Бэлтгэсэн Б.Нямдолгор
Эртний түүх гэхээр л бидний санаанд хамгийн түрүүнд Египетийн фараон, Грекийн домгийн бурхад, баатрууд, Ромын эзэн хаад санаанд орж ирэх байх. Тэр үеийн хүмүүс хүчирхэг эзэнт гүрнүүд, соёл иргэншлүүдийн мандан бадрал, унал доройтлын гэрч болсон билээ. Бас хажуугаар нь хэдэн зууны туршид цэцэглэн хөгжсөн ч бидний үед төдийлөн хүмүүс мэддэггүй хаант улсууд ч бий. Та бидний төдийлөн сайн мэддэггүй эзэнт гүрнүүдийн тухай өгүүлье.
Чимугийн хаант улс
Алтан өндөгнөөс мэндэлсэн, далайн чанадаас ирсэн Тайканамо хааны үндэслэн байгуулсан Чиму улс гэж хуучны Өмнөд Америкийн уугуул ард түмнүүдийн дунд үлдсэн домогт өгүүлдэг. Тухайн үед Чимугийн хил хязгаар өнөөгийн Перу улсын хойд хэсэгт байсан гэдэг. Андын нуруунд оршин тогтнож байсан эртний улс гүрнүүдийн дотроос хүч чадлаараа хоёрдугаарт бичигддэг Чимуг өөрөөр Чимор гэж ч нэрлэж байсан ба Инкийн эзэнт гүрнийг сэргэн мандах хүртэл хэдэн зууны туршид мандан бадарч байсан аж. Тухайн үедээ Өмнөд Америк тивийн тэгш өндөрлөгийн хамгийн том хот байсан байж мэдэх нийслэл Чан Чан нь алс холын худалдааны сүлжээг атгадаг байв.
Хэдэн мянгаар тоологдох гар урчуудын бүтээл, хотын ер бусын архитекторын шийдэл Чан Чанд хүрэлцэн ирсэн ямар ч зочин гийчний сэтгэлийг ховсоддог байсан тухай олон янзын домогт өгүүлнэ. Инкүүд хотод ноёрхлоо тогтоохдоо Чан Чаны орднуудыг тонож дээрэмдсэн байдаг.
Гандхарагийн алдагдсан эзэнт гүрэн орчин цагийн Пакистан, Афганистаны уулсын орчимд байжээ. Газарзүйн хувьд Афганистаны Кабул орчим, Инд мөрний хоорондох хур тунадасаар нэн баян бүс нутагт сунаж тогтсон байдгийг нь бодолцон үзээд Гандхара гэх нэрийг “Нууруудын нутаг” гэж орчуулдаг бол зарим судлаачид “Анхилам үнэртний нутаг” гэж хөрвүүлдэг.
Өрнө, дорныг холбож байсан гэдгээрээ Гандхара тун онцгой шинж чанартай байсан билээ. Хамгийн түгээмэл тархсан шашнуудын нэг болох бурхны шашин нөлөөгөө үзүүлж байсан, Их Александрын эзлэн түрэмгийлэлтэд хөндөгдөөгүй зэрэг мэдээлэл үлдэж хоцорчээ.
Үүнийг өгүүлэхийн учир нь гандхарачуудын үлдээсэн соёлын өвүүдэд бурхны шашны шинж, эллинчүүдийн соёлын шинж чанар хоёулаа агуулагдсан байдаг юм. Ойролцоогоор МЭӨ 1500 оноос МЭ 530 он хүртэл оршин тогтносон Гандхарагийн соёл иргэншлийн түүхийг Эртний Энэтхэгийн Рамаяана, Махабхаратагийн туульсд ч дурдсан байдаг.
Хотаны вант улс
Хотиан, Хэтиан ч гэж бичигддэг Хотан нь хэдэн зууны турш Европ, Азийг холбож байсан түүхт Торгоны замын түм түжигнэж бум бужигнасан төв нь байсан юм. Хотан нь өнөөгийн Хятадын баруун захын Шинжааны орчимд байршиж байв. Нийслэл Ютиан нь хамгийн багадаа нэг мянган жилийн турш Азийн энэ хэсэгт худалдаа, аялал жуулчлалын төв байсаар иржээ.
Торго үйлдвэрлэх арга, уламжлал Хотан болон түүний ойр орчмын бүсэд яаж нэвтэрсэн нь тодорхой бус байдаг ч домогт өгүүлснээр Хятадаас гаралтай нэгэн бэрийн ачаар тэд энэ мэдлэгийг олж авсан ажээ. Хятад бүсгүйтэй гэрлэсэн Хотаны эзэн хаан эхнэрээ төрхмөөсөө ялам модны хүр хорхойг аваад ирээч гэж ятгажээ. 6-р зуун гэхэд Хотан эртний Азийн торгоны үйлдвэрлэлийн томоохон төв болчихсон байлаа. Хятадын Такламаканы цөлөөс олдсон бурхны шашны хийдүүдэд Хотаны эзэнт гүрнээс үлдсэн олон үнэт зүйлс эл эзэнт гүрний ид цэцэглэж явсан үеийг дурсан сануулдаг юм.
Домогт л гардаг Колчисын эзэнт гүрэн
Грекийн домогт Колчисын эзэнт гүрнийг баян тансаг хүмүүс байсан гэж гардаг. Бурхнаас гал хулгайлахыг завдсаных нь төлөө шийтгэл болгон ууланд гинжилж орхисон Прометейн түүхүүдэд Колчисын тухай дүрслэгддэг бөгөөд чухам Колчисын эзэнт гүрний нутагт орших уулнаас л Ясон алтан хуцны ноосыг олохоор явсан гэж гардаг билээ. Хар тэнгисийн зүүн эргээр, Крымийн хойгийн зүүн өмнө талд оршдог Колчис нь эртний хөгжин цэцэглэж буй бодит эзэнт гүрэн байсан ба тэднээс л Гүрж улс бий болох эхлэл тавигдсан гэж үздэг юм.
Колчисын ард иргэд газар тариалан, далайн худалдаа эрхэлж, төмөр цутгаж мөнгө олсон юм. Мэдээж хэрэг энэ нь тэднийг грекүүдээс гадна Перс, хожмын Ром, гэсэн олон дайсантай болгосон болохоор тэд эзэнт гүрнийхээ нэрийг Лазикум болгон өөрчилжээ.
Колчисын нутаг дэвсгэрийг хэн захирах гэж ирснээс үл хамааран тэд үргэлж л дарангуйлагчийнхаа эсрэг бослого гаргадаг байв.
- Аксумын мартагдсан эзэнт гүрэн
Аксумын эзэнт гүрэнтэй холбоотой түүхүүд Библийн үлгэр, домогт олонтаа гардаг билээ. Зарим хүмүүс энд Шебагийн хатан хаан амьдарч байсан гэдэг бол зарим нь Дундад зууны хамба Престер Жоны төрсөн нутаг байсан гэлцэнэ. Нил мөрнөөс Улаан Тэнгис хүртэлх өргөн уудам нутагт сунаж тогтсон Аксумын эзэнт гүрний эзэмшилд өнөөгийн Этиоп, Эритри улс ч багтаж байлаа. Улаан тэнгисийн төгсгөл хэсгийн хоёр талын эргээр нутаглах аксумчууд хэд хэдэн томоохон хотууд байгуулж, улмаар хүчирхэгжин хавь ойрдоо дийлдэшгүй цэрэг, армитай улс болсон гэх.
Ид мандан бадралын үедээ Аксумын эзэнт улс хөрш зэргэлдээх Арабын хойгийн нэг хэсгийг эзлэн түрэмгийлсэн төдийгүй, хойш давшиж Египетийг, баруун тийш Хойд Африкийн эргээр давшиж Нумидын эзэнт гүрэн хүртэл халдан довтолдог байжээ. Аксум нь 1-8-р зууны хооронд худалдааны хүчирхэг эзэнт гүрэн байсан ба агуу Ромын Эзэнт гүрнийг Энэтхэгийн дэд тивтэй холбодог байлаа. 3-р зууны үед Ром, Хятадын эзэнт гүрнүүдийн хамтаар Аксумын эзэнт гүрэн дэлхийн хамгийн агуу гүрнүүдэд тооцогддог байв.
Аксумын хаад ромчуудыг дагаж Христийн шашныг өөрсдийнхөө үндсэн шашин болгосон юм. Аксумын эзэнт гүрнийг хүч чадлаа алдаж эхлэх үед Исламын шашин дэлгэрч өөрчлөлтийн салхи дэгдэв. Этиопын хойд хэсгийн Аксум хот нь 50 мянган хүнтэй бөгөөд Африкын хамгийн хөгшин хотуудын нэгт бичигддэг.
- Кандигийн эзэнт гүрэн
15-р зууны үед Шри Ланкийн арал дээрх Кандигийн эзэнт гүрэн засгийн эрх мэдэлд гарч ирэв. Хөрш зэргэлдээх эзэнт гүрнүүд нөлөөгөө бэхжүүлсэн колончлагчдад бууж өгсөн ч Кандичууд аль болох удаан хугацаагаар дайралтаа үргэлжлүүлсээр л байв. 150 жилийн турш Кандичууд хотыг нь зэрлэг бүдүүлгээр эвдэж сүйтгэсэн Португалыг эсэргүүцсэн ч хэзээ ч хүчирхэгжиж чадаагүй юм. Харин Кандигийн ширэнгэн ой, хумхаа өвчин урилгагүй зочдод саад болдог байж.
19-р зууны эхэн үе хүртэл Британичууд Кандигийн дотоодын үймээн самууныг ашиглаж байлаа. Кандигийн эзэнт гүрний дарлагч хааныг хаан ширээнээс зайлуулах хэлэлцээрийг 1815 онд хийжээ. Эзэн хаан бүрэн эрхт байдлаа алдсан ч хэлэлцээр Кандигийн ахлагчдыг эрх мэдлээ хадгалан үлдэх боломжоор нь хангасан юм. 2 жилийн дараа тэд хэлэлцээрээсээ буцахыг оролдон Британичуудыг хөөхийг хичээсэн ч хэтэрхий оройтсон байсан билээ.