Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сталины генерал хүүгийн эмгэнэлт төгсгөлУншсан28,854

Хэдийгээр Иосиф Сталин хүүдээ хатуухан хандаж, түүний үгийг үг дуугүй биелүүлэхийг шаарддаг байсан ч Василий өөрт нь арай л өөр хандаад буйг тун сайн ажиглажээ.

Иосиф Сталины гэр бүл тун эмгэнэлтэй хувь заяаг туулсан юм. Сталины анхны эхнэр Екатерина Сванидзег амиа хорлосон гэж албан ёсоор үздэг. Эцгийн нь зүгээс онцын хайр халамж үзүүлдэггүй байсан хүү Яков нь эх орондоо байхдаа хэд хэдэн удаа амиа хорлох гэж оролдоод хожим германчуудад олзлогдон цаазлуулсан. Дараагийн эхнэр Светлана Аллилуева нь гадаадад тэнүүчлэн, хүү Василий Сталин тун ч замбараагүй амьдрал туулсан гэдгийг бид сайн мэдэх билээ.

Аугаа их удирдагчийн анхаарал, хайр халамжийн дунд өссөн цорын ганц хүн бол Василий юм.

Хэдийгээр Иосиф Сталин хүүдээ хатуухан хандаж, түүний үгийг үг дуугүй биелүүлэхийг шаарддаг байсан ч Василий өөрт нь арай л өөр хандаад буйг, аавдаа маш их хайртайг тун сайн ажиглажээ. Тэрбээр дунд сургуульд олигтой дүн авахаа больж, ерөнхийдөө сурлагаар сүүл мушгих хандлагатай байсан тул эцэг нь түүнийг цэргийн сургууль руу илгээв. Энд л Василийг армийн сахилга бат хүн болгож магадгүй хэмээн үзжээ.

 Ямартай ч Василий Сталин цэргийн нисэгч болж сургуулиа төгслөө. Тэрбээр сайн нисдэг байсан төдийгүй тун зоригтой нэгэн хэмээн хамт олон нь үнэлнэ. Ер нь өөрийн гэсэн авир араншинтай, тун шартай болов уу гэмээр нэгэн байв. Хэдийгээр гадаад төрхөөрөө эцэгтэйгээ адилхан намхан, туранхай боловч Василий харин сайн тамирчин байсан юм. Морь, мотоцикль ихэд сонирхон, сайн ч унана.

Дайны жилүүдэд удирдагчийн хүү ахмадаас хошууч генерал болтлоо цол ахиж, албан тушаал нэмлээ. Гэхдээ үнэхээр ийм цол хүртэх хэмжээнд гавьяа байгуулсан эсэх нь маргаантай зүйлийн нэг юм. Тэр үед түүний эцэгг таалагдах, өөрийн нь найз нөхдийн хүрээнд багтах гэсэн хүмүүс Василийн буруу зөрүүг харсан ч хараагүй мэт царайлан зулгуйдаж асан цаг байлаа. Ингээд Василийг 1944онд Москвагийн цэргийн тойргийн агаарын хүчний командлагчаар томилж, дөнгөж 27 нас хүрээд байхад нь дэслэгч генерал цол олгосон юм.

Эмэгтэйчүүд хүүхний араас гүймхий Василий Сталин архи уух нь элбэгшин, улмаар түүнийгээ олон хоногоор үрэлжлүүлдэг боллоо. Нэгэнтээ үг зөрөлдсөн хошуучийг нам буудсан хэрэг мандав. Мөн байлдааны гранатаар загас агнаж байгаад Иосиф Сталины хувийн нисэгчдийн нэгний амь насыг хохироолоо. Энэ хугацаанд олон арван бүсгүйтэй ор хөнжлийн талаар нэр холбогдож, гурван ч удаа албан ёсоор гэр бүлээ бүртгүүлээд амжсан нэгэн билээ.

Гэхдээ Василийд байгаль ээжээс заяасан болов уу гэмээр хүнлэг, өгөөмөр зан байсан гэлцдэг.

Тэрбээр ээжийнхээ амиа хорлосон явдалд эцгээ буруутай гэж үзэн, ээжийнхээ зургийг гэрийнхээ ханаар энд тэндгүй өлгөсөн харагддаг байжээ.

Мөн “Спартак” клубийн хөлбөмбөгч Николай Старостины түүх Василийн талаар гүн сэтгэгдэл төрүүлдэг.

"Динамо” багийн “ивээн тэтгэгч” Лаврентий Берия хөлбөмбөгийн багуудын хоорондох өрсөлдөөнд өөрчлөлт оруулахын үүнээс 40-өөд оны эхээр ах дүү дөрвөн Старостиныг улс төрийн хэргийн 58 дугаар зүйлээр шийтгэж хорих анги руу илгээсэн юм. Гэтэл 1948 онд Василий Сталин Москвагийн цэргийн тойргийн томоохон дарга нарын нэг болсныхоо хувьд Бериягийн эсрэг зогсч Старостиныхныг шоронгоос гаргах гэж оролдоод үзэв. Тэрбээр Николай Старостины хоригдож асан Комсомольск дахь лагерийн даргатай утсаар ярьж, түүнд ч Василий Сталин гэх нэр аянга цахилгаан шиг сонсогдсон тул хөлбөмбөгчийг хугацаанаас нь өмнө суллууллаа. Мөн түүнийг авахаар тусгай онгоц илгээж, Москвад өөрийн биеэр угтан авчээ.

Мөн Старостины иргэний үнэмлэх дээр “том хотуудад амьдрахыг хориглоно" гэсэн тэмдэг дараастай байсан ч Василий ихээхэн хүчин чармайлт тавьсны дүнд Москвад оршин суух эрх авч өглөө. Харин Бериягийн удирддаг байгууллагын хурандаа нар Старостиныг Москвагаас гар хэмээх шаардлага тавихад Василий зуслангийнхаа байшинд авчраад, “Энд амьдарч бай. Таныг хэн ч оролдож зүрхлэхгүй" гэжээ. Ингээд Николай Старостин “Спартак" болон Агаарын цэргийн хүчний багийг дасгалжуулж эхэлжээ.

Харамсалтай нь Василий Сталин энд өөрийнхөө боломжийг арай өндөр хэмээн хоосон бодсон байлаа. Учир нь тун удалгүй Старостинд “Оршин суух хаягийн бүртгэлийг” онц ноцтой зөрчсөн хэмээн бүх насаар нь Казахстанд цөлөх тушаалыг гаргав. Харин тэрбээр энэ газраас Сталин нас барж, Берия буудуулсны дараа л эргэж ирсэн билээ.

Хоригдож эрх чөлөөгөө хасуулахын зовлонг Василий ч бас үзсэн. Түүний архи уух явдал улам нэмэгдэж бодлогогүй зүйл хийх нь олширч байлаа. Өглөө босоод 150 грамм цагаан архи уусныхаа дараа хэрчим шийгуагаар даруулах нь түүний хувьд ердийн зүйл болж хувирлаа. Энэ нь ужгирсаар архинд орж, улмаар нөхцөл байдлыг эрүүл, саруулаар дүгнэж цэгнэх чадвараа алдав. Тиймээс оюуны ажил огт хийдэггүй байсан болохоор аливаа асуудалд хандахдаа хэн хүний санаанд оромгүй шийдвэрийг гаргах болжээ.

Тэрбээр агаар муу учраас 1952 оны тавдугаар сарын 1-нд Улаан талбай дээгүүр онгоц нисгэхгүй гэсэн командлалынхаа шийдвэрийг дур мэдэн өөрчилснөөр нэлээд онгоц осолдож, олон арван хүн амь насаа алдсан юм. Үүний үр дүнд Иосиф Сталин өөрийнхөө гараар тушаал гарган түүнийг албан тушаалаас нь огцруулж байсан билээ.

Ингээд Василий ажилгүй боллоо. Аав нь түүнийг Жанжин штабын академид суралцах ажлаа үргэлжлүүл гэсэн боловч түүний архинд нэвчсэн ухаан нь эрдэм ном огт хүлээж авах чадваргүй гэдгийг сайтар ойлгов. Тиймээс зуслан дээрээ өдөржин согтуу хэвтэх болж, өөрийн нөлөөгөө хаа сайгүй алдсан нь мэдрэгдэж эхэлжээ.

Үүнээс яг нэг жилийн дараа “дэлхийн пролетарийн их удирдагч” нас барлаа. Василий өөрийгөө энэ үед өв залгамжилсан "хунтайж” мэт үзэж байсан тул миний эцгийг аллаа, хорлолоо хэмээн И.Сталины ойр тойрны бүх хүн рүү хашгиран агсамнаж байв. Тэрбээр энэ мөчөөс эхлэн түүний үе дууссан гэдгийг огтхон ч ойлгоогүй байлаа. Тэгээд Василий Сталин Жанжин штабын олгосон томилолтыг хүлээж авахаас татгалзан, шууд тэтгэвэрт гарахаар шийдлээ. Сар шахам Москвагийн зоогийн газруудаар хэсч, Берия мэтийн хүнийг асар их муулж байсан тул шууд баривчиллаа.

Түүнээс бүх хүн нүүр буруулсан байв. Албан тушаалаа урвуугаар ашиглан, өөрийн захиргааныхаа хүмүүсийг зодож, нүддэг байсан тухай мэдүүлгүүд шил шилээ харан цуварч эхэллээ. Мөн Москвагийн Агаарын цэргийн тойргийг командалж байхдаа асар их хөрөнгө мөнгө сүйтгэсэн нь илэрлээ. Тэрчлэн үл бүтэх хүмүүсийн зарим нэг асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрийнхөө овог нэр, албан тушаалыг ашигладаг байсан нь бас тодорхой болсон юм.

Дээд шүүхийн цэргийн коллеги Василий Иосифович Жугашвилид найман жилийн ял оноов. Түүний араас эгч, гурав дахь эхнэр, Хрущев нар ч хөөцөлдөөд дийлсэнгүй. Арай хэмээн эмнэлэгт хэвтүүлээд орхихоор л архичид цуглуулан хэл ам тарина. Эрүүл мэндийн нь шалтгаанаар сувилалд хэвтүүлэхээр архи уун маргаан дэгдээгээд Владимирынхаа шоронд очдог байлаа.

Хрущев түүний үлдсэн ялыг тэнсэн харгалзаад 1960 онд суллав. Василий Москвад ирлээ. Түүнд генерал цол, байр, зуслан, машин, байлдааны медалиуд, тэтгэвэр, намын батлахыг нь хүртэл эргүүлэн олголоо. Гэвч тэрбээр дахин “найз" нартайгаа учирч, Сталин хэмээх агуу их нутаг нэгтний нь алдар сууг хараахан мартаагүй байсан Гүрж нутагт ирж, улмаар “хуучин ажлаа” үрэлжлүүлэн удалгүй Лефортофийн шоронд хүргэгдэн иржээ.

Архи, шорон хоёр түүний эрүүл мэндийг бүрэн эвдсэн юм. Элэг, ходоод нь бараг авах юмгүй болчихоод байсан тул түүнийг эмнэлгийн магадлагааг үндэслэн суллаж, Москва, Кавказаас өөр газар амьдрахыг зөвшөөрч, нэг ёсондоо нутаг заан өгчээ.

Василий Сталин шоронгоос гараад нэг жил ч болсонгүй. Нэгэнт найдваргүй болсон бие эрхтнээ хэрхэн яаж эмчлүүлэх тухай ч бодсонгүй. 1962 оны гуравдугаар сард дөнгөж гэрлэлтээ бүртгүүлсэн шинэхэн эхнэртэйгээ амьдарч байгаад Казанид нас барсан юм. Тэрбээр архины цагаан солио туссан үедээ амьсгал хураасан бөгөөд тэр үед дөнгөж 41 наслаад байв. Эдүгээ Казани хотын оршуулгын газар “Василий Иосифович Жугашвили. 1921-1962” гэсэн бичээс бүхий чулуун хөшөө л үлджээ. 

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 11 сар 6. 15:44
Зочин

huuhedgui bsan yum bh daa

2021, 11 сар 13. 19:51
Зочин

Хүүхэдтэй нилээд хэд шүү ! Харин энэ нийтлэлийг бичигч андуу ташаа зүйл нилээд бичиж

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]