Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хэн нь ялагч болохыг сануулсан гэрэл зурагУншсан22,965

Гурван гэрэл зураг дарсны нэг дээр нь Дээд командлагч нүдээ анисан, эзэн хааны ам бага зэрэг ангайсан байснаа хоёр дахь дээр хааны ам хаагджээ.

“Тухайн үед япончууд бурхан мэт шүтдэг байсан эзэн хааных нь дэргэд дайсны генерал МакАртур хэмээгч хэтэрхий энгийн төрх гарган зогсож байгаа уг зураг нь сонин хэвлэл уншдаг олон япончуудын дургүйг туйлын ихээр хүргэсэн байдаг.”

1945 он. Дэлхийн II дайнд өөрийн эрх ашгийн зүгээс оролцож Ази тивийн олон улс орныг цэргийн хүчээр эзэлж, АНУ-д гэнэтийн цохилт өгснөөрөө цус урсгасан хүнд бэрх дайнд орсон япончууд эцэст буулт хийхээс өөр ямар ч аргагүй байдалд хүрсэн юм. Америкчууд Японыг бараг л эзлэн авч, Азийн энэхүү милитарист улсыг хөршүүддээ дахин хэзээ ч заналхийлэхгүй, номхон хүлцэнгүй хэдий ч орчин үеийн улс болгон өөрчлөх зорилт тавив. 1945 оны 8-р сарын 29-ний өдөр Цагаан ордон генерал МакАртурт Японы Засгийн газрын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, түүний дотор эзэн хаан Хирохитог ашиглан Японд эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлэх тушаал өгжээ. 1945 оны 5-р сард Холбоотнууд нацист Германы төр засгийг татан буулгаж, Рейхстагийг унагаснаас ялгаатай нь америкчууд Японы Засгийн газрыг туйлын өндөр хяналт дор үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрсөн. Тэдний дунд тодорхой хэмжээний түншлэл үүсч эхэлсэн бөгөөд генерал МакАртур Японыг эзэн хаан болон бусад элитүүдээр нь дамжуулан захирч байхаар шийдсэн гэдэг. Ер нь ч тэгээд Японы ард иргэдийн хувьд эзэн хаан нь амьд бурхнаас ялгаагүй үе байсан тул хаанаар нь дамжуулан удирдахаас өөр сонголт байгаагүй ч байж мэднэ.

Ингээд нэгэн цагт Солонгосыг цэргийн хүчээр эзлэн авч, хааныг нь тоглоомын хүүхэлдэй болгож асан гутамшигт цаг үе Японд өөрт нь нүүрлэлээ.

1945 оны 9-р сарын 27-нд Токио хотод байрлах АНУ-ын Элчин сайдын яаманд Генерал Дуглас МакАртур айлчлав. Өглөөний 10.00 цаг болоход албаны Роллс Ройс машинаар эзэн хаан болон түүний хамгаалагч, зөвлөгч нараас бүрдсэн бүлэг хүмүүсийг Америкийн албаны хүмүүс болох Фабион Боуверс, Боннер Феллер нар хүлээн авчээ. Америкчууд эзэн хаантай мэндчилэхэд тэрээр түрүүлж бөхийн, гар барьсан байдаг. Дараа нь Боуверс эзэн хааны толгой дээрх малгайг авсан байдаг. Урьд нь түүнд хэн ч ингэж хандаж зүрхлээгүй аж. Америк офицер түүний малгайг авах зуур МакАртур өрөөнд орж ирэн (үүнийг сонссон хэн болгоны сэтгэлийг хөдөлгөм гайхалтай эршүүд хоолойгоор маш тодоор) "Тавтай морилно уу, эрхэм ээ" гэж хэлэв.

Энэ бол генерал нь хэн нэгнийг “Эрхэм ээ” гэж дуудсан анхны тохиолдол болохыг Боуверс ажиглаж байлаа. Дээд командлагч эзэн хаантай гар барихаар дөхөх үед хаан ч үүнтэй зэрэгцээ гүнээ бөхийснөөр гар барилцах үед тэдний гар бараг л хааны толгой дээр байрлав.

Үүний дараагаар МакАртур эзэн хаан болон хааны орчуулагч Кацузог дагуулан зочны өрөө рүү явав. Тэд тэрхүү өрөөнд дөчин минут орчим ярилцсаны дараа энэхүү нууц яриаг өөр хэнд ч мэдэгдэхгүй гэдгээ амалсан гэдэг. Хэдийгээр олон жилийн туршид тэр өрөөнд өрнөсөн ярианы зарим зүйлс ил болсон ч одоо хүртэл нууцлаг хэвээр.

МакАртур эзэн хаан Хирохитогийн нэрийг Японы дайны гэмт хэрэгтнүүдийн жагсаалтаас хассаныг тухайн үед мэдээгүй байсан тул дайнд хариуцлага хүлээнэ гэдгээ илэрхийлсэн гэж америкчууд үздэг. Япончууд харин эсрэг байр суурьтай. Уулзалтаас гучин жилийн дараа эзэн хааны орчуулагч Окумура Кацузо МакАртурын талаар "эрхэм дээдэс'-тэй ойр байгаадаа сэтгэл нь хөдөлсөн зусарч хүн байсан гэж дурсчээ.

Гурван гэрэл зураг дарсны нэг дээр нь Дээд командлагч нүдээ анисан, эзэн хааны ам бага зэрэг ангайсан байснаа хоёр дахь дээр хааны ам хаагджээ. Харин дээрх зураг бол гурав дахь нь юм. Гэрэл зургийн Японы иргэдэд үзүүлэх нөлөө цахилгаан мэт байв. Япончууд эзэн хаанаа анх удаа л тэдгээрийн үргэлж төсөөлдөг байсан амьд бурхаы оронд биерхүү өндөр америк генералд сүүдэрлэгдсэн энгийн нэгэн хүн хэмээн харжээ. 1945 он хүртэл эзэн хаан ард түмэндээ алслагдмал, нууцлаг дүр төрхтэй байсан төдийгүй олон нийтийн дунд ховор үзэгддэг, үргэлж чимээгүй байдаг бөгөөд гэрэл зургууд нь түүнийг бодит байдлаас хавьгүй өндөр, илүү гайхалтай харагдуулахын тулд тодорхой өнцгөөс авдаг байжээ. Японы нэг ч гэрэл зурагчин өөрийн эзэн хааныг МакАртурын сүүдэрт дарагдсан ийм зураг авахгүй байсан.

Японы Засгийн газар эзэн хааны нууцлаг байдлыг алдагдуулсан гэсэн үндэслэлээр энэ зургийг тэр даруй хориглоод байсан боловч МакАртур хоригийг цуцалж, Японы бүх сонинд хэвлэхийг тушаасан гэдэг. Ийнхүү нэгэн түүхт гэрэл зураг Япон улсын удирдагчдад хоёр улсын түншлэлд хэн нь давуу эрхтэй, хэн нь ялагч болохыг сануулах зурвасын үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]