Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Зэв, Сүбээдэй нарын Кавказад болон Өмнөд Орост хийсэн аян дайнУншсан22,757

Уулын нүүдэлчидтэй дайтаж сурсан Оросын вангууд зарим түүхчдийн хэлдэг шиг арчаагүй амьтад байгаагүй юм.

Түүхийн чиглэлээр сонирхон судалдаг Б.Батмөнхийн нэгэн сонирхолтой нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.

Хорезм шахыг цэрэг цуглуулж, дахин хүчирхэгжихээс сэргийлж, мөн аян дайнаа дуусгахын тулд түүнийг баривчлахыг Чингисхаан ихэд хичээж байсан юм. Тэрээр өөрөө Желал ад Диныг дарахад анхаарлаа хандуулж, харин Хорезмын шахыг барих үүргийн өөрийн итгэлт жанжид болох Зэв, Сүбээдэй нарт даалгажээ. Мухамед шах Самаркандаас гараад өмнө зүгт, харин түүний хүү авьяаслаг жанжин Желал ад Дин хойд зүгт байсан бөгөөд тэрээр өөрийн армидаа цэрэг татан хүчирхэгжиж байв. Чингисхаан Мухамед шах болон түүний хүү Желал ад Дин нарын яг дунд нь байрлаж байжээ. Тиймээс Мухамедад сэхэл өгч болохгүй, бас Желал ад Динтай нэгтгэж бүр ч болохгүй байв. Зэв, Сүбээдэй нар Амударья мөрнийг гаталж, дараа нь 2 салж, шахыг нэхжээ. Тэд хүчээ 2 хуваадаг шалтгаан нь нэгд морьдоо сэлүүхэн бэлчээх, нөгөө талаар аюулгүй байдлаа бодож бие биенийхээ жигүүрийг харилцан хамгаалж явжээ. Мухамед шах амь тэмцэн зугтаасаар Каспийн тэнгисийн баруун биед хүрч, улмаар нэгэн арлын зүг явжээ. Мухамед шах тэрхүү арал дээр нас барсан юм. Түүний хувь заяа Тогтоа бэх, Хүчүлүг нарынхаас огт дээрдээгүй бөгөөд өөрт нь үнэнч байсан нэг хүний өгсөн цамцнаас өөр юу ч үгүй болтлоо хувхайран, гуйлгачин болсон байв. Зэв, Сүбээдэй нар уул овоо шиг алт эрдэнэс, хүлэг морьдыг шахын завинд сууж хөвөн одсон тухай мэдээтэй хамт Чингисхаан руу хүргүүлжээ.

Зэв, Сүбээдэй нар яагаад баруун зүгт тагнах дайн хийв? Энэ асуултанд судлаачид олон янзын тайлбар дэвшүүлсэн байдаг. Тухайлбал Харольд Лемб өөрийн “Чингисхаан” бүтээлдээ дурьдахдаа: “ Монголчуудын Кавказад хийсэн аян дайн нь тагнах дайн байсан бөгөөд стратегийн хувьд асар өндөр ач холбогдолтой, Хорезмд байлдаж буй Монгол цэргийн баруун жигүүрийг аюулгүй болгох, Хорезмын үлдэгдэл хүчийг нэгтгэхгүй байх ач холбогдолтой байсан юм” гэжээ. Каспийн тэнгисийн нам дор газар өвөлжиж байсан Зэв, Сүбээдэй нар Каспийн тэнгисийн хойд талаар явж, их хааны цэрэгтэй нийлэх санал гаргасан байна. Чингисхаан зөвшөөрсөн бөгөөд зарим сурвалжид дурьдсанаар туркмен цэргүүдийг илгээжээ. Хүчээ сэлбэж чадсан Монголын 2 жанжин, Мухамед шахыг нэхэж байхдаа хажуугаар нь гарсан хэд хэдэн хотыг эзлэн авч буцаад Казвказад иржээ. “Дэлхийг эзэгнэгч Чингисхаан” номыг бичсэн Данийн түүхч Лео де Хартогийн үзэж буйгаар Монгол жанжид болох Зэв, Сүбээдэй нар Азербайжан, Ираны олон хотыг талав. Рая хамгийн эхний золиос байсан бөгөөд тус хотыг Монгол цэрэг юу ч үгүй эвдлэн сүйтгэж, хүн амыг нь хэсэгчлэн хядав. Дараа нь Хамаданыг ямар ч бэрхшээлгүй эзэлж авсан бөгөөд Занжан, Казвин хотуудыг талан дээрэмдэж, олз хураажээ. Азербайжаны атабек энэ бүхнээс сэргийлэхийн тулд Монголчуудад асар их хэмжээний төлөөс төлж, их хэмжээний хувцас, морьдыг өгөв. Монголчууд үүнийг ашиглан Тебризэд хэд хэдэн удаа ирж, нэмэлт эд зүйлсийг шаардаж байжээ. Тебризээс Зэв, Сүбээдэй нар хөдөлж, Муганы талд өвөлжив. Энд 1-р сар харьцангуй дулаан байдаг байжээ. Энд байрлаж байх үед Туркмений нүүдэлчид ирсэн юм. Дээрэм тонуулаас өөр зүйл хийдэггүй тэд Монголын армитай нэгдэх нь зөв гэж үзжээ. Гүржийн цэрэг хавар болмогц Монголын байрлал руу довтлох гэж байгааг олж мэдсэн Зэв, Сүбээдэй жанжид өвөл Гүржид довтлохоор шийдэв.

Монголчууд Гүржид халдсан нь

1221 оны 2-р сард Монголчууд Гүрж рүү тагнуул илгээсэн бөгөөд тэр нь Кура мөрнөөр нэвтэрсэн байжээ. Монголчуудын зорилго бол уг хаант улсыг эзлэх биш харин тонон дээрэмдэхэд оршиж байв. Монголчуудтай нэгдсэн Туркменуудыг манлай анги болгон илгээв. Монголчууд Гүржид цөмөрсөнөөр ширүүн тулалдаанууд эхлэв. Газар нутгаа хамгаалахын тулд Гүржийн хаан Георги Лаша 10000 цэргээр дайсантай тулалдав. Лаша хааны цэргийн бүрэлдэхүүнд загалмайтны дайнд орохоор бэлтгэгдсэн цэргүүд ч байсан гэдэг. Эхний тулгаралтанд Гүржийн цэрэг Монголчуудыг шахсан байна. Сүбээдэй арга сийлж, ухрав. Ингэснээр Гүржийн морин цэргийг явган цэргээс нь салгаж, улмаар бүслэн бут ниргэжээ. Энэ тулалдаан Сагимид болсон юм.

1221 оны 3-р сард Монголчууд Азербайжанд дахин ирэв. Олзны хүмүүсийг бамбай болгон урдаа тууж, Марагэхийг эзлэн авав. Зэв, Сүбээдэй нар Багдад руу морилохоор төлөвлөж байсан гэдэг. Зэв, Сүбээдэй нар Хамаданыг довтолсон бөгөөд асар их хохирол үзэж байж эзлэн авав.

1221 оны намар Монголчууд Гүржид дахин ирэв. Энд Гүржийн арми дахин хүчирхэгжсэнийг олж мэдсэн Монгол жанжид Кура мөрнөөр дамжин цөмрөлт хийв. Гүржийн хүчирхэг морин цэргийг Сүбээдэй урхидан араасаа дагуулж, Зэв жанжны бэлдсэн отоонд оруулав. Энд Монголчууд хуурамчаар ухрах аргаа хэрэглэж, 5000 дайчдаа отооноос гаргаж, Гүржийн хүнд морин цэргийг бүслэн цохижээ. Гүржийн арми дахин хүнд ялагдал амсав. Тэндээс Монголчууд Македоны Александр явж өнгөрч байсан “Төмөр хаалгаар” нэвтрэн Казказад цөмөрчээ. Кавказад цөмрөх үедээ уулын гуу жалга, хүйтэнд багагүй хохирол амсаж, олон ч хүнээ алдсан юм. Харин Гүржийн цэрэг Монголд ялагдсанаар хүч нь ихэд суларчээ. Фрэнк Мклинны үзэж буйгаар Згалалмайтнууд Гүржийн Лаша хааныг Арабуудын эсрэг загалмайтны аян дайнд дахин нэг фронт нээх байх хэмээн их найдаж байсан гэдэг. Монголчуудад Гүрж ялагдсаны дараа Загалмайтны энэ найдвар үгүй болсон юм.

Алан, Лезгин, Булгар, Кипчакийн нэгдсэн хүчтэй тулалдсан нь: Казвказын нурууг давсны дараа Монголчуудыг Аланууд, Булгарууд, Черкесууд, Кипчакууд хүлээж байв. Уулынхан хүний тоогоор дор хаяж 2 дахин давуу байсан бөгөөд ухрах бодолгүй байв. Эхний тулалдаанд Монголчууд ялагдаж, ухарсан байна. Харин уулынхан Монголчуудыг шахаж, улмаар хүнс хангамжаас нь таслах, туйлдуулах арга хайж байв. Хүнд нөхцөлд байдалд орсон Зэв жанжин, Сүбээдэй баатар нар арга сийлж, улмаар холбоотны армийн талаас илүүг нь бүрдүүлж байсан Кипчакуудад нууцаар хахууль өгч, адилхан нүүдэлчид учраас хоородоо байлдахгүй байх саналыг тавьжээ. Кипчакуудын талаар бага зэрэг дурьдвал тэд нүүдэлчин түрэгүүд бөгөөд Хазаруудын эзэмшиж байсан газар нутагт 200 гаруй жил оршин суусан, тэдний эзэмшил газар нь Хар тэнгис, Кавказын уулс, Каспийн тэнгисийн хойд хэсгээр үргэлжилж, Дунай мөрний адаг, Урал мөрний адаг хүрсэн байдаг. Оросууд тэднийг Половцы буюу тал нутгийнхан, харин Унгар, Румынууд Куманчууд гэж дууддаг байжээ.

Клайв д Оссоны “Монголчуудын түүх” номонд бичсэнээс үзвэл дараах захидлыг сийрүүлжээ: “бид та нарын адил угсаа нэгтэй нүүдэлчид билээ. Гэтэл та нар харь угсаатнуудтай нийлж, ах дүү нартайгаа дайтаж байна. Иймээс найрамдал байгуулья. Бид та нартай олзоо хувааж, хүссэн хэмжээгээр чинь алт эрдэнэс өгье” гэсэн захидал илгээжээ. Кипчакууд ч зөвшөөрөн Монголчуудаас элт эрдэсэн тэрэг тэргээр авч, шөнө дунд гэхэд байлдааны талбараас нүүсэн байна. Үүнийг олж мэдсэн Зэв жанжин, Сүбээдэй баатар нар Алан болон Черкесүүдийг довтолж бут цохиод, дараа нь давшилтаа үргэлжлүүлэн, олзоо дааж ядан явсан Кипчакуудад цохилт өгчээ. Амьд үлдсэн Кипчакууд Оросын нутгийг зүглэн зугатаав. Монголчууд нүүдэлчдийн нэгдсэн хүчийг цохисоныхоо дараа Астраханийг газрын хөрстэй тэгшлэв. Нэгэнт тэгш тал дээр гарч ирсэн Монголын арми 2 хуваагдав. Зэвийн арми Днеприйг чиглэсэн бол Сүбээдэй Крымын хойгийг чиглэжээ. Сүбээдэй баатар Венецийг худалдаачидтай холбоо тогтоож, Европын болон Оросын вангуудын талаар чухал мэдээлэл өгөх, хариуд нь Сүбээдэй баатар Крым дахь Венецийн бус хотуудыг устгах тохиролцоонд хүрчээ. Энэ нь ч хожим үр дүнгээ өгсөн юм. Энэ үед Кипчакийн үлдэгдэл цэрэг Оросуудтай нэгдсэн бөгөөд энэ мэдээллийг авсан Зэв, Сүбээдэй нар хүчээ нэгтгэн хөдөлжээ.

Монголчууд Оросын вангуудтай тулалдав: Орос бол Европын орнуудаас Монголчуудын хувьд анхных нь байсан бөгөөд Монголчууд Оросуудын хувьд бол сураггүй ард түмэн байжээ. Орост цөмөрч орсон Зэв, Сүбээдэй нарын цэргийн тоог 20000 гэж үзэх ба эрдэмтэд ерөнхийдөө санал нэгддэг. Ер нь хүнд бартаатай газар дайн хийхэд олон цэргийн хэрэг байхгүй. Энэ нь хурдыг удаан болгох аюултай учраас цомхон армитай аянд гарсан юм.

Монголчууд Кипчакуудыг шахсаны дараа амьд үлдсэн хэсэг нь Оросын вангууд дээр очив. Энэ үед Оросын вангууд болон Кипчакуудын хооронд сонирхолтой харилцаа тогтсон байв. Судлаач Константин Куксины үзэж буйгаар Оросын вангууд Кипчакууд, Аланууд, Черкессүүдтэй байнга зэвсэн зөрүүлдэг байв. Харин Оросын вангууд өөр хоорондоо тэмцэлдэж эхэлсэн бөгөөд энэ тэмцэлдээ Кипчакууд болон уулын нүүдэлчдийг ихээр ашигладаг байжээ. Кипчакууд уулын нүүдэлчид дотроос хамаагүй хүчирхэг нь байсан юм. Волга буюу Ижил мөрний дэргэд байсан Булгарууд ч бас Оросын вангуудын өөр хоорондын тэмцэлд хушуу дүрдэг байв. Оросын вангууд Кипчакийг ашигладаг байсан гэж дээр өгүүлсэн. Үүнийг задлаж тайлбарлавал: Оросууд өөр хоорондоо өрсөлдөхдөө Кипчакуудыг ашиглаж нэг нэгнээ хөнөөдөг байв. Тиймээс Кипчак нартай холбоотон болохын тулд худ ураг болжээ. Кипчакийн тэргүүн Котян ван хүчирхэг удирдагч гэхээсээ илүү залирхаг, дээрээс нь үзэсгэлэнт охидуудтай байв. Тэрээр охидуудаа ашиглан Оросын вангуудтай худ ургийн холбоо тогтоож, тэр ч бүү хэл нэг охиноо Унгарын ванд өгсөн байдаг. Оросууд Кипчак нарт алуулахгүй тулд худ ургийн холбоо тогтоох нь ч ашигтай байсан юм. Тиймээс Оросын вангууд болон Кипчак нарын хооронд сонирхолтой харилцаа тогтсон байв. Монголчуудад цохигдож ухарч ирсэн Кипчак нар Оросын вангуудад “өнөөдөр тэд манай нутгийг авлаа. Маргааш та нарын нутгийг эзэлнэ” хэмээжээ. Хамгийн гол нь Кипчакийн Котян ван Оросын Мстислав Галичийн хадам эцэг нь байжээ.

Уулын нүүдэлчидтэй дайтаж сурсан Оросын вангууд зарим түүхчдийн хэлдэг шиг арчаагүй амьтад байгаагүй юм. Тэд зоримог удирдагчидтай, эх нутаг дээрээ, хүн хүчний тоогоор давуу, дээрээс нь Котяны хүч ир нэгдсэн гээд олон давуу талтай байв. Оросын вангууд болон Кипчак нарын нэгдсэн цэргийн тоо янз бүрээр тэмдэглэгдсэн байдаг. Харольд Лембийн үзэж буйгаар Орос-Кипчакийн цэрэг 82000 байсан аж. Харин Данийн түүхч Лео де Хартог холбоотны цэргийн тоог 35000 хэмээжээ. Английн түүхч Жон Мэн холбоотны цэргийн тоог 80000 гэсэн бол Монголын цэргийн тоог 20000-25000 хэмээн бичжээ. Холбоотны цэрэг Днепр мөрний адагт хүрч буудаллав. Тэд аль эртнээс л нүүдэлчидтэй дайтаж сурсан морьтонгууд байв. Сүбээдэй өөрийн хүчээр бага гэдгээ сайн мэдэж байв. Тиймээс эхлээд Кипчак-Оросын холбоог салгах хэрэгтэй байв. Тиймээс 9 элч нарыг илгээж, улмаар Оросуудад энэ хэргээс хол байхыг шаарджээ. Оросууд 9 элчийг хороов. Элчийг хороож болохгүй гэсэн “Их засаг” хуулийг зөрчсөн Оросуудад Сүбээдэй дахин элч илгээж, “хэрвээ та нар дайныг хүсээд байгаа бол тэр дайныг чинь бид өгье” хэмээжээ. Яг 4 жилийн өмнө Хорезм шах энэ алдааг гаргаж өөртөө гай дуудсан билээ. Оросууд мэл гайхаж, элч нарыг хөнөөсөнгүй. Оросууд харахад сүртэй байдалтай байсан боловч бас ч бие биетэйгээ өрсөлдсөн маягтай, мөн энд эх орноо гэж ирсэн хүмүүсээс гадга олз ашиг, алдар нэр хайж ирсэн нөхөд зөндөө байв.

Монголчууд цэргээр цөөн боловч Сүбээдэй, Зэв гэх шилдэг жанжид байв. Харин Оросууд зөвхөн тоогоор л байлдах гэж байлаа. Оросын хамгийн нөлөө бүхий вангуудын хооронд Монголчуудтай хэрхэн тулалдах талаар зөрчил үүсэв. Энэ нь холбоотны армийн стратеги, зохион байгуулалтанд муугаар нөлөөлөв. Холбоотны арми давшиж, Монгол цэрэгт цохилт өгөв. Сүбээдэй, Зэв нар Хаммабекээр удирдуулсан 1000 цэргээ золиосонд өгч ухарсан байна. Энэ бол цаг хожих арга байсан бөгөөд улмаар Хаммабек шархадсан арслан шиг үзэлцсэн гэдэг. Анхны ялалтаа авсан Орос-Кипчакийн нэгдсэн цэрэг цаашид яах талаар зөвлөлдөв. Маргааны гол сэдэв нь ухарсан Монгол цэргүүдийн нэхэх үү, эсвэл байрлалаа хадгалж үлдэх үү гэдэг дээр байв. Зарим түүхчдийн үзэж буйгаар Оросын зарим вангууд байрлалаа хадгалж үлдэхийг санаархаж байсан бол Кипчакууд нэхэх санал тавьжээ. Харин зарим түүхчид эсрэгээр тайлбарладаг. Ямар ч байсан Монголчуудыг нэхэх санал давамгайлж, улмаар холбоотны арми давшилтанд оров. Зэв, Сүбээдэй нар 9 өдрийн турш ухарсан бөгөөд ардаа хоол хүнс, мал адуу, алт эрдэнэс, олзлогдсон хүмүүс зэргээ үлдээсээр байжээ. Энэ нь Орос-Кипчакийн нэгдсэн хүчийг задлах, саатуулж цаг хожих арга байсан юм. Зарим түүхчдийн үзэж буйгаар энэ нь аюултай урхи байсан бөгөөд холбоотнууд огтхон ч гадарлаагүй бололтой. Оросын вангууд нэг нэгнээсээ зайтай давшсан бөгөөд нэгдэх бодолгүй байсан бололтой. 9 өдөр нэхсэн холбоотны армийн тэргүүн манлайд Кипчакууд байсан бөгөөд Монголчуудын ар талтай зууралдан байлдав. Сүбээдэй ухрахыг тушаасан бөгөөд Калка голыг гаталжээ.

Калка голын тулалдаан

Галичийн ван Мстислав ялалтыг зөвхөн өөртөө авахын тулд Волыний армийг Кипчакуудтай хамт авч яван, улмаар Азовын тэнгист цутгадаг Калка голыг гатлав. Энэ талаар бусад вангуудад мэдэгдэхээс татгалзаж байсан гэдэг. Оросын бусад вангууд Калка мөрнөөс нилээн зайтай байв. Калка голын гаталсан Монголын арми нэгдсэн зохион байгуулалтанд орж сөрөг довтолгоон хийжээ. Энэ тулалдаан 1223 оны 5-р сарын 31-нд болжээ. Нэгэнт байрлалаа эзэлсэн Монголчууд морин цэргээрээ Калка голыг гаталж байсан Кипчакуудыг бут цохиж, улмаар морьт харваачид нь араас ирэх Оросуудыг харвах ажээ. Гэнэтийн довтолгоонд өртсөн холбоотны арми Калка голын дэргэд асар их хохирол амсаж, улмаар эмх замбараагүйгээр ухарч байв. Ухрах цэргүүд араас нь ирэх нэмэлт хүчтэйгээ холилдож, ямар ч зохион байгуулалтгүй болж, үймээн үүсгэв.

Дээрээс нь Монголын морьт цэргүүд хайр найргүй харван давшиж байсан гэдэг. Холбоотны цэргийн ар талаас ирж байсан Киевийн Мстислав амьд үлдсэн цэргүүдийн хамтаар бартаат газар тэрэгнүүд ашиглан бэхлэлт барьж, улмаар Монголчуудын эсрэг 3 өдөр тэссэн юм. Монголчууд Оросын байрлалыг бүслэн нум сумаар харваж байв. 3 өдрийн дараа усны нөөц нь дууссан Оросуудад Сүбээдэй баатар бууж өгөх санал тавьжээ. Оросууд саналыг нь хүлээн авсан юм. Тэднийг байрлалаа орхин гарч ирмэгц Монголчууд довтолж, хайр найргүй хяджээ. Сүбээтэй баатар бүслэлтдээ зориуд зай гаргаж хэсэг цэргүүдийг гарган, үлдсэнийг нь хядав. Заримыг нь зугатаалгаснаар нэг нэгээр намнах боломжтой болсон юм. Калка голын хөвөөнд Орос-Кипчакийн нэгдсэн цэрэг бүрэн ялагдал хүлээж, 80 орчим вангууд ясаа тавьж, холбоотны армийн 10 цэрэг тутмын 1 нь л амьд гарсан юм. Ш. Насанбатын үзэж буйгаар энэ тулалдаанд Оросын 6 ван, 70 ноён, 70000 цэрэг эрсджээ. Америкийн түүхч Жэк Уэтэрфорд “Өнөөгийн ертөнцийг бүтээгч Чингисхаан” номондоо Калка голын тулалдааны талаар бичихдээ: “тосгоны тариалангийн талбай дээр ажилладаг хүдэр чийрэг Орос эрчүүд туршлагатай Монгол цэрэгтэй адилгүй. 1000 орчим жилийн тэртээ Хүннү нар Европыг довтолсоноос хойш анх удаа Азийн цэрэг Европт довтолж, том армийг нь бут цохин сүйрүүлэв” хэмээжээ. Киевийн Мстислав тэргүүтэй Оросын вангуудыг барьж авсныхаа дараа Монголчууд тэдэн дээр том самбар тавьж, дээр нь найрлажээ. Энэ үйл явдал бол Монголчуудын хувьд язгууртан хүнийг цусыг нь гаргахгүй хөнөөх арга бөгөөд, элч нарынхаа өшөөг авсан хэрэг байв. Харин Оросуудын хувьд жинхэнэ доромжлол байсан юм. Оросын түүхч Лев Гумилев энэ талаар бичихдээ: “Оросын талаас харах юм бол Мстислав тэргүүтэй ноёдыг хуурч гарган ирж алах нь гутамшигт, бас уйваггүй явдал, хэлсэн амлалтандаа хүрдэггүй гэж дүгнэж болох боловч Монголын талаас авч үзвэл энэ нь амлалтандаа хүрсэн хэрэг бөгөөд элч нарыг нь хороосон тэднийг ингэж шийтгэххээс өөр арга байгаагүй юм” хэмээн “От Руси к России” номондоо бичжээ.

Энэ тулалдаанд Зэв, Сүбээдэй нар дайсны цэргийн байрлалыг зориуд сунгаж, тэднийг туйлдуулсаны эцэст шийдвэрлэх цохилтыг хамгийн эгзэгтэй мөчид олж өгөх асуудлыг Зэв, Сүбээдэй нар шатрын мастерууд шиг л хийлээ гэх судлаач Ш. Насанбатын бичсэнтэй санал нэг байна.

Зэв, Сүбээдэй нар Крым руу дахин одож, Генуягийн худалдаачдын түшиц газрыг дахин довтолсон байна.

Зэв жанжин энэ аянаас буцах замдаа нас барсан хэмээн Лео де Хартог, Харольд Лемб нар бичсэн бол Фрэнк Маклинн, Жон Мэн нар өөр бодолтой байдаг. Ямартаа ч Монголчууд нутаг буцах замдаа Ижил мөрний Булгаруудыг цохиж, нутгийг нь цөлмөсөн байна. Гэхдээ Булгаруудын бэлтгэсэн отоонд Монгол цэргүүд орж хүнд хохирол амссан юм. Лео де Хартогийн үзэж буйгаар Зэв бол дэлхийн түүхэн дэх морин цэргийн хамгийн гарамгай жанжин ажээ. Калка гол дахь Монголчуудын ялалтыг НТӨ 216 онд Ганнибалын цэрэг Каннаны дэргэд Ромын цэргийг хиаруулсантай цар хүрээгээрээ дүйцэх юм.

Дүгнэлт: Энэ бол үнэхээр гайхалтай аян байсан бөгөөд хүнтөрөлхтний түүхэнд тэмдэглэн үлдээсэн хамгийн том морьт цэргийн аян байсан юм. Энэ аян дайны талаар өнөөдөр ч судалсаар байна. Харольд Лембийн үзэж буйгаар өөрийнхөө хүчинд итгэлтэй, тэсвэр хатуужилтай хүмүүс л ийм зүйлийг хийж чадах ажээ. “наран ургах газраас ирсэн хэсэг морьтонгууд Каспийн хаалга хүртэл шувт давхин, замдаа тааралдсаныг арчин хаяж, хүмүүсийн дунд үхэл зовлон тарьсан бөгөөд уул овоо шиг олзтой буцсан. Энэ бүхнийг ердөө л 2 жилийн хугацаанд хийсэн болой” хэмээн Персийн нэгэн шастирт дурьджээ. Энэ аян өрнөд уртрагийн 90 градус хүртэл өрнөж, гайхалтай үр дүнг авчирсан юм. Сүбээдэй, Зэв нар зүгээр нь эр зориг, мухар сохроор ажиллаад байсангүй. Гатлан гарсан гол мөрнүүдийнхээ байрлал, дайсны орд мөнгөний уурхай, ард түмний аж байдал гээд болон мэдээлэл авчээ. Явж өнгөрсөн зам дагуу өртөө буудлууд байгуулж, зам харгуйг тэмдэглэжээ. Мөн Монголчуудыг дагаж явдаг Хятад, Уйгур бичээч нар Кавказын чанад дахь арван наснаас дээш эрчүүдийн тооллого хийж байжээ. Өмнөд Орост асар уудам бэлчээр нутаг, хар шороотой нутаг байгааг олж мэдсэн бөгөөд энэ тал нутгийг Монголчууд анхааралдаа авсан байна.

Лео де Хартог өөрийн бүтээлдээ “Мухамед султаныг нэхсээр Кавказ, Өмнөд Орос хүрсэн нь онцгой амжилт бөгөөд эр зоригийн бахархал, тэсвэр хатуужлын илрэл юм. Өмнө нь хэзээ ч үүн шиг жижиг арми, өөрийн таньж мэдэхгүй, харийн нутагт ингэж гүн орж байгаагүй юм. Монгол цэрэг нэг дор олон газар тулалдах чадвартайгаа харуулж, хүчирхэг болохоо харуулжээ” хэмээн дүгнэсэнтэй санал нэг байна.

Францын түүхч Клайв д Оссон “Монголчуудын түүх” бүтээлдээ: “Азийн баруун хэсэгт Монголчуудын үйлдсэн цөлмөн хоослолт Византи хүртэл үймээн сандраан бий болгожээ. Эзэн хаан Дука хоол хүнс, зэвсэг цэргийн нөөц бүхий бэхлэлтүүд бий болгох зарлиг буулгасан байна. Татарууд байж боломгүй харгислал үйлдэж байсан тухай элдэв яриа гарч, айж сүрдсэн ард олон энэ зэрлэгүүд чинь нохой толгойтой, хүний махаар хооллодог юм байна гэдэгт итгэчихсэн байжээ” хэмээн дүгнэжээ.

Жон Мэн өөрийн “Монголын эзэнт гүрэн” бүтээлдээ Зэв, Сүбээдэй нарын дайны талаар дүгнэж бичихдээ: “Энэ аян дайн цэргийн түүхэнд тод ул мөрөө үлдээсэн бөгөөд Монголын морин цэрэг нийтдээ 7500 км замыг туулжээ. Энэ аян дайны үед Монголчууд загалмайтны ертөнцийн цэрэгтэй анх удаагаа тулсан юм”.

Фрэнк Маклинн өөрийн бүтээлдээ Зэв, Сүбээдэй нарын аян дайны дараа бичихдээ: “Зэв бол морин цэргийн хамгийн гарамгай дайчин, харин Сүбээдэй бол хамгийн аугаа их стратегич юм. Энэ 2 жанжин бие биенийхээ сул талуудыг гайхалтай нөхөх бөгөөд тулааны талбар дээр багийн тоглолт, хамтын ажиллагаа ямар байх ёстойг харуулсан юм. 3 жилийн аян дайнд Монгол цэрэг нийт 5500 миль буюу 8800 км замыг туулжээ. Тэд 7 том тулалдаанд үнэмлэхүй ялалт байгуулсан бөгөөд эдгээр тулалдаанд эсрэг талаасаа дандаа дутуу, цөөн хүчтэйгээр тулалдаанд орж байсан юм. Энэ аян дайн 800 жилийн дараа ч цэргийн мэргэжилтнүүдийг гайхшруулсаар байна” гэсэн байна. Тэд зөвхөн 7 том тулалдаанаас гадна хэд хэдэн жижиг тулгаралтанд ялж, хэдэн арван хотыг эзлэн авч, Чингисхаанд 10000 морь бэлэг болгон явуулж байжээ.

Хамгийн гол нь Орос болон Европын вант улсуудын талаар үнэт мэдээллийг Монголд явчирсан юм. Сүбээдэй Өмнөд Орост асар их тагнуул үлдээж, бүхэл бүтэн тагнуулын сүлжээг бий болгожээ. Энэ гайхамшигт аян дайнд Монголчууд нийтдээ 10000 цэргээ алдсан гэж түүхчид үздэг.

Ашигласан материал:

  1. Клайв де Оссон. “Монгорлчуудын түүх”.
  2. Жак Уэтерфорд. “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингисхаан”.
  3. Ш. Насанбат. “Монголчуудын түүхэнд үлдээсэн 33 цуут тулалдаан”.
  4. Лео де Хартог. “Дэлхийг эзэгнэгч Чингисхаан”.
  5. Харольд Лэмб. “Чингисхаан”.
  6. Лев Гумилев. “От Руси к России”.
  7. John Man. “The Mongol empire: Genghis Khan, his heirs and the founding of modern China”.
  8. Frank Mclynn. “Genghis Khan: The man who conquered the world”.
  9. 列内格罗塞。“草原帝国”
Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 2 сар 22. 21:59
Зочин

chingis haanii bulashiig bi uhaj baisan ene zun neeh bolon

2020, 2 сар 29. 2:31
Зочин

Тэнэг хэдий минь зөв бичиж сураад өөрийнхөө жорлонгийн нүхээ ухчих.дараа нь шаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]