Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Английн хаад, хатад: I Уильямаас II ЭлизабетУншсан8,546

Энэ бол хүсэл шунал, урвалт шарвалт, баатарлаг явдал, харгис хэрцгийлэл, нууцлаг хэрэг, аллага, түрэмгийлэл, эмгэнэл болоод аугаа ялалтын түүх, огтоос уйдамгүй “жүжиг” билээ.

Орчуулагч Г.Лхагвадуламын орчуулж, эмхэтгэсэн “Английн хаад, хатад” номын хэсгээс хүргэе. Уг ном “Интерном”, “Аз хур”, “Мир” номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.


 

Английн хаад, хатдын түүх таны төсөөлж чадахаас ч илүү сонирхолтой. Энэ бол хүсэл шунал, урвалт шарвалт, баатарлаг явдал, харгис хэрцгийлэл, нууцлаг хэрэг, аллага, түрэмгийлэл, эмгэнэл болоод аугаа ялалтын түүх, огтоос уйдамгүй “жүжиг” билээ. Мөн аль ч орны хаад, хатдын түүхээс огт өөр гэдгийг нь дахин нэгэнтээ тэмдэглэе. Английн язгууртнууд хэзээд бусдаас өөр байж ирсэн. Магад ийм болоод ч тэд одоо хүртэл нэр хүндтэй байгаа биз ээ.

Энэ бүлэгт бид Энн хатны таалал төгссөнөөс эхлээд Виктория хатны титэм залсан үе хүртэлх түүхийг өгүүлнэ. Өөрөөр бол Их Британийн хаад, хатадтай таныг танилцуулах юм. Англи-Британийн ихэс дээдэс чухам юугаараа бусдаас өөр болохыг та сонирхож байвал бидний дор өгүүлэх түүхийн эхлэл буюу 1714 онд Европын бусад орны төрийн толгойд ямар ямар удирдагчид байсныг санахыг хүсье. Эх газрын Европт хэмжээгүй эрхт хаад ноёлж байв. Францын XIV Луи, Оросын Аугаа Пётр, Испанийн V Филипп, Пруссийн Фредерик Уильям нар бүгд хэмжээгүй эрх мэдэлтнүүд байлаа. Харин Британид байдал огт өөр байсан юм.

Энн хатан таалал болж, протестант шашинт Стюартынхны удам тасрав. Английн хаант засгийг үргэлжлүүлэх протестант ургийн хэлхээ Хануверийн захирагч хэмээх герман язгууртантай гэрлэсэн, анхдугаар Жеймсийн зээ охин Софиягаар дамжин, ууган хүү Жорж Луист нь шилжлээ. Харь орны нэгэн жижигхэн ханлигийн тэргүүн 54 настай герман ханхүүгийн сүлд тэмдэг ийнхүү Их Британийн Нэгдсэн Хаант Улсын төрийн сүлдний дөрөвний нэгийг бүрдүүлэх болов. Жорж Британийн нутагт хөл тавихдаа өөрийгөө эх газрын Европын бусад хүч нөлөөтэй удирдагчид шиг байхгүй гэдгээ сайн мэдэж байв. Тэрбээр эрх мэдэлгүй шахам байхаас гадна нэг ч англи үг мэдэхгүйдээ харин сандарч тэвдсэнгүй. Өөрийг нь хаанд өргөмжлөх ёслолын үеэр Жорж хэдий үг дуугүй байсан ч тайван гэгч нь сууж, өөрийнх нь тангарагийн үгийг Лордын танхимын тэргүүлэгч уншихыг ойлгосон аятай байсан гэдэг.

Францад ирж суурьшсан викинчүүдийн удам болох нормандчууд хийгээд франц Плантаженетийнхан, уэльс Тюдорынхон, шотланд Стюартынхны гар дамжсан Английн хааны титэм ийнхүү герман Хануверийнхны мэдэлд шилжив.

I Жорж (1714-1727)

Шинэхэн хааны ганц хүү Жорж Августус Английн хаан төрөөс хууль ёсны угсаа залгамжлах хунтайжид хүртээдэг Ротсейн гүн хэмээх хэргэм залж, Лордын танхимд суух болов. Тэрбээр төрөлх Германаа орхихынхоо өмнө "Надад харийн гэх дусал цус ч байхгүй. Би бол жинхэнэ британи хүн" хэмээн бахархалтайяа тунхагласан байдаг. Харин Ротсей бол Шотландын гүнлэг билээ.

Хунтайж Жорж хаан эцгийнхээ англи албатуудтай нэг зүйлээр ижилсэж байсан нь анхдугаар Жоржийг үзэн ядах, үл хүлцэх сэтгэл юм. Тийн хандах учир шалтгаан нь ч тэдний дунд адил байв. Жоржийг Британийн хаанаар тодрохоос 20 жилийн өмнө эхнэрийнх нь дотнын анд Кёнигсмарк хэмээх нэгэн залуу гүнтэнд тун учир битүүлэг явдал тохиолджээ. Жоржийн эхнэр, Британийн ирээдүйн хатан, тухайн цагийн гүнж София Доротея дайн самуун, эмс хүүхнүүдэд хамаг цагаа бардаг нөхрөө үзэж чадахаа байж, ихэд зовж шаналах болж. Харин дур булаам залуу гүнтэн хөөрхий гүнжид сэтгэлтэй байсан уу, эсвэл ердөө хүн ёсоор хандахыг бодсон уу, ямартаа ч түүнийг Ханувераас зугтахад нь туслахаар шийдсэн бололтой. Гэвч тэрбээр бүтэлгүйтэж, төд удалгүй бараа сураггүй болжээ. Үнэн хэрэгтээ түүнийг Жоржийн тушаалаар хороосон байлаа. Залуу гүнтний цогцос София гүнжийн хувцасны өрөөний шалан дороос олдсон гэх бөгөөд энэхүү дуулиант хэргээс болж гүнжтэн гэрийн хорионд оржээ. Жорж Августус эхийг нь ийн шийтгэсэн эцгээ ер өршөөгөөгүй байна.

Гэхдээ Хануверийнхны дунд энэ нь шинэ зүйл биш байлаа. Эцэг, хүү хоёрын мөнхийн өрсөлдөөн, харилцан биесээ үзэн ядах сэтгэл, эхнэр нөхрийн таагүй харилцаа уг гэр бүлийн бусдаас ялгарах, үеэс үед уламжлагдах онцлог болжээ.

Англичууд харь нутгаас ирсэн ээлжит шинэ хаанаа авааль эхнэрээ гэртээ хорьчихоод хоёрын хоёр амраг хүүхнээ дагуулж ирсэнд ихэд дурамжхан байв. Тэд мөнөөх хоёр эмэгтэйг нэгийг нь Шонгийн мод, нөгөөг нь Аварга заан хэмээн хочлох боллоо. Үнэхээр ч анхдугаар Жоржийг дагаж ирсэн герман язгууртнууд хүсэл шуналдаа хөтлөгдсөн харийн мөлжигчид шиг харагдаж байв. Шинээр өргөгдсөн хаан нь тун ч нэр муутай буй эл завшааныг ашиглан зарим католик шашинтан, тэр дундаа шотландчууд Английн хааны титмийг Стюарт овогтнуудад буцаан шилжүүлэх арга сиймхий эрэлхийж эхэлжээ. II Жеймсийн хүү, Францад өссөн хунтайж Жеймс Францис Эдуардыг тэд Их санаархагч хэмээн нэрлэж, хаан суухад чухам тохирсон хүн хэмээн дэмжих боллоо. Францын хаан ч тэдний талд байв. XIV Луигийн нууц амраг, хожмоо хааны хоёр дахь эхнэр болсон Мадам де Ментенон өмнө нь XIV Луигийн өгзгөндөө хийлгэсэн хүндхэн мэс засал амжилттай болсныг тохиолдуулан өөрийн зохиосон нэгэн дууг орчуулж, Жеймс хунтайжид титэм залах ёслолын аялгуу болгон өргөн барьжээ. Хатагтай Ментенон түүнийг Шотландын наймдугаар, Английн гуравдугаар Жеймс хаанд өргөгдөнө гэдэгт итгэлтэй байв. Харин мөнөөх дуу нь зориулагдсан эзнээсээ илүү алдаршиж, Их Британийн төрийн дуулал болсон түүхтэй.

Их санаархагч Жеймсийн дэмжигчдийн 1715 онд өдөөсөн зэвсэгт бослого олныг хамарч чадсангүй, дорхноо дарагдав. Хаан сэнтийд санаархагч ч өөрөө алдар нэрийг олсонгүй, хэдэн сар Шотландын уулархаг нутгаар хэрэн бэдэрч байгаад суугуул нутаг Франц руугаа буцжээ. Жорж хааны сэнтий ийнхүү улам батажлаа. Тэрбээр жил бүр сэрүү унамагц төрөлх Ханувертаа очиж өвөлждөг байсан нь парламентын гишүүд, сайд, түшмэдийг төрийн хэрэгт илүү оролцоотой, эрх мэдэлтэй болгожээ. Харин хааны өөрийнх нь эрх үүрэг Дээд сайд хэмээгдсэн албан тушаалтанд шилжлээ. Хожмын Ерөнхий сайдын алба болох энэ ажлыг хариуцаж авсан анхны хүн бол Роберт Уолпол юм. Уолпол герман хэл мэддэггүй байсан тул англи хэлгүй хаантайгаа зөвхөн латинаар харилцдаг байжээ.

Анхдугаар Жорж хаан 1727 онд Ханувер дахь өргөөндөө гэнэтхэн таалал төгсөв. Тэрбээр 67 настай байлаа.

Англи албатууд нь түүнийг өөрөө хүсээгүй байхдаа хаан болсон "Азтай Жорж" хэмээдэг байж. Харин түүний харь нутагт төрж өссөн, англи хэл огт мэддэггүй байсан, улс орны хэрэг явдлыг итгэлт сайд нартаа даатган жил бүр нутаг буцдаг байсан "гавьяа"-г нь бодохул өнөөгийн ардчилсан тогтолцооны суурийг тавилцсан хэмээн үзэж, өөрийг нь бус Британи орныг "азтай" хэмээн тодотгож болох юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]