Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Япончууд хүчирхэг гүрнийг дэлхийн дайнд татан оруулсан ньУншсан32,134

Сувдан эрэгт цохилт өгөх маш нууц төлөвлөгөө болсон явдлаас сарын өмнө буюу 1941 оны 11 дүгээр сарын 3-нд Эзэн Хаан Хирохитогийн урд дэлгэгдэв.

1941 оны 12-р сарын 7-нд Японы флот, тэнгисийн цэргийн нисэх хүчин АНУ-ын цэргийн бааз, тэнгисийн цэргийн боомт Сувдан Эрэгт үхлийн цохилт өгсөн юм. Ингэснээр арлын япончууд тайван нойрсож байсан хүчирхэг гүрнийг дэлхийн дайнд татан оруулсан билээ. Азийг байлдан дагуулах милитарист төлөвлөгөөгөө бараг биелүүлэх шахаад байсан, улмаар тэрхүү дайнч төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэхэд Японы зэвсэгт хүчин эртний холбоотон АНУ-ын зүгээс нийлүүлдэг нефть, шатах тослох материал тун чухал байв. Гэтэл америкчууд хэтэрхий их амжилт олж, цэргийн их гүрэн болон өсөн дэвшиж байгаа Японоос болгоомжилж, газрын тосны нийлүүлэлтээ зогсоож эхэлсэн тул Наран улсын генералууд ийнхүү сөргөлдөөнийг хурцдуулах замаар асуудлыг шийдэхээр оролджээ.

Японы генералууд Сувдан эрэгт цохилт өгснөөр АНУ-тай мөргөлдөөний байдалд хүрэх боловч тэгсгээд томоохон хэмжээний дайнд оролгүйгээр тохиролцоонд хүрч, дипломат яриа хэлцэл хийж, хааж боогоод байсан газрын тосоо Японд дахин өгөхөөс өөр замгүй болгоно, гарцаагүй байдалд оруулна хэмээн тооцоолж байжээ. Америкчуудыг Номхон далайн арал бүрийн төлөө тулалдах нөөц бололцоо байхгүй хэмээн тэд омог бардам байжээ.

Японы Нэгдсэн флотын командлагч, тэнгисийн цэргийн жанжин, адмирал Исороку Ямамото Герман, Италитай түншлэхээс илүүтэй АНУ-тай харилцаагаа өргөжүүлэх ёстой хэмээн анхандаа үздэг байв. Тэрээр АНУ-аар аялж, суралцах явцдаа арлын Японы эзэнт улс Америкийн асар их нөөц болон түүний үйлдвэрлэлийн чадамжийг ямар ч урт хугацааны дайнаар ялах аргагүй гэдгийг ойлгосон нэгэн. Гэтэл ийм үзэл бодолтой байсан Ямамотогийн байр суурь огцом эргэж Сувдан Эрэгт өгөх цохилтын төлөвлөгөөг гардан бэлтгэсэн нь хачирхалтай.

Сувдан Эрэг рүү дайрах нь Хавайн арлуудын орчмын агаар, тэнгисийн орон зайд нэвтэрсэн Японы тэнгисийн флотод ч төдийгүй Номхон далай дахь бүх самурайнуудад ямар эрсдэл дагуулахыг Ямамото мэдэж байсан. Цохилтыг дэмжиж байсан Квантуны армийн генералууд, улстөрчид Токиод олонхи нь байж чадсан ба АНУ-ыг буланд хашиж чадна гэдэгт итгэж байсан ч энэ явдал хүчирхэг гүрнийг бүрэн хилэгнүүлж, цаашид япончуудын ялж чадахааргүй, гарч чадахааргүй эргүүлэгт оруулах вий гэсэн айдас Эзэн хаан, Ерөнхий сайдад байсан нь үнэн байв.

Гэхдээ Ямамотогийн төлөвлөсөн Сувдан Эргийн дайралтыг хэн ч зогсоож чадаагүй юм.

Ингээд Сувдан эрэгт цохилт өгөх маш нууц төлөвлөгөө болсон явдлаас сарын өмнө буюу 1941 оны 11 дүгээр сарын 3-нд Эзэн Хаан Хирохитогийн урд дэлгэгдэв. Үүнээс хоёр хоногийн дараа Эзэн хаан шахаанд орж дайралтыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ нууц хуралдаанд мэдэгдэв.

11 дүгээр сарын 26-ны шөнө урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр зэвсэглэгдсэн тэнгисийн цэргийн флот Японы эргийн хотууд, ойр орчмын арлуудаас хөдөлж, Номхон далайн гүнд орлоо. Уг нууц флотод 414 нисэх онгоц тээвэрлэсэн 6 нисэх онгоц тээгч, 2 байлдааны онгоц, 2 хүнд крейсер, 1 хөнгөн крейсер, 9 сөнөөгч хөлөг онгоц, 23 шумбагч, 5 жижиг шумбагч, 8 шатахууны танкер хөлөг онгоц багтаж байв.

Номхон далайд бүхэл бүтэн хоёр долоо хоногийн турш зорчиж яваа ийм нүсэр флотыг Америкийн зэвсэгт хүчнийхэн илрүүлэхгүй байна гэдэг нь байж боломгүй хэрэг байсан тул довтолгоог урьдчилан мэдсэн Америкийн флот аймшигт занга бүхий гэнэтийн дайралт хийх вий, төлөвлөсөн зорилтоо биелүүлж чадалгүй сүйрч асар их гарз хохирол амсах вий гэхээс флотын командлагчдаас өгсүүлээд жирийн усан цэргүүд, нисгэгчид хүртэл айж түгшиж байлаа. Илчлэгдэхгүйн тулд ямар ч радио холбоо ажиллуулалгүй, өвлийн далайн шуурганд өртөмтгий тул хөлөг онгоц бага зорчдог Хавайн хойд чиглэлийн замаар явж байлаа.        

12-р сарын 7-ны өглөө Японы хөлөг онгоцууд Оахугийн хойд хэсгээс 230 миль зайтай ирэхэд ч тэднийг хэн ч илрүүлээгүй байв. Японы шумбагчид арлын өмнө хэсэгт байрлалтай Сувдан Эргийн гадна гарцад отолт хийж эхлэв. Өглөөний 6 цагт 183 онгоц бүхий сөнөөгч, бөмбөгдөгч, дайрагч онгоцны эхний цуваа агаарт хөөрөв.

Өглөөний 7:40 цагт эхний цувааны ахлагч командлагч Мицуо Фучида Сувдан Эрэг дэх цэргийн байгууламжийг онилжээ. Тэнд ямар ч эсэргүүцэл ажиглагдаагүй тул тэрээр довтлох тушаал өгч дараа нь гэнэтийн дайралт амжилттай болсныг илтгэж “Тора! Тора! Тора!” буюу нь “Флот руу буцаад” гэсэн утга бүхий нууц үгээр тушаал өгсөн байна. Бөмбөгдөгчид торпедуудаа Америкийн онгоцуудын дээрээс хаяж, эргийн гүехэн хэсэгт ч хайр найргүй бөмбөгдөлт явуулж байв. Бөмбөгдөлт, дайрагч онгоцуудын довтолгоо богино хугацаанд ямар ч сэрэмжгүй байсан Америкийн 1200 орчим тэнгисийн цэргийн аминд хүрчээ.

Эхний цуваа хохиролгүй шахам флот руугаа эргэн ирэхэд хоёр дахь цуваа зөрлөө. Өглөөний 9:00 цагт Японы 171 онгоц бүхий хоёр дахь цуваа Пирл Харборт нисэн ирэхэд сэхээ авсан америкчууд хариу дайралтыг зохион байгуулж, агаараас эсэргүүцэн хамгаалах зенитийн их буунууд, пулемётын шуурган гал тэнгэрийг дүүргэхийн зэрэгцээ цөөнгүй сөнөөгч онгоцнуудаа ч агаарт гаргаж амжив. Гэсэн ч Японы цохилтын хоёр дахь цуваа үүргээ биелүүлж агаарт гарсан америкийн онгоцуудыг хүч давамгайлан дор нь унагаж, бөмбөгдөгчид бүх бөмбөг, торпед пуужингаа байндаа оновчтой хаяж байв. Дайралт эхэлснээс хоёр цагийн дараа буюу 9:45-д цохилт дууссан юм. Японы нисгэгч нар тээвэрлэгч онгоц уруугаа буцсанаар ялалтаа зарлаж эргэн хөвцгөөсөн. Америкийн нийт 2403 энгийн иргэд болон цэргийн албан хаагчид амиа алдсан. Мөн АНУ 19 байлдааны хөлөг онгоцоо тэнгисийн ёроолд илгээж, 188 нисэх онгоцоор хохиров. Харин Японы талаас таван жижиг шумбагч онгоц, 29 нисэх онгоц, 64 албан хаагчийн хохирол амсав.

Хэрэв япончууд байдлыг илүү гартаа авч удаан хугацаагаар зууралдсан цохилт өгсөн бол эргийн ойролцоох газар нутагт байсан шатахуун хадгалах баазууд, хуурай замын цэргийн бусад байгууламжуудад ч аймшигтай хохирол учруулж чадах байв.

Ямартай ч гайхамшигтай амжилттай болж чадсан уг дайралтыг стратегийн эцсийн зорилгоо биелүүлж чадаагүй гэж үздэг. Энэ дайралт америкчуудыг сандаргах, эсвэл айж эмээлгэсэнгүй, харин ч дипломат яриа хэлэлцээр хийх хүсэлгүй болгож, өшөө авахын төлөө улайрахад хүргэсэн юм. Энэ бол стратегийн том алдаа байлаа. Адмирал Ямамото ямар ч дипломат тохироо байхгүйг мэдээд “Бидний хийсэн бүхний төлөө би санаа зовж байна. Бид унтаж байсан араатныг сэрээж, түүнийг аймшигт бодлоор дүүргэж орхилоо” гэж хэлсэн нь маш их шуугиан тарьж байжээ.

Нисэх онгоц тээвэрлэгч Акаги хөлгийн тавцан дээрх Zero
Бөмбөгдүүлсэн онгоцнуудаас шатахуун урсаж байна
Казуо Сакамаки, Японы жижиг шумбагч усан онгоцны амьд үлдсэн цорын ганц усан цэрэг. 1956 он
Сувдан Эргийн Уайлерын нисэх онгоцны буудал болон хөөрч амжаагүй онгоцууд шатаж байна.
Бөмбөгдөлтийн эгц дээрээс авсан гэрэл зураг
Довтолгооны үеийн агаарын зураг
Эхний дайралтын үеийн Сувдан Эрэг
Агаарын довтолгооны эхний цувааны удирдагч Мицуо Фучида дайны дараа христийн шашны номлогч болсон.
Агаараас хаясан  торпедууд боомт  дотор дэлбэрэлтүүд үүсгэв
Zero хөлгийн тавцнаас хөөрч байна
Японы онгоцууд агаарт хөөрч, усан цэргүүд амжилт хүсч байна.
Бөмбөгдөгч онгоцнууд Сувдан эрэг рүү чиглэн нисэх мөчид усан цэргүүд баяр хүргэж байна
Бөмбөгдөгч онгоцууд агаарт хөөрөхийн өмнө
Нисгэгч нар дайралтад гарах гэж байна
Сувдан Эргийн дайралтад бэлтгэгдсэн нисгэгч нар Токиод
Зарим нисгэгчдийн хувьд энэ сүүлийн даалгавар байв.
Нисгэгч нар газраас хөөрөхийн өмнө сүүлийн тушаалаа авч буй байдал
Японы живсэн жижиг шумбагч онгоцноос гарсан Сувдан Эргийн газрын зураг
Сувдан Эргийн дайралтыг төлөвлөсөн адмирал Исорокү Ямамото

Америкийн цэргүүд Япон нисгэгчийн цогцсыг цэргийн ёсоор хүндэтгэн оршуулав.

Ц.Лхагвадулам

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 3 сар 10. 1:42
Зочин

Сувдан эргийн дайралтын тухай тагнуул болон английн код тайлагч нар илрүүлэн удирдлагадаа тайлагнасан боловч английн удирдагч нар энэ тухай америкчуудад мэдэгдэж анхааруулаагүй гэж байсан. Учир нь Черчилл АНУ-ыг дайн оролц хэмээн удаа дараа шаардлага тавьж байсан боловч АНУ түдгэлзсээр байсан тул дайнд оруулах гэж мэдээллийг дарагдуулан цохилтод өртүүлсэн гэж дайны дараа МИ5-ын ажилтан мэдэгдэж байсан аж. Энийг нь англичууд эрс үгүйсгэсэн гэдэг.

2019, 8 сар 22. 19:16
Зочин

Pearl harbour kinonoos ug dairaltiin zovhon amerik taliin baidliiig uzej baisnaas yponchuud ymar beltgeltei, yaj dairsniig uneheer tosooloogui baij. Bayrlalaa

2019, 9 сар 29. 9:17
Зочин

?

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]