Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Лондон хотын төлөөх агаарын дайнУншсан2,412

Халх голын дайнаас хойш 1 жилийн дараа “Британийн төлөөх дайн” (1940 оны 7-р сарын 10 наас 10-р сарын 30) гэсэн нэртэй том агаарын тулалдаан болсон бөгөөд энэ удаа энэ их дайны нэгхэн хэсэг буюу Лондон хотыг дайрсан анхны том дайралтын тухай.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Халх голын дайны тухай манайхны олон хүн “Халх голд хамгийн том агаарын тулалдаан болсон” хэмээн их ярьдаг. Энэ бол буруу ойлголт юм шүү хэмээн үүнийг бичигч урьд өмнийн олон нийтлэлдээ бичиж байсан боловч эсэргүүцсэн, буруушаасан “коммент”-үүд үл тасарна. Яаж  ч бодсон гурав дахь орны нутаг дэвсгэрт Япон болон ЗХУ өөрийн хамаг нисэх хүчээ төвлөрүүлнэ гэж байхгүй нь ойлгомжтой мэт.

Тэр тусмаа Япон Хятадад урт удаан хугацаанд үргэлжилсэн дайн хийж байсан төдийгүй тэдний эсрэг Хятадын нисэх хүчин нэртэй Хятад, Америк, ЗХУ болон бусад улсын онгоц, нисгэгчид агаарт гарч байсан гэхээр япончуудад Халх голд тийм олон онгоц авчрах аргагүй нь тодорхой. ЗХУ-ын хувьд баруун талд байдал маш хүнд, удахгүй эхлэх магадлалтай том жижиг олон дайнд бэлэн байхын тулд бүх хүчээ ганцхан газар төвлөрүүлэх боломжгүй, баруун болон баруун урд, хойд хэсгүүдэд тодорхой хүч заавал барьж байх шаардлагатай гэх мэтийн олон шалтгааныг тоочвол Халх голд агаарын ямар хэмжээний тулалдаан болж байсан талаар тодорхой төсөөлөл гаргаж болох юм.

Маршал Жуков болон зохиолч сэтгүүлч Семенев нарын бичсэнээс гаралтай “Халх голын дайнд хамгийн том агаарын дайн болсон” гэсэн ойлголт зөвхөн тухайн цаг үедээ л үнэн байсан билээ. Зарим нэг нь Халх голд хамгийн бага орон зайд хамгийн том агаарын тулаан болсон гэж хувирган тайлбарлах нь ч байх ба бүр 6 кв/км нутагт тийм тулаан болж байсан гэнэ. 6 кв/км талбайд 300-400 км/цагийн хурдтай хичнээн онгоц агаарын тулаан хийж болох бол? 5...10...магадгүй 20-30 хүрч болох ч 100-гаар тоологдох онгоц ийм зайд тулалдана гэж юу байх вэ дээ гэмээр.

Манай улсын дорнод хязгаарт болсон уг дайнд Японы болон Зөвлөлтийн хэдий хэмжээний байлдааны онгоц оролцсон тухай “Халх голын тэнгэрт” цуврал нийтлэлдээ өөрийн хэмжээгээр дэлгэрэнгүй бичиж байсан бөгөөд тэндээс энэ дайнд хичнээн онгоц оролцсон, хамгийн том тулалдаан хэдийд ямар хүчээр болсон тухай зарим нэг тоог олж харах боломж бий.

Харин энэ удаа Лондон хотын төлөөх агаарын дайны тухай сонирхуулах бөгөөд бидний маргалддаг дээрх сэдэвт шууд хариулт өгөх биз ээ.

Халх голын дайнаас хойш 1 жилийн дараа “Британийн төлөөх дайн” (1940 оны 7-р сарын 10 наас 10-р сарын 30) гэсэн нэртэй том агаарын тулалдаан болсон бөгөөд энэ их дайны нэгхэн хэсэг буюу Лондон хотыг дайрсан анхны том дайралтын тухай.

1940 оны 9-р сарын 7-ны өдөр Люфтваффе Лондон хотыг анх удаа агаараас бөөн хүчээр дайрсан ба уг дайралтад Германы 965 онгоц (үүнээс 617 нь сөнөөгч, сөнөөгч бөмбөгдөгч) оролцсон бол англичууд өөдөөс нь байгаа бүх хүч буюу 500 гаруй сөнөөгчийг агаарт гаргасан байна. Хот руу дөхөх Германы их хүчийг англичууд тосож тулалдсан энэ ”зодоон” урьд өмнө болж байсан агаарын дайнуудаас цар хэмжээгээр хамаагүй илүү гарсан дайн гэдэг нь түүхэн үнэн юм.

Англичууд дайсныхаа 20 бөмбөгдөгч, 16 сөнөөгч Мессер-109, 7 сөнөөгч-бөмбөгдөгч Мессер-110-ыг устгасан ба харин өөрийн 23 Харрикен, Спитфайрыг алдсанаас 6 нисгэгч амь үрэгдсэн гэдэг. Өөрийн нутаг дээр тулалдаж байсан учир ихэнх нисгэгчид нь онгоцоо гэмтэнгүүт шууд шүхрээр үсэрсэн учир ийм цөөхөн хүний хохирол учирчээ. Харин Германы хувьд 100 гаруй нисгэгчээ алдсан ба эдний ихэнх нь шүхрээр үсэрч олзлогдсон нисгэгчид байсан юм.

Англичууд хамаг хүчээ шавхан дайсныг эсэргүүцсэн ч Люфтваффегийн цөөнгүй бөмбөгдөгч хот руу нэвтэрч бөмбөг хаяснаар Лондоны 500 гаруй иргэн амь насаа алдаж, 1000-2000 хүн шархдаж, гэмтсэн байна. Энэ бол 9-р сарын 7-ны өдрийн буюу Лондон хотыг бөөн хүчээр дайрсан хамгийн анхны дайралт байсан юм шүү гэдгийг дахин нэг хэлье.

Цаашид Германчууд Британийн төлөөх дайны үеэр Английн хотуудыг 100 гаруй удаа бөөгнөрүүлсэн хүчээр дайрч, нийт 45 мянган тонн тэсрэх болон шатаах бөмбөг хаян 43000 хүний амийг хохироож, 140 000 хүнийг шархдуулж гэмтээсэн байна. Британийн төлөөх тулалдаанд германчууд нийтдээ 2200-2300 гаруй онгоцоо алдаж, 3000 гаруй нисгэгч нь алагдан, 2600 хүн сураггүй алга болсон нь дорно зүг рүү хийх их дайны ирээдүйд ихээхэн үр нөлөө үзүүлсэн нь ойлгомжтой.

9-р сарын 7-ны өдөр Лондон хотын төлөөх ганцхан удаагийн агаарын дайнд 1500 шахам онгоц нэг дор агаарт байсан нь хамгийн том тоо биш бөгөөд Британийн төлөөх дайнд үүнээс ч илүү олон онгоц оролцсон хэд хэдэн тулалдаан болж байсан төдийгүй Германыг бөмбөгдөх ажиллагаанд бүр ч олон онгоц оролцсон өч төчнөөн тохиолдол байсан тухай дараа сонирхуулах боломж гарах биз ээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]