Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Их эрдэмтэн С.Лувсанвандангийн гэр музей нээлтээ хийлээУншсан3,994

Өчигдөр буюу 10 дугаар сарын 15, намрын сүүл сарын 10-ны билэгт сайн өдөр Хорьдугаар зууны их эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Сономын Лувсанвандангийн гэр музей болон, “С.Лувсанвандан: Баримт бичгийн эмхэтгэл IV боть”-ийн нээлт болж өнгөрлөө.

 Өчигдөр буюу 10 дугаар сарын 15, намрын сүүл сарын 10-ны билэгт сайн өдөр Хорьдугаар зууны их эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Сономын Лувсанвандангийн гэр музей болон, “С.Лувсанвандан: Баримт бичгийн эмхэтгэл IV боть”-ийн нээлт болж өнгөрлөө.

Гэр музей болон номын нээлтийг цар тахлын үеийн хууль, журмыг баримтлан их эрдэмтний үр ач нар, С.Лувсанвандан сангийн зүгээс цомхон хүрээнд зохион байгуулжээ. Нээлтэд СЛувсанвандангийн том хүү Л.Болд, хүү Л.Болдхуяг, том охин Л.Сарангэрэл болон бусад ач зээ нар нь, эрдэмтний гарын шавь нар, эрдэм номын садангууд, судлаач нар хүрэлцэн иржээ. Тэдний дунд Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор профессор Д.Цэдэв, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Ч.Алтанцэцэг, Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, доктор, профессор Ж.Энэбиш, шинжлэх ухааны доктор, профессор Л.Батчулуун, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, профессор А.Алимаа, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн С.Лувсанвандангийн нэрэмжит “Судалгааны баримтын сан”-гийн эрхлэгч, докторант О.Алтанзаяа, монголч эрдэмтэн, доктор, профессор Б.Сумьяабаатар, доктор профессор, ахмад багш Д.Хүү нарын хүмүүс байлаа.


Л.Болд: Үр, ач нар нь аав, ээжийнхээ насан туршийн зүтгэлийг нь үргэлжлүүлж авч явах учиртай

С.Лувсанвандан гуайн том хүү Л.Болд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ ийн дурдав. "Аавын маань гэр музей болон “С.Лувсанвандан: Баримт бичгийн эмхэтгэл” дөрөвдүгээр ботийн нээлтэд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Хүний амьдрал үр хүүхдээрээ л үргэлжилдэг гэж бид боддог. Үр, ач нар нь аав, ээжийнхээ бүтээл, насан туршийн зүтгэлийг нь үргэлжлүүлээд авч явах ёстой. Хорьдугаар зуун бол үнэхээр монголчуудын хувьд тусгаар тогтнол, эрх чөлөө, соёл боловсролоо авч үлдэх эргэлтийн зуун болсон. Өнгөрсөн зууны арав, хорь, гучаад онд манай ахмад үеийнхэн ард түмнээрээ л цэрэг дайчид болж суурийг нь тавьж үлдээсэн.

Дараа нь НҮБ-д элсэж, монголчууд бид үнэхээр энэ аугаа ард түмнийхээ өлгий нутагт эрх чөлөөгөө хамгаалж оршин тогтнож чадна гэдэг нотолгоог дэлхийд харуулсан. Үр дүнд нь өнөөдөр бид эрх чөлөөт тусгаар улсдаа амьдарч байна. Энэ бол олон ард түмнүүдийн өнгөрсөн үетэй харьцуулахад үнэхээр гайхамшиг юм байна. Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой болж байна, монголчууд бид эрх чөлөөгөө эдэлж байна.

Энэ бол тэр зууны эхэн үед, үргэлжлүүлээд жар, далаад онд улс орныхоо төлөө зүтгэж байсан ахмадуудын ач гавьяа юм. Тэдний үлдээсэн өв их эрдэнэ, бүтээл бол үнэхээр тусгаар тогтнолын илэрхийлэл. Монголын түүх, соёл, бичиг үсэг зэрэг бидний бие даасан байдлын илэрхийлэл болсон эрдэм соёлоо үргэлжлүүлж авч явах цаг үе Монголын залуучуудад ирсэн. Залуучууд ч чадна гэж бодож байна.

Одоо музей болж байгаа хуучны энэ хоёр өрөө байранд аав ээж маань зургаан хүүхэдтэйгээ, ам бүл наймуулаа олон жил амьдарсан. Бид бүгдээрээ л олон жил эндээс дамжаад амьдралд гарсан, музей болгочихвол гэж ярьж ирсэн. Одоо боломж олдож эрдэмтэн судлаач нар, аавын маань хамтран зүтгэгч, шавь нар та бүхэнтэйгээ хамт нээлтийг нь хийж байна.

С.Лувсанвандан сангийн гүйцэтгэх захирал, доктор Ш.Сүхбаатар: С.Лувсанвандан гуайн есөн боть номыг эмхэтгэн гаргасан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, профессор А.Алимаагийн нөр их үйлсийг энд онцлон дурдах хэрэгтэй. Үргэлжлүүлээд одоо С.Лувсанвандан гуайн холбогдолтой маш ховор, үнэ цэнэтэй түүхийн, судалгааны хэрэглэгдэхүүнийг эмхэтгэж дөрвөн боть болгож гаргахад оройлон ажилласан СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн С.Лувсанвандангийн нэрэмжит “Судалгааны баримтын сан”-гийн эрхлэгч, докторант О.Алтанзаяаг энд онцолж байна. Цаашид ч их эрдэмтний үлдээсэн эрдмийн өвөөр нь боть номууд хэвлэгдэн гарч судалгааны эргэлтэд ороход хангалттай их баримт материалууд байгаа нь гайхалтай. Үүнээс гадна их эрдэмтний 85 насны ойг нутагт нь тэмдэглэхэд оролцсон Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нямаа, Ү.Хүрэлбаатар нарт талархах ёстой. Өнгөрсөн жил “Жаран” нэртэй баримтат киног манай сангаас бүтээж гаргалаа. Энэ кинонд тун ховор баримтуудыг оруулсан байна гэдэг үнэлэлт, дүгнэлтийг судлаачид өгч байна. Өмнө нь мөн “Сэхээтэн” хэмээх баримтат кино гаргасан. Удахгүй бид хамтдаа 90 жилийн ойг нь мөн зохион байгуулна. Та бүгддээ С.Лувсанвандан сангийн өмнөөс талархаж байгаагаа дахин илэрхийлье.

Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор профессор Д.Цэдэв:  Залуу судлаачдыг том эрдэмтдэд хуваарилсан Эрдмийн зөвлөлийн тогтоол гаргасан юм. Б.Ренчин гуайд Б.Сумьяабаатарыг,  Хорлоо багшид Дагвадоржийг, С.Лувсанванданд намайг гэх мэтээр нэр цохож өгөөд энэ хүмүүсийг удирд гэж үүрэг өгч байв. Манай багш удалгүй Соёлын яамны сайд болсон, гэхдээ миний эрдмийн ажлыг удирдсаар байв. С.Лувсанвандан гуайн гэрт ч олон хоносон доо. Л.Болд жаахан шар хүү байлаа. Л.Сарангэрэл, Л.Болдхуяг гээд бүх хүүхдүүдтэй нь л зэрэгцээд багшдаа загнуулахдаа загнуулж, чи үүнийг буруу ойлгосон байна, үүнийгээ зас гэж заавар сургамж авдаг байв. “Эрдмийн зөвлөл их хатуу гэж мэдээрэй, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Шадавын Лувсанвандан гээд томчууд бүгд байгаа шүү” гэж надад анхааруулдаг. “Чиний дуу их нам, чи чанга яриарай, чамайг шүүмжилнэ, чи ямар хариу өгөх вэ, үсээ засуул, өнгөтэй өөдтэй яв” гээд бүхнийг л хэлж өгдөг байсныг одоо өвгөн болсон хойно дурсахад сайхан байна.

Д.Эрдэнэчимэг: С.Лувсанвандан гуайн референтээр олон жил ажилласан, Соёлын яамны дөрвөн давхрын хойд талын жигүүрт манай Соёл урлагийн хүрээлэн байрлаж байлаа. Хүрээлэнгийн захирал С.Лувсанвандан гуай маань нэг давхарт сууна, эрдэм шинжилгээний ажилтнууд нь дээд давхраар суудаг байсан.

Доктор, профессор Л.Батчулуун: Би 60 настай тэтгэвэрт гарахдаа 2007 онд "Дүрслэх урлагийн нэр томьёоны нэвтэрхий толь"-ийг гаргаад Соёл, урлаг судлалын хүрээлэндээ хүлээлгэж өгсөн юм. Тэр том улсуудаар эрдмийн ажлаа удирдуулж хийсэн олон жилийн бүтээлээ би боддог, Лувсанвандан багшийн маань надад өгсөн өр нэхээгүй бэлэг юм даа гэж. Энэ 940 хуудас "Дүрслэх урлагийн нэр томьёоны нэвтэрхий толь"-ийг багшийнхаа гэр музейд бэлэглэж байна. Багшийн маань шавь нарын нэг бүтээл нь гэж тооцож яваарай. Би 70 гаруй ном хэвлэжээ, 100 орчим ном редакторласан байна. Энэ болгон бүгд С.Лувсанвандан багшийн маань хариу нэхээгүй бэлэг юм шүү.

Доктор профессор, ахмад багш Д.Хүү: Би 23 дугаар сургуульд багшилж байлаа, С.Лувсанвандан гуайн хүүхдүүдэд хичээл зааж байв. Санжаасүрэнгийн Зориг миний ангид төгссөн. Ерөнхий боловсролын сургуультай С.Лувсанвандан гуай маш их холбоотой ажилласан. Олон хүүхдүүдийн соёл хүмүүжил, гоо сайхны мэдлэгийг тэлж өгсөн ачтай хүн. Би бичих, шүүмжлэх, шүлэг зохиох гээд зөндөө юманд оролцож явсан. Энэ бүхэнд надад дэмжлэг туслалцаа үзүүлж зөвлөдөг байлаа. Энэ дэмжлэгийн нэг баримтыг би энэ музейд харлаа. Миний зурагтай хамт байж байна, сайхан байна.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор, профессор А.Алимаа: С.Лувсанвандан гуайн тухай олон зүйлийг ярьж болно. Юуны өмнө хэлний мэргэжлийн хүн байсан. С.Лувсанвандан гуайн “Ойролцоо үгийн толь” гэхэд л хэлний талаасаа үнэхээр ховор чухал толь. Уран зохиол судлалын шинжлэх ухааныг хөгжүүлсэн, анхны утга зохиолын товч толийг хэвлүүлсэн, Монгол Улсад гоозүйн шинжлэх ухааныг үүсгэн байгуулж сурах бичгийг нь гаргаж шинжлэх ухааны дайтай болгож өгсөн хүн бол С.Лувсанвандан гуай юм. Хүрээлэнгээс хүрээлэн тасалж бий болгосон, хүрээлэнг хүрээлэнгийн дайтай болгосон, Монголын шинжлэх ухаанд багана болж явсан энэ хүнийг судлаад би хоёр дахиа төрсөн гэж бодож явдаг даа.

Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн доктор, профессор Ж.Энэбиш: Багшийн маань үүсгэн байгуулсан Урлаг судлалын хүрээлэн өнөөдөр Монголын их, дээд сургуулиудын түвшинд үйл ажиллагаагаа явуулж, түүний үзэл бодол хэрэгжиж байгаад баярлаж талархаж байгаагийн ялдамд багшийнхаа нэрэмжит шагнал авсан номоо гэр музейд нь бэлэглэе.

Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров: Бидний үеийнхэн бол С.Лувсанвандан гуайн залгамж болсон дараа үеийнхэн нь.  Залгаж авсан гэхээс илүүтэй бид нарыг эрдэм судлалд хөтөлж дараачийн үеэ бэлдсэн гэж ойлгодог. Гэр музейтэй би сая тойрч танилцлаа. Их эрдэмтний хийсэн бүтээсэн зүйл хязгаар тавих аргагүй өргөн байна. Ер нь аливаа хүн өөрийнхөө амьдарч байгаа цаг хугацааг зөвхөн миний цаг хугацаа гэж боддох ёсгүй аж. Энэ бол миний үндэстний цаг хугацаа, миний үр хүүхдийн, манай оюун санааны цаг хугацаа гэж бодож чадаж байсан хүн л ийм юм бүтээдэг болов уу гэж ойлгож авлаа. Бид хоёр 1979 оноос хойш ажилласан. Бидний оюун санаа, эрдэм мэдлэг ямар нэгэн хэмжээгээр нэг хоёр шат дээшээ өгссөн бол ийм том эрдэмтэн хүмүүсийн толгойн хүчээр л гарч ирсэн гэж бодохоос биш өөр яах вэ.

Уулзаад хоёр үг зөрсөн ч, харагдаад өнгөрсөн ч, нэг хурал дээр тааралдсан ч өөрөө залуур болж явдаг. Өөрөөр хэлбэл С.Лувсанвандан гуай ингэж хэлсэн, ингэж чиглүүлсэн, хандсан, тийм учраас бид ингэж хандах ёстой юм байна гэж судлаачид бодож явдаг учраас бидэнд хамгийн их нөлөөтэй хүн байсан. Хүмүүс социалист үеийн гоозүйч гэж хэлэх байх. Гэхдээ нэг юм байдаг л даа. Социалист авьяас, уран чадвар, капиталист авьяас ур чадвар гэж байдаггүй. Тийм учраас ямар нийгэмд хэн байсан нь чухал биш, ямар чадамж тэр хүнд байсан, түүнийгээ яаж илэрхийлж байсан гэдэг нь л тодорхойлогдох учиртай. Тийм учраас би С.Лувсанвандан гуай бол монголчуудын мөнхийн авьяас, мөнхийн эрдэм билэг гэж боддог.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]