Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Магелланы адал явдал аялалУншсан9,037

1522 оны 9-р сарын 6 ны өдөр Виктория хөлөг онгоц Испанийн боомтод орж ирлээ. Усан дээр яаж тогтож яваа юм бол гэмээр салж унах шахсан усан онгоцыг багийн гишүүд болох ядарч сульдсан, өвдөж зовсон 18 хүн залсаар төрөлх боомтдоо эргэн ирж байгаа нь энэ

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1522 оны 9-р сарын 6-ны өдөр Виктория хөлөг онгоц Испанийн боомтод орж ирлээ. Усан дээр яаж тогтож яваа юм бол гэмээр салж унах шахсан усан онгоцыг багийн гишүүд болох ядарч сульдсан, өвдөж зовсон 18 хүн залсаар төрөлх боомтдоо эргэн ирж байгаа нь энэ. Бараг 3 жилийн өмнө яг эндээс хөдөлсөн 5 том хөлөг онгоц, олон зуун усан цэрэг бүхий хүчирхэг том флотоос үлдсэн зүйл нь ердөө л  энэ байлаа.

1453 онд Константинополь унаснаар Европын хувьд дорно дахинаас бараа авчрах бүх л зам, суваг нь мусульманчуудын гарт орж арабууд, туркууд, Египетийн эрх баригчид төлж дийлэхийн аргагүй гэмээр өндөр гаалийн татвар тогтоосноор Европын зах зээл хэцүүдэж эхэллээ. Ялангуяа алтнаас илүү үнэтэй халуун ногоо элбэг арвинаар ургадаг Малуку аралд хүрч очих боломжгүй болсон нь тун ч хүнд бэрхшээл болж байв.  Европчуудын хувьд үнэт халуун ногоог авчрахын тулд Ази хүрэх усан зам олохоос өөр аргагүй болсон тийм цаг үед Колумб гээч нөхөр Энэтхэг, Хятад орох гэж баруун тийшээ гараад буцаж иржээ. Дараа нь үй түмэн хүн энэ чиглэлээр нь явсан ч нөгөө хүсэн мөрөөдсөн Ази тив, халуун ногооны эх орон нь биш бололтой буюу тэнд халуун ногоо байсангүй. Гэсэн ч үл ойлгогдох нэг газар нутаг баруун талд байгаа нь тодорхой болсон ба олон ч аялагч судлаач нар энэ чиглэлийн аяныхаа тухай олон тэмдэглэл бичин үлдээж байв.

Португалийн хувьд иймэрхүү мэдээллийг цаг тухай бүрд нь олж авч нууцалж, хэрэгтэй цаг болоход ертөнцийн эзэн болоход тус болж магадгүй хэмээн хадгалж байжээ. Харин эдгээр материалыг урьд өмнө далайчин байсан Фернан Магеллан гэдэг нөхөр анхааралтай ажиглан судалж, шинэ ирсэн мэдээ болгоныг тэмдэглэн, хуучин энэ чиглэлийн аялалд явсан онгоцны ахмад, далайчдыг олж уулзан архи дарсны газар хамтдаа наргин байх нь улам бүр их болсоор байв.

Ингээд нэгэн өдөр Фернан Магеллан Португалийн хаан Мануэл I-тэй уулзахаар орж иржээ. Доголон, жижигхэн биетэй, хүйтэн царайтай энэ хүн анхнаасаа л хаанд таалагдсангүй бололтой. Магеллан баруун чиглэлд явж Малуку аралд хүрэх зам олсон тухайгаа айлтгаад энэ замын тухай танилцуулахын өмнө өөрийнх нь байлдаж явсан гавьяаг бодож үзэн тэтгэвэр тэтгэмжээ нэмэхийг, өөрийг нь флотод өндөр албан тушаалтан болгохыг хаанаас хичээнгүйлэн гуйсан байна. Хаан зөвшөөрсөнгүй төдийгүй өчнөөн олон хоног судалж байж олсон замыг нь ч тоосонгүй. Тэгэхээр нь Магеллан өөрийнхөө хүч мэдлэгийг өөр улсын тулд зориулж болох эсэхийг асуухад хаан татгалзсангүй. Хааны хувьд Васко да Гамагийн олсон зам л (Африкийг урдуур нь тойрох зам) хангалттай байсан бололтой.

Жил хагасын дараа шаргуу, нууцлаг зантай Магеллан Испанид очсон ба тэрээр энэ аялалд эртнээс маш чамбай бэлдсэн байна. Учир нь Испанийн бараг дайсан болсон португали нөхөр Испанийн эзэн хаанд бараалхан, шинэ усан зам олох төлөвлөгөөгөө танилцуулаад дэмжлэг авна гэдэг бараг бүтэшгүй зүйл буюу түүнд ийм оролдлого хийгээд үзэх ганцхан боломж л байлаа. Энэ боломжийг ч тэрээр дээд зэргээр ашиглахаар ажиллаж байлаа. Испанид амьдардаг, Испанийн хааны ордонд нэр нөлөө ихтэй болсон португали гаралтай Дього Барбоз гээч хүнийг ашиглахын тулд охинтой нь ойртон дотносож удалгүй эхнэрээ болгон авчээ. Одоо хадмыгаа ашиглан нэгэн насны мөрөөдлөө биелүүлэх болно. Түүнд ингэж бодох үндэс байсан бөгөөд Шинэ газрыг (өнөөгийн Америк тив гэж ) чиглэн явсан олон аяллын материал дотроос нэгэн газрын зураг олсноо тэр өдий болтол хэнд ч хэлээгүй явжээ. Тэрхүү зурагт Уругвай (өнөөгийн нэрээр) нутгийн хавьд асар том хоолой байгаа, тэрхүү хоолойгоор дамжин хүслэнт Ази тивд очих боломжтой тухай зурсан таамаглал байжээ. Нууц архивт олон сар суухдаа зөвхөн энэ хоолойг л мань эр судлаад байсан ба Португалийн хаанд ч энэ зургийн тухайгаа хэлээгүй байна.

 

Магелланы найдлага болсон газрын зураг

Хадмынхаа дэмжлэгээр олон ч ордны хүмүүсийг худалдан авч, заримыг нь ирээдүйн их аяллынхаа орлого мөнгөнөөс хуваалцах эрхтэй болгох зэргээр зүтгэсээр байж хаантай уулзах зөвшөөрөл олж авчээ.

Хааны ордонд Магеллан нарийн математик тооцоо, өнөөх нууц газрын зураг зэргийг үзүүлэн баруун тийш чиглэн халуун ногооны аралд хүрэх боломжийн тухай тайлбарласнаас гадна ийм аялал амжилтад хүрвэл өрсөлдөгч болсон Португали улсаас ямар давуу тал олж болох геополитик болон эдийн засгийн нарийн үндэслэлүүдийг дурдаж эхэлжээ. Хаан бараг л тэр даруй аяллыг зөвшөөрч санхүүжилтийг нь гаргахаар болсон гэдэг.

1519 оны 9-р сарын 20-нд «Тринидад», «Консепсьон», «Виктория», «Сан-Антонио» ба «Сантьяго» зэрэг таван хөлөг онгоц аялалд гарахад бэлэн болж, ачааны хэсэг нь хүнс, цэвэр усаар дүүрсэн бол усан цэргийн баг бүрэн бүрэлдэж, тэднийг болон онгоцны ахмад, бүр Магелланыг ч алсын замд уйдуулахгүй байх үүрэгтэй 40 гаруй энэтхэг гаралтай бүсгүйчүүдийг онгоцуудад нууцаар оруулсан байжээ. Энэ бүх ажлыг хийхэд Магелланы туслах, малай гаралтай Энрике гээч хүн гол үүрэг гүйцэтгэсэн бололтой. Далайчин европ аавтай, малай-боол ээжтэй энэ хүний нэр дараа нь түүхэнд үлдсэн билээ.

Тухайн үед Атлантын далайг хөндлөн туулах нь хэвийн шахам зүйл болсон байсан ч Магелланы багийн хувьд энэ нь ихээхэн хүндхэн аялал болсон байна. Далайн бараг тэг дунд байх үед салхи үгүй болж олон арван хоног нэг л байрандаа зогсож байснаас уйдсан далайчид хэл ам гаргаж, зарим нэг ахмадууд үүнийг хөөрөгдөж бослого хөдөлгөөн болох дээрээ тулж иржээ. Энд тэндгүй л жижиг муудалцаан хаа сайгүй. Аз болж салхи гаран зорьсон зүг рүүгээ дахин “нисэж” эхэлснээр энэ бүх будлиан бараг мартагджээ.

Америкийн эргийг даган явж байх үед ширүүн шуурга болж ойрхон байгаа Монтевидио хэмээх уулын бэл дэх хоолойд орж салхи өнгөрөөхөөр шийдсэн тухай Магелланы тушаал бусад хөлөгт ирлээ. Хаашаа явж байгаагаа сайн мэдэхгүй, өдөр нь тэргүүн онгоцны тугийг, шөнө нь галт дэнлүүг нь л даган явах тушаалтай ахмадуудын хувьд энэ нь жирийн зүйл байсан бол харин Магелланы хувьд маш их ач холбогдолтой зүйл байлаа. Учир нь энэ хоолой өнөөх өөр нэг далайд хүргэх ёстой газар байсан юм. Хоолойд ороод тагнуулын завь илгээсний дараах хэсэг хугацаанд Магеллан тэвчээртэйгээр завиа хүлээж байсан ч завь ирэх үед өөрийн эрхгүй догдолж байж сууж чадахаа байсан гэдэг. Тэд аймшигтай мэдээ авчирчээ. Энэ бол хоолой биш нэгэн их голын (Ла-Плата гол) далайд нийлж байгаа хэсэг төдий зүйл байж. Одоо буцах уу? Цаашаа бурхан мэдэг гээд зүтгээд байх уу?

Магеллан цаашаа явахаар шийдлээ. Шинэ газрын эргийг даган урагшлах тусам цаг агаар хүйтэрч, халуун дулаан арал дээр очих юм бодож байсан далайчид даарч бээрэн дахиад л босох, хөдлөх тухай яриа эхэллээ. Удалгүй бослого гарч таван онгоцны гурав нь босогчдын мэдэлд орсны дараа Магеллан хамаг л арга залиа хэрэглэж байж бослогыг дарсан байна. Түүний гол өрсөлдөгч, бослогын толгойлогч дэд- адмирал Картахены гаргасан алдааг нь ашиглан ц а а з а л ж, өөр бусад толгойлогч нарыг нь эзгүй арал дээр орхих зэргээр багаа эмх журамд оруулж чаджээ.

Магеллан таарсан хоолой байж болох газар болгоныг шинжиж явсаар нэгэн их хад чулуу, арал болсон хоолойд орж бүтэн сарын турш хад мөргөчихгүй гэж хичээн явсан ч Сантьяго онгоц нь хад мөргөн сүйрч, Сан-Антонио нь төөрөн алга болжээ. Үнэндээ Сан-Антониогийн хувьд манан ашиглан буцан зугтсан бөгөөд удалгүй Испанид эсэн мэнд очсон гэдэг.

Нэг л өглөө хад асга дуусаж, Магелланы өмнө дахин их далай гарч ирлээ. Өнөө хайж байсан хоолойгоо олж явсаар шинэ далайтай учирсан нь энэ.

Хэдэн сарын турш энэ далайд явахад ганц ч удаа далайн ширүүн салхи шуурга болоогүй учир Магеллан энэ далайг Номхон дөлгөөн далай хэмээн нэрлэсэн нь одоо хүртэл энэ нэрээ хадгалан байгаа билээ.

Номхон далайгаар явах үед хоол хүнс дуусч, усгүйдэж байсан ба хэн нэг далайчин нь хөлөг онгоцны харх олж барьж чадвал өдрийн од олж харсан шиг баяр болж явсан тэр хэцүү үед далайчид нь бөөн бөөнөөрөө өвдөж эхэлжээ. Өвдөж зовсон 19 далайчин нөгөө ертөнцөд одож бусад нь эдгэрсэн боловч тэд бүгдээрээ удахгүй өлбөрч ү х э х нь тодорхой байв. Газар л олж харах юмсан...

Хөлгийн тэмдэглэлд бичсэнээр бол нэгэнт идэх хоол байхгүй учир ямар нэг арьс ширэн юм олж далайн усанд хэд хоног дэвтээсний дараа хоол болгон зулгааж байжээ. Ийм байдлаар явсаар 1532 оны 1-р сарын 14-нд нэгэн сайхан арал дээр очсон нь Марианы арлын нэг хэсэг болох өнөөгийн Гуам байлаа. Эрэгт дөхөж ирэх үед нутгийн уугуулууд өөрсдийн завьтайгаа давхин ирж гэнэдүүлэн хөлөг дээр нь гараад юу хүссэнээ мулт татан аваад арилаад өгч. Ядарч сульдсан, хамгийн гол нь гайхсан усан цэргүүд ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Маргааш нь Магеллан шилдэг далайчдаа авч эрэг дээр буун дээрэмдүүлсэн юмнуудаа буцаан авч, дээрээс нь гахай, загас, кокос, гадил жимс зэрэг идэж ууж болох зүйлийг нь хуу хаман хөлөгтөө авчраад зайлан зугтжээ.

Дахиад сар хагас далайгаар тэнэн яваад бас нэг арал дайралдахад нь очтол өөдөөс нь мөн л завь болсон уугуул нутгийнхан давхин ирж. Гэнэт тэдгээр зэрлэгүүдийн яриаг Магелланы туслах Энрике ойлгож байгаагаа хэлэн дуу алджээ. Өчнөөн зовсон ч шантралгүй хайсаар байсан газраа олж ирсэн нь энэ.

Дэлхийг анх тойрсон хүнийг хэн гэдэг вэ гэдэг асуултад Фернан Магеллан гэж хариулаад хүүхдүүд маань онц авч байгаа байх. Ерөнхийдөө зөв боловч үнэндээ дэлхийг анх тойрсон хүн нь Магеллан биш харин Энрике де Малака хэмээх нэртэй зарц-туслах байсан билээ.

Хэдэн хоногийн дараа ойрхон байх өөр нэг том арал дээр очиход (Филиппиний арлуудын нэг) нутгийн хаан Хумабон нь Магелланы усан онгоцны их буу, зэвсэг техникийг харан сүрдэн биширсэн бололтой эелдэг даруухнаар харилцан, худалдаа наймаа хийхийг хүссэнээр нутгийнхан халуун ногоогоо төмрөөр зарж эхэлсэн ба аль аль тал нь сэтгэл хангалуун гэж жигтэйхэн.

Хөөрч баярласан Хумабон нь цаашдаа Испанийн эзэн хааны албат болно, загалмай шашинд нутгаа тэр чигээр нь оруулна хэмээн амлаж сүйд болж байгаа чимээгээр ойрын арлуудаас ч хүн амьтад ирж эхэллээ. Мэдээж тэдэн дунд Хумабонтой  ө ш т э й  өөр нэг “орон нутгийн хэмжээний” хаан байх нь мэдээж. Атаархаж солиорсон тэр хаан өөрийн талын хэдэн хүн цуглуулж аваад Хумабоныг а л а х гэж оролдсоноор бас нэг жижигхэн дайн эхэллээ.

Хамгийн тэнэг нь алс холоос арилжаа наймааны хэргээр ирсэн Магеллан уйдсан уу яасан, дайн тулаанд орж Хумабоныг дэмжин, алдар гавьяагаа байгуулахаар шийдлээ. Нутгийн хэдийг дагуулан байлдаж явсаар хөлөг онгоцноос их холдсон учир хөлгийн их бууны галын дэмжлэг гэж юмгүй боллоо. Удалгүй хүч давуу дайснууд хүрч ирэн Магеллан болон түүний усан цэргүүдийг бүгдийг нь х я д а ж дуусгажээ.

А л а г д с а н Магелланы х ү ү р и й г зэрлэгүүд эргээр чирэн явж янз бүрээр д о р о м ж и л ж байхыг хөлөг онгоцноос сайн харж байлаа. Гэсэн ч хүчирхэг зэвсэгтэй Испанийн дайчид эрэг дээр гарч өшөөгөө авч, удирдагчийнхаа ц о г ц с ы г олж авахын оронд зүгээр л худалдаж авах санал тавьсан гэдэг. Зэрлэгүүд өмнөөс  нь "с...вч" үзүүлж. Ингэж Магеллан гэдэг хүний бие  ц о г ц о с  үгүй болсон түүхтэй билээ.

Дэлхийг тойрсон зам

Магеллан ү х с э н и й дараа өнөө мөр зэрэгцэн дайтаж байсан арлынхан ч зангаа хувиргалаа. Хумабоныг даган загалмай шашинтан болсон нөхдүүд одоо европчуудыг дайран довтолж эхэлсэн ба эрэг дээр болсон тулалдааны дараа 200 гаруй далайчин, гурван хөлгийн хоёр ахмад а л у у л с а н гэдэг. Үлдсэн хэд нь яаран сандран зугтах үед ард нь асар том загалмай шатаж байгаа нь харагдаж байжээ.

А м ь д үлдсэн усан цэргүүд гурван онгоцонд хангалтгүй, тэгээд ч бараг ахмадгүй болсон тул Магелланы халааг авсан Тидоре Элькано нэг онгоцоо хаяхаар шийдэж, Коньсепсьоныг далайд орхисон бол удалгүй хоёр онгоцоо хоёр тийш нь буюу зүүн баруун чиглэлд салган явуулж Испанид уулзахаар болзсон байна. Худалдаа наймаагаар олсон халуун ногоогоо найдвартай хүргэх, шинэ зам олсноо баталгаажуулахын тулд ийм шийдвэрт хүрчээ. Үүнээс хойш олон зовлон зүдүүрийг туулсан Виктория онгоц Испанид эргэн ирсэн нь тэрхүү хуучирч муудсан онгоц, зовж шаналсан 18 хүн байсан юм.

Ингэж Малайн Энрике дэлхийг бүтэн хагас, Тидоре Элькано зэрэг бусад далайчид бүтэн тойрсон түүх дуусдаг бөгөөд энэ их аяныг Магелланы дэлхийг тойрсон аялал хэмээн нэрлэдэг болсон билээ.

P.S

Виктория хөлгийн ёроолд байсан халуун ногоог гарган зарахад Магелланы аялалд зарцуулсан нийт зардлыг бүрэн нөхөөд цаана нь дөрвөн хувийн ашиг үлдсэн гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]