Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Барон Унгерн 1921 оны хувьсгалд ямар нөлөө үзүүлсэн бэ?Уншсан19,235

Сергей Львович Кузьмин “Барон Унгерний гавьяа бол Монголыг Хятадын түрэмгийллээс чөлөөлж, сүүлчийн хааных нь хууль ёсны засаглалыг сэргээсэн, улс орныг нь тусгаар болгож чадсанд оршино” гэж дүгнэсэнтэй санал нэг байна.

Т.Сүхбаатар-БХЭШХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Ph.D

Монголын түүхэнд өөрийн ул мөрөө сайнаар ч тэр саараар ч тэр үлдээсэн гадны олон хүмүүс байдгийн нэг нь Барон Унгерн Фон Штернберг (1885-1921) юм. Монголчууд Унгерны тухай хуучны соц нийгмийн үеийн кино, ном, ухуулга хуудас дээрээс дандаа эсрэг муу дүрээр ойлгон хүлээн аваад тэр чигээрээ тархинд нь гүн гүнзгий суучихсан. Унгерны удам угсаа нь герман, балти, унгар, славян, скандинав цус холилдсон маш эртний язгууртан гаралтай гэж яригддаг ч тийм ч баталгаатай бус. Өөрөө миний цусанд Аттилагийн удам угсаа ч бий хэмээн ярьдаг байсан. Эцэг Теодор-Леонгард-Рудольф барон язгууртны гаралтай. Эх Софи-Шарлотта герман хүн. Унгерний гэр бүл Европоор их аялдаг байсан бөгөөд нэгэн удаагийн аялал Австри-Унгарын эзэнт гүрэнд болох үед 1885 онд домогт Барон Унгерн хорвоод мэндэлжээ. “Барон” бол түүний хүртсэн алдар цол хэргэм. Унгерн гэдэг нь өөрийн нэр.

 

Түүний бүтэн нэрийг Орос хэлэнд Барон Роберт Николас Максимилиан (Роман Фёдорович) фон Унгерн-Штернберг, Герман хэлээр Roman-Nikolai-Maximilian Feodorowitsch von Ungern-Sternberg, auch Robert Nikolaus Maximilian Freiherr von Ungern-Sternberg  гэж бичдэг. Удамд нь рыцарь буюу хүлэгт баатрууд байж загалмайтны аян дайнд оролцож амь насаа алдаж байсан учир тэрээр ч мөн адил өөрийгөө дайны талбарт үхэх ёстой гэж үздэг байсан. Гэвч тэр хүсэл нь биелж дайны талбарт амь үрэгдээгүй ч дайны цагийн хуулиар цаазлагдсан.

Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 онд ХБНГУ-д айлчлах үеэрээ Бундестагт тавьсан албан ёсны үгэндээ: “Өнгөрсөн жил Монгол Улс тулгар төрийнхөө 2220 жил, тусгаар тогтнол эрх чөлөөгөө сэргээн тогтоосныхоо 100 жилийн ойг тэмдэглэсэн. Тэртээ ХХ зууны эхээр хаант Оросын армид хүчин зүтгэж явсан Барон Унгерн-Штернберг гэдэг нэгэн Герман гаралтай офицер Монгол Улсыг харийн түрэмгийлэгчдийн дарлалаас чөлөөлөхөд манай эх орончидтой мөр зэрэгцэн тэмцсэн байдаг. Тэрээр Монголын хааныг хаан ширээнд нь эргүүлэн залахад шийдвэрлэх үүрэгтэй оролцсоныхоо төлөө манай сүүлчийн эзэн хааны хамгийн дээд соёрхлыг хүртсэн”  гэж ач холбогдол өгөн тэмдэглэснээс үзэхэд Герман гэдэг нь лавтай биз ээ. Ядаж зөвлөхүүд нь хэлэх үгийг нь хянаж бичиж өгдөг шүү дээ.

Унгерн 1908 оноос Байгаль нуурын чанад дахь казак цэргийн Аргуны 1-р хороонд хорунжий цолтой алба хаасан. Цэрэгт нэлээд сахилга бат султай байсан тэрбээр ямар нэгэн алдар гавьяа байгуулах хүсэл мөрөөдлөө дарж ядан байсан нь гарцаагүй юм. Мөрийтэй тоглоом архи, хүүхэн гээд тухайн үеийн офицеруудын нийтлэг дүр төрх Унгернд байжээ.

Унгернтэй Улиастайгаас Ховд руу Монголын эрх чөлөөний хөдөлгөөнд оролцохоор явж байхад нь аяны зам нийлж байснаа сүүлд нэрт Монголч эрдэмтэн болсон оросын тагнуулч А.В.Бурдуков “Хуучин ба шинэ Монгол” номондоо (Улаанбаатар, 1987 он. Орч. Э.Базаржав) түүний төрөлх онцгой зан чанарын тухай тодорхой дурдсан байдаг. Харамсалтай нь, Ховд дахь Оросын консул Люба гэх дипломатч түүнийг гадаад улсын хэрэгт хөндлөнгөөс оролцож болохгүй гээд буцаагаад хөөн явуулчихсан байдаг боловч, 1914 он хүртэл Монголд байсаар л байсан гэдэг таамаглалыг Оросын түүхчид, судлаачид хөндсөөр байдаг билээ. Гэвч баримт нотолгоо байхгүй.

Унгерн 1914 онд Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Доны казакын 34-р хороонд алба хааж эхэлжээ. Эрэлхэг зоригтой байлдсаны төлөө удаа дараа гавьяа байгуулж олон тооны одон медалиар шагнуулж байсан. Сахилга алдсаны улмаас буриад хольцтой Семёновын (сүүлд Байгал нуурын чанад дахь казакуудын атаман) хороонд шилжсэн. Семёновыг дагаж 1917 оны 2-р сарын хувьсгалын дараа Байгал нуурын чанадад очиж ажиллах болжээ. Энэ үед л түүний Монгол руу орох үйл явдал эхэлсэн.

Унгерны Монголд орох болсон шалтгаан нь маш их маргаан дагуулсан сонирхолтой түүх байдаг юм.

Иргэний дайны хөлд үймээд байсан Зөвлөлт Орос улс нь Сибирьт шахагдаад байсан адмирал Колчакийн армийн үлдэгдэл болон Монголд нөлөөгөө тогтоох гэж оролдож байсан Дундад Иргэн улсаас “залуу” Зөвлөлт Бүгд Найрамдах улсаа хамгаалахын тулд эхлээд Сибирьт АДБНУ /Алс Дорнодын бүгд найрамдах улс/, Монгол хэмээх хоёр буфер улс байгуулах хэрэгтэй байлаа. Юуны өмнө тэд Монголд өөрийн цэргээ оруулах сонирхолтой байсан хэдий ч энэ сонирхол нь Дундад иргэн улсын эрх ашигт харшилж байсан юм. Хаант Орос ч тэр Зөвлөлт Орос ч тэр гадаад Монголыг Хятадын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг байсан юм.

Тиймээс тэд Атаман Семёновын армийн удирдлага дор явж байсан Унгерныг Монголд орж ирэн улмаар Монголоор түшиглэн Зөвлөлт Орос улс руу хийх дайралтыг л хүлээж байлаа. ЗОУ-ын чекистууд Бароны пан Монголын талаарх үзэл бодлыг эртнээс тагнан мэдэж байсан бөгөөд Монголын зүүн хойд хилийн районд бөөгнөрч байсан цэргийн хүчийг ч гэсэн анхааралтай ажиглаж байсан юм. Сибирьт хувьсгалчид хөлхөлдөж байсан энэ цаг үед Барон Монголоор дамжин залуу АДБНУ-д цохилт өгөх боломжтой байсан юм.

Монголчуудыг азын бурхан тэнгэр ивээжээ. 1920 оны 10 сард нэр алдарт дуртай, өөрийгөө Хүннүгийн Атилла хааны удам хэмээн боддог догшин ширүүн зантай зөвхөн тулалдааны талбарт л амь насаа золих ёстой хэмээн үздэг Барон Унгерн өөрийн томоохон цэргийн хүчний хамт Монголын зүүн хилээр (Гилбэр харуулаар) 800 орчим цэрэг бүхий “Азийн морин дивиз” гэгчээ авч орж ирсэн бөгөөд тэрээр шууд л Монголын тухайн үеийн нийслэл Хүрээг чөлөөлөх үйл ажиллагааг эхэлсэн байдаг. Бароны энэ бие даасан гэмээр үйл ажиллагааг ЗОУ ихэд анхааралтай ажиглаж анаж байсан бол Дундад иргэн улс дотоодын цэргийн бүлэглэлүүдийн үймээн самуунаасаа болоод анзаарах ч тэнхээ байгаагүй юм.

Барон тус бүрдээ 150-200 хүнтэй гурван морьт хороо, пулемётын команд бүхий даурын морьт отряд ба бүрэн бус гурван батарей буюу нийт 800 орчим цэрэгтэй байжээ. Хороод нь Монгол-буриадын, татаарын, атаман Аннековын хэмээн тус бүрдээ нэрлэгдэж байв .

Бароны зорилго нь өөрийн цэргийн хүчийг зузаатгах, Гадаад Монголыг ЗОУ-аас хамгаалах Буфер бүс нутаг болгох, мөн нийт Монголчуудыг нэгтгэсэн нармай Монголын тухай мөрөөдөл зорилготой байсан ба энэ бүс нутагтаа түшиглэн Япон, АНУ гэх мэтийн улсуудаас тусламж авах санаа байсан бололтой. Түүнээс бус Монголын хаан болж, Монголыг эзлэн дээрэмдэх сонирхолгүй байсан юм. Унгерн Монголд цөмрөн орсон асуудлаа “Дэлхий дахины ач холбогдолтой, зүй тогтолт зүйл”  хэмээн зөвтгөж байжээ.

Бароны 1200-1400 орчим хүнтэй болсон Азийн морин дивиз гэгч 1920 оны 10-р сарын 26-нд анх Хүрээг довтолсон бөгөөд Хүрээнд байсан Хятад цэргийн хүч их байсан зэргээс болж хэд хэдэн удаагийн дайралт нь амжилт ололгүй хэсэг хугацаанд цэргээ амарааж хүчээ сэлбэх зорилгоор Тэрэлжийн зүгт ухарсан байна. Хүрээнд тухайн үедээ албан хүчээр дайчлагдсан гээд нийтдээ Хятадын 15.000 орчим цэрэг байрлаж байсан юм. Хүрээний гарнизон хятад худалдаачдыг хүртэл цэрэгт татаж байлаа.

1921 оны 02 сарын 04-нд хүчээ сэлбэн Монгол, буриад япон, хятад цэрэг нийлсэн 2000 орчим цэрэгтэй болсон Барон Унгерн удаа дараагийн хүнд ширүүн тулалдааны үр дүнд гадаад Монголын Нийслэл хүрээг эзлэн авч 1921 оны 02 дугаар сарын 21-нд VIII Богдыг Монголын хаанаар дахин залж Монголын тусгаар тогтнолыг дахин сэргээхэд үлэмж туслалцаа үзүүлсэн юм. Улаан Оросууд болон, Монголчуудын хийж чадахгүй байсан тэр түүхэн үйл явдлыг Барон хийж дуусгасан. Түүний энэ амжилтад дараах хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлжээ.

- Барон Унгерн юуны өмнө өөрийн цэргийн тоог ямагт ихэсгэж бараг 10,000 орчим цэрэгтэй дээрээс нь адмирал Колчак, атаман Семёнов нарын 100 мянган цэрэг ирж яваа гэх цуу тараасан.

- Мөн Бароны цэргийн байлдах чадвар Хятадын хагас дутуу дайчлагдсан энгийн иргэдээс хэд дахин илүү.

- Хятадын талын удирдлага үхээнц сул дорой байсан.

- Байлдахаас илүү амь гаран зугтах хүсэл нь хятадуудад илүү байсан.

- Эх орноо Хятадын дарлалаас чөлөөлөх гэсэн Монголчуудын чин зориг хүсэл эрмэлзэл зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ. ХХ зууны Монголын түүхийн тавцангаас Бароны энэ гавьяаг авч хаях нь шударга үнэнд үл нийцэх зүйл билээ. Бараг л түүнд зориулсан хөшөөг Амгалан, Ботаникийн тэнд босгоход болохгүй гэх газаргүй билээ. Бароны энэ үйл явдал нь эерэг болон сөрөг талыг агуулж байсан юм. Нэгдүгээрт: Барон Хятад цэргийн гол хүчийг бут цохиж Монголын хувьсгалчдад үйл хэргээ явуулах асар том болгомж олгосон.

Хоёрдугаарт: Оросоос зугтан гарсан коммунист засгийн том дайсан байсан учир ЗОУ-ын цэргийг Монголд оруулах бодитой шалтгаан болсон.

Гуравдугаарт: Барон хувь хүнийхээ талаас ямар нэгэн баатар болж гавьяа байгуулж түүхэнд нэрээ мөнхлөх хүсэлтэй байсан нь Монголд биелэгдсэн билээ.

Барон Унгерн Хүрээг чөлөөлсний дараа хийсэн ажлууд гэвэл, тэрээр юуны өмнө олон жилийн хур хог, дайнд үрэгдэгсдээс цэвэрлэжээ. Мөн Хүрээнд шинэ дэг журам тогтоож, банк, утсан холбоо, оёдлын үйлдвэр байгуулж, Хүрээгээр дүүрэн ухуулга сурталчилгаа хийн Монголчуудын тархийг угааж байсан большевик болон еврей нартай тооцоо бодов. Тэд бүгд коминтерний тагнуул, туршуулууд байсан гэдэг нь тодорхой.

Оросын эрдэмтэн С.Л.Кузьмин “хэрэв Унгерн Монголд орж ирээгүй бол Монгол Хятадын эзлэлтээс амар чөлөөлөгдөхгүй байсан болов уу” гэсэн санаа дэвшүүлжээ. Энэ нь ч няцаах аргагүй бодит түүх. Унгерны Монголын хувьсгалд туслан Хятадын томоохон хүчийг бут цохисон хоёр дахь байлдааны ажиллагааны талаар товч өгүүлье.

Өнөөгийн Төв аймгийн Баянхангай сумын нутаг Улаан хад хэмээх газар Хиагтаас зугтсан болон нийслэл хүрээний ойр орчим бүгж байсан гамин цэргүүд Барон Унгерны удирдсан цэргүүдийн хооронд томоохон тулалдаан болсон юм. 1921 оны 3 сарын 18-нд Зөвлөлтийн АДБНУ-ын цэргүүд болон МАЖЦ хамтран Хиагтыг чөлөөлсөн бөгөөд бут цохиулсан Хятадын гамин цэргүүд зүүн өмнө зүг Ивцэг рүү, зарим нь хойшоо АДБНУ-ын нутаг руу зэвсгээ хураалгах нөхцөлтэйгөөр, үлдсэн хэсэг нь Манжуур руу, ихэнх хэсэг нь Нийслэл хүрээг баруун талаар нь тойрон өмнө зүгт Хятад руу гарах гэж хэдэн хэсэг болон зугтжээ.

Бароны штабын дарга байсан хурандаа М.Г.Торновскийн дурсамжаар бол хятадууд эхлээд баруун урагшаа гарч явсан боловч Орхон голыг даган өмнө зүг явж байснаа Нийслэл хүрээний зүг хөдөлжээ .

Тэдний өөдөөс 800 орчим Монгол болон оросын хамтарсан цэргийн хүчин Резухины удирдлага дор тосон очсон байна. Тэд өнөөгийн Төв аймгийн Баянхангай сумын нутаг дахь Улаан хад хэмээх газар тулгарчээ. М.Г.Торновскийн бичиж үлдээснээр “барагцаалбал 2000 орчим морин цэрэг, 3000 орчим явган цэрэг, энгийн хятад худалдаачин 2000 орчим, хөсөг тэрэг 200-300 байна”  гэж өгүүлжээ. Н.Н.Кянзев өөрийн бүтээлдээ “6000 тооны цэргээс 2000 орчим нь морин цэргүүд, тэднийг даган 2000 орчим дүрвэгсэд (хятад сууршьмал иргэд бололтой), Өргөө болон Хиагтын худалдаачин хятадууд явна  гэсэн ойролцоо тоо хэлжээ. Гэхдээ хятад цэргийн тоо үүнээс ч их байж болно.

Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэн хэнийгээ шахсан ширүүн тулалдаан болж дөрөвдүгээр сарын 3-ны өглөө Хятадын цэргүүд өмнөх өдрийнхөө орой тохирсон ёсоор бууж өгөлгүй зугтан алга болсон байна. 2000 гаруй хятад цэрэг үлдэн бууж өгсөн бол зугтсан цэргүүдээс ч замдаа цагаатны цэрэгт бас дахин 1000 орчим цэрэг бууж өгч үлдсэн нь цагаан цэрэг болон Монголчуудтай тулалдан амь үрэгдэх буюу эсвэл ор сураггүй алга болж цөөн хэдэн хэсэг нь л нутагтаа харьж чаджээ. Монгол ардын журамт цэргийн дурдатгалд Улаан хаданд бууж өгсөн 990 хятад болон 700 хөсгийг Нийслэл хүрээнд илгээжээ гэж дурссан байдаг. ОХУ-ын гадаад бодлогын архивт буй Барон Унгернаас Найдан ванд бичсэн захидалд генерал Джа-у-наар толгойлуулсан 4000 хятадыг олзлов”  гэсэн мэдээ бий.

Хятадууд хоёр замаар салан зугтсан гэж үзжээ. Нэг хэсэг нь баруун тийш Улиастайн замаар явж Улиастай, Ховдод суугаа хятадуудтай нэгдэн Шинжаан руу гарах зорилготой, нөгөө хэсэг нь Заамар сумын нутгаар дайран баруун хойшоо явсан гэж үзжээ.

Нийслэл хүрээ болон Улаан хадны байлдаан бол Монголын хувьсгалчдын Монгол ардын болон Улаан армийн цэргүүдийн гарыг хөнгөлж өгсөн хувьсгалын ялалтад чухал хувь нэмэр оруулсан тулалдаан байсан юм. Монгол ардын журамт цэрэг дан ганцаар Нийслэл хүрээг гамингаас чөлөөлж чадах байсан эсэх нь үнэхээр эргэлзээтэй. Чадах байсан ч нилээд цаг хугацаа шаардсан сунжирсан зүйл болох байсныг Барон хөнгөлж өгсөн. Нийслэл хүрээнд сайтар зэвсэглэсэн, хүчээр цэрэгт татагдсан, мэргэжлийн цэрэг гээд нийт 10,000 орчим цэргийн хүчин байсан. Харин Хиагтад 2500 орчим гарнизоны цэргүүд л байсныг бодоод нэг үзэх хэрэгтэй. Гэхдээ энэ тусдаа ярих түүх.

Түүх түүхээрээ л байх ёстой. Бид хэдий болтол коммунистуудын зохиож өгсөн үзэл сурталжсан түүхэнд итгэж түүгээр бахархаж явах ёстой билээ. Бодох л асуудал шүү. Оросууд 1380 онд Куликовын тулалдаанд хэдхэн мянган цэргийн хүчээр хэдэн зуун мянган цэрэгтэй Алтан ордны улсын цэргийг ялсан тухай үнэн худлыг үл дэнслэн бахархах дуртай шиг аливаа үндэстэнд өөрийн гэсэн яруу алдарт цуу домог байх ёстой. Гэхдээ түүхэн үнэнээс гажих хэрэггүй юм.

Монголын түүхэнд Барон байгуулсан гавьяаг магтан дуулах нь заавал энэ цаг үеийн асуудал бус харин түүхэн үнэнг дэлгэх цаг үеийн асуудал юм. Барон Монголд гавьяа ч байгуулсан гай ч тарьсан. Гэхдээ хар цагааны авах гээхийн ухаанаар ялган таних ёстой юм. Барон цэрэгт байлдаж явсан олон зуун Монгол цэрэг, олон арван Монгол ноёдын ач гавьяаг бид мартах учиргүй. Тэд бол тухайн цаг үеийнхээ ганц удирдагч болох хууль ёсны хаан VIII Богд гэгээний батламж зөвшөөрөл зарлигаар эх орны харийн дайснаас чөлөөлөх гэж тэмцэж явсан билээ.

ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүх судлаач түүхийн ухааны доктор Сергей Львович Кузьмин “Барон Унгерний гавьяа бол Монголыг Хятадын түрэмгийллээс чөлөөлж, сүүлчийн хааных нь хууль ёсны засаглалыг сэргээсэн, улс орныг нь тусгаар болгож чадсанд оршино” гэж дүгнэсэнтэй санал нэг байна.

Эцэст нь дүгнэхэд Барон Унгерн Монголын 1921 оны ардын хувьсгал ялахад томоохон шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн, тэр дундаа Хятадын гамин цэргийн томоохон хүчийг бут цохиж баатарлаг гавьяа байгуулсан ээдрээт зөрчилтэй хувь тавилантай хүн билээ. Тиймээс түүний гавьяа зүтгэлийг үнэлэхгүй юм аа гэхэд үе үе санан дурсах нь түүхэн үнэнд нийцэх билээ.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

  1. Кузьмин С. Л. История барона Унгерна. Опыт реконструкции. М., КМК, 2011.  ISBN 978-5-87317-692-2
  2. http://www.wargs.com/noble/ungern.html
  3. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ХБНГУ-д 2012 онд төрийн айлчлал хийх үеэр Германы Бундестагт хэлсэн үг.
  4. http://www.president.mn/mongolian/node/2518
  5. БХЭШХ. “Монгол цэргийн түүхийн товчоон” дэд дэвтэр УБ., 1996 он
  6. Л.Юзефович “Самодержац пустыни” М., 1993
  7. Д.Шүрхүү, Г.Ариунболд. “1921 оны хувьсгал ба гадаад орчин”. ЭШӨ. Монгол Улс Шинжлэх ухааны академи түүхийн хүрээлэн. “Монголын 1921 оны хувьсгал ба орчин үеийн түүхийн судалгаа” . эмхтгэл. УБ.,2012 он
  8. М.Г.Торновский. “События в Монголии-Халхе в 1920—1921 годах” М.,2005
  9. Н.Н.Князев. “Легендарный барон” Харбин. 1942.
  10. “Монгол ардын журамт цэргийн дуртгалууд” УБ.,1961
  11. ОХУ-ын гадаад бодлогын архив (АВПРФ). Ф.0111, дп. 2, п. 104, д.47, л. 26-26 об.; РГВА, ф. 39454, оп. 1, д. 9, с. 27-28
Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 12 сар 17. 19:19
Зочин

Барон Унгерн бол монголын түүхэнд чухал гавьяа байгуулсан Ардын хувьсгалын угтвар нөхцлийг бүрдүүлсэн дурсах байтугай хөшөөг нь босгох ёстой хүн

2020, 3 сар 8. 11:27
Зочин

Аргагүй л Монгол улсын тусгаар тогтнолд бол ихээхэн ач холбогдолтой хүн юм. Энэ хүний хэлмэрч газарч хүмүүс бол Өвөр байгалын буриадууд юм. Хятадын Гамин цэргүүдийг хөөн гаргаж монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалан Богдыг эргүүлэн хаан ширээнд залсан зэрэг үйл явдлууд нь Ардын хувьсгалыг ялахад дөхөм болсон өөрөө сульдсан зэрэг нь өнөөгийн тусгаар тогтнол эрх чөлөөг олж авахад чухал ач холбогдол бүхий түүхэн хүн мөн.

2019, 2 сар 7. 13:54
ЗочАтаман Семеновин

Та андуурч бичжээ Атаман семенов бол аав нь орос козак ээж нь кримын татарка одоо монголын хилээс 200 км зайтай бичура гэх казак районы казак одоо хуртэл нь тосгон 19 мянган хунтэй дэлхийн хамгын том тосгонд тооцогддог

2020, 3 сар 6. 19:45
Зочин

Монгол. хүн. ташуураар. байранд. босоход. байлдах. чадалтай. нэг. муу. орогнох. газар. эрэн. амь. зулбаж. явсан. эрлийз. новш. Монголыг. аварсан. гэж. ярьвал. Элбэгтэйгээ. цуг. хол. очиж. хуцаарай !!!

2021, 7 сар 26. 3:39
Зочин

Монголыг чөлөөлсөнд хорсоод байна уу муу хужаагийн шээс минь чамайг бариад хоологий чинь хичээд гэдэсийг чинь ярах юмсан

2019, 12 сар 23. 0:25
Зочин

чи өөрөө андуурч бичээ байлгүй

2021, 9 сар 22. 22:02
Зочин

муугаар ч бай сайнаар бай хамаагүйв хяталын аграас салахад олон зүйл хийсэн энэ хүнв оросоос, германаас хүмүүс уриад хөшөөг нь босгох хэрэгтэйв энэм явдлыг хийвэл хандив өргөе.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]