Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Төрийн эргэлт хийх гэсэн бүтэлгүй оролдлогуудУншсан52,793

Оросуудын өөрсдийн “ширүүн 90 оны үе” хэмээн нэрлэсэн тэр аймшигт үед засаглалын, үндсэн хуулийн хямрал дээд цэгтээ хүрсэн байдаг.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн улс орнуудын түүхэнд засгийн эрх авах гэж янз бүрийн хуйвалдаан зохион байгуулан, тэр нь амжилтад хүрсэн олон зуун тохиолдол бий. Иймэрхүү янзаар төрийн эрх авах нь тухайн улс орон төдийгүй бүр уг бүс нутагт ч ихээхэн нөлөө үзүүлэх нь тодорхой. Харин ийм зорилготой хийсэн төрийн эрх булаах гэсэн оролдлого бүтэлгүйтсэн тохиолдол хэр их байдаг бол? Төрийн эрх булаан авах гэсэн оролдлого бүтэлгүйтэх нь мөн л орчин тойрны улс оронд асар их нөлөөтэй ба энэ удаа бидний сонирхлыг татаж болох цөөхөн хэдэн тохиолдлыг сонирхъё. Эдгээр тохиолдлуудыг  Монгол улстай ямар нэг хэмжээгээр холбоотой, улс орны амьдралд нөлөөлсөн гэдэг утгаар түүж авсан билээ.

 

Япон: Залуу офицеруудын үймээн
1936 оны 2-р сарын 26-29

 

Үндсэрхэг үзэлтэй залуу офицеруудыг толгойлсон Икки Кита нь “Япон улсыг сэргээн мандуулах төлөвлөгөө” гээчийг боловсруулж 1500 гаруй цэрэг офицерыг цуглуулан төрийн эрхийг авахаар оролджээ. Улс орныг сүйрүүлж байгаа цөөхөн хэдэн улс төрч, баячуудыг устгаснаар авилга, ядуурал зэргийг үгүй болгоно гэсэн бүрэн итгэлтэй тэд Токиогийн төв хэсгийг маш хурдан хяналтдаа аван цаашид Дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яамыг эзэлж авсан төдийгүй хэд хэдэн нэр нөлөөтэй улс төрчийг алсан байна. Үүний дараа ерөнхий сайдын өргөө, хааны ордонг эзлэх төлөвлөгөөний дагуу хөдөлсөн ч тэд Эзэн хааны хамгаалалтын албаны цэргүүдийн эсэргүүцэлтэй тулгарчээ.

Энэхүү залуу офицерууд нь улс төр, санхүүгийн зарим нэг бүлэглэлийг эсэргүүцэн тэмцэж байгаа болохоос эзэн хааны эсрэг ямарваа нэг бодол санаагүй, түүнд үүрд үнэнч байхаа тангараглаж байсан боловч Шёва хаан (Хирохито) тэднийг хууль бус үйлдэл хийж байгаа гэмт хэрэгтнүүд гэж зарлалаа. Эзэн хааны энэ үг тэр олон залуу офицеруудын хөөрлийг дарж, тэд юуны төлөө, хэний төлөө тэмцэж байгаадаа эргэлзэж, гутарч эхэлснээр бослого хөдөлгөөн нь эрчээ алдаж удалгүй засгийн цэргүүдэд бууж өгчээ. Энэ хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан 19 толгойлогчийг Токиогийн төвд дүүжлэн цаазалсан бол цөөнгүй нөхдүүд гэдсээ хүүлсэн нь тодорхой. Хэдийгээр энэ оролдлого бүтэлгүйтсэн ч энэ явдлын дараа Японы арми нь улс төр, эдийн засгийн бүлэглэл, флотынхноос илүү их нөлөөтэй болсон гэдэг. Түүний нэг илрэл нь халх голын дайн гэж хэлж болох биз ээ.

 

Япон: Хааны ордонд болсон явдал
1945 оны 8-р сарын 14-15

 

1945 оны 8-р сарын 6 нд Хиросима, 9 нд Нагасаки хотод цөмийн бөмбөг хаяснаар олон зуун мянган хүн үхэж хордсон, 8-р сарын 8 нд ЗХУ Японд дайн зарлан (БНМАУ 8-р сарын 10 нд Японд дайн зарласныг энд заавал дурдах хэрэгтэй) манжуур болон бусад бүс дэх Квантуны армийг дайрч эхэлснээр Япончуудын хувьд тун хэцүү нөхцөл байдал үүсэж  эзэн хаан нь Потсдамын декларацыг хүлээж авах буюу дайнд ялагдсанаа хүлээн бууж өгөх тухай яриа хэлэлцээг гадаад дотоодод хийж эхэлжээ. Удаан үргэлжилсэн, олон хоногийн маргааны явцад эзэн хаан шийдвэрээ гарган бууж өгч байгаа тухайгаа хэлсэн бичлэг хийлгэн түүнийгээ олон нийтэд гаргахаар зэхэж байх үед үүнийг эсэргүүцсэн “залуу барсууд” төрийн эргэлт хийхээр шийдсэн байна.

Залуу барсууд буюу бууж өгөхийг эсэргүүцэн боссон цэргийнхэн хааны ордныг хамгаалах цэргүүдийг удирдаж байсан Такэси Мориг өөрийн талд оруулах гэхэд нь өнөөх нь татгалзсан тул алаад түүний нэрийн өмнөөс хуурамч тушаал гаргах замаар “залуу барсууд” ордонд нэвтэрч чаджээ. Тэдний зорилго нь хааныг барьж гэрийн хорионд оруулах, бууж өгөх үзэл бодолтой улс төрийн зүтгэлтнүүдийг барьж авах (зүйл дуусгах) байснаас хамгийн гол нь хааны бууж өгөх зарлиг гаргасан тэр бичлэгийг олж устгах байлаа.  Хэдийгээр тэд нэлээд амжилтад хүрч олон хүнийг барьцаалж чадсан боловч гол зүйл болох бичлэг олж чадаагүй, бас  бусад цэргийн анги нэгтгэлийн дэмжлэгийг олж чадаагүй учир энэ хуйвалдаан тэр шөнөдөө л балран унасан байдаг.

Ингээд бууж өгөх талын яриа хэлэлцээ цаашид идэвхтэй өрнөсөөр 1945 оны 9-р сарын 2 нд Япон улс албан ёсоор бууж өгч, эзэн хааны бууж өгөх зарлиг бүхий бичлэгийг олон нийтэд сонордуулсан байна.

Харин төрийн эргэлт хийх гэсэн нөхдүүдийг буруутгаж шүүлгүйгээр, өөрсдийнхөө гэдсийг хүүлэх боломж олгосон гэдэгт гайхах зүйл үгүй болов уу.

 

ЗХУ: ГКЧП
1991 оны 8-р сарын 19-21

 

ГКЧП буюу онцгой байдлын улсын хороо нь ЗХУ-ыг задрах үйл ажиллагааг зогсоохын тулд төрийн эрхийг авах гэсэн оролдлого байлаа. 8-р сарын 19 нд ЗХУ-ын анхны, сүүлийн ерөнхийлөгч Михаил Горбачевыг Крымд амарч байх үед нь гэрийн хорионд хийснээр энэ ажиллагаа эхэлсэн ба улс орон даяар 6 сарын турш онцгой байдал зарласан байна.

Тэдний үйл ажиллагааг эсэргүүцсэн янз бүрийн жагсаал цуглаан төдийгүй бүр том зүйл болохыг урьдчилан тооцоолж байсан учир Москва хотод хүнд техник бүхий цэргийн анги нэгтгэлүүдийг оруулжээ. Гэсэн хэдий ч Зөвлөлт Холбоот Орос улсын ерөнхийлөгч (СССР-ийн доторх РСФСР. улс доторх улс, дахиад тэрний доторх улс, бүгд л ерөнхийлөгчтэй болж байсан үе...) Борис Ельцин тэргүүтэй нөхдүүд Цагаан ордны (Вашингтоны цагаан ордон биш Москвагийн цагаан ордон)өмнө ард түмнийг цугларч ГКЧП-г эсэргүүцэхийг уриалснаар асар олон хүн цуглажээ. Төрийн эргэлт хийх гэсэн нөхдүүд цугласан олны өөдөөс зэвсэг хэрэглэх тушаал гаргаж зүрхлээгүй учир хуйвалдаан бүтэлгүйтэж төрийн эргэлт хийх гэсэн нөхдүүд бүгд шүүхээр ял авсан байдаг.

ОХУ: Цагаан ордныг буудсан нь
1993 оны 10-р сарын 3-4

 

Оросуудын өөрсдийн “ширүүн 90 оны үе” хэмээн нэрлэсэн тэр аймшигт үед засаглалын, үндсэн хуулийн хямрал дээд цэгтээ хүрсэн байдаг.

Ерөнхийлөгч болон парламентын зөрчил гүнзгийрч тухайн үеийн ерөнхийлөгч Борис Ельцин нь Ардын депутатуудын их хуралдаан, Оросын Холбооны улсын дээд зөвлөлийг тараах шийдвэр гаргажээ. Ерөнхийлөгчийн энэ үйлдлийг үндсэн хууль зөрсөн гэж үзсэн депутатууд ажлаа орхихгүй, энэ бол төрийн эргэлт гэж зарлан эсэргүүцэж эхэлсэн бол тэднийг дэмжигчид ч бас гудамжинд жагсаал цуглаан зохион байгуулж эхэллээ. 10-р сарын  3нд  болсон нэгэн жагсаалын үеэр парламентын талыг баримтлагчид телевизийн цаг өгөхгүй байгааг эсэргүүцэн “Останкино” дайрч орох үед (ОХУ-ын радио телевизийн төв) мөргөлдөөн болж нийт 40 гаруй хүн хоёр талаас амь үрэгдсэнээр байдал маш хүнд болсон гэдэг. Ерөнхийлөгч  хариуг нь болгож цагаан ордныг танкаар буудаж эхэлснээр оройн 6 цагийн үед энэ бүх будлиан нэг дуусгавар болсон билээ. Одоо хүртэл энэ аймшигт үед хичнээн хүн амь үрэгдсэн тоо эцэслэн гараагүй бөгөөд 120-157 гэсэн ерөнхий тоо явдаг байна.

P.S

БНХАУ-д болсон, Тань Ань Мин-ий талбайн... гэх хэрэг явдлын тухайд бол тусад нь ярих сэдэв биз ээ .

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]