Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Бичиг үсэг мэдэгчдийг "арилгаад" бичиг үсэг үл мэдэх явдалтай тэмцсэн ньУншсан6,710

"XX зууны сэхээтэн: Сономын Лувсанвандан" номыг "С.Лувсанвандан сан"-гийн зөвшөөрөлтэйгөөр уншигчдадаа цувралаар хүргэж байна.

XX зууны нэрт соён гэгээрүүлэгчийн тухай ном нэг хүний амьдрал, замналын түүх бус Монгол үндэстний туулсан олон түүхийг нүдний өмнө хүүрнэн өгүүлэх юм. "XX зууны сэхээтэн: Сономын Лувсанвандан" номыг "С.Лувсанвандан сан"-гийн зөвшөөрөлтэйгөөр уншигчдадаа цувралаар хүргэж байна.

Нэгдүгээр хэсэг: Тал нутгийн Феникс ба Нарны буун цаг

Хоёрдугаар хэсэг: Анхны эрдэмтдийн газарзүйн төсөөлөл ба Зүүд мөрөөдөл

Гуравдугаар хэсэг: Сүүжнийхээ нүхнээс тамхи гаргадаг хүн ба анхны порнографи


Бичиг үсэг мэдэгчдийг "арилгаад" бичиг үсэг үл мэдэх явдалтай тэмцсэн нь

Орчин цагийн мэдээллийн хүчирхэг хэрэгсэл болох радио "Агаарын сонин" нэртэйгээр Монголд нэвтэрч 1934 оны есдүгээр сарын нэгэнд байнгын радио нэвтрүүлгийг ёслол төгөлдөр нээж байжээ. "Агаарын сонин" орон зайнаас үл хамааран түгэхдээ, олон түмнээс бичиг үсэг мэдэх явдлыг үл шаардах тул тухайн үедээ туйлын чухал мэдээллийн хэрэгсэл байлаа.

Харин 1930-аад оноос бичиг үл мэдэх явдлыг арилгах ажил Улаанбаатар хотоос эхэлсэн ба нэг түмэн хүнийг эхний ээлжинд бичиг үсэг сургахаар төлөвлөсөн байв. Энэхүү компанит ажлыг Эвлэлийн байгууллага намын үүргийн дагуу санаачлан "Боловсролын их жагсаал" хэмээн нэрийдэж байсан нь яван явсаар хэд хэдэн үе шаттай "Соёлын довтолгоон" болон хувирчээ. 1931 оноос хөдөө орон нутагт соёлын довтолгоон өрнүүлж, хүмүүсийг латин, Монгол бичигт сургах ажил өрнүүлжээ. Найман зууны тэртээ өвөг дээдэс маань уйгарчуудаас авсан бичиг үсэгт реформ шаардлагатай нь ажиглагдсан бололтой юм.

1934 онд ядуу доод ангийн лам нарыг үндэсний бичиг үсэгт сургах тухай Сайд нарын зөвлөл тогтоол гарчээ. Харин дээд ангийн лам нарыг бичиг үсэгтэйд тооцсон уу, эсвэл ойрын үед устгахаар төлөвлөсөн тул илүү ажил хийхээс түвэгшээсэн үү? Бүү мэд.

Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах ажилтай зэрэгцэн, язгууртнууд, үндэсний сэхээтэн, лам хуврагууд буюу нэг үгээр хэлбэл бичигтэй үсэг мэдэх хүнийг устгах ажил давхар хийгдээгүйсэн бол ихээхэн амжилтанд хүрэх байсан биз ээ?

1941 он тавдугаар сарын 9-нд Төв хороо, засгийн газраас Монгол орны цаашдын соёлын амьдралыг шийдвэрлэсэн нэгэн баримт бичиг гаргасан нь шинэ үсэгт шилжих тухай байлаа. Гучаад оноос туршсан латин үсгийг орхисон гол шалтгаан нь крилл үсэг нь коммунизмын спонсор ЗХУ-ын албан ёсны цагаан толгой байсанд орших болов уу? Гэхдээ ердөө л 10-ны өглөө гэхэд дээрээс нь доош бичдэгээ болиод зүүнээс баруун тийш нь туурвиж гарна гэсэн үг биш. XX зууны Монголын амьдралд эргэлт гаргах тэр шийдвэр гарах өдөр шинэ үсгээр бичих бүү хэл түүнийг заах хүн зохиогч Ц.Дамдинсүрэнгээс нь өөр байсангүй. Найман зууны тэртээд уйгаруудын бичиг үсгийг зээлдэн аваад гайхалтай өөриймшүүлж чадсан Монголчууд энэ удаа Зөвлөлтүүдээс бичиг зээллээ. Бидний кирилл үсэг хэмээн нэрлэдэг энэ бичгийг анх үнэн алдартны шашныг дэлгэрүүлж загалмайлсан Болгар гаралтай ах дүү гэгээн Кирилл, Мефодий нар слав хэлтний дунд загалмайтны шашныг түгээхийн тулд манай тооллын 860-аад оны үед зохиосон юм. Олон мянганы түүхтэй Христосын шашны ном сургаалыг оросуудад түгээх гэтэл цаадуул нь бичиг үсэггүй, тул хад чулуун дээр загалмай сэлт цүүцдэж суултай биш, бичиг үсэг зохиож өгчээ.

Цэргүүд хувьсгалын дайсантай тэмцэхийн хажуугаар бичиг үсэгт суралцав.

 Тэд 820-иад оны орчим офицерийн гэр бүлд төрж, Константинополь хотод боловсрол олж авсан, слав, грек, латин, араб хэл эзэмшсэн эрдэмтэн хуваргууд байжээ. Энэ цагаан толгойг оросууд "Азбука" гэдэг нь эхний хоёр үсгийнх нь нэр ажээ. Латин цагаан толгойг Эй Би Си хэмээн эхний үсгүүдээр нь нэрлэдэгтэй адилхан зүйл. Монголчууд уйгаржин бичиг авч хэрэглэх үед энэ цагаан толгой зохиогдоод таван зуугаад жил болчихсон байжээ. Ер нь гэгээн хуврагуудын нэлээд нь бичиг үсэг шинээр зохиочих бодолтой байсан бололтой юм билээ. Манай анхдугаар богд Занабазар ч гэсэн соёмбо гэдэг үсэг зохиож шарын шашинтай хамт дэлгэрүүлэх оролдлого хийсэн ч нэгэнт гурав дөрвөн зууны турш өөриймшсэн уйгаржин бичигт түрэгдэн гарчээ. Зая бандид Намхайжамц уйгаржин Монгол бичгийг ойрад аялгуунд зохицуулан өөрчилснийг "Тод үсэг" гэх уг бичгийн 320 жилийн ойг тохиолдуулан Халимагийн Элиста хотод 1969 онд олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохиогдоход С.Лувсанвандан оролцон "Памятники Ясного письма" их изучения в нашей стране" гэсэн илтгэл тавьсан байдаг. Үүнээс өмнө Пагва гэдэг ламтан дөрвөлжин үсэг зохиосон боловч өдгөө түүнийг судлаачаас өөр мэдэх хүнгүй болж "Дөрвөлжин бичгээр бичихдээ хуудас цаасаа тойруулан дөрвөлжин хэлбэр гаргаж бичдэг" хэмээн худлаа залахад эсэргүүцэх хүнгүй болтол мартагдсан ажээ. Харин Занабазарын цагаан толгойн эхний үсэг нь манай улсын далбаан дээр алтны өнгөөр гялалзан үлдсэн юм. Ердөө л тэрхүү ганц үсэг гэхэд л нар сар, арга билгийн ёс гэхчлэн тус бүрдээ ил ба ёгт утгатай арваад элмент агуулсан гээд бодоход нийт цагаан толгой нь тэр үеийн бэлгэ тэмдэгийн ёсны нэвтэрхий толь маягийн юм байсан болов уу? гэж бодогдмоор. Гэвч бичиг үсэг нь нэг талаас гайхамшигт соёл, нөгөө талаас үл мэдэгчээс, мэдэгч рүү нэвтрэх гүүр, бүх нийтэд зориулсан танин мэдэхүйн багажийн хувьд энгийн, сурахад хялбар байх учиртай. Крилл үсгийг Монголчууд өөрийм- шүүлэн авсан үйл явцыг янз бүрээр тайлбарладаг ч үсгийн хувьд ч, түүнд зориулан зохиосон дүрмийн хувьд ч сурахад үнэхээр хялбар билээ. Крилл, Мефодий нарыг слав бичиг, утга зохиолын үндсийг тавьсан гэж үздэг юм. Крилл, Мефодийн цагаан толгой түүхийнхээ туршид олон үндэстнииг хоцрогдлын харанхуйгаас гэрэл гэгээ рүү хөтөлсний дотор манай орон ч орно. Хувь заяаны сонин тохиолдлоор хожим болгарчууд улс үндэстнүүдийг гэгээрүүлэн соёлжуулахад хувь нэмэр оруулсан гэж үзсэн хүндээ хүртээдэг Крилл, Мефодийн нэгдүгээр зэргийн одонгоороо С.Лувсанванданг шагнасан билээ.

Шинэ үсэгт улс орноороо шилжихийн бэлтгэл болгон олон тооны сурах бичиг, үсэглэл зохиогдож, шинэ үсэгт тайлагдах хөдөлгөөн өрнөлөө. Шинэ үсэгт шилжих ажлыг эхлэх шийдвэр гарснаас хойш сар гаруйхны дараа Орос, Германы дайн эхэлж, бүх анхаарал тийшээ хандлаа.

Гэхдээ энэ дайны ид дундуур манай улсын ууган их сургууль-МУИС байгуулагдсан юм.

Зөвлөлт Холбоот Улс хэдийгээр өөрөө дайнтай, хүнд бэрх байсан ч Монголд ийм сургууль байгуулж өгөх нь гадаад бодлогын хувьд ашигтай гэж үзсэн бололтой юм билээ. Харин Монголчуудын шинэ үсэгт тайлагдах явц зогссонгүй аажим боловч урагшилсаар байлаа. "Үнэн" сонины зарим мэдээнүүдийг арын хуудсанд нь крилл үсгээр дахин хэвлэж ард түмнийг шинэ үсэгт дасгаж байлаа.

1945 онд насанд хүрэгчдийн 20 хувь нь шинэ бичиг үсэгтэй болсон ба хуучин бичиг мэддэг 100.000 хүн бүртгэгджээ.

1947 оноос эхлэн 16-40 насны бүх хүмүүс ялангуяа нам эвлэлийн гишүүд заавал бичиг үсэг сурсан байх шийдвэр гарчээ. Орон тооны багш нар жилд 50-60 хүнийг бичиг үсэгт сургах, шинэ үсэг мэдэгч хүн бүр жилд гурваас доошгүй хүнийг сургах болжээ.

Хачин хачин дээд амжилтууд ч энэ үед олноороо бүртгэгджээ. Дорнод аймгийн Жаргалант сумын зургадугаар багийн 69 настай өвгөн Цэрэндорж өөрөө шинэ үсэг сураад 60 гаруй хүнд түүнийгээ заасан байх /БНМАУ-ын соёлын түүх. Дэд боть. 21 тал/ юм.

Тэр үед долдугаар анги төгсгөөд аймгийн гэгээрлийн хэлтэст байцаагч хийж байсан хожмын ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуай дурсан бичихдээ "...Гэнэт намайг аймгаас дуудан гэгээрлийн хэлтсийн бичиг үсгийн байцаагч болгож орхив. Энэ бол сумдаас ирсэн цээж бичиг гэгчийг үзээд "бичиг үсэгт тайлагдсан" үнэмлэх явуулдаг ажил. Голдуу сургуулийн хүүхдээр бичүүлсэн нь ил боловч дор нь "...дугаар багийн ард.." гэж хэн нэгэн хүний нэр байх жишээтэй. Өвөрхангайн мөн ч олон хүнийг би тун богино хугацаанд "бичигтэн" болгосон" хэмээн "Улаан гэрийн хоригдол" номдоо бичсэн байдаг.

Бичиг үсэг сургах ажлын талаархи мэдээлэлд дэгстэй зүйл элбэг байгаа нь мэдэгддэг ч багагүй үр дүн авчирч байлаа. Явцын дундуур үзтэл бичиг үсэгтнүүдийг хэд хэдэн бүлэгт хуваахаас аргагүйд хүрчээ. Шинэ үсэг нь сурахад хялбар нь үнэн боловч дуунд гардаг шиг "Жар гарсан настангууд жаргал дундаа" сурчихаад мөн жар гаран хүнд бүрэн эзэмшүүлчихэд хялбаргүй. Тэд эхний ээлжинд цагаан толгойн үсгүүдээ таньдаг болон бичигт бус үсэгт тайлагдан үлдэх нь олонтаа. Иймээс бичиг үсэгтнүүдийг үсэг таньдаг, уншдаг, бичдэг хэмээн хэд ангилсан байдаг.

Ингээд 1950 оны долдугаар сарын 1-нээс бүх албан хэргийг шинэ үсгээр явуулах шийдвэр гарчээ./БНМАУ-ын соёлын түүх. Дэд боть.27 тал/ Энэ үед хүн амын 62,4 хувь нь шинэ үсэгт тайлагдсан гэсэн мэдээ байна.

1956 онд 13-45 насны хүмүүсийн 90,5 таван хувь нь бичиг үсэг сурсан тухай бичжээ. Гэхдээ тэдний нэлээд нь "уншснаа ойлгодог, бага сага зүйлийг бичиж .. чаддаг хэмжээнд байсан тул үзснийг нь эргэж мартуулахгүйн тулд давтан сургалт хийж мэдлэгийг нь батжуулах шаардлагатай / БНМАУ- ын соёлын түүх.Дэд боть. 28 тал/ байжээ.

XX зууны Монголын томоохон сэхээтний нэг доктор С.Лувсанванданг өсөн, бага дунд сургуульд суралцаж төгсөх үед Монгол орон иймэрхүү үйл явдлуудаар дүүрэн байв. Үндэсний шинэ бичиг үсэгтэй болж, орчин цагийн соёл нэвтрэн, театр, киноны суурь тавигдан, шинжлэх ухаан, үйлдвэрийн газрууд нэгэнт бий болж дараа дараагийн их өөрчлөлт, түүнийг гардан удирдах хүмүүсээ улс нийгэм нь хүлээсэн тийм үе иржээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]