Бэлтгэсэн Б.Нямдолгор
“Ромын энх амгалан" эрин буюу Пакс Романа нь Нийтийн тооллын өмнөх 27 онд Октавиан буюу Август Цезарийг хаан ширээнд заларснаас хойш Нийтийн тооллын 180 онд Марк Аврелийг таалал төгсөх хүртэлх үеийг хамардаг. Энэ үе нь Ромын эзэнт гүрэн төдийгүй ард иргэдэд нь асар их хөгжил дэвшил, мандан бадралыг авчирсан алтан үе байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг билээ. Гарамгай түүхч Эдвард Гиббон “Ромын эзэнт гүрний уналт ба сэргэлт” (1776 он) номдоо "Ромын энх амгалан" гэх нэр томъёог анх хэрэглэж, Ромын түүхийн энэ үеийг гүнзгий авч үзжээ.
Дэлхийн мэдээлэл, боловсролын тэргүүлэх эх сурвалж ThoughtCo., вебсайтад бичсэнээр “Ромын эзэнт гүрний амгалан тайван байдал, хөгжил цэцэглэлтийг бүх л колонийн иргэд түүнчлэн ромчууд өөрсдөө халуун дотноор мэдэрч, шударгаар хүлээн зөвшөөрсөн” гэж түүхч Эдвард Гиббон өөрийн бүтээлдээ дурдсан байдаг.
Ромын энх амгалан цуут жанжин Цезараас эхлэлтэй. Иргэний дайнд бүрэн ялж, газар нутгаа амжилттай өргөтгөж, улсаа Газар дундын тэнгис тойрсон соёл иргэншлийн дунд ямар ч улстай эгнэшгүй хүчирхэг болгосон Цезарь нь Ромыг Бүгд найрамдах улсаас хаант улсын тогтолцоонд шилжих цаг үеийг ирт мэсийн хүчээр авчирсан гэж үздэг. Түүнийг сенатын танхимд Помпейн хөшөөний ёроолд хуучны дайснууд нь хуйвалдаанаар хөнөөсний дараа Цезарийн хамтран зүтгэгчид Марк Антони, Гай Октавиа (Октавиан), Эмили Лепид нар нэгдэж хуйвалдагчдыг гэсгээн цээрлүүлж ард түмний талархлыг хүлээжээ. Ингээд Марк Антони, Октавиан, Эмили Лепид нарын гурвын холбоо байгуулагдаж Бүгд найрамдах улсыг хуваан захирч байсан ч удалгүй тэдний дунд хагарал үүсч, дахин иргэний дайн дэгдлээ. Энэ дайнд Октавиан ялалт байгуулж хэмжээлшгүй эрхтэй нэгэн болсноор Ромын Бүгд найрамдах улсын үе төгсч, эзэнт гүрний үе эхэлсэн гэж үздэг билээ.
Олон жил үргэлжилсэн Ромын иргэний дайн, бослого тэмцлээс иргэдийн амьдрал туйлдаа хүртэл доройтон, төр засгийн эрхийн төлөө тэмцэлдэх олон хүчирхэг бүлэглэл бус ганц хүчирхэг удирдагчийг, түүний тогтоох энхтайван үетэй нь хамт хүсэмжилж байв. Ард олны энэ хүсэлд нийцсэнээр Октавиан хаан ширээнд сууж, түүнийг Август хаан хэмээн нэрийдэх болов. Августын гарт цэрэг, иргэний бүх хэргийг шийдэх эрх мэдэл төвлөрч ирэв. Нийтийн тооллын 14 онд Август нөгөө ертөнцөд одоход Ромын эзэнт гүрэн хэмжээлшгүй хүчирхэгжиж, соёл иргэншлийнхээ оргилд дөхөж ирэв.
Хэдийгээр 300 мянга орчим цэргийнхээ тал хувийг л байнгын армидаа үлдээж, легионуудаа цөөлсөн ч цэргээс халагдагсад, ахмад дайчдад эзэнт гүрнийхээ зах хязгаар нутагт эзэмшил газрууд олгож, хэрэгтэй цагт зэвсэг барин эзэн хааныхаа төлөө дайтах боломжтой нийгмийн дундаж давхаргынхан огцом нэмэгдэв. Ахмад дайчид шинэ газрын эзэд болохын зэрэгцээ эзлэн авсан улс орнууддаа Ромын соёлыг түгээж байв. Август хаан зөвхөн Ром хот, түүний ойр орчмынхон л Ромын эзэнт гүрний иргэнд тооцогддог байсныг болиулж, бусад томоохон хот, суурингуудыг ч ромжуулж, эзэнт улсын бүх бодлогод ижил тэгш хамрагдах боломжийг олгосон нь ухаалаг алхам байлаа.
Цэрэг армийнхаа тал хувийг хорогдуулсан ч үлдсэн 150 мянга орчим легионерууд хангамж өндөртэй, байлдах чадвартай мэргэжлийн арми болон хувирсан байна. Гэсэн ч Август хааны үед цэрэг армиа хөдөлгөх томоохон шаардлага урган гарсангүй, учир нь тэрээр чадварлаг дипломатч болохоо харуулж хил орчмын улс, аймгуудтай найрамдал тогтоож, худалдаа наймааг өргөжүүлэн, хилээ улам бэхжүүлж чаджээ. Ийнхүү Август хааны явуулсан ухаалаг бодлогын хүчинд Ромын энх амгалангийн цаг үе эхэлжээ.
Түүний хойчийг залгамжилсан хаадууд дундаас Таван сайн хаан тодорсон юм. Нерв, Траянаар эхэлж Марк Аврелийгаар төгссөн Таван сайн хааны дараа л Ромын энх амгалангийн үе дуусч, энэ аварга том эзэнт гүрэн уналтынхаа замд орсон билээ.
Тухайн үедээ хаана ч байхгүй дээд зэргээр хөгжсөн нийгмийн амьдрал, хуульзүй, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбартай гэдгээрээ ромчууд бахархдаг байжээ. Ромчуудад болхи бүдүүлэг, зэрлэгүүд хэмээн нэрлэгддэг байсан Галл, Германы гот аймгуудын хүмүүс ч тухайн үедээ ромчуудтай адил амьдралын хэв маягаар амьдрахыг хүсч өөр хоорондоо нэг хэлээр харилцаж, нэгэн засаг захиргаанд захирагддаг байлаа. Гиббон “Тэд асар том цэцэрлэг шиг болгож чимэглэсэн хотынхоо улам нэмэгдэж байгаа сүр жавхланд тун сэтгэл хангалуун байсан юм. Олон улс орон үүнд талархалтай хандаж, эртний дайсагналаа мартан ирээдүйд учирч болох аюулыг үгүй хийх удаан хугацааны энхтайвныг бий болгож чадсан” хэмээн номдоо бичжээ.
Морин тэргэт мэсчин боолууд тулалддаг Циркус максимус (Circus Maximus), Колизей, Хадрианы хана зэрэг нүсэр байгууламжуудыг энэ үед л барьсан юм. Гораций, Вергилий нар энэ үед яруу найргаа бичиж байсан учраас энэ үеийг Латины уран зохиолын Мөнгөн үе хэмээн нэрийддэг.
Ромын анагаах ухааны хөгжлийг үндэслэгч Гален, одон орон судлалыг урагшлуулсан Птолемей зэрэг ер бусын хүмүүсийн ачаар шинжлэх ухааны салбарт ч мөн ихээхэн ахиц дэвшил гарч байв. Эндээс ромчууд болон хөрш зэргэлдээх улс орнууд бүгд хөгжин цэцэглэсэн үү, гэсэн асуулт гарч ирнэ. Ромын эзэнт гүрний хувьд энэ цаг үе агуу их ололт амжилт, энхтайвнаар дүүрэн байсан ч нүүдэлчин аймгуудтай үүссэн хил дээрх зөрчилдөөнт байдлаа шийдвэрлэх тал дээр бэлэн байсангүй.
Энэ үеийн хаад асуудлыг томоохон хана хэрэм, бэхлэлтээр шийдэхийг оролдож, чадварлаг инженерүүдийнхээ ачаар готууд нэвтэрч чадахгүй байгууламжууд барьж байгуулж байв.
Тэгвэл жирийн иргэд өөрт хэр таарсан амьдралаар амьдарч, маш их ажиллаж, хөдөлмөрлөдөг байв. Ерөнхийдөө Ромын иргэдийн дийлэнх хэсэг нь туйлын ядуу зүдүү амьдарч байжээ. Баячууд гахай, цацагт хяруул, тогос, далайн мөгөөрс, усан үзэм, оливийн тос хэрэглэж, томоохон язгууртнууд эдлэн газартаа цэнгэлдэх хүрээлэн, усан сан хүртэл байгуулж байхад ядуус талх, байцаагаар хооллон хааяа л эзэн хаадын тэмдэглэлт өдрөөр гахайн мах, бяслаг олж иддэг байв. Баячууд олон хоног найрлаж, амтат сайхан хоол зооглон, улаан дарс шимнэ. Боловсролыг ч гэсэн зөвхөн дээд зиндааныхан, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн үр хүүхдүүд л эзэмших эрхтэй байлаа. Харин Ромын энх амгалангийн Таван сайн хааны үе гэгдэх түүхэн цаг үеийн нэгэн хаан болох Траян хааны үед энэ байдлыг өөрчлөхөөр оролдож байв. Траян хаан ромын залуу иргэд, хүүхдүүдийн эзэмших боловсролд ихээхэн анхаарал хандуулж, эцэг эх нь ядуу байсан ч үр хүүхдүүдийг нь сургах тэтгэлгийн санг байгуулан ажиллуулж байжээ. Баян айлын хүүхдүүд ихэвчлэн хувийн багшаар гэртээ хичээл заалгах бол ядуусын үр хүүхэд нийтийн сургалтын газарт бичиг үсэг, гүн ухаан, тооны эрдэмд шамдах боломжтой болж байв.