Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Халимагийн талд болсон нэгэн тулалдаанУншсан27,389

Хэрвээ гол хүч нь энэхүү чухал зангилаа болсон Хулхуту сууринд ирж чадвал Германууд Кавказ руу довтлох бас нэг сайн түшиц газартай болох байв.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1942 оны зун Германы арми Кавказын нутаг руу зүтгэн, Зөвлөлтийн нефтийн хангамжийг таслах гэж үзэлцэж байсан цаг үе. Наймдугаар сарын 12-нд германууд Халимагийн нийслэл Элстэйг эзлэн авч улам бүр урагшилсаар Хулхуту хэмээх нэгэн тосгонд хүрсэн байна. Гэхдээ энэ сууринд Германы гол хүч биш цөөхөн тооны цэрэг бүхий моторжуулсан нэгтгэл очсон ба Зөвлөлтийн тал Германы үндсэн хүчийг энд хүрэлцэн ирэхээс ихээхэн эмээж байлаа. Хэрвээ немцүүдийн гол хүч энэхүү чухал зангилаа болсон Хулхуту сууринд ирж чадвал Кавказ руу довтлох бас нэг сайн түшиц газартай болох байв.

 

Михайл Онгульдушев

Дайсны энэ санааг тасалдуулахын тулд Зөвлөлтийн тал 110-р морин дивизийн 200 гаруй дайчдыг энэ суурин руу явуулсан бөгөөд тус дайчдын ихэнх нь энэ нутгийн уугуул буюу халимагууд байжээ. Хэсгийг толгойлж яваа ахлах дэслэгч Михаил Онгульдушев Хулхуту очих замыг хянаж, дайсны бүлэглэл ирвэл дайралт хийж будлиулах, Германы үндсэн хүч ирвэл яаралтай ар иал руугаа мэдэгдэж өөрийнхөө үндсэн хүч иртэл ямар ч аргаар хамаагүй дайсныг барьж байх үүрэгтэй байлаа.

Тэрээр өөрийн цэргүүдийг Хулхуту суурингаас нэлээд зайтай тал газар аваачин элсэн манхан дунд нуугдан тагнаж эхэлсэн байна. Удалгүй дайсны морин анги ирж байгаа тухай мэдээг Онгульдушев тагнуулчдаасаа авлаа. Тэрхүү ирж байгаа дайсан нь ихэнх нь урвагч халимагуудаас бүрдсэн СС-ийн морин отряд байжээ. Энэ хэсгийг тэргүүлж яваа хүн нь Эльчин Дельчеев.

 

Эльчин Дельчеев

Хулхуту суурин хүрэх замыг бүрэн хяналтдаа авах ёстой Готхард Хайнриц хэмээх герман офицер өөрийн мэдэлд байдаг халимаг эр Эльчин Дельчеевт энэ хариуцлагатай үүргийг оногдуулаад, Их Германы төлөө гавьяа байгуулахыг хүсэн түрүүлж явуулжээ. Дельчеев ч шинэ эздийнхээ өгсөн үүргийг биелүүлэхийн тулд эхлээд Халимагийн нэртэй лам нарыг цуглуулан тэдний дэмжлэгийг авахаар шийдэн Элстэйн ойролцоо уулзахаар тохирсон байна. Цугласан хэдэн лам нар дээр СС-ийн дүрэмт хувцастай Дельчеев ирэн өөрийн зорилго, өгсөн үүрэг даалгаврынхаа тухай ярьж, Зөвлөлтийн дарлалаас ангижрахад лам нарын үүрэг ямар их тухай мундаг сүртэй ярьсан гэдэг. Харин лам нар түүнийг дэмжих байтугай СС-ийн хувцастай ирснийг нь шүүмжилж, Орос улстай 300 жилийн өмнө байгуулсан гэрээ, өгсөн амлалт бий гэдгийг сануулаад Халимагийн ард түмнийг хэрэгт хийж байна шүү гэж загнаж зандарсан байна. Ахмад настныг хүндэлдэг орчинд амьдардаг лам нар залуу хөөрүү Дельчеевийг сургаж сэхээрүүлэх гэж оролдсон нь энэ. Харин Дельчеев тэдгээрийн энэ үгийг сонсоод 14 том ламыг зүгээр л б у у д ч и х а ж. Тэдэнтэй тэдэнгүй Их Германы үйл хэрэг бүтэж л таарна гэж бодсон энэ эр Хулхуту хүрэхээр өөрийн цэргийг дагуулан морджээ.

 

Тулалдаан

Эльчин Дельчеевийн морин отряд тоогоор олон, бас энэ нь Германы гол хүчний тэргүүн анги байж болно гэж тооцсон Онгульдушев нь ар тал руу холбоо барьж нэмэлт хүч өгөхийг гуйлаа. Түүний дарга Хомутников харин өөдөөс нь “Ганц ч сум, ганц ч винтов нэмж өгч чадахгүй. Байгаа хүчээрээ дайсныг торгоо. Бид энд байгаа буу барьж чадах хүмүүсийг ч болов цуглуулаад араас чинь дэмжлэг болж очихыг хичээнэ” гэсэн мэдээ явуулсан байна. Онгульдушевын хувьд тоогоор олон дайсныг ялах ганцхан арга үлдсэн нь гэнэдүүлэх л байв.

Дельчеевийн толгойлсон анги Хулхуту сууринд дөхөж явах үед ар талын хангамжийн цуваа руу морин цэргүүд дайрч сүйд хийлээ гэсэн мэдээ иржээ. Дельчеевийн хувьд энэ нь нэг талын сайн мэдээ байв. Яваандаа Германы дэмжлэгтэйгээр Халимагийн ”Хаан” болох бодолтой байсан байж болзошгүй энэ урвагч Халимаг түмний дунд нэрд гарч, хүч нөлөөтэй болохын тулд юу ч хийхээс буцахгүй хүн байж. Халимагийн олон том лам нарыг цуглуулан сүр бадруулаад, дараа нь тэдгээр лам нарын ихэнхийг х ө н ө ө с ө н зэрэг нь бүгд л түүний ирээдүйн зорилгодоо хүрэх алхмууд байсан бололтой. “Улаан оросууд”-ын талд байлдаж байгаа халимагуудыг бяц дарах, тэр тусмаа өөрсдийг нь дайрсан нөхдүүдийг нэг сайн сургаж өгөх нь Дельчеевийн зорилгод сайхан тохирч байсан ба ийм боломж гэв гэнэт гарч ирлээ гэж тэр үзжээ.  

Тэрээр өөрийн мэдэлд байсан хамаг цэргүүдийг толгойлон буцан давхиж явахдаа цөөхөн тооны Улаан армийн халимагуудыг хэрхэн яаж шийтгэх тухай л бодож явсан бололтой, толгойн сэргийлэх ч байхгүй их л яарч байж. Харин дайсан нь болох Онгульдушев нь Дельчеевийн ирж болох замын хажууд өөрийн гол хүчийг нууж байрлуулчихаад отон хүлээж байгаад цаг нь болоход бүх цэргээ тулалдаанд орохыг тушаалаа. Дайсантай тулах болоогүй гэж бодож байсан Дельчеевийн цэргүүд энэ гэнэтийн дайралтад хөл алдаж, ихэнх нь таран бутарсан ба халимагууд халимагуудтай хийсэн тулалдааны дараа Германы талын цэргүүд гэх юм бараг үлдсэнгүй. Дельчеев ч бараа сураггүй болсон ба энэ их талын хаа нэгтээ ү х с э н  бололтой.

Энд ийм юм болж байхад Хулхуту суурин хүрэх өөр нэг замаар Дельчееви тушаал өгч явуулсан Готхард Хайнрицийн танк болон моторжуулсан ангиуд явсаар. Тэрээр Дельчеевт гоё үг хэлэн явуулахдаа оросууд отож болзошгүй, үгүйдээ хамгаалалтын гол хүчээ Дельчеевийн цэргүүд рүү хандуулна гэж тооцож байсан бөгөөд халимаг урвагчийг ердөө л золигт гаргасан нь тэр байж.  Гэсэн ч энэ эрийн өмнө гэнэт Зөвлөлтийн танк эсэргүүцэх буу бүхий анги нэгтгэлүүд гарч ирэн ширүүн тулалдаж эхэлсэн бөгөөд эдгээр нь Онгульдушевт нэмэлт хүч болгон явуулсан анги дайсантайгаа санаандгүй таарсан нь тэр байж. Германууд техникийн давуутай байдлаа ашиглан өмнөө байгаа оросуудыг арчиж хаях гэж бэлдэж байхад арын хангамжийг нь хэсэг морьтонгуут талж өгч байгаа тухай мэдээ ирлээ. Өнөөх Онгульдушевийн морьт отряд!

Хоёр талаасаа хавчигдсан Готхард Хайнриц арайчүү гэж Хулхуту сууринд орж бэхэжсэн бөгөөд суурин хүрэх замыг хянах байтугай суурингаа оросуудад алдчихгүй тэсэх гэж их юм болсон гэдэг. Энэ явдлын дараа Кавказ руу дайрах бас нэг чухал түшиц газар үгүй болсон, цаашдаа Кавказын төлөөх дайнд германууд ялагдахад энэ суурингийн төлөөх тэмцэл багагүй үүрэг гүйцэтгэсэн юм хэмээн Халимагийн болон Оросын олон түүхчид үздэг байна.

P.S

Эльчен Делчеев нь лам нарыг б у у д а ж байхад нэгэн настай лам үхэхийнхээ өмнө “Чиний хоолойг хээрийн хөх чоно т а с  х а з а х болно доо” гэж хараасаар буудуулсан гэдэг. Харин Дельчеевийг ү х с э н байхыг харсан гэх хүний ярьснаар  бол энэ урвагчийн хүзүү хоолойг нь чоно х а з с а н юм шиг с э г л э э д хаячихсан байсан гэнэ. Бүр сонирхолтой нь Онгульдушевийн морин отрядыг 101 дүгээр морин хорооныхон нь “Хээрийн хөх чононууд” хэмээн нэрлэдэг байсан гэх юм билээ... Сонин л юм даа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]