаа хоёр л их хүчтэй бөхтэй барилдсан санагддаг юм. Нэг нь ЧимэдОчир аварга, нөгөө улсын начин Хожигапан. 1949 онд улсын 28 жилийн ойн баяр наадмаар зургаагийн даваанд өнд өр том биетэй, урт гартай казак бөх Хожигапаныг амлаж аваад барьцгүй гүйхээр шийдлээ. Түүнтэй өрж байдлыг нилээд ажиглаад зайдуухан тойрч гүйлээ гэсэн чинь Хожигапан урт гараараа мөрөн дээрээс шүүрч татаад ууцаар тас тэвэрлээ. Өрөөсөн гараа суганд нь хавчуулчихаж. Хожигапаны хүчтэй тэврэлтэнд хөл нэг газар хүрээд, нэг байгаад л байх юм. “Бяртай, буруу барилдаантай, том хүнд Дэрэн бор арслан эвгүй бариулчихаж дээ“ гэж радиогоор хэлж байна аа. Хөлөө газар хүргэж, барьцы нь тавиулъя гэж бодоод чадлаараа тийчигнэлээ. Гэтэл мань эр тэврэлтээ улам чангалахад ууцаар нужганаад явчихлаа. Гол тасартал өвдөж байна. “Хүчтэй хүнд тэврүүлээд үхсэн хүн гэж дуулдаагүй. Гэмтвэл гэмтэнэ л биз” гэж бодоод байдаг чадлаараа тийчигнэлээ. Доошоо сугархаар зүтгэж байгаа учраас хөл газарт хүрээд ирлээ. Тийчилж тэврэлтий нь сулруулсаар тавиулж, тэр дор нь барьцгүй гүйж хаяж билээ. Хожигапан миний нурууг гэмтээсэн болохоор би долоогийн даваанд арай гэж гараад Аюур арсланд амархан унасан юм даг. Нас хөгшрөөд ирэхээр гэмтсэн нуруу үе, үе өвдөж эмчилгээ хийлгэдэг болоод байна гээд өвгөн арслан Самданжигмэд гуай “Хоолоо идэх цаг болчихжээ. Баахан дэмий юм яриад чамайг чилээчихэв үү дээ” гээд босож байсансан. Бид хоёр дахиж хоёр өдөр бөх ярьцгаасан юмсан.

 

*** *** ***

Алдарт арслан Дэрэн бор хэмээх Самданжигмэд олон жилийн өмнө тэнгэрт хальсан билээ. Тэрбээр сайн бөх болох залуусыг ер анддаггүй лут бөх шинжээч байсан бөлгөө. Дөч нилээд гарсан хойноо улсын наадамд дөрөв давчихаад багын найз улсын арслан Г.Цоодолтойгоо зэрэгцэн сууж барилдаж байгаа бөхчүүдийг ажиглаж сууснаа “Хоёул дөрөв давчихлаа. Даваа горьдож сулхан бөх амлаж тав даваад хэрэг байна уу даа. Энэ наадамд барилдаж байгаа залуу бөхчүүдээс Хорлоогийн Баянмөнх, Пүрэвийн Дагвасүрэн гэдэг хоёр залуу тун хийгүй сайхан барилдсаар хэн хэн нь дөрөв давчихлаа. Муухан бөх амлаж аваад уначихвал нүдний булай болно. Хоёул энэ хоёр хүүг амлаж начин болгоё. Хол явах залуус байна” гэхэд Г.Цоодол арслан үг дуугүй зөвшөөрч Х.Баянмөнхийг амлаж, С.Самданжигмэд арслан П.Дагвасүрэнг амлаж улсын начин болгож байсан нь яах аргагүй үнэн бөлгөө. Х.Баянмөнх дархан аварга, П.Дагвасүрэн улсад гурван удаа үзүүрлэж, улсын арслан цол хүртсэнийг бодоход хоёр арслан сайн бөх болох хүнийг анддаггүй мундаг бөх шинжээчид байж дээ.

Дэрэн бор хэмээх Самдагжигмэд арслан бөхчүүдээ ер муу хэлдэггүй, үеийнхээ бөхчүүдийн бяр чадал, уран барилдааныг магтаж бахархаж явдаг, атаа жөтөөгүй, хүнлэг сайхан сэтгэлтэй ясны сайн бөх байлаа. 30 хэдэн жилийн тэртээ өвгөн арслантай хэдэн өдөр бөх ярьж, түүний ярьсныг тэмдэглэж авснаа товчлон сийрүүлэхэд ийм байна.

САН. ПҮРЭВ

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]