Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бидний мэдэхгүй Диана гүнжУншсан22,589

Гэхдээ хэвлэл мэдээлэл болон бусад сувгаар бидэнд итүүлэн үнэмшүүлэх тэрхүү гэгээн Диана нь тийм ч “ариухан амьтан” байгаагүй тухай олон мэдээ баримт бас байдаг юм билээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Уэлсийн хатан асан Диана гэнэтийн ослоор амь алдсаны дараа түүнийг хайрлаж, өрөвдөж, Тереза эхийн шахам хэмжээнд ярьсаар бичсээр л байна. Гэхдээ хэвлэл мэдээлэл болон бусад сувгаар бидэнд итүүлэн үнэмшүүлэх тэрхүү гэгээн Диана нь тийм ч “ариухан амьтан” байгаагүй тухай олон мэдээ баримт бас байдаг юм билээ.

 

Диана Спенсер нь оюун ухаан, сурлага амжилтаараа сүйд болох зүйлгүй, ер нь ихээхэн тааруухан сурлагын амжилттай охин байсан бөгөөд баян биш боловч нэлээд өндөр сурвалжит гаралтай айлын хүүхэд байжээ. Британийн хуулиар тайж зэргийг нь (бүх л эд хөрөнгөтэй нь цуг) эрэгтэй хүүхэд нь өвлөж авдаг байсан ба Диана нэг эрэгтэй дүү, хоёр эгчтэй байж. Дүү нь бүх л нэр хүнд баялагтаа эзэн суух нь тодорхой, хоёр эгч нь бас ч аятайхан зөв нөхөр олж авсан бөгөөд залуухан охин маань тэдэнтэй адил баян тарган, нэр хүндтэй нөхөртэй болох хүсэлтэй байж. Тэрээр эгч нарынхаа гэрийн үйлчлэгч хийж, янз бүрийн үдэшлэг зохион байгуулах, хүүхдийн бүжгийн багш, Америкийн баян айлын (Робертсон хэмээх айл) хүүхдүүдийн хүмүүжүүлэгч, дунд сургуулийн туслах багш, хүүхдийн цэцэрлэгийн туслах зэрэг олон ажил хийж яваад хунтайж Чарльзтай танилцсан байна.

Энэ танилцах явдал, түүнээс хойшхи Чарльзтай холбоотой янз бүрийн хэвлэл мэдээллийн шуугиан нь тодорхой зохион байгуулалттай байсан гэх олон хүмүүс байдаг ба Чарльзийн аав Филипп  (хатан хааны нөхөр) “цэвэр ариун охин хүүхдийн нэр төрийг хамгаалахын тулд чи түүнтэй суух ёстой“ гэж Чарльзийг загнаж байсан гэдэг. Ингээд Диана маань хааны гэр бүлийн гишүүн болох боломжийг алдалгүй дор нь зөвшөөрлөө.  Нөхөр болох хүн нь Камилла хэмээх бүсгүйтэй 9 жилийн турш хамгийн ойрхон холбоотой байдаг гэдгийг мэдэхийн сайнаар мэдэж байсан Диана өөрийнхөө залуу нас, гоо үзэсгэлэнд найдсан гэдэг ба тэрээр Камиллаг өөрийнхөө өрсөлдөгч гэж эхлээд огт үздэггүй байжээ.

Чарльз ба Камилла нар.

Диана нөхөртэйгөө ойр дотно байхыг оролдох биш харин хатан хүний зангаар өөрт нь, хөлд нь унахыг хүлээж байсан гэдэг. Гэтэл тийм юм болсонгүй. Чарльз Камилла нарын явдал үргэлжилсээр байсан нь Дианагийн хор шарыг хөдлөгөсөн бөгөөд хатан хүний хийхээргүй зүйл хийж эхэлжээ. Хаан болон, хунтайжийн хормой хотны явдлыг ерөнхийдөө чимээгүйхэн өнгөрөөдөг байсан бөгөөд түүхийн явцад олон хааны, хунтайжийн ийм явдлыг хатан нь, гэргий нь төр улсын эрх ашиг гэх мэтийн ганган үгээр тэвчиж, эвлэрч өнгөрөөдөг байсан бол Диана тэгсэнгүй. Уэльсийн хунтайжийн хатан, хаан ширээ залгамжлах ирээдүйн ханхүү нарын ээж маань хаа дайралдсан нөхдүүдтэй “учир ургуулж” эхэллээ. Ихэнх нь л жолооч, цэцэрлэгч, адуучин гэх мэтийн нөхдүүд байсан ба нэлээд сүүлд зиндаа дэвээ бодсон бололтой эмч, тэрбумтан нартай “шадарлаж”  байв.

Түүний энэ бүх явдал нь бага хүү Харрид хүндээр тусдаг ба Их Британид Харриг хааны удам биш гэх хүн маш олон байдаг юм байна.

Хьюит-хааны адуучинг ханхүү Харригийн эцэг гэж ярьдаг ба харьцуулсан олон янзын зураг бий.

Хьют, Харри, Чарльз нарын зургийг ингэж харьцуулаад хэвлэлээр бичиж байжээ

Леди Ди хэмээн алдаршсан Диана маань зовж зүдэрсэн нэгэн эмэгтэйн дүрийг маш чадмаг тоглож байсан ба санаатайгаар, янз бүрийн явдлаар олон түмний анхаарлын төвд байх гэж их хичээдэг байсан байна. Элдэв өвчин, өөрийнхөө биед янз бүрийн гэмтэл санаатайгаар учруулах (гэмтэл гэхээсээ илүү хэвлэлийн анхаарал татах үйлдэл гэх нь бий), эсвэл Чарльзын төрсөн өдрөөр нэгэн мэргэжлийн бүжигчинтэй тун “ойрхон” байдлаар бүжиглэж олны анхаарлыг татсан... гээд түмэн янзын зүйл бий.  Гэхдээ энэ бүхнийг нэгэн ярилцлага даван гарч түүний  цаашдын амьдралын чигийг заасан байдаг.

Чарльзийн төрсөн өдрөөр шуугиан тарьсан бүжиг

Тэрхүү ярилцлагадаа янз бүрийн нөхдүүдтэй “ойрхон” байсан тухайгаа, тэр "ажлынхаа" үеэр ямар нэг хамгаалалт хэрэглэдэггүй байсан мэтийн юм ярьж дэлхийн чихийг ангайлгасан байна. Хэн хүний анхаарал нэг их татаад баймааргүй, жирийн нэгэн охин нэг л өдөр хаан ширээ залгамжлагчийн эхнэр болж дэлхийн бүх л алдартай хувцас загварын ертөнц өмнө нь бөхөлзөж эхэлсэн тэр үеэс эхэлж, эсвэл өшөө авах гэсэн хүсэлдээ хөтлөгдөн леди Ди-гийн зан чанар, сонирхол ч өөрчлөгдсөн бололтой.

Энэ бүхнийг хатан хаан тэвчсэнгүй хааны гэр бүлийн гишүүн байхыг нь болиулах талаар санаа тавьж эхэлсэн гэдэг. Удалгүй Елизавета II Дианаг дуудаж ирүүлэн ярилцаад гэр бүл салах тухайд тохирсон бөгөөд леди Ди хаан ширээ залгамжлагч нарын эх гэдэг нэрээр нэрлэгдэж,  17 сая фунтын хөрөнгө авах, дээр нь жил бүр 700 000 фунт авах... гэх зэргээр тохирчээ.

Хаснат Хан

Гэр бүл албан ёсоор салахаас өмнө леди Ди маань пакистан гаралтай Хаснат Хан гээч эмчтэй ихээхэн “явдалтай”  (хааны ордонд уулзаж учирдаг байж) байсан бөгөөд гэр бүл салсны дараа эмч гэрлэх санал тавина гэж хүлээж байсан гэдэг цуу яриа бий. Леди Ди-гийн зан чанар, бас бус зүйлээс болсон уу яасан, Хаснат Хан тийм санал тавилгүй удалгүй хоёр тийшээ болжээ. Диана  энэ хүнтэй суухын тулд сүжиг бишрэлээ сольж лалын шашинтан болохоор бэлдэж байсан билээ.

Удалгүй Диана дараагийн бас нэг лалын шашинтан болох эртэй ойртож эхэллээ. Тэрээр өөрийн хүүхдүүдийг ирээдүйн шинэ аав нь байж болох нөхөртэй танилцуулан далай тэнгисээр аялж байсан гэдэг бөгөөд олон хүний сэжиглэж байгаагаар “хан хөвүүдийн дүүгийн аавтай” хүүхдүүдээ ойртуулан нөхөрлүүлэх оролдлого хийсэн байна. Үнэхээр санаатайгаар тийм юм хийж байв уу? эсвэл ердөө л толгой нь ийм юм бодох хэмжээнд ажиллаагүй юм болов бүү мэд. Тэр үед леди Ди нь тэрбумтан Доди аль-Файед-аас жирэмсэн болсон байжээ гэдэг нь одоо “бараг” тодорхой болсон билээ.

Хан хүү нар ээжтэйгээ, Доди аль Файедтай цуг

Хааны ордонд хаан ширээ залгамжлах хүүхдүүд нь лалын шашинт хаа хамаагүй эрийн хүүхэдтэй нэгэн эхтэй байж болох тухай бодол, яриа нь ямар их сандрал, тэвдэл дагуулсан бол? Ганцхан энэ төдийгүй леди Дигийн болчимгүй, болгоомжгүй явдлууд хаан ширээ залгамжлагч нарын төлөвшихөд  хортой, тэдний ирээдүйн нэр хүндэд гутамшигтай, заримдаа бүр амь насанд нь ч аюултай байж мэдэх нөхцөл бий болгож байсан гэдэг.

Энэ бүх явдлын дараа тусгай албад уу эсвэл хувь заяа гээч нь үү 1997 оны 8-р сарын 31-нд Парист хатагтай  Дианаг тэрхүү аймшигт осолд “өртүүлж” үгүй болгосон билээ...

Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]