Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цөөхөн солонгосчууд Японы бүтэн флотыг ялсан түүхУншсан8,266

Японд ч, Хятадад ч нэн даруй ялалт байгуулж баатар цолоо мандуулахыг цэргүүдээсээ шаардсаар. Ийм үед хоёр талын жанжид цаасан дээр ялалт байгуулж эхэлсэн ба Токио болон Бээжин рүү хэзээ мөдгүй дайснаа дарж авах нь тодорхой боллоо гэсэн мэдээ цувсаар.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

XVI зуунд Тоётоми Хидэёши хэмээх эр янз бүрийн арга явуулгын ачаар Япон улсыг нэгтгэж улс орноо шинэчилж эхэллээ. Газрын, татварын олон шинэчлэл хийж эдийн засаг нь сэргэж эхэлсэн ч хуучин самурай байсан, ажил хийх гэдгийг адгийн гуйланчдын хувь заяа гэж үздэг хагас сая гаруй зэвсэгт нөхдүүд гэдэг том гай түүнд саад болж байв. Юм л бол муухай хашхираад сэлмээ бариад дайрах гэдэг энэ нөхдүүдийн асуудлыг шийдэх ганц зам нь дайн байлдаан байсан ба Тоёотоми нь эдгээр нөхдүүдийг цуглуулж Солонгос хэмээх улсыг эзлэн авахыг тушаан явуулжээ. “Ер нь юмыг яаж мэдэх вэ, олон дахин нааш цааш явж байхаар Хятадыг ч гэсэн тэр далимдаа бас эзлээд авбал...” гэсэн утгатай юм ч хэлсэн гэх.

Дайн байлдаан хийж, шинэ улс орон эзэлж аван баяжна гэж баярласан 200,000 гаруй самурайнууд Солонгосын эрэг дээр буунгуутаа л сүйдэлж эхэллээ. Хэдхэн хоногт Сеул хүрч, Солонгосын цэргүүд гэх бөөгнөрсөн олон нөхдүүдийг ёстой л элдэж байсан бөгөөд угаасаа зэвсэг муутай, хуяг дуулга байхгүй, зохион байгуулалт гэх юмгүй, байлдах чадвар султай 50 000 цэргүүдийн ихэнх нь анхны томоохон ялагдлын дараа тарж бутарч, бууж өгч эхэлсэн байна.

Гэхдээ Солонгосчуудад нэг том давуу тал байсан нь их буу байлаа. Тэд их буу хийх дуртай, хийж чаддаг ч байсан бөгөөд ялангуяа байлдааны хөлөг онгоц дээрээ зай завсаргүй их буу тавих ёстой гэж үздэг байв. Бас Солонгосын тэнгисийн хүчний нэг бахархал болсон битүү дээвэр бүхий яст мэлхий-хөлөг онгоц нь (гебуксон) дайсны хөлөг онгоцнуудын дунд орж байлдах зориулалттай бөгөөд ийм хөлөгт хэдий чинээ олон их буу байна төдий чинээ сайн нь ойлгомжтой.

Япончууд нь Солонгосын сүүлийн найдлага болсон тэнгисийн флотыг нь бут цохиод бушуухан Хятад орныг гартаа оруулахаар яарч эхэллээ. “Цөөхөн тоотой Солонгосын хөлөг онгоцнуудыг нь яйртал нь цохиод үлдсэн хэдийг нь дэгээт татуургаар барьж аваад...”. Япончууд нэг иймэрхүү тооцоотой байсан ба тэдний эсрэг сөрөн зогсох Ю Суншин гээч жанжныг мэдэх ч үгүй, тоох ч үгүй байсан юм.

Дайтагч хоёр флотын ширүүн тулалдаанд тун удалгүй Солонгосчууд давамгайлж эхэлсэн боловч тэдэнд Япончуудыг нэг мөсөн дуусгах хүч байсангүй. Олон том жижиг тэнгисийн тулалдаан болоход Ю Суншин байнга ялж байснаас болж нутгийн ард иргэд ч бас харийн түрэмгийлэгчдийн эсрэг босох нь идэвхтэй болж улс орон нэлдээ тэмцэж эхэлжээ.

Хятадууд ч ах дүү Солонгосчууддаа туслахаар баахан цэрэг явуулсныг яана. Дайн сунжирч эхэллээ.

Японд ч , Хятадад ч нэн даруй ялалт байгуулж баатар цолоо мандуулахыг цэргүүдээсээ шаардсаар. Ийм үед хоёр талын жанжид цаасан дээр ялалт байгуулж эхэлсэн ба Токио болон Бээжин рүү хэзээ мөдгүй дайснаа дарж авах нь тодорхой боллоо гэсэн мэдээ цувсаар.

Японд Тоёотоми нь ялалтын мэдээ хүлээн өдөр хоног өнгөрүүлж байх тэр үед Хятадын хааны элч ирэв. Бууж өгөх гэрээ байгуулахаар ирсэн байх ёстой энэ нөхрийг Япон эзэн тун ч дээрэнгүй хүлээн авсан ба харин өнөөх нь өөдөөс нь “Япон улс нэн даруй ялагдлаа хүлээж, алба татвар барих ёстой” гэх зэргийн зүйл шаардсан байна. Галзууртлаа уурласан Тоёотми нь өөрийн гараар элчийг балбаж хаяад Солонгос дахь цэргүүдээ нэн даруй дайнаа ялалтаар дуусгахыг тушааж баахан цэрэг нэмж явуулахаар шийджээ.

Энэ хооронд Солонгосын хаад ноёдын дунд ч юм юм болж байсан ба ард түмний баатар болсон Ю Суншинийг ордны явуулгаар огцруулан бүр жирийн цэрэг болгосон байв. Урьд өмнө жижиг сажиг бичиг баримт хуурамчаар үйлдэж байсан хэргийг нь сөхөн байж ингэсэн гэдэг. Улс орон нь оршин байх эсэх дээрээ тулсан дайны үеэр шүү!

Ингээд Ю Суншины оронд Вон Гюн хэмээх дээдэс гаралтай жанжныг флотын жанжнаар томилжээ.

Японы нэмэлт хүч ирж Солонгосын эрэгт буухыг шинэ жанжин анзааралгүй өнгөрөөж эхний тулалдаанаар навс цохиулсан бөгөөд 169 сайн хөлөг онгоц бүхий флотоос нь ердөө 10 хан хөлөг л бүрэн бүтэн үлдэж Япончуудын цохилтоос зугтаж чадсан байна. Бусад хөлөг онгоцнууд нь, тэр тусмаа Солонгосчуудын бахархал болсон яст мэлхий-хөлөг онгоцнууд нь бүгд живж, далайн ёроол руу явжээ.

Аргаа барсан солонгосчууд өнөө муу Ю Суншинээ дахин флотын жанжин болголоо. 10-аадхан хөлөг онгоцтой хүчийг флот гэж нэрлэж болно гэж үү?

Ю овогт зүтгэсээр байж дахиад 3 хөлөг онгоцыг шинээр бариулж дайнд бэлдэж эхэлсэн ба түүний эсрэг Японы 133 байлдааны хөлөг онгоц, тэдэнд туслах 200 гаруй бусад хөлгүүд байсан гэдгийг нэг хэлэх хэрэгтэй болов уу.

Ийм их хүчний өөдөөс халз үзэх ямар ч аргагүй нь ойлгомжтой.

Солонгосчуудын хувьд шийдвэрлэх тулалдаан эхлэх цаг боллоо. Ю Суншин өөрийн хэдхэн хөлгөө далайн эрэг хавийн эргүүлэгтэй, огцом давлагаа урсгал бүхий хэсэгт жагсаан зогсоосон байхыг Япончууд хараад хөх инээд нь хүрч байсан байх. Гэнэт Солонгосын ганцхан хөлөг (Ю Суншины өөрийн хөлөг) япончуудын өөдөөс хөдөлж холын зайнаас их буугаараа буудаж эхэллээ. Удалгүй бусад хөлөг нь ч түүнтэй нийлсэн ба Солонгосчуудын их бууны онч гэж жигтэйхэн.

Япончууд далайн гүний урсгалаас болж арайхийн байлдааны эгнээгээ барин явж байсан бол Солонгосын олон их бууны буудалтын дараа замбараа цадигаа алдлаа. Хоорондоо мөргөлдөж, хэврэг муухан онгоц нь бутарч салж, далайн эргүүлэгтэй хэсэгт живж эхэлсэн ба энэ нь дайснаа  хамгийн эвгүй хэсэгт дайруулахаар бодсон Ю Суншины  тооцоо байсан юм.

Тулалдаан шөнөжин үргэлжилж өглөө болоход Япончууд 30 гаруй том хөлгөө алдаж, цэргүүдийн санаа сэтгэл “шал дээр унасан” байлаа. Ганцхан цэргүүд ч биш жанжид нь ч Ю Суншиний элдэв ов мэх, арга залиас айж шантарч эхэлсэн учир эргэж харалгүй арлын нутаг руугаа тэр чигээрээ зугтсан буюу дайн энэ тулалдаанаар дууссан гэдэг.

Харин дэлхийн түүхэн дэх хамгийн гайхамшигт ялалтын нэгийг байгуулсан Ю Суншин жанжин нь тулалдааны төгсгөл хэсэгт дайсны харвасан суманд оногдон амиа алдсан билээ. Солонгосчуудын аз болоход Япончууд үүнийг мэдсэнгүй зугтан одсон нь тэр.

Дэлхийн түүхэн дэх гайхамшигт ялалтуудын тухай цувралын маань энэ удаагийн баатар Ю Суншины тухай Солонгосын нэгэн аятайхан кино бий. Үзэж амжаагүй хүн байдаг бол нэгэн оройг өнгөрөөх сайхан боломж тань энэ бөгөөд уг киноны гол дүрд “өнөөх” Чой (Чхве) Мин Сик тоглосон билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]