Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Манжуур дахь Оросын фашистуудын сүйрэл-2Уншсан19,718

Атаман юу юугүй л Зөвлөлтийн дайчид гэнэт ирнэ гэж тооцоолоогүй бололтой.

Өмнөх нь: Манжуур дахь Оросын фашистуудын сүйрэл-1

Манж-го дахь Оросын фашист намын үйл ажиллагааны өөр нэг тал нь гэмт үйл ажиллагаанд оролцох байлаа. Ерөөс мафи л  гэсэн үг. Түүний ард Японы харгис цагдаа нар ч зогсож байв. Олонх фашистууд мансууруулах бодисын худалдаа, биеэ үнэлэлтийг зохион байгуулах, хүмүүс хулгайлах, мөнгө угаах зэрэгт татагдан орж байв.

 

Тухайлбал, 1933 онд фашист намын дайчид авьяаслаг төгөлдөр хуурч Семен Каспег хулгайлж, түүний эцэг, Харбины хамгийн баян еврейчүүдийн нэг Иосиф Каспегаас мөнгө нэхжээ. Гэвч фашистууд мөнгө авч чадаагүй тул эхлээд азгүй эцэгт хүүгийнх нь чихийг илгээж, дараа нь түүний цогцос олджээ. Энэ гэмт хэргээс болж Италийн фашистууд оросын санаа нэгтнүүдийнхээ үйл ажиллагаанаас зайгаа барихад хүрчээ. Тэд “фашизмын нэр хүндэд бохир толбо үүсгэсэн” хэмээн нэрлэж байв. Нам нь гэмт үйл ажиллагаанд оролцох болсон нь өмнө нь Родзаевскийн үйл ажиллагаанд оролцож байсан идэвхтэн фашистуудыг гонсойлгож, хамгийн түрүүнд намаасаа гарахад хүргэжээ.

Японы тусгай албад ч оросын фашистуудын үйл ажиллагааг хангалттай санхүүжүүлж байв. 1934, 1939 онд өнөөх фашистуудын номлогч Константин Родзаевский “цэргийн нам”-ын тэргүүнд тооцогдож байсан Японы Цэргийн сайд генерал Аракитэй уулзсан бол 1939 онд Японы Гадаад хэргийн сайд болсон Мацүокатай уулзаж, өргөн хэмжээний санхүүжилт бүтээж байв.

Родзаевский ёслолын ажиллагаанд

1939 онд Харбинд Оросын фашистуудын 4 дүгээр их хурал болж, өөрчлөлт  гарч эхлэв. Уг хурлаар Родзаевский болон түүний талын зарим нөхдийн дунд ээлжит зөрчилдөөн үүсэв. Тухайн үед Гитлерийн дэглэмийн цаад мөн чанарыг ойлгож авсан бүлэг фашистууд Родзаевскийгээс Гитлерийн Германтай бүх холбоогоо тасалж, намын тэмдгээс хас тэмдгийг авч хаяхыг шаарджээ.  Гитлер зөвхөн Зөвлөлтийн улс төрийн системд бус, Орос, славян үндэстнүүдэд дайсагнасан байдлаар ханддагтай холбогдуулан эдгээр шаардлагыг тавьжээ. Гэвч Родзаевский Гитлерийн эсрэг эргэлтээс татгалзсангүй.

Дэлхийн хоёрдугаар дайн ойртож, тэр нь зөвхөн Оросын фашизм төдийгүй Манжуур дахь Оросын бүх цагаачийн хувь заяанд том нөлөө үзүүлж эхлэв. Тэр үед БОФН-ын гишүүдийн тоо 30 мянгад хүрээд байлаа. Намын хэлтэс, үүрүүд Баруун ба Зүүн Европ, АНУ, Канад, Латин Америкийн орнууд, Хойд ба Өмнөд Африк, Австрали гээд оросын цагаачид амьдарч буй газар бүрт үйл ажиллагаагаа явуулж байв.

Оросын фашистуудын эхний асуудлууд ЗХУ, Герман улс Молотов-Риббентропын гэрээнд гарын үсэг зурснаар эхлэв. Тухайн үед ЗХУ, Герман улс түр хугацаанд хамтран ажиллаж байсан бөгөөд Германы удирдлагуудын хувьд энэхүү хамтын ажиллагаа нь цагаачдын улс төрийн байгууллыг дэмжихээс илүү ашиг сонирхолд нь нийцэж байв.

Оросын фашистуудын олонх идэвхтэн Герман улс ЗХУ-тай хамтран ажиллаж эхэлсэнд маш сэтгэл дундуур байлаа. Ингээд Оросын фашист намаас гарах их урсгал эхэлж, харин Родзаевский гэрээг хатуу шүүмжилсээр байлаа. 1941 оны 06 дугаар сарын 22-нд нацистын Герман ЗХУ-д халдсан нь Родзаевскийн зүгээс маш их сайшаал хүлээсэн юм.

Оросын фашист холбооны тэргүүн Гитлерийг халдан орж ирсэн явдлыг Сталины дэглэмийг унагах, Орост фашист засаглал тогтох боломж хэмээн харж байв. Ерөөс тэр ойрын ирээдүйд Гитлерийн ивээл дор Оросын эзэн болохоор мөрөөдөж эхэлсэн байна. Тиймээс Оросын фашист холбоо ЗХУ-ын эсрэг дайнд хүч бүрдүүлж эхэлжээ. Гэвч япончуудад өөр төлөвлөгөө байсан юм. Япончуудад Ази-Номхон далайн бүсэд АНУ-тай дайтах сонирхол ЗХУ-тай хахир хатуу хүйтэн дундуур Сибирьт дайтахаас илүү байв.

Япон, ЗХУ-ын хооронд төвийг сахих тухай гэрээ байгуулж  байна

Тэгээд ч 1941 оны 04 дүгээр сард Япон, ЗХУ-ын хооронд төвийг сахих тухай гэрээ байгуулагдсан бөгөөд үүнээс үүдэлтэй Японы тусгай албад Манжуур дахь Оросын фашистуудын санхүүжилтийг багасгах болжээ.

Харин Родзаевский Япон улсыг ЗХУ-ын эсрэг дайнд орохыг уриалсан нийтлэл хэвлэлүүдээр дүүргэж, сандарсан япончууд тэрхүү сонинуудыг хураан авч устгаж байв.

Эх орны дайн улам харгис ширүүн үргэлжилж Оросын газар нутагт Гитлерийн арми харгис хэрцгий авирлаж байгаа талаар сонссон Оросын фашист холбооны дэмжигчид байгууллагаас олноор гарч эхлэв. Сталин, Зөвлөлт улс тэдний дайсан болохоос Оросын ард түмэн биш гэж үзэж байв.

Дайн дундаа орж Германы байдал муудахын хэрээр Японы удирдлагууд ЗХУ-тай улам л сөргөлдөхийг хүсэхгүй болж, харилцаа хурцдахаас сэргийлсэн алхмуудыг хийж байв. Ингээд 1943 оны 07 дугаар сард Японы засаг захиргаа Манжуурын нутаг дэвсгэр дэх Оросын фашист холбооны үйл ажиллагааг хориглолоо.

Гэвч зарим мэдээллээс үзэхэд Оросын фашист холбоог хориглосон шалтгаан нь япончууд ЗХУ-тай харилцаагаа хүндрүүлэхийг хүсээгүйтэй холбоотой бус, Зөвлөлтийн Дотоод хэргийн яамны ардын комиссарт ажиллаж, Манжуур, Солонгос, Хятадын газар нутагт Японы цэргүүдийг байршуулсан тухай мэдээллийг цуглуулдаг Зөвлөлтийн тагнуулууд оросын цагаачдын дунд байсантай холбоотой гэнэ. 

Юутай ч фашист нам оршин тогтнохоо больжээ. Энэ цагаас хойш Японы тусгай албаны хараа хяналтад орсон Родзаевский соёл, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг болжээ.

Нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас Манжуур дахь оросын цагаачдын товчоог хошууч генерал Владимир Кислицын толгойлж эхлэв.

 Хошууч генерал Кислицын

Үнэн хэрэгтээ Владимир Александрович Кислицын хаант засаглалын армид жанжин болтлоо дэвшин алба хааж байсан төдийгүй Одессын хилийн 23 дугаар бригад, дараа нь Ригагийн драгуны холбоонд баатарлагаар дайтаж явсан нэгэн юм. Олон ч удаа шархдаж байсан. 1918 онд Кислицын Украины гетманы армид алба хааж, тэндээ морин цэргийн дивиз, дараа нь корпусыг командалж байв. Киевт петлюровчуудад баривчлагдсан боловч германчуудын шаардлагаар суллагдаж, Герман руу гарчээ. Ингээд 1918 онд Германаас Иргэний дайнд нэрвэгдсэн Орост эргэн ирж, Сибирьт төвхнөж, тэндээ Колчакийн дэргэдэх дивиз, дараа нь Семеновын дэргэд Манжуурын онцгой отрядыг командлах болжээ. 1922 онд Кислицын Харбин руу цагаачилж, тэндээ шүдний техникчээр ажиллах болсон бөгөөд хажуугаар нь орон нутгийн цагдаатай хамтран ажиллаж байв. Энэ үед Владимир Кислицыний олон нийтийн үйл хэрэг их ван Кирилл Владимировичийн өв залгамжлагчийг дэмжихээр л хязгаарлагдаж байлаа. 1928 онд их ван Кислицынийг Оросын эзэнт гүрний армийн хошууч генерал болгон зарлав. Хожим нь Кислицын Манжуур дахь оросын цагаачдын товчоонд хамтран ажиллаж байсан боловч 1944 онд нас баржээ.

Кислицынийг нас барсны дараа Манжуур дахь оросын цагаачдын товчооны сүүлчийн даргаар дэслэгч генерал Лев Филиппович Власьевский (1888-1946) томилогджээ. Тэрээр Байгалын өвөр хэсэгт, Первый Чиндант сууринд төрсөн. Харин 1915 онд Дэлхийн нэгдүгээр дайн эхэлсний дараа армид татагдаж, прапорщикууд (Оросын хаант засгийн үеийн цэргийн бага дарга)-ын сургууль төгсөж, дайн дуусах үед дэслэгч болтлоо алба хаажээ. Атаман Семёновын дэргэд Власьевский эхлээд бичиг хэрэг хариуцсан дарга байснаа дараа нь Алс Дорнодын армийн штабын казах хэлтсийн дарга болжээ.

Японы ялагдал ба Манжуур дахь оросын фашизмын сүйрэл

Зөвлөлт-Монголын дайчид Квантуын армийн эсрэг давшиж эхэлсэн тухай мэдээ Манжуурт аж төрдөг оросын цагаачдыг жинхэнэ шоконд оруулжээ. Үймж бужигнасан оросуудын үүрэнд хаант засаглалын консерватив генералууд ухарч буй Японы дайчид Зөвлөлт-Монголын армийн давшилтыг зогсоогоосой хэмээн залбирч, айсуй хувь тавилангаа чимээгүйхэн хүлээн байсан бол эргэн холбиромтгой Родзаевский эрс өөрчлөгджээ.

Тэр гэнэт л сталинизмыг дэмжигч болж, ЗХУ-д үндэсний эргэлт гарсан, армид офицер цолыг эргүүлэн авч ирсэн, охид, хөвгүүдийг тусад нь сургадаг болсон, Оросын эх оронч үзэл дахин сэргэсэн, үндэсний баатрууд болох Иван Грозный, Александр Невский, Суворов, Кутузов зэргийг Сталин л дахин мандуулсан гэж долигонож эхлэв.

Үүнээс гадна Родзаевскийнхээр бол Сталин Зөвлөлтийн еврейчүүдийг “дахин хүмүүжүүлж” чадсан, тиймээс тэд ямар ч аюулгүй, Зөвлөлтийн энгийн иргэд болцгоосон гэв. Родзаевский И.В.Сталинд гэмээ наминчилсан захидал хүртэл бичжээ. Уг захидалдаа “Сталины дэглэм бол бидний “оросын фашизм” хэмээн буруу нэрлэж байсан зүйл яг мөн. Зөвлөлт засгийг л бид хайсаар байсан” хэмээн онцолжээ.

Зөвлөлтийн цэргүүд хойд Хятадын хотуудыг чөлөөлсөөр байна

Түүний баталснаар Оросын фашизм, Зөвлөлтийн коммунизм нэг зорилготой гэнэ. “Октбярын хувьсгал, таван жилийн төлөвлөгөө, И.В.Сталины гарамгай удирдлага Орос буюу ЗХУ-ыг хүршгүй өндөрт өргөсөн нь одоо л харагдаж байна. Дэлхийн бүх ард түмнийг мунхралаас гаргахыг заасан национализм, коммунизын аврагч зохицол болсон, агуу их удирдагч, хосгүй зохион байгуулагч, жолоодогч Сталин мандтугай” гэжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Зөвлөлтийн тагнуулууд(СМЕРШ-ийнхэн) Константин Родзаевскийд ЗХУ-д суртал ухуулагчийн боломжийн ажил амлаж, оросын фашистуудын удирдагч ч хууртжээ. Тэрээр смершүүдтэй холбоо тогтоож, баривчлагдаад Москвад хүргэгдэв.

Олон хүний хувьд Алс Дорнод, Байгалын өмнөд хэсгийн Зөвлөлтийн эсрэг цагаантны хөдөлгөөний бэлгэдэл болж байсан дэслэгч генерал Григорий Семёнов Дайрен дэх харшдаа байхад нь Зөвлөлтийн Дотоод хэргийн яамны ардын комиссарын газрын десантуудад баривчлагджээ. Семёновыг 1945 оны 08 дугаар сарын 24-нд баривчилсан юм.

Атаман юу юугүй л Зөвлөлтийн дайчид гэнэт ирнэ гэж тооцоолоогүй бололтой. Учир нь 1945 оны 08 дугаар сарын 17-нд Япон улс бууж өгсний дараа Зөвлөлтийн дайчид цааш давшихааргүй болж, тэрээр өөрийн харшдаа зугталгүй суух боломж гарсан байна. Гэвч Семёнов буруу тооцоолж, 1945 оны 08 дугаар сарын 24-нд бусад баривчлагдсан хүмүүстэй хамт Москвад хүргэгджээ.

Тэдний дунд цагаантны олны танил болсон генералууд, Манжуур дахь оросын цагаачдын товчооны удирдагчид, Оросын фашист холбооны суртал ухуулагчид байжээ. Генерал Власьевский, Бакшеев, Семёновоос гадна Иван Адрианович Михайлов (1891-1946) хэмээх Колчакийн сангийн сайд асан, цагаачилсныхаа дараа Родзаевскийн хамсаатан болж, “Харбины цаг үе” сонины редактороор ажиллаж байсан, Зөвлөлтийн эсрэг материалуудыг нийтэлдэг нөхөр ч баригджээ. Мөн Лев Павлович Охотин (1911-1948) хэмээх Родзаевскийн “баруун гар”, Бүх оросын фашист намын Дээд зөвлөлийн гишүүн, фашист намын зохион байгуулалтын хэлтсийн дарга баригдсан байна.

Борис Николаевич Шепунов

Манжуур дахь орос цагаачдын товчооны бусад гишүүдтэй баривчлагдсан бөгөөд илүү аюултай хүн байжээ. Өмнө нь цагаантны офицер, Семёновын талын хүн байсан тэрээр 1930-1940 онд “Пограничная” станц дахь Японы цагдаагийн газрын мөрдөгчөөр ажиллахын зэрэгцээ Мүгдэн дэх орос цагаачдын асуудал эрхэлсэн товчооны хэлтсийг тэргүүлдэг байв. Ерөнхийдөө Шепунов л Манжуураас ЗХУ-д тагнуулчид, хорлон сүйтгэгчдийг бэлтгэж явуулдаг ажлыг удирддаг байсан болохоор 1938 онд Харбин дахь Манжуурын орос цагаачдын товчооны хэлтсийн даргаар томилжээ. 1940 онд Оросын фашист холбооны 20 идэвхтэн ЗХУ-ын талд ажилласан хэргээр буруутгагдан баривчлагдаж, дараа нь Японы шүүхээс өмгөөлж, чөлөөлөгдөхөд мань Шепунов шүүхээс гадуур цаазлах ажил явуулсан байв.

1941 онд Шепунов цагаантны гвардийн отряд бүрдүүлж, Зөвлөлтийн газар нутагт зэвсэгт халдлага хийхэд бэлтгэж байв. Ван Николай Александрович Ухтомский (1895-1953) Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Зөвлөлтийн тагнуулууд (СМЕРШ)-ын баривчилж авч ирсэн дээрх дурдсан олонх хүнийг бодвол хорлон сүйтгэх ажиллагаа, тагнуулын байгууллагад шууд ажиллаж байсангүй. Харин коммунизмын эсрэг хатуу байр сууриа илэрхийлж, суртал ухуулыг идэвхийлэн явуулж байв.

“Семеновчууд”-ыг шүүх ажиллагаа: Цагаатгах үндэслэл байсангүй

Дээрх нэр дурдагдсан бүх хүнийг Манжуураас Москва руу хүргэжээ. 1946 оны 08 дугаар сар буюу саатуулснаас хойш жилийн дараа Семёнов, Родзаевский, Бакшеев, Власьевский, Михайлов, Шепунов, Охотин, Ухтомский нарыг шүүх хурал болжээ.

Зөвлөлтийн хэвлэлд бичсэнээр Японы хамсаатнууд гэгдэх “семёновчууд”-ыг шүүх хурлыг ЗХУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегид тус коллегийн дарга, хууль зүйн хурандаа генерал В.В.Ульрихийн удирдлага дор явуулжээ. Шүүхээс буруутан этгээдүүдийг Японы тагнуулын төлбөртэй тагнуулчид, Зөвлөлтийн эсрэг байгууллагын зохион байгуулагчид байхдаа Манжуурын газар нутгаас олон жилийн турш ЗХУ-ын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагааг идэвхтэй явуулж байсан гэж тогтоожээ. Генерал Семенов, Бакшеев, Власьевский нар Иргэний дайны жилүүдэд цагаан цэргүүдийг командалж, Улаан армийн эсрэг зэвсэгт тэмцэл хийж, нутгийн иргэдийг үй олноор нь хэрцгийлэн дарж, хулгай дээрэм, хүн амины хэрэг үйлджээ. Яг тэр жилүүдэд тэд Японоос санхүүжилт авч байсан байна.

Шүүхээс бүх шүүгдэгчийг Японы тусгай албаны тагнуул, ЗХУ-ын газар нутагт тагнуул, хорлон сүйтгэх отряд байгуулах ажил эрхэлж байсан гэж тогтоожээ. Япон улс ЗХУ-ын эсрэг дайн эхлүүлсэн тохиолдолд Манжуурт төвлөрсөн цагааны гвардийн отрядууд шууд бусаар Зөвлөлтийн газар нутагт дайран орох гэж байлаа.

Шүүх үйл ажиллагаа дууссаны дараа ЗСБНХУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегиос дараах шийдвэрийг гаргасан юм. Үүнд, Семёновын бүх өмч хөрөнгийг хурааж, дүүжилж цаазлах, Родзаевский, Бакшеев, Власьевский, Михайлов, Шепунов нарыг өмч хөрөнгийг нь хурааж, буудаж цаазлах, ван Ухтомскийг 20 жил цөллөгт ажиллуулах, Охотинийг 15 жил цөллөгт ажиллуулах, түүнчлэн бүх өмч хөрөнгийг нь хураах ял оноожээ.

Яг тэр өдөр буюу 1946 оны 08 дугаар сарын 30-нд Москвад цаазын ял авсан бүх шүүгдэгчийн цаазын ажиллагааг гүйцэтгэжээ. Вантан Ухтомскийн хувьд 20 жил цөллөгдөх ял авсан ч ял сонссоноос 7 жилийн дараа буюу 1953 онд Воркутын ойролцоох “Речлаг”-т нас барсан. Лев Охотин 15 жилийнхээ 2 жилийг биеэр эдлээд 1948 онд Хабаровскийн хязгаарт мод унагах газарт нас барсан байна.

1998 онд Сталины тушаалаар оноосон ялын гүйцэтгэлийг дахин хянах давалгаагаар ОХУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегоос “Семёновчууд”-ын хэргээр шүүгдсэн бүх хүний хэргийг дахин шалгажээ. Харин энэ үед атаман Семёновын хэргийг л шалгасангүй. Учир нь түүнийг 1994 онд цагаатгах боломжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн билээ. Харин бусдынх нь хэргийг нягталж үзээд үнэхээр ял тулгах үйлдэл хийсэн буруутай гэж тогтоожээ. ОХУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегоос ялыг өөрчлөхгүй үлдээж, дээрх этгээдүүдийг цагаатгах үндэслэлгүй гэж үзжээ.

Харамсалтай нь өнөө үеийн Орост 1930-1940 оны фашистуудын үйл хэргээр бахархдаг, Семёнов, Родзаевский болон тэдний хүмүүсийг Оросын эсрэг бодлогын зэмсэг байсан, тэдний үйл хэрэг өөрсдөө засгийн эрхэнд гарах, Япон, Германы тусгай албадын мөнгөнд чиглэсэн байсан гэдгийг мартсан хүмүүс одоо ч байсаар байна.

Автор: Илья Полонский

Монгол хэлнээ хөрвүүлсэн орчуулагч судлаач Э.Мөнхзаяа

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 1 сар 25. 16:29
Зочин

Tvvhiin talaar mash bodit sedew oruulj bidnii medlegt ih tus oruuldagt mash ih talathdad bayrlalaa

2019, 10 сар 8. 23:42
Зочинbataabat

Orosiin mergen byydagch emegtei ludmila Pawlechenkogiin tyhai medeelel oryylj uguuch

2018, 1 сар 29. 22:48
Зочин

4 дүгээр боть гэж гарах уу

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]